Монголын ирээдүй Оюутолгой юу, хүүхэд үү?

oyutolgoi_huuhed-middleНадад бэлэг өгөх хэрэггүй. Харин оронд нь эмнэлэг барьж өгөөч…

Энэ бол цусны хорт хавдартай нэгэн хүүгийн өөрийн блог дээрээ бичсэн өдрийн тэмдэглэлийн нэг л өгүүлбэр нь. Үнэхээр түүнд эх үрсийн баяр болон зул сараар өвлийн өвгөн, салбарын сайд, хүмүүнлэгийн байгууллагаас тараах ганц удаагийн гялгар цаастай бэлэг биш хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг хэрэгтэй болохоор хүү ингэж бичсэн биз.

Эмэгтэйчүүдийн, шүдний, арьс, гоо заслын гэх хаягтай эмнэлэг Улаанбаатарын гудамжаар караоке, шөнийн цэнгээний газартайгаа сүлэлдэн хөврөх. Гэвч хүүхдийн гэх тодотголтой эмч, эмнэлэг дэндүү цөөхөн, бараг байхгүй байгаа нь харамсалтай.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ганцхан байгаа нь ЭХЭМҮТ. Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос өвдөж, зовсон хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд Улаанбаатарыг ЭХЭМҮТ-ийг зорино. Улсын хэмжээнд цор ганцаараа, бор зүрхээрээ зүтгэж байгаа болохоор тус төвийнхөн эрвийх, дэрвийхээрээ ажиллаад ч тусыг эс олох нь харамсалтай.

Хавдартай хүүхдүүдийг ХСҮТ, халдварт өвчтэйг нь ХӨСҮТ, түлэгдэж, гэмтсэн нь гэмтлийн эмнэлэг, түлэнхийн төв, хамрын ханиадтай нь дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн умгар өрөөндөө уйлалдан, чихэлдэн өдөр хоногийг өнгөрүүлж, эмнэлгийн тусламж хүртэх аядана. За тэгээд, хүүхдээ тэврээд хоног, өдрөөр, сар жилээр эмнэлгийн үүд бараадах эцэг, эхчүүд зөндөө. Энэ бүхнээс хүүхдийн гэх йтодотголтой эмнэлэг хуруу дарам цөөн байгаа нь илэрхий. Ганц, хоёр хувийн эмнэлэг байх боловч тэнгэрт хадсан өндөр үнийг нь хүчрэх чадалтай нь Монголд бас л хуруу дарам цөөн. Эмэгтэйчүүдийн, шүдний эмч нар хангалттай байх хэрнээ хүүхдийн эмч бас л үгүй. Цалин бага, хариуцлага өндөр учраас нярайн тасагт эмч, сувилагч нар тогтдоггүй гэх. Тэр ч бүү хэл 130 гаруй нярайн дунд хоёрхон эмч, сувилагч жижүүрлэн хонож байгааг нэгэн эмч ярилцлагадаа дурьдсан байсан.

Уг нь эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг 10 гаруй их дээд сургууль Монголд бий гэсэн статистик тоо байдаг юм билээ. 2.7 сая хүн амтай Монголд энэ нь тийм ч чамлахаар үзүүлэлт биш. Гэвч хүүхдээр бизнес хийх боломжгүй учраас төгсөгчид хүүхдийн эмч болохоос татгалздаг. Нэг хүний амийг 10-20-хон минутын дотор хороосныхоо төлөө 40-50 мянган төгрөг халааслах боломжгүй болохоор тэд хүүхдийн эмч болохоос төвөгшөөдөг биз. За тэгээд төрөх эмнэлэг хангалтгүй. Хүүхнүүд төрөх гэж энэ, тэрүүгээр эмч, сувилагч нарыг хахуульдаж, панаалдаж гүйцгээнэ. Өвдөж зовохын хажуугаар эмч, эмнэлгийнхэнд урьдчилж захиалгаа өгөх гэж зовно. Захиалгаа өгөөгүй бол өнөөдөр төрөх байсан чамайг маргааш болгож хойшлуулах нь энүүхэнд. Харин гарт нь дорвитойхон хэдэг төгрөг атгуулчихвал долоо хоногийн дараа амаржих түүнийг өнөөдөр л төрүүлж орхино. Энэ бол хүүхдийн эрх, эрүүл мэнд, амь нас хэвлийд байхаасаа зөрчигдөж байгаагийн тод жишээ.

Нэгэн эмэгтэй өнгөрсөн намар амаржих гэж аймгийнхаа эмнэлэгт очоод хашаанд нь хүүхдээ гаргасан явдлын талаар шуугиад л өнгөрсөн. Гэхдээ энэ бүх бурууг тангараг өргөсөн гээд эмч нарт чихэх нь мэдээж дэндүү өрөөсгөл. Учир нь төрөх эмнэлгийн стандарт аль хэдийнэ алдагдаж, нэг эх баригчид зургаан ор, нэг нярайн эмчид 10 ор ногдох норм байдаг. Гэтэл эх баригчид 10-15, нярайн эмчид 20-25 ор ногдож, хүүхдийн эмч, сувилагч ховордсон талаар дуулгасан. Мөн эмч, эх баригчдын цалин, урамшууллыг гүйцэтгэлтэй нь уялдуулж өгөх, даатгалын тодорхой хувийг төр даах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг асуудал тулгамдаад байгааг эмч нар ярьдаг. Харин энэ бүхэн бол монгол төрийн өрөөсгөл бодлого, салбарын сайдын харалган байгааг илтгэнэ. Үүнээс гадна хүүхдийн өвчнийг буруу оношлох явдал бол энүүхэнд. Өрхийн эмнэлэгт ямар ч мэдлэг, чадваргүй эмч нар ажилладагаас болж тухайн хүүхдийг буруу оношилж, өвчнийг нь хүндрүүлэх нь наад захын жишээ. Тэр ч бүү хэл цөөхөн байдаг хүүхдийн эмч нар нь улстөржиж, өөр хоорондоо намаараа талцсанаас болж, хүүхдийн амь нас хохирсон эмгэнэлт хэрэг өнгөрсөн онд гарсан.

Яагаад… Эх орны минь гэрэлт ирээдүй болсон энхрий бяцхан үрс минь ингэж хохирох ёстой гэж. Тэдэнд зургадугаар сарын 1-нд авах гялгар цаастай чихэр биш, эрх баригчдын шоудаж хэлэх нялуун үг ч хэрэггүй. Эх орныхоо иргэн нь болж төрснийхөө төлөө эрүүл, саруул өсч торних боломж, орчин хэрэгтэй. Хамрын ханиад, өвчин, зовиурыг нь эмчлээд өгчих эмч, эмнэлэг хоёр хэрэгтэй байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Тавантолгойн маапаан, Ерөнхийлөгчийн болон УИ Х-ын сонгууль.. Улс төр, уул уурхай, эдийн засгийн хүрээн дэх эдгээр асуудлууд л сүүлийн жилүүдэд олны анхаарлын төвд байж ирлээ.

Тэгвэл нөгөө хэсэг нь уул уурхай Монголын ирээдүй биш, хөдөө аж ахуй, газар тариалан, ноос, ноолуур, арьс шир чухал гэнэ. Харин улс орны гэрэлт ирээдүй болсон хамгийн чухал нэгж, хэсгээ бид орхигдуулсаар, бүр мартсаар өнөөдөртэй золголоо. Маргааш, нөгөөдөр, дахиад л сонгуулийн дуулиан, уул уурхайн ашигт малтмалын сүрэнд хөөрхий үрсийн минь эрх ашиг, эрүүл мэнд, амь нас дарагдаад өнгөрөх вий. Их хурлын танхимд Монголын мянга, мянган эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл болж суусан эмэгтэй гишүүд минь…

Та бүхэн цагаан сарын төсөвт санаа зовниж суухаар амаржих гэж амиа алдаж буй бүсгүйн төлөө, Монголд хүн болж төрчихөөд хэлд, хөлд оролгүй энэ хорвоог орхиж байгаа мянга, мянган үрсийн төлөө дуугараач. Тэдэнд ядахдаа нэг эмнэлэг, нэжгээд эмч бэлтгээд өгөөч. Хүүхэд бүрийн төлөө, багачуудыг хайрлаж, хамгаалъя хэмээн нэрэн дээрээ ярьдаг боловч нэдэр дээрээ харин тэдний төлөө хийж, хэрэгжүүлсэн нь юу билээ. Төрөх гэж эмнэлэгт очоод хүүхдээ алдсан эх, эмчийн буруугаас болж хөлгүй, гаргүй, хэлгүй, дүлий болсон багачууд, түлэгдэж хохирсон үрсийн талаар сэтгүүлчид бид хангалттай ярьж, бичсэн. Энэ удаад ч дахиад л бичлээ. Хүүхэд болохоор нь тэднийг тоохгүй орхих биш, үхсэн ч дараагийнх нь төрнө гэж ханцуйдаа залбираад өнгөрөх бус тэднийхээ төлөө бодитой зүйл хийгээч. Монголын ирээдүй Оюутолгой, Тавантолгойгоос хамаарч болох ч тэднийг ирээдүйд ашиглах иргэн чинь эрүүл, саруул өсч, торниосой.

Х.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих