С.Баярцогт шоронд байх ёстой гэв
УИХ-ын дэд дарга С.Баярцогт саяхан улс төрийн намуудын удирдлагуудыг төрийн ордноо хүлээн авч уулзсан. Түүний намын дарга нарт илгээсэн урилга нь намуудын санхvvжилтийн асуудал болон улс төрийн намын тухай хуулийг өнөөдөр нэгэнт ярих цаг болсон учраас парламентын гадна байгаа “жижиг” намуудын удирдлагатай санал солилцох байв.
Ер нь намуудын гишүүнчлэлийн талаар шүүмжлэлтэй хандах үзэгдэл сүүлийн үед их гарч байгаа. Тийм ч учраас УИХ-ын дэд дарга парламентад суудалгүй намуудын удирдлагуудын саналыг сонсч намын тухай хуульд өөрчлөлт оруулах зэргийг бүгдээрээ ярилцсан нь дээр гэж үзсэн бололтой.
Энэ уулзалтын үр дүнд гарсан санал дүгнэлтийг хуулинд тусгах төлөвлөгөөтэй байсан ч дэд даргын энэ уулзалт тийм ч амжилттай болж чадаагүй. Учир нь уригдаж ирсэн намуудын дарга нарын түүнд хандсан шүүмжлэл тун их байсан бөгөөд МУНН-ын дарга Б.Батболд “Баярцогтоо чи ингэж суух хүн биш шүү.
Чи энэ суудалд байх хэрэггүй. Чи шоронд орчихсон байх ёстой. Улсын мөнгө идсэн чинь үнэн шүү. Энд ингэж суугаад иймэрхүү зүйл ярих хүн биш.” хэмээн нэлээд бухимдсан. Түүнийг Оюутолгойтой хөрөнгө оруулалтын гэрээг чанаргүй хийсэн зэрэг олон асуудалд буруутгадаг бөгөөд парламентад суудалгүй улс төрийн намуудын дарга нар хатуухан банга хүртээж, хандыг нь хага дарахаар шийдсэн бололтой.
Ингэхийн учир нь сүүлийн үед хөрөнгө оруулагчдын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулсан, ТУЗ-д байх хүмүүсийг өөрчлөх хэрэгтэй зэрэг нийгэмд янз бүрийн мэдээлэл тархсантай холбоотой байх. Энд хөрөнгө оруулагчийг буруутгахаас илүүтэй стратегийн орд бүхий “алттай авдар”-аа хэрхэн зарцуулахыг мэдэж гэрээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон этгээдийг шүүмжлэх нь зүйтэй болов уу.
Учир нь тэд улс орныхоо эрх ашгийн үүднээс маш тооцоо судалгаатай, ашиг сонирхлын ямар нэгэнд бүлэглэлд үл автан хөрөнгө оруулалтын гэрээнд оролцох ёстой байлаа. Гэвч өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад Сангийн сайд асан С.Баярцогт нарт хатуухан үг чулуудах бол багадсан хэрэг ажээ.
Гэтэл өнөөдөр өөрийн хийсэн гэрээ учраас С.Баярцогт хөрөнгө оруулалтын гэрээгээ улаан цээжээрээ хамгаалсаар л байна. Ялангуяа УИХ-ын гишүүн С.Ганбаатартай хийсэн мэтгэлцээнийхээ үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэнд хандан “миний талд ажиллаарай” ухааны ярьж явсныг хэлэх нэгэн байна.
Тэрбээр өөрийгөө эдийн засгийн онолд нэвтэрсэн нэгэн мэт олон хувьсагчийн тухай ярьсан ч гэлээ тэрхүү олон мянган хувьсагч нь өнөөдрийн манай эдийн засагт төдийлөн ач холбогдол багатай гэдгийг энэ салбарын эрдэмтэн судлаачид хэлж байна.
Мөн саяхан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үедээ Оюутолгойн гэрээ муу болсон, цаашид энэхүү гэрээг улам засч залруулах шаардлагатай. Сангийн сайд асан С.Баярцогт УИХ-ын гишүүн С.Ганбаатартай мэтгэлцэх үедээ “20 мянган хувьсагчтай эдийн засгийн загвар дээр тооцоо хийсэн” гэж хэлснийг тэрбээр дурьдаад АНУ-ын эдийн засаг бүхэлдээ 149 хувьсагчтай загвар дээр явдаг.
Би эдийн засгаар мэргэшсэн хүн. Монголын хувьд миний хамгийн сүүлд хийсэн эдийн засгийн загвар 49 хувьсагчтай. 20 000 хувьсагчтай загвар гэж хаана ч байхгүй. С.Баярцогт яах вэ, монголчуудад худлаа ярьдаг юм байж. Одоо гадныхан “Монголын Сангийн сайдыг нь хүртэл юу ч гэж донгосуулж болдог юм байна” гэж бодож байгаа. Энэ л хамгийн харамсалтай” хэмээн хэлсэн билээ.
Түүний зөв ч байх. Хувьсагч олон байх тусмаа тооцоо буруу гарах магадлалтай гэдэг энгийн дүгнэлтийг хэн ч хийнэ. Тэгэхээр 20 000 хувьсагч янз бүрээр хувьсаад тооцоо буруу гараад ирвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Д.Бямбасүрэн гуай тулхтай, ухаалаг хүн. Түүний хэлсэн үнэн бол монголчууд үнэхээр тэнэг гэрээ хийсэн, авлигад автсан улс болчих гээд байгаа юм.
Мөн түүнээс гадна ҮХХАА-н сайд Х.Баттулга хүртэл тухайн үед С.Баярцогтыг цахим хуудсандаа “буруушаасан” аястай үг чулуудаж байсан. Тэгэхээр эрхмийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдөр гарах гарцаа олж ядан хүлээлтийн байдалтай байна. Үүнд тэгээд хэн буруутай вэ. Хэрэв хэн нэгэн буруутай гэвэл гэрээг үзэглэсэн сангийн сайд асан С.Баярцогт шоронд байх ёстой гэв үү.
П.Дөлгөөн
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: