Ерөнхийлөгчийн айдас
- Ерөнхийлөгчийн албан бус сурталчилгаа аль хэдийн эхэлж, МАН-ын нэр дэвших магадлалтай гэсэн болгон уруу довтолж эхэллээ -
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа аль хэдийнэ эхэлсэн гэмээр үйл явдлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь илчлэх болов. Энхийг сахиулагчдаа эргэж явахад нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн утсаар ярьж “Тань шиг эр цэргүүдээ Өмнөд Суданд эргэж очсон эрэлхэг зоригтой Ерөнхийлөгч алга” гэж ярьсан бололтой юм. Хэвлэлийн эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг гадаадад явахдаа “Ийм хуультай байснаас байхгүй нь дээр” гэж хэлээд татаж авсан нь бас л оноо цуглуулах нэг арга нь болов. Хотын алслагдсан дүүргийн иргэдтэйгээ уулзсан анхны Ерөнхийлөгч л гэнэ. Түүнээс өмнөх гурван Ерөнхийлөгч нь энгийн иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаагүй юмдаг уу даа.
АН болоод Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийгээгүй гэх ч төрийн тэргүүний хэлсэн үг, үйлдэл бүхнийг пиар болгон харж, хүлээж авч буй нь ард түмний буруу биш. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх амлалтаа ҮЗХ- гоороо үндсэндээ зөвшөөрүүлсэн. Ц.Элбэгдоржийн хувьд АН дотроосоо “түгжилдүүлнэ” гэж айхааргүй болсон гэсэн үг. Гэвч гадна талаас айх айдас маш их бий. Тэр айдас нь МАН-д байгааг АН, Ц.Элбэгдорж хоёр сайн мэдэж байгаа. ИЗНН, МАХН, МҮАН- аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс бол АН айх нь бүү хэл цочихгүй. Учир нь Засгийн газар байгуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд хамтрах тухай гэрээ хэлэлцээндээ хүрсэн бололтой юм билээ. Тэр гэрээгээ сануулахад л тэдний “хулхи нь” бууна. ИЗНН, МАХН, МҮАН-ыг Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ингэж л “богтолж” өгсөн. Харин МАН болоод нэр дэвшигчид нь АН-аас жийрхэх шалтгаан бүү хэл шалтаг байхгүй. Тиймээс МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийг хэвлэлээр дамжуулан гүтгэж эхэллээ. Үүний тулд оршил болгож хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамжинд жагсагчдад АН, Ерөнхийлөгч хоёр сайтар тал зассаар. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр АНУ-д хэлний мэдлэг дээшлүүлсэн, дээшлүүлж байгаа сэтгүүлчид, сэтгүүлчээ явуулсан хэвлэл, мэдээллийн байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулиар хэний талд ажиллах вэ.
Гудамжинд жагсаж хаврын синдром эхлүүлдэг жагсагчдад АН- ын Засгийн газар бүгдэд нь албан тушаал бэлэглэж, амыг нь үдэж, хөл, гарыг нь хөдлөхөөргүй болгосон. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэний талд ажиллах нь тодорхой. АН 2012 онд УИХ болон орон нутгийн сонгуульд Ардын намаас ялимгүй илүүрхсэн. Тэр горыг нь ард түмэн, төрийн албан хаагчид яс махандаа шингэтэл амсаж байна. Иргэдийнхээ үг хэлэх эрхийн нэгээхэн хэсэг сэтгэгдэл бичих эрхийг хааж боомиллоо. Төрийн албан хаагчдыг ажилгүй болгоод зогсохгүй МАН-ын Засгийн газрын эхлүүлсэн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийг загсоож иргэдийг “гудамжинд” хөөж гаргалаа. Хамгийн энгийн жишээ л энэ.
Ард түмний дундаас АН-ыг сонгосондоо харамссан өнгө аяс цухалзаад эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газар гадна талдаа “шоудах” байдлаар ажил хийсэн мэтээр харагдахыг хичээвч “Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэдгийн үлгэр болов. Хэдхэн жилийн өмнөдөө, гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай зам барихаар одоогийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болгоход “Мянганы зам гэдэг Мянгуужингийн үлгэр” хэмээн элэг доог хийж байсан нөхөд өнөөдөр өөрсдөө “Мянгуужингийн үлгэр” болохдоо хүрсэн. “Баас хатавч өмхийгөө” гэдэг шиг АН эрх баригч болсон ч сөрөг хүчний байр сууриасаа , өрсөлдөгч улс төрийн хүчнээ харлуулдаг авираасаа салж чадахгүй байна. Тэдний байх ёстой байр суурь нь сөрөг хүчин гэдгийг үйл ажиллагаа, хүч түрэмгийлсэн шийдвэрээрээ нотолсоор. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн үед тэд МАН-д саад болохын тулд янз бүрийн арга чарга хайж. МАН-ын сайтыг ШӨХТГ-ын дарга О.Магнайгаараа хаалгаж байгаад тухтай үзэхээр шийдэв. МАН-аас нэр дэвшигч л Ц.Элбэгдоржид “гай тарих” магадлал тун өндөр учраас хар пиараа тэр зүгт чиглүүллээ. МАН нэр дэвшигчдээ ард түмнээсээ асууя гэтэл сайтыг нь хаачихсан. Одоо нэр дэвших магадлал бүхий улстөрчдийг ониллоо. Эхнийх нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Урт нэртэй хуулийг санаачлан хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн нэгэн. Ард түмний дунд нэр хүндтэй, үзэл бодолдоо үнэнч, туйлбартай гэж үнэлэгдсэн улстөрч. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрт шохой нийлүүлнэ гэж таван сая ам.доллар авч, одоо болтол өгөхгүй луу унжсаар байгаа гэжээ. Шохой нийлүүлдэг үйлдвэр нь Дорноговийн Өргөн суманд байдаг л гэнэ. Эхлээд таван мянган ам.доллар байснаа сүүлдээ таван сая ам.доллар болгон өсгөж бичсэн байна билээ. Эндээс Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар эхэлжээ гэдэг нь тодорхой харагдана. Б.Бат-Эрдэнэ МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэсэн сураг, таамагтай давхцан гарсан эл мэдээлэл анхаарал татахгүй байх аргагүй. АН төрийн эрх барьж буй богино хугацаандаа гаргасан авир, ааш ард түмэнд таалагдахгүй байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуульд өөр дүн тавих нь тодорхой. Давсгүй хоолыг идэж болдог билүү. Давс нь таарахаараа амттай болдог. Давс нь ихэдвэл шорвог болно. Шорвог хоолыг хэн идэх вэ. Үүнтэй адил АН-ын Засгийн газрын үйлдэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн албан бус сурталчилгаа хоёрын тун нь ихдэж, давс нь шорвогдвол Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр ард түмэн тургиад хаячихаж мэдэх л юм шүү. Аливаа зүйлийн хэмжээ хэрээсээ хэтэрвэл муухай харагдуулдаг. АН Засгийн газрын түрэмгийлэл, Ерөнхийлөгчийн би л гэсэн аятай хэлэмгий доломгой байдал нэг л биш ээ. Тэднийг муухай харагдуулж байна. Б.Бат-Эрдэнийг гүтгэсэн нь бол дөнгөж эхлэл. Цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эсрэг марафон өрнөж, МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийг чиглэсэн гүтгэлэг үргэлжилж заримыг нь сурсан дадсан зангаараа баривчилна, хорино гэсэн сүрдүүлгээр өртөөлж мэдэх юм шүү.
URL: