“Бүү санаа зов” гэсэн яасан бэ, Сайд аа!
100 шатахуун түгээх станцаа Монголд байгуулна гэж нэг үе шуугиулсан “Роснефть”-ийнхэн ээлжит дуулианаа энэ долоо хоногийн эхний өдөр илгээлээ. Нийлүүлэх шатахууныхаа хэмжээг нь танасан нь тэдний “гэнэтийн бэлэг” байв. Үүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Зөвхөн Оросоос шатахуун авдаг үе өнгөрсөн.
Хангалттай шатахуун бий. Бүү санаа зов” гэж Төрийн ордонд сэтгүүлчдийг тойруулж байгаад додигор гэгч хариулж байлаа. Гэтэл маргааш нь л байдал бишдэж, “Шунхлай” компани АИ-92 шатахуун болон дизель түлшний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмчихэв. Ингээд тэд АИ-92-ыг литр тутамд нь 1720, дизель түлшийг 1850 төгрөгөөр худалдаалж байгаа юм.
Шатахууны үнэ 50 төгрөгөөр өсөхөд утасны төлбөрөөс авахуулаад мах, ногооны ханш 200-300 төгрөгөөр нэмэгддэг бичигдээгүй хууль манай зах зээлд үйлчилж байна. Уншигчид санаж байгаа бол, 2008 онд шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд таксины төлбөр км тутамдаа 6-8 төгрөгөөр л өсөх ёстой гэсэн судалгааг Сангийн яамнаас гаргаж байлаа. Харамсалтай нь, зургаа биш 100 төгрөгөөр таксины хөлс нэмэгдэж, махны үнэ бол шатахууны ханш өсөх сургаар 200-300 төгрөгөөр “өгссөөр” ирсэн юм. Нефть импортлогчид үнээ бууруулсан ч хүнс, барааны ханш нэг хэвэндээ тогтдог жигтэй тойрог бий болсоор удлаа.
“Шатахуунаа тогтвортой хангахын тулд бид төрөөс импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон. Үр дүнд нь манай шатахууны нөөц түүхэнд байгаагүй хэмжээнд хүрсэн” гэж Н.Батбаяр өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн юм. Хальж, цалгиж байгаа үүцтэй юм бол яагаад дахиад үнэ өсчихөв, эрхэм сайд аа.
Үнэхээр л зөвхөн Оросоос шатахуунаа авдаг үе өнгөрсөн юм бол “Шунхлай” яагаад үнээ өсгөчихөв. Энэ удаагийн үнийн өсөлт ажил нь эхэлж байгаа газар тариалан, барилгын салбар, хэрэглээний бараанд нөлөөлөхгүй гэдгийг хэн батлах вэ. Эдийн засгийн хөгжлийн сайдын “Бүү санаа зов” гэсэн гурван үгээр шатахуун худалдаж авах уу?
URL: