Нүүрсний бодлогод нүүдэл хэрэгтэй байна

nuurs_uu_salhi_uu_1-middle2012 онд дэлхий сүйрнэ, эсвэл цахилгаан хэдэн өдрөөр тасарна, үгүйдээ олон хоног нар гийхгүй гэхчлэнгээр зурхайчдын ёр замбараагаа алдсан ч азаар тайван өнгөрлөө. Харин эдийн засагт халгаатай жил болсон гэвэл онохоор байв.

2011 онд 17 хувийн их өсөлтөөр дээд амжилт тогтоосон Монголын эдийн засаг өнгөрсөн жил ердөө 10 гаруйхан хувьд дэнжигнэсэн хэрэг. Нүүрсний экспорт ихээр буурсан нь өнөөх өсөлтийн графикийг уруудуулчихав. Нэг хэсэг зэсээс хамаарсан манай улсын “хэтэвч” өдгөө эрчим хүчний эх үүсвэр болсон нүүрсний борлуулалт дээр тогтож байна. Малчид ноолуураа тушааж үр хүүхдээ сургууль, соёлтой залгуулдаг бол манай төсөв экспортын орлогынхоо ихэнхийг энэ хүрэн эрдэнэсээс авч байна. Түүхээс харахад ч монголчуудын хамгийн эхэнд хүрсэн ашигт малтмал бол нүүрс. Эрчим хүчний банк гэгддэг энэ түүхий эдийн нөөцөөрөө бид дэлхийд дээгүүр жагсдаг. Тэгсэн хэрнээ бодлого боловсруулагчид нь цахилгаанаа гадаадаас импортолдог хачин бодлоготой.

Тэгээд ч зогсохгүй, шатахууныхаа дийлэнхийг бас л хилийн чанадаас авна. Үе үеийн Засгийн газар нүүрснээс бензин гаргаж авах төслийг цээжилтэл дуржигнуулдаг жишигтэй болоод байгаа ч хэрэгжсэн нь үгүй. Улстөрчдийн цээжний пангаар болдог бол одоо Монгол Улс нүүрсний төгс хэрэглээг нэвтрүүлчихсэн, шатахуун нь уснаасаа хямдхан байдаг Кувейтийн дайтай хөгжиж, нүүрсний орлогоороо эдийн засгаа жинхэнэ утгаар нь солонгоруулж чадсан Австралийн чинээтэй хөлжих байлаа.

Барилгын материалын үнэ оодорч, импортын барааны үнэ Замын-Үүд, гааль дээр хэд дахин өсчихдөг бичигдээгүй хуулийг тас цохих асар их боломж нүүрсэнд нуугдаж байна. Хамгийн энгийндээ гэхэд, барилгын хавтан, хуванцрыг хүрэн нүүрсийг бүрэн боловсруулж гаргаж авдаг гээд бод. Налайхын уурхайд “мэндэлж” 100 насныхаа ойд ойртож яваа энэ салбар Монголд бие даан хөгжих бүтэцгүй, бодлогогүй, талаар нэг тарсан лицензээс өөр онцлох зүйлгүй явж ирлээ.

НҮҮРСЭЭР ДАГНАСАН БОДЛОГО АЛГА

Манай улсад нүүрсний салбар гурван толгойтой могойноос ялгаа алга. Эрчим хүчний яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яаманд харьяалагдаж байгаа энэ салбарт нэгдсэн нэг чиг хэрэгтэй байна. Гурван тийшээ харсан гурван бодлого давхацчихаар чухам хаанаас нь юуг нь эхлэх, хэн юу хийх нь дахиад л таавар болчихдог нь нууц биш. Цаасан дээр дурайсан олон үйлдвэрийн жагсаалт, төслийн нэрсээс өөр гарт баригдах, нүдэнд харагдах зүйл алга. Хоёр намын тоглоомын тойрог болсон орон сууцжуулах хөтөлбөрийг өлхөн хэрэгжүүлэх хөрөнгө нүүрсэн дор нуугдаж байна. Зөвхөн “Тавантолгой”- гоос “Чалко”-д алдсан олон зуун сая ногоон дэвсгэрт үүд энэ хөтөлбөрийг бэлхнээ хэрэгжүүлчих байв. Гэтэл нүүрсээ хэтэрхий үнэгүйдүүлж, дэлхийн зах зээл дээрхээс хэд дахин бага үнээр худалдаж буй нь энэ салбарт бодлого хэчнээн хэрэгтэйг сануулж байна.

“Нүүрсний салбарт хамгийн түрүүнд зам, тээвэр, дэд бүтцийг нь шийдэж, үүний дараагаар үнэ цэнийг нь өсгөх бодлого хэрэгтэй байна” гэж Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу хэлсэн. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан, “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав “Эдийн засгийн тулгуур нүүрсний салбарын зохицуулалтыг хариуцсан бие даасан бүтэц хэрэгтэй” гэв.

Төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг хэрнээ эдийн засгийн хөгжилд түүчээ болох үүргээ гүйцэтгэж чадахгүй яваа нүүрсний салбарт “сэрүүлэг” хэрэгтэй гэдгийг тэд ийнхүү баталж байна.

ХЭН, ХААНА АЖИЛЛАХ ВЭ?

2003 онд манай улс дөнгөж 500 мянган тонн нүүрс экспортолж байсан бол одоо 16 сая тоннд хүрсэн нь 30 дахин өссөн үзүүлэлт юм. Том том тооны цаад үр дүн нь харин бүдэг. Зөвхөн эдийн засгийн үр өгөөжөөс гадна ажиллах хүч, мэргэшсэн боловсон хүчин гэдэг ойлголт таг. Дээрээс нь тээвэрлэлт, дэд бүтэц нь бас эмзэг сэдэв. Зөвхөн Хятад гэсэн хязгаарлагдмал орон зайд тээвэрлэсээр байх уу, эсвэл илүү ашигтай гуравдагч хөршид худалдах уу гэсэн сонголт гарч ирнэ. Мэдээж, гуравдагч хөрш. Гэвч Хятадын төмөр зам Эрээнээс Тянжинь хүртэл манай нүүрсийг тээвэрлүүлэхгүйгээ мэдэгдсэн.

Нөгөө талаас Орос байгаа ч боомтууд нь компаниудынх нь мэдэлд байдаг, бас ачаалалтай учраас дахиад л өндөр төлбөр нэхнэ. Хятадын нүүрсний компаниудын холбооны тэргүүн Девид Фанг “Тээвэрлэлтийн асуудалд Монголын Засгийн газар Хятадтай хэрхэн тохиролцохоос бүх зүйл шалтгаална. Учир нь Хятадын төмөр замын сүлжээ дотоодын тээвэрлэлтийнхээ эрэлтийг хангаж чаддагг үй. Хятадад өөр улсын тээврийг хийх төмөр зам болоод цаг хугацааны боломж байхгүй. Тиймээс тарифын асуудал Засгийн газар хоорондын хэлэлцээрээс л шалтгаална” гэж байна. Өнөө хэр нь нэгдсэн бодлого байгаагүйн балгаар бид нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулахад түмэн бэрхшээлтэй тулж байгаагийн эхнийх нь энэ.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖ ХААНА БАЙНА?

“Урт хугацааны бодлого алдагдаж, алсын хараа муудаж буй учир эдийн засаг өрсөлдөх чадвартай болохын оронд амиа аргацаасан өнөө маргаашийн орлого хөөцөлдөх болж, нийгмийн хөдөлмөрийн бүтээмж өсөхгүй байна.

Өөрсдөө хөрөнгөгүй байж гадаадын хөрөнгө оруулалтыг үндсэндээ зайлуулж эхэллээ” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан “Тавантолгой ба таван сорил” нийтлэлдээ дурдсан байна. Нүүрсний салбар улстөрчдийн сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхээс хэтрэхгүй байдалд орчихсон нь энэ. Нэг нь үйлдвэр ярьдаг, нөгөө нь эрчим хүч, цаадах нь уурхай ярьдаг шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болжээ. Энэ салбарт хөгжлийн нүүдэл хэрэгтэй байна. Хоёрхон сарын дараа болох “Coal Trans” нүүрсний салбарын олон улсын чуулган энэ бүхэнд үр дүн авчрах болов уу.

Дэлхийн зах зээл дээр нүүрс тийм ч үнэтэй бараа байх нь ховордож буйг Хятадын худалдан авалт харуулаад байхад бид дахин алдах эрх алга. Оны эхээр болсон “Coal Mongolia” ч Монголын нүүрсний салбарт тогтвортой төрийн бодлого, холч хараа хэрэгтэйг сануулаад авлаа. Далайцтай эдийн засгийн өгөөжтэй нэгдсэн шийдэл энэ салбарт чухал гэдгийг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон хэлсэн.

Цөмөөс эрчим хүч эрэлхийлж буй энэ үеийн зах зээл зөвхөн Монголыг хүлээгээд хүрдээ зогсооно гэвэл, үгүй. Биднийг энд хөдөлж цөхсөөр, маргаж мэтгэлцсээр суутал цахилгааны дараагийн эх сурвалж дэлхийн эдийн засагт ноёрхох вий.

Ж.Цогзолмаа

Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих