Деннис Родман: Ким Чен Ун намайг “Насан туршийн анд нөхөр” гэсэнд баяртай байна

1_1363139735Саяхан Хойд Солонгост айлчилсан АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгч асан Деннис Родман “ABC” агентлагт анхны сэтгэгдэл болон сонин хачнаасаа хуваалцсаныг хүргэж байна.

 

-Сайн байна уу. Тэгэхээр таны хувьд Ким Чен Уны урьсан анхны гадаад жуулчин, найз байлаа. Анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Миний хувьд Хойд Солонгост, тэр дундаа залуу удирдагчаар ийм өндөр зэрэглэлд уригдаж очсондоо баяртай байсан. Хэн ч баярлах байсан байх. Миний өмнө нь төсөөлж байсан орчин, нийгэм, ард түмэн намайг очиход өөрчлөгдсөн. Гадны зочид төлөөлөгчид, зарим гүрнүүдийн төлөөлөгчид айлчилж үзээсэй гэж би маш их хүсэж байна. Анх нисэх буудалд газардах тэр мөчид өөрийн эрхгүй “Би энд юу хийж яваа юм болоо” гэж өөрөөсөө асуусан. Харин тус улсыг орхиж явахад эх орноосоо гарч өөр орон руу очих гэж байгаа мэт л санагдсан.

-Та хоёрыг найзууд болсон гэж хэвлэлээр цацагдсан. Залуу хүний хувьд улсаа удирдах ч гэлтгүй спортод хорхойтон бололтой?

-Тиймээ. Түүнийг хилийн цаа­на сурч байхад сагсан бөмбөгт их дуртай байсан талаар ярьсан. Тиймээс л намайг эх орондоо урьсан болов уу. Бид хамтдаа цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөсөн. Маш их зүйлийн талаар ярилцсан. Би өөрийн Твиттерээрээ дамжуулан Хойд Солонгост энхийн зорилготой ирснээ мэдэгдэж бай­сан. Олон улсын тэргүүнүүд миний айлчлалыг ямар өнцгөөс хүлээж авч буй нь надад ядаргаатай санагдсан болоод тэр л дээ. Манай улсын “Харлем Глобтроттерс” болон Хойд Солонгосын “Мөрөөд­лийн баг”-ийн хооронд  үнэхээр тоглолт сонирхолтой болсон. Хамгийн хачирхалтай нь тоглолтын тооны харьцаа 110:110-аар өн­дөрлөсөн.

-Тус улсад байхдаа хаана байрлаж байв. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хойд Солонгосын “Нарны ордон” /Kumsusan/-д зочилсон. Үнэхээр сайхан цагийг өнгөрөөсөн.

-Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлын улмаас Америк болон тус улсын хоо­рондох улс төрийн харилцаа эг­зэгтэй байгаа. Дөнгөж өн­гөрсөн сард гэхэд Хойд Со­лонгос НҮБ-аас тус улсын эс­рэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ чангатгасантай холбоотойгоор АНУ болон Өмнөд Солонгос улсуудыг заналхийлсэн мэдэгдэл гаргасан. Энэ талаар та санал солилцсон уу?

-Ямар ч улс төрийн сэдвээр бид ярилцаагүй. Тэгэх ч шаард­лага байхгүй. АНУ-ын зүгээс Хойд Солонгос өн­гөр­сөн арван­хоёр­дугаар сард амжилттай­гаар пуужин хөөргөснөөс үүдэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд тус улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хоригоо чангатгах тогтоолын төсөл өргөн барьж, батлуулсан талаар хэвлэлээс уншиж байсан төдий.

-Сэтгүүлч миний нүдээр тус улсыг тойрсон элдэв сөрөг мэдээллийг няцаахаар сүүлийн үед залуу удирдагч их хичээх болсон. Алдартай сагсан бөмбөгчнийг урьж авчирсан нь түүний улс орныхоо талаар эерэг хандлага төрүүлэхээр хийж буй ажлын нэг нь гэж хэлж болно. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй байна. Хүн ямар ч байж болно. Гэхдээ хүн­лэг чанартай байх нь хамгийн чухал. Хойд Солонгосын цөмийн туршилтын улмаас хоёр орны харилцаа хурцдаад байгаа гэсэн. Нарийн учрыг нь би мэдэхгүй. Би бол зүгээр л сагсан бөмбөг тоглодог байсан тоглогч. Ким Чен Ун “Америкийн баг, тамирчдын айлчлал хоёр улсын харилцааг сайжруулахад дөхөм болно” гэдгийг хэлж байсан. Мөн тэрбээр Барак Обамаг утсаар ярихыг хүлээж байгаа гэсэн.

-Тэр тэгсэн гэж үү. Яг ямар байр сууринаас хэлж байна?

-БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун манай улсын төрийн тэргүүн Барак Обаматай утсаар ярихыг хүсч байгаагаа надад хэлсэн. Мөн АНУ-тай дайтах хүсэлгүй бай­на гэж Ким Чен Ун хэлсэн. Залуу удирдагч Б.Обамагийн адил сагсан бөмбөгт дуртай нэгэн. Магадгүй энэ нийтлэг сонирхол нь хоёр улсын удирдагч хэл амаа олоход нь тус болж болох юм. Хамгийн онцлох зүйл нь намайг “Насан туршийн анд нөхөр” хэмээн хэлсэнд би маш их баяртай байгаа.

-Таныг нэгэн телевизийн зураг авалт хийсэн гэж дуулсан юм байна. Энэ талаар?

-“Харлем Глобтроттерс” багийн гурван тамирчин болон VICE медиакомпанийн зураг авах хэсэгтэй хамт нэгэн телевизийн зураг авалт хийсэн. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэхүү шоу нь “HBO” сувгаар ирэх дөрөвдүгээр сарын эхээр гарна. Дашрамд дуулгахад бид хамтдаа ирэх наймдугаар сард зугаалгаар дахин уулзахаар болсон.

 

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих