Гаалийн дарга Б.Хишигбатын “хамар” хаана явна

gaaaХудал хэлбэл хамар нь сунадаг модон хүүхэлдэйг “Пинокио” гэдэг. Харин үлгэрийг орчин цагт үр­гэлж­лүүлбэл, дэлхий хүнээ бус хамраа даахгүйн аюулд унана. Тиймээс “хэрээ хэрээнийхээ харыг гайхна” гэдэг шиг, хамар хамарныхаа уртыг гайхаж, худалч, үнэнчээр нь ялгах нэгэн хаа сайгүй гарч ирэх биз.

 

Харин Монголд хэн гээчийн хэний хамар хамгийн урт байх бол. Бас л сонирхолтой юм. Тиймээс нийгмийг худал үгээрээ хохироож чадахгүй энгийн иргэдийг хасаад их мөнгө, эдийн засаг, эрх мэдэл, улс төр, элдэв янзын шалган нэвтрүүлэхийг оролцуулаад хамрын уртыг гаргах гэж оролдвол төөнүүр хорхойн нас гүйцэхгүй, тэнгэрийн орон руугаа одох биз ээ.

 

Тиймээс сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Б.Хишигбатын хамар хэдэн см сунах талаар төсөөлж үзье. Өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-аас 16 тонн гахайн өөх хууль бусаар оруулах гэж байсан иргэн мэргэжлийн байгууллагад баригдсан байдаг.

 

Тодруулбал, БНСУ, БНХАУ болон зүүн өмнөд Азийн бүс нутгаас гахайн өөх оруулахыг хориглосон үед гахайн өөхийг улсын хилээр оруулахаар завдаж байгаад баригдсан иргэн зохих ёсны хууль хяналтын байгууллагад шилжсэн байдаг.

 

Эл асуудал өнгөрсөн сар шинийн үеэр олны сонорт хүрч байсан ч хэдхэн хоногийн өмнө дахин дэгдсэн нь зарим нэгний хөх инээдийг барьж, өөр нэгний үндэсний бахархалыг сэргээсэн юм. Сийрүүлбэл, өнгөрсөн сарын 18-нд Улаанбаатар хотын ГЕГ-ын дарга Б.Хишигбатын өрөөнд 20 сая төгрөг барьсан иргэн орж ирсэн аж.

 

Мэдээж тэр хүн бол өөхний наймаанд гаршсан этгээд байх нь тодорхой. Тэгээд л “алд цагаан хадаг бариад” өөхний орлогоо өөрийнх нь ширээн дээр зулсан юм байх. Гэтэл Б.Хишигбат түүнийг буруу шааж, улсын хуулиа “улдахаас” аварч “гэгээрлийн замаа” нээжээ.

 

Учир нь үдээс хойш дахин нэг хүн өнөөх мөнгийг нь бариад баруун зүүнгүй гуйсан юм байх. Тэгээд л “гэгээрлийн замаа” нээсэн гаальчин “үгүй” гэж хэлээд өнөөх этгээдүүдийг авлига өгөхийг завдсан хэргээр Авлигатай тэмцэх газар (АТГ)-т мэдэгдэж, өөхний асуудлыг “ЦЕГ”-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өгсөн юм байх.
Харин хамгийн хачирхалтай нь тэрбээр авлигийн санал авахаа мэдэж байсан гэнэ. Үүнийг тэрбээр  “Би ер нь иймэрхүү байдал үүсч магадгүй гэдгийг тооцоолоод өмнөх өдөр нь ГЕГ -ын дэд дарга нарын хэмжээнд болон орлогч дарга, ажлынхандаа ийм үйл ажиллагаа явагдах байх гэдгийг хэлчихсэн байсан” гэжээ.

 

Магадгүй түүний энэ таамаглал биелэлээ олсон нь тэд “авах гээхийн” асуудалтай өдөр бүр нүүр тулдаг гэдгийн нэгэн жишээ байж болох л юм. Харин энэ түүхийг сонссон иргэд өөр өөрийн өнцгөөс дүгнэлтээ гаргаж байгаа ч “Өгсөн мөнгө нь багадсан байна”, “Улсын хуулиа дээдэлсэн байна” гэх ерөнхий хоёр бүлэгт хуваагдаж байна.

 

Үнэхээр XXI зуунд ялангуяа Улаанбаатар шиг хотод 20 сая төгрөгийг шазуураа зуугаад “авахгүй” гэж хэлэх хүн ховордсон шүү. Тиймээс нэг талаараа бахархал төрж байгаа ч нөгөө талаараа хардалт үүсээд буй юм. Ингээд иргэдийн “хар”-ыг дэлгэрүүлбэл ийм онигоо санаанд бууж байна.

“ГЕГ-ын “хурган” даргын төрсөн өдөр болох дөхсөн аж. Тиймээс шалган дээр зогсдог гаалийн ажилчид ийнхүү ярьжээ. Даргад юу өгөх вэ, “Ланд круйзэр” өгөх үү гэхэд өнөөх нь “өнгөрсөн жил жийп өгсөн биз дээ. Энэ жил хаус авч өгье” гэв. Гэтэл өнөөх нь эсэргүүцэж “Шагналын найрнаар Зайсанд хаус авч өгсөн шүү дээ.

 

Бэлэгний сонголт байхгүй бол шалган дээр нэг хоног ажиллуулъя” гэхэд бүгд дуу нэгтэйгээр “тэрийг тэгж давраахгүй шүү” гэжээ. Хэдийгээр энэ онигоо ГЕГ-ын ажилчдыг хэтэрхий дэгсдүүлсэн байж болох ч амьдрал дээрээс урган гарсан учраас аль нэг талаараа төсөөтэй зүйл байх л учиртай.

 

Тиймээс иргэд эл газрыг массаараа мөнгөний хүүдий гэх ойлгодог нь нууц биш. Цагдааг хүртэл дохиураа “шидэт” болгоод байхад гаалийн газрын ажилчид ийн хардуулах нь зүйн хэрэг биз ээ. Тэгээд ч шударга ёсыг тэнгэр шиг уудам. Шударга бус байх газар шиг хатуу гэвэл өнгө мөнгөний хорвоо газраар хөглөрч байгаа нь үнэн билээ.

 

Гэсэн ч мянга мянгаараа, сая саяараа хөглөрсөн шударга бус үйлдлүүд хөл бүдчүүлж, сэтгэл ганхуулахгүй л байна. Учир нь тэнгэрт тэмүүлсэн хүн газрын “амьтанд” тээглэж, унахдаа шударга зангаа гээж орхидог юм. Тиймээс бид хөглөрсөөр, хөлжсөөр, малтсаар газар амьтай гагнагдаж орхисон билээ. Ер нь ГЕГ-ынхны хамрын уртыг “Пинокио”-гийн үлгэрээр хэмжвэл хаа хүртэл сунах нь сонин л юм.
Б.Ширнэн

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих