Өлсөж цангах үедээ цас идэж явсан даа

05hgggfgffg04504Өнөө үед хүн чанар, сайхан сэтгэл хэн хүнд үгүй болж байгаа нь үнэн. Тэгвэл өнөөдөр энэ цагийн баатар гэж хэлэхэд ч болом эрэлхэг, зоригтой нэгэн залууг уншигч та бүхэндээ танилцуулж байна. Түүнийг Н.Батдэлгэр гэдэг 37 настай. Тэрээр Номгон сумын иргэн бөгөөд ээж, хөгжлийн бэрхшээлтэй дүүгийнхээ хамт амьдардаг юм. Ингээд та бүхэндээ ярилцлагыг хүргэе.

-Ярилцлагаа таны баатарлаг үйлээс эхлүүлэе.

-2013 оны 1-р сарын 19нд малдаа явж байгаад, саахалт айлын мал төөрч явсаныг эргүүлэхдээ мотоциклиос ойчиж хөл дээрээ босч, явж чадалгүй элгээрээ мөлхсөөр зургаан шөнө, долоон өдөр болоход гэртээ очсон.

-Ингэж явахад өлсөж цангалгүй л яахав. Энэ үеээ та яаж тэсч гарсан бэ?

-Цас л идэж явсан даа. Дахиад нэг ч юмуу илүү хэд хоносон бол тэсч чадахгүй байсан байх.

-Одоо биеийн тань байдал ямар байна. Хөлнөөс өөр гэмтэл авсан газар байгаа юу?

-Байхгүй ээ. Тэр үед дээл маань их хэрэг болсондоо. Хөлдсөн зүйл байхгүй, хөл гар хайрагдсан байсан. Сая хотод Гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хөлний хагалгаанд ороод ирсэн. Одоохондоо таягтай л явж байна даа.

-Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?

-Сумандаа очиж эмчилгээ хийлгэнээ.

-Саахалт айлын тань хүмүүс эмчилгээ хийлгэхэд туслалцаа үзүүлсэн үү?

-Тусласан, хот руу эмчилгээнд явахад ирж, очих зардлын мөнгө мөн эмчилгээний бүх зардлыг гаргасан. Номгон сумынхан маань намайг сэтгэл санаагаар дэмжиж, 200 мянган төгрөг хандивлаж, ээж дүү хоёрыг маань шинэлүүлсэн. Энэ дашрамд саахалт айл болон Номгон сумын нийт иргэддээ баярласнаа илэрхийлье.
Бага наснаасаа л сэтгэлийн хатуужилтай, хар бор ажил хийж өссөн болохоор энэ бүгдийг давж чадсан гэж нутгийн олон нь бишрэн, магтаж байсан юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Н.Түвшинтөгс

Эх сурвалж: “Монгол говь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих