Н.Энхбаяр эмнэлгээс захидал илгээлээ

527-1363588062enhbayaraaa2-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ард түмэнд хандан л захидал илгээжээ. . Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

МАХН-ЫН ДАРГА НАМБАРЫН ЭНХБАЯРААС

МАХН-ЫН ГИШҮҮД,  ДЭМЖИГЧИД, ИДЭВХТЭН СОНГУУЛЬТНУУД, НИЙТ АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАН ИЛГЭЭСЭН ИЛ ЗАХИДАЛ

МАХН-ын гишүүд, дэмжигчид, эрхэм хүндэт журмын нөхөд өө!

Манай намын Мянгат, Зуут, Аравтын дарга нар, идэвхтэн сонгуультнууд аа!

Юуны өмнө 2012 оны УИХ-ын сонгуульд “Төрөө МАН-АН-гаас салгаж, Түмнээ ядуурлаас гаргана” гэсэн уриан дор оролцсон МАХН ба “Шударга ёс эвсэл”-ийг дэмжиж саналаа өгсөн, манай нам, эвслийн бодлого, үйл ажиллагааг өргөн олон түмэнд сурталчлан ойлгуулж, итгэл үнэмшил төрүүлэн ард түмнийг араасаа дагуулсан та нартаа чин сэтгэлийн халуун талархлаа дахин илэрхийлж байна.Энэхүү эрхэм гэгээн үйлсийг бүтээхэд МАХН-ын гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнуудын гүйцэтгэсэн үүрэг онцгой, оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их учраас ийнхүү чин сэтгэлийн талархлаа ахин дахин өргөн дэвшүүлж байгаа юм.

Эзэн Чингисийн удам эрхэм хүндэт монголчууд аа!

Шударга ёсыг эрхэмлэгч Эх орон нэгтэй элгэн садан ахан дүүс ээ!

Тухайн цаг үед хууль бус МАН-АН тогтолцоог бүрдүүлж байсан улстөрийн хүчнүүд МАХН, “Шударга ёс” эвслийг зүйл бүрээр хавчин гадуурхаж, намын дарга, эвслийн тэргүүнийг нь зэрлэг хэрцгийгээр, сүр дулиантайгаар баривчлан шоронд хорих, Улаанбаатараас гадагш гарах эрхийг нь өөрсдийн хараат шүүхээрээ хасуулах шийдвэр гаргуулах зэргээр янз бүрийн бузар булай аргаар хяхан хавчиж байсан боловч Монголд шударга ёсыг тогтоохын төлөө МАХН, “Шударга ёс” эвслийн явуулсан хүнд хэцүү тэмцлийг угтан авч дэмжсэн эх орон нэгт монголын нийт ард түмэндээ-элгэн садан ах дүү та нартаа, шударга сонгогчиддоо хязгааргүй ихээр баярлаж талархсанаа мөн адил чин сэтгэлээсээ илэрхийлж байна.

Миний бие та бүхнийхээ халуун дотно дэмжлэгээс эрч хүчээ сэлбэж, Монгол эх орныхоо газар шороон дээр монгол хүн болж төрсөндөө, Монгол Улс, монголчуудынхаа үндэсний эрх ашгийн төлөө тууштай зүтгэж, тэмцэж яваадаа омогшин зориг орж, улам ихийг хийж бүтээхийн сэтгэлд хөтлөгдөн, та нарынхаа өгсөн урамд хөглөгдөн явдгаа нуух юун.

Амиа бодож амрыг харж ганцаараа суухаас ардаа бодож хэцүүг гэтэлж багаараа явах нь миний, МАХН-ын, “Шударга ёс” эвслийн ажиллах үндсэн зарчим, амьдрах ухаан, амжилтын түлхүүр мөн.

Ард түмнээ ядуурлын гянданд, ажилгүйдлийн өргөст торны цаана хүчээр хорьж, улс орноо хээл хахуулийн намагт живүүлж, шударга бус явдлын золиос болгож, хэлмэгдүүлж байгаа энэ хүнд хэцүү үед хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ёстой гэсэн та бидний тэмцэл улам илүү өргөн утга учиртай болж байна.

МАХН-ын гишүүд, дэмжигчид, идэвхтэн, сонгуультнууд аа!

Эх орон нэгт элгэн садан ахан дүүс ээ!

Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү, монголын ард түмэн өвөг дээдсээсээ өвлүүлэн үлдээж, үе үеийнхний тэмцэл хөдөлмөр, халуун амь, бүлээн цусаар хамгаалан бэхжүүлж өнөөдөртэй золгуулсан тусгаар тогтнолоо аажим аажмаар алдах уу, эсхүл алхам алхмаар бэхжүүлэх үү? гэсэн түүхэн сонголтын өмнө та бид тулж ирээд байна.

Урвагчдад эх орон байхгүй, тэдэнд ард түмэн байхгүй, эх орон, ард түмний эрх ашиг гэж тэдэнд байхгүй. Тэдэнд зөвхөн өөрсдийн явцуу эрх ашиг, атгаг санаа л байна. Тэд албан  тушаал, ашиг хонжооны төлөө л улайрна. Тэд албан тушаалгүй бол хэн ч биш болно. Харин би та нартаа хандан албан тушаалтай байснаас хүн байх нь илүү чухал шүү гэж үнэн сэтгэлээсээ захиж хэлье. Бүгдээрээ нэгэн зэрэг чанга дуу хоолойгоор “Монголчууд бид амьд хүмүүс учир Монголдоо бусдын эрхээр зовохгүй, өөрсдийн эрхээр жаргацгаана! Бид чадна!” гэж хэлцгээе. Энэ үгийг өдөр тутам санаж, давтан хэлж байцгаая. Та бидэнд луйврын сонгууль хэрэггүй, хараат шүүх хэрэггүй, шударга бус явдал хэрэггүй. Та бидэнд, ард түмэнд маань шударга сонгууль хэрэгтэй, хараат бус шүүх хэрэгтэй, хууль, шударга ёсыг эрхэмлэдэг, шуналгүй, ард түмнийхээ эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавьдаг төр, засаг хэрэгтэй.

Эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвагчдаас, олигархуудаас түргэн салцгаая. Эх нутагтаа, эх орныхоо баялагт эзэн болцгооё. Айдас хүйдэсгүй, эрх чөлөөтэй Монгол орноо цогцлоон байгуулж эх орондоо өөрсдийн эрхээр жаргацгаая!

МАХН-ын дарга, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн  Намбарын Энхбаяр


URL:

Сэтгэгдэл бичих