Авто зам хагарсаар байх уу?

adilbish87Яг ийм асуулт одоо авто зам хэрэглэгчдийн өмнө тавигдаж байна. Замын хагарал бол замын эвдрэлийн анхдагч нь юм. Зам хагаралтай бол түүгээр нь ус орно, ус орсноос овойлт хотойлт үүснэ, хагарал томроод нүх болно, нүх нь олширвол хоорондоо нийлж тасраад, дараа нь ховхорч, зам үндсэндээ устана. Ингэж л бидний татварын мөнгөөр, өндөр үнээр зассан зам маань бидний хэрэгцээ хангаж чадахаа больдог юм даа.

Авто замд хагарал үүсдэг олон шалтгаан бий. Материал, хийц, цаг уурын онцлог, техник технологи, хяналт, даац, үнэ өртөг гээд л үргэлжлэнэ дээ. Түүнээс хамгийн чухал нь болох Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон материал бүхий хийцтэй, замын технологийг бий болгох нь Авто замын салбарынхны №1 зорилго болж байна. Үүнийг бий болгож чадвал Авто замын хагарал эрс багасч эвдрэл зохих хэмжээгээр зогсоно. Авто замын хучлагад цаг бус эвдрэл гарахгүй бол ашиглалтын

үеийн буюу арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол зохих түвшинд нь хийж байх нөхцөл бүрдэж, засварын ажлын зардал 40 орчин хувиар хэмнэгдэн, замын ашиглалтын хугацаа уртасна. Хамгийн гол нь зам хэрэглэгчдийн тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, замын түгжрэл, замаас үүдэлтэй осол аваарыг бууруулахад онцгой чухал нөлөө үзүүлэх юм.

Монгол орны авто замд гарч байгаа хагарлын талаарх судалгаа, шинжилгээний ажил 1981 оноос эхтэй боловч мөнгө санхүү, материалын инноваци, техник технологийн дэвшилтэй холбоотойгоор тодорхой үр дүнд хүрч чадахгүй байсан юм. Үүнд төрийн муу менежмент ч нөлөөлсөн тал бий.

Одоо энэ асуудлыг төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн гартаа аван шийдэхээр аль хэдийн ажлаа эхэлсэн байна. Үүнийг Зам, тээврийн яам сүрхий дэмжиж байгаа гэсэн.

Авто зам барилгын “ЭСТО” ХХК 2011 оноос эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Барилга байгууламжийн технологийн хүрээлэн, Кумо корпорацитай хамтран Монгол орны нөхцөлд тохирсон асфальтбетон хольц бий болгох, асфальтбетоны үндсэн барьцалдуулагч болох битумын хүйтэн оронд хэрэглэгдэх чанарыг нь сайжруулахаар нано технологиор гарган авсан нэмэлтүүдийг нутагшуулах ажлыг эхэлж, 2012 оны 9 сард Монгол орны харьцангуй хүйтэн газар болох Богд уулын арын замд 300м, хамгийн халуун цэг болох Өмнөговь аймгийн Ухаа худаг –Гашуун сухайтын замын хэсэгт 300 м туршилтын замуудыг барьсан байна.

Солонгосын дээрх 2 байгууллага дэлхийн хамгийн хүйтэн уур амьсгалтай газар болох Грийнландад иймэрхүү туршилт хийж, АНУ-аас өндөр үнэлгээ авч, стандарт бий болгож чадсан учраас Монгол оронд өөрсдийнх нь хийж байгаа туршилт амжилттай болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна билээ. Солонгос Улсын Барилга байгууламжийн технологийн хүрээлэн нь 11 жилийн жилийн турш ноцолдож байж Солонгосын замын хучилтын хийц бий болгосон туршлагатай газар, харин Кумо корпораци нь нефть химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд 4-рт жагсдаг алдартай компани бөгөөд манай Монголчууд тэднийг кумо гэдэг автомашины дугуйгаар нь тун сайн мэднэ.

Дээрх 600 м туршилтын замын 100м тутмыг өөр өөр битумын орцтойгоор барьсан байна. Одоо шинжилгээ, судалгааны ажил ид явагдаж байна. Эхний үр дүн энэ оны 6-р сард гарна гэсэн. Хэрэв туршилтын үр дүнгээр асфальтбетоны аль нэг орц нь амжилттай болвол түүнийг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлж, тэр орцоор замын хучлага барьж эхлэх юм. Үүнийг Монгол орны нөхцөлд тохирсон стандарт болгоход ашиглалтын үеийн судалгаа хийгдэх учраас 4 жил шаардагдана.

Туршилтын замын хийц технологи нь манайд хэрэглэгдэж ирсэн уламжлалт технологи бөгөөд харьцуулалт хийх зорилгоор туршилтын замын эхний 100 м бүрийг энэ хийц технологиор барьсан байна. Замын дараагийн 100м хэсэгт Leadcap 64-ыг 1.5 хувиар, үлдсэн 100м хэсэгт STE-М полимерийг 2.0 хувь, Leadcap 70-ыг 2.5 хувиар хольж битумд нэмж туршилтын зам барьсан байна.

Улаанбаатар хотын төдийгүй ер нь Монгол орны асфальтбетон хучлагатай замд үүсч буй хагарал нь хэрэглэж байгаа битумын шинж чанартай шууд холбоотой гэж үздэг. Монгол орны зам, гадаргуу дээрээ -50оС-аас +50оС-ийн хооронд ажилладаг юм. Ийм газар нутаг дэлхийн хаана ч бараг байхгүй учраас яг тийм нөхцөлд таарсан замын хучилтын материал, хийц сонгоход нилээд төвөгтэй. Одоохондоо ийм нөхцөлд таарсан замын битум хаана ч үйлдвэрлэхгүй байна. Тийм учраас бүх зүйлийг заавал Монгол орны нөхцөлд туршиж байж, хийц, технологийг нутагшуулж байж үр дүнд хүргэх шаардлага тулгарч байгаа юм.

Битумын хувьд тавигдаж байгаа хамгийн энгийн ойлгомжтой шаардлага гэвэл, өвөл нь хагардаггүй, зун нь зөөлрөөд нялбайчихгүй байх учраас тийм шинж, чанар бүхий битумыг бий болгоход судалгаа, шинжилгээний ажлын нэг гол зорилго чиглэгдэх учиртай. Полимер нэмж байгаа нэг гол зорилго нь яг үүнтэй холбоотой юм.

Туршилтын замд судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Улаанбаатар хотод баригдсан туршилтын замын байдал энэ 4, 5-р сард илүү тодорхой болж бидэнд “тайлангаа” тавина. Харин говьд хийгдсэн туршилтын үр дүн 7, 8-р сард харагдах юм. Эдгээр замуудад хамгийн багаар бодоход 14-32 төрлийн хэмжилт, судалгаа шинжилгээ хийнэ. Энэ ажилд Монгол, Солонгосын олон чадварлаг, туршлагатай инженер, эрдэмтэн судлаачид оролцож байгаа учраас заавал тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Зам, тээврийн яам ч гэсэн бодлогоо тодорхойлж, чиглэлээ байнга өгч байна. Битумд нэмэлт бодис хийхэд өртөг нь 20 орчим хувиар нэмэгдэх юм. Үүнийг ч яам цаашдынхаа тооцоо, төлөвлөгөөнд тусгачихсан учраас мөнгө санхүүгийн бэрхшээл гарахгүй.

Энэ сарын 6,7-ны өдрүүдэд Авто зам экспо-2013, Авто замын шинэ техник, технологи олон улсын үзэсгэлэн-семинар болох гэж байна. Энэ үеэр энэ туршилт, судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй яригдах юм. Мөн 4-р сард Монгол Солонгосын авто зам хариуцсан яамдын уулзалт болж цаашдын үйл ажиллагааны чиглэл ч илүү тодорхой болно.

Монголын авто замчдын холбоо Монгол орны нөхцөлд тохирсон замын хийц бий болгох талаар зам тээврийн яамтай хамтран санамж бичиг гаргасан. Энд яригдаж байгаа туршилт судалгаагаар зөвхөн замын хучлага болох асфальтбетонд ордог битумыг сайжруулах, бүлээн асфальтын технологийн асуудал яригдаж байгаа мэт боловч энэ нь цаашдаа Монгол орны нөхцөлд тохирсон замын хучилтын хийц гаргах үндсэн ажлын суурь судалгаа нь болж өгөх юм. Асуудлыг ийнхүү цогцоор нь шийдэх нь Авто замын сүлжээний хөгжлийг шинэ шатанд гаргахад шийдвэрлэх нөлөө үзүүлэх болно.

Тун удахгүй Монгол орны зам хагаралгүй болно.

Авто замын зөвлөх инженер                                                         Н. Адилбиш

2013 оны 3 дугаар сарын 4


URL:

Сэтгэгдэл бичих