Л.Амаржаргал: Баярын өдрүүдэд есөн хүүхэд зам тээврийн осолд өртлөө
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас тодрууллаа.
-Өнгөрөгч баярын өдрүүдээр хэрэг, зөрчил гарав уу?
-Баярын өдрүүдэд Замын цагдаагийн газарт зам тээврийн осол, гэмтлийн нийт 178 дуудлага ирсэн. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэв журмын эсрэг гэмт хэрэг 21 гарч, 25 хүн гэмтсэн. Мөн зам тээврийн осол 31 бүртгэгдсэн байна.
-Согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцсон зөрчил хэр их илрэв?
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 11 зөрчил бүртгэгдсэний долоо нь жолооч, дөрөв нь явган зорчигч байсан. Ялангуяа баяр ёслолын үеэр ийм төрлийн зөрчил буурахгүй байна. Зөвхөн энэ сарын 6-9-нд гэхэд л согтуугаар хөдөлгөөнд оролцсон 310 жолоочийг журамлан, гэмт хэрэг гарч болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Удахгүй цэргийн баяр болох гэж байна. Энэ баяртай холбогдуулаад архидан согтуурах явдал ихэсдэг. Тиймээс иргэд, албан байгууллагууд ямар нэгэн баяр ёслолыг тэмдэглэхдээ согтууруулах ундаанаас татгалзаач ээ гэж уриалж байна. Ингэснээр гарч болзошгүй хэрэг зөрчлөөс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой шүү дээ.
-Зөрчил гаргасан жолооч нар хариуцлага хүлээж, буруугаа ухамсарлах нь хэр байна вэ?
-Баярын өдрүүдэд осол гаргаад хэргийн газраас зугтсан хоёр зөрчил гарсан. Ер нь энэ төрлийн зөрчил буурахгүй байгаа. Замын хөдөлгөөний осол, зөрчил ихэвчлэн анхаарал болгоомжгүйгээс болдог. Гэтэл жолооч нар ослын газрыг орхиж зугтсанаар гаргасан зөрчлөө эрүүгийн хэрэг болгох үйлдлийг хийж байгаа юм.
Хуульд зааснаар тухайн жолооч зам тээврийн осолд холбогдсон бол хэргийн газарт нэн даруй зогсч, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Хэрэв ослын улмаас хүний эрүүл мэнд хохирч, бэртэж гэмтсэн бол эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлэх ёстой.
Гэвч жолооч нар айсандаа гэдэг ч юм уу, эсвэл хоорондоо зохицоод хэргийн газрыг орхиод явдаг. Ингэснээрээ Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөлийг бий болгодог. Тиймээс явган зорчигчийн, эсвэл жолоочийн, хэнийх нь ч буруу байсан заавал цагдаагийн газарт мэдэгдэх хэрэгтэй.
-Баярын өдрүүдэд хүүхэд зам тээврийн осолд өртсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулна уу?
-Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн хүүхдүүд осол, аваарт өртөх нь ихэсч байна. Өнгөрөгч баярын өдрүүдэд гэхэд л есөн хүүхэд зам тээврийн осолд өртлөө. Тэдний дөрөв нь сургуулийн, нэг нь сургуулийн өмнөх насных. Сургуулийн өмнөх насны хүүхдийг эцэг эх нь машиндаа зориулалтын суудалд суулгах, эсвэл өвөр дээрээ авч явах ёстой.
Гэтэл бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж байна. Мөн сургуулийн насныхан машин зам дээр тоглох, ноцолдох, эсвэл гарцгүй газраар ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх явдал гарч байна. Ингэснээрээ тэд өөрсдийнхөө болон бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Тиймээс эцэг эх, багш нар хүүхдэд тавих анхаарлаа сайжруулан, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар анхааруулга, санамж, зөвлөмжийг байнга өгч байх нь чухал юм.
-Осол гаргасан жолоочийг торгож, эрхийг нь хасдаг. Тэгвэл явган зорчигч ямар шийтгэл хүлээдэг вэ?
-Явган зорчигчид замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, гарцгүй газраар зам хөндлөн гарах, замын хажуугийн хайс, хашлага даван машины урдуур гүйх, согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон үедээ зам дээр хэвтэх зэрэг зөрчил олон гаргадаг.
Үүнээсээ үүдэж зам тээврийн осолд өртөж байна. Захиргааны хариуцлагын тухай хуульд торгуулийн арга хэмжээг тодорхой зааж өгсөн хэдий ч манайд энэ хуулийн дагуу арга хэмжээ авсан юм байхгүй. Торгоод ч тухайн хүнд шийтгэл болж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүн “Би хариуцлага хүлээлээ” гэж гэмшил төрүүлэхээргүй бага торгуультай.
-Энэ талаар хуульд өөрчлөлт оруулахаар болж байгаа биз дээ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд торгуулийн арга хэмжээг өндөрсгөх хэрэгтэй гэж үзсэн. Одоогийн байдлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг хэлэлцүүлж байна.
-Орон нутагт баярын өдрүүдээр энэ төрлийн зөрчил хэр гарав?
-Одоогийн байдлаар баярын үеийн мэдээ орон нутгаас нэгтгэгдэж ирээгүй байна. Ер нь бол орон нутагт гарч буй зам тээврийн хэрэг, зөрчил гэвэл мотоцикльтой явж байгаад осолдох явдал буурахгүй байна. Учир нь манай улсад дугуй нь төмөр хэрээстэй мотоцикль оруулж ирэхээ больж.
Сүүлийн үед оруулж ирж байгаа нь дулаан оронд зориулагдсан хуванцар ч юмуу зөөлөн эдээр хийсэн дугуйтай байдаг. Гэтэл энэ мотоциклийг орон нутгийн замд өвөл, зунгүй унадаг. Үүнээс болж хөдөлгөөнд оролцож явахад обуд нь хагарч осол аваар гаргасан тохиолдол их байна.
Нөгөө талаар орон нутгийн замд согтуугаар мотоцикль жолоодож яваад машины урдуур орж, хад чулуу мөргөж, эрэг рүү унадаг. Тиймээс нийслэл болон орон нутгийн жолооч, мөн явган зорчигчдод замын хөдөлгөөнд соёлтой оролцож, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байхыг анхааруулъя.
М.Наранболд
Эх сурвалж:
URL: