ЦАХИЛГААН ДУЛААНЫ НЭМЭЛТ ЭХ ҮҮСВЭР ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

6277gffgfgfdfdfMУ-ын зөвлөх инженер, доктор Ц.Өнөрмаа (ЭХДҮТ ХХК)

 

Би жирийн л нэг инженер, гэхдээ ажиллаж буй салбарынхаа талаар бичиж, асуудлыг бодитой тавих нь зүйтэй юм гэж бодлоо. Учир нь сонин, сэтгүүл, интернетын хуудас  эргүүлж суухад хотын хөгжил, нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралын талаар илүү дэлгэрэнгүй бичээд байхаас эрчим хүчний тухай энэ салбарын амьдралын талаар гүн гүнзгий ойлгож бичих нь ховор юм уу даа гэж анзаарсан.

Хотын бид хананаасаа, хөдөөд амьдардаг иргэд маань гадна шонгоосоо тогоо аваад амьдардаг гэдэгт итгээд сурчихжээ. Гэрэл цахилгаан, дулаангүй болчихвол маш их бачимдана.  Цахилгаан, дулаан хэрэглээд төлбөрөө төлдөг боловч үүний цаана бүхэл бүтэн систем ажиллаж байдаг гэдгийг анзаардаг ойлгодог нь бас ховор бололтой. Өнөөдөр Монгол оронд эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдах түүхэн үйл явц нэгэнт биелэлээ олжээ. Манай оронд Баруун бүсийн эрчим хүчний систем (ББЭХС), Алтай Улиастайн эрчим хүчний систем (АУЭХС), Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ (ТБНС), Дорнод бүсийн эрчим хүчний систем (ДБЭХС), өмнөд бүсийн сүлжээ байгуулагдаж, бага чадал дамжуулах боломжтой шугамуудаар хоорондоо холбогдож, одоохондоо зэрэгцээ ажиллаж хараахан чадахгүй байгаа ч цахилгаан шугам сүлжээ бий болжээ.

Эрчим хүчний салбар, эрчим хүчний системийн онцлогийг ойлгохгүйгээр түүний үйл ажиллагаа, хөгжил, ирээдүйг харах гэж оролдох нь бичиг үсэг мэдэхгүй хэрнээ захидал унших гэж оролдож буйтай адил хэрэг гэж хэлмээр байна. Энэ системийн нэг гол онцлог нь эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүр тэнцвэртэй, тасралтгүй байдаг явдал. Өөрөөр хэлбэл та, таны гэр бүл, албан газар, үйлдвэр компани, бид бүгдийн хэрэглээ нийлээд хэдий хэр болно төдий чинээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлнэ гэсэн үг юм. Нэг талаас нийлүүлэгчид буюу үйлдвэрлэгчид, нөгөө талаас цахилгаан дамжуулах, түгээх шугамуудаар дамжуулан хэрэглэгчдэд хүрч байдаг нэг л системийн тухай асуудал. Энэ системийн ажиллах зарчмыг маш энгийнээр тайлбарлах юм бол харилцах савны хуультай адил. Улс орны хөгжлийн гол тулгуур, дэд бүтцийн үндсэн салбар гэж нэрлэгддэг энэ салбарын асуудал өнөөдөр хүндхэн байна. Хэдий чадварлаг, зохион байгууллалттай хамт олон тал талаас нь удирдан чиглүүлж, энэхүү системийн судсыг атгаж байгаа боловч түүний цохилт хэвийн биш болж байгаа нь цаашдаа даамжран зүрхний өвчин болохоор болжээ.

Энэ системийн ажиллах үндсэн таван шалгуур дээр дэнслэн ганц нэг жишээгээр түүний өнөөдрийн амьдарлын хэмнэлийг, маргаашийн ирээдүйтэй нь харах гэж оролдоё.

Найдвартай ажиллаж чадаж байна уу? Эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг түүний эрэлт нийлүүлэлт ямар ч тохиолдолд хангагдаж байх нөхцлөөр тодорхойлдог. Манай эрчим хүчний систем нь хувьсах гүйдлийн 50 Гц давтамжтай, хүчдлийн 9 шатлалд буюу  220 В, 380 В, 6 кВ, 10 кВ, 15 кВ, 20 кВ, 35 кВ, 110 кВ, 220 кВ-ын түвшинд ажиллаж байна. Хоногийн 24 цагийн турш тасралтгүй зохицуулалт хийж, үйлдвэрлэлт хэрэглээний тэнцвэржилтийг хором бүр мөрдөж, системийн бүх л түвшинд найдвартай ажиллагааг хангаж ажиллана гэдэг салбарын мэргэжилтнүүд биднээс онцгой ур чадвар, маш хурдтай сэтгэж ажиллахыг шаарддаг. Энэхүү найдвартай ажиллагааг удирдан зангидаж, үндэсний хэмжээнд шуурхай зохицуулалтыг хийж, ажилладаг “Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв” компани өндөр хариуцлага үүрч байна. Үүний зэрэгцээ ДЦС(дулааны цахилгаан станц)-ууд, дамжуулах, түгээх компаниуд ч чамгүй ачаалалтай ажиллаж байна. Найдвартай ажиллагааг системийн бүхий л түвшинд хангаж ажиллана гэдэг төгс төгөлдөр цогц арга хэмжээ.

Одоохондоо манайд цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэх эх үүсвэрүүд ажиллаж байгаа нь өвөлдөө хүйтэрдэг манай орны хувьд тохиромжтой боловч системийн хувьд улс орны хэмжээнд тогтвортой байдлыг хангахад сайн тал болж чадахгүй байна. Өнөөгийн байдлаар жишээ болгон авч үзэхэд улс орны хэрэглээний 88% хаадаг төвийн бүсийн хувьд оргил ачаалал бодит чадлаар 875 МВт хүрч, ихэнхдээ оройн 18-21 цагт тохиож байна. Гэтэл суурилагдсан чадал нь 814 МВт. Энэ үед бид зөвхөн импортын эрчим хүчээр системийнхээ хэрэглээг хангаж байна. Импортоор авах боломжгүй болсон нөхцөлд хэрэглээний зарим хэсэгт ээлжлэн таслалт хязгаарлалтыг хийх нь зайлшгүй болдог. Хэрэв хийхгүй бол хэрэглээ нийлүүлэлтийн тэнцвэржилт алдагдаж систем аваарийн байдалд орж хүндрэх аюултай. Тэгвэл юун 2 цаг гэрэлгүй суух түүнээс ч илүү хүнд нөхцөл байдал үүсэх магадлалтай. Үгүй ядаж танай байрны халаалтын систем цахилгаан насос хэрэглэдэг бол (манайхан тог ирэхгүй байна гэж ярьдаг, энэ бол гүйдэл) дулааны систем хэвийн ажиллаад ч танай байранд халаалт тасарна гэсэн үг. Тэгээд гадаа -30 илүү хүйтэрч байвал хэцүүдэж эхэлнэ. Мэдээж энэ байдлыг мэргэжилтнүүд бид харж байгаа тул нөхцөл бүрийг цаг уурын онцлогт тохируулан тооцоолон судалж, бололцоотой бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа тул иргэд маань бэрхшээлийг одоохондоо бараг мэдрэхгүй байна.лт нийлүүлэлт ямар ч тохиолдолд хангагдаж байх нөхцлөөр тодорхойлдог. Манай эрчим хүчний систем нь хувьсах гүйдлийн 50 Гц давтамжтай, хүчдлийн 9 шатлалд буюу  220 В, 380 В, 6 кВ, 10 кВ, 15 кВ, 20 кВ, 35 кВ, 110 кВ, 220 кВ-ын түвшинд ажиллаж байна. Хоногийн 24 цагийн турш тасралтгүй зохицуулалт хийж, үйлдвэрлэлт хэрэглээний тэнцвэржилтийг хором бүр мөрдөж, системийн бүх л түвшинд найдвартай ажиллагааг хангаж ажиллана гэдэг салбарын мэргэжилтнүүд биднээс онцгой ур чадвар, маш хурдтай сэтгэж ажиллахыг шаарддаг. Энэхүү найдвартай ажиллагааг удирдан зангидаж, үндэсний хэмжээнд шуурхай зохицуулалтыг хийж, ажилладаг “Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв” компани өндөр хариуцлага үүрч байна. Үүний зэрэгцээ ДЦС(дулааны цахилгаан станц)-ууд, дамжуулах, түгээх компаниуд ч чамгүй ачаалалтай ажиллаж байна. Найдвартай ажиллагааг системийн бүхий л түвшинд хангаж ажиллана гэдэг төгс төгөлдөр цогц арга хэмжээ.

Хоногийн бага ачаалал ойролцоогоор 590 МВт орчим. Хоногийн  хэрэглээний зөрүү 290 МВт орчим байна. Энэхүү хэлбэлзлийг хэрхэн даван туулдаг вэ? Зөвхөн ДЦС4 болон импортын цахилгаан эрчим хүчний зохицуулалтаар хааж байна. Өөрөөр хэлбэл ганц томоохон чадлын станцдаа найдан ажиллаж байна. Нэг талаас харвал бүх хүч чадлыг нь шавхан ажиллуулах нь эх үүсвэрүүд, шугам тоноглолын насжилтанд сөрөг нөлөөлөхөөр, нөгөө талаас харвал энэхүү зөрүү нь бидэнд бүхэл бүтэн нэг томоохон эх үүсвэрийн чадал дутагдаж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл бидэнд эх үүсвэр барих зайлшгүй шаардлага байгааг мөн цаг алдах эрхгүй болсныг системийн хэрэглээ, найдвартай ажиллагааг хангах асуудал хөндөж байна. Үүнээс гадна ямарч системийн найдвартай ажиллагааг хангахад хамгийн багадаа 15% нөөцтэй байх ёстой. Гэтэл манай эрчим хүчний системүүдийн ачааллыг авч үзвэл толгой давсан ачаалалтай ажиллаж байгаа нь нөхцөл байдал хүндхэн байгааг хэлээд байна. Төвийн бүсийн хувьд маш энгийн тооцоо хийгээд үзье. Өнөөдрийн түвшинд оргил ачаалал 877 МВт хаах найдвартай ажиллагааг хангахад хамгийн багадаа 1050 МВт, найдвартай бүрэн хаахын тулд 1350 МВт суурилагдсан чадалтай байхаар байна. Өөрөөр хэлбэл төвийн бүсэд 500 МВт-аас багагүй чадалтай эх үүсвэр одоогийн байдлаар дутагдаж байна аа гэсэн үг. Дараа жил гэхэд ахиад хэрэглээ 10% орчим нэмэгдэнэ гэж үзвэл энэ тоо бас л багадна.

Дулааны асуудал ч энэ салбарын бас нэг хүндхэн асуудлын нэг. Дулаан дутагдалтай байгаагаас жишээ нь нийслэлд шинээр баригдсан 70 гаруй барилгыг төлөвлөрсөн шугамд холбож чадаагүй. Өнөөдөр дулааны хангамжийн эх үүсвэрийн боломжит хүчин чадал 1585 гКал/ц байгаа ч одоогийн бодит дулааны ачаалал 1573 гКал/ц хүрсэн нь үнэхээр эрсдэлтэй. Цахилгаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэл дулааны төвүүдийг барьж байгуулан шийдэх гарц бий.

Сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 8-10% байна. Гэтэл бид өнөөгийн түвшинд найдвартай ажиллагаагаа хангаж ажиллахад хүндрэлтэй байна. Юуны түрүүнд одоогийн хэрэглээний өсөлтийг хаах биш улс орны эдийн засгийн хөгжилтэй уялдуулан томоохон чадлын УЦС (усан цахилгаан станц), шинэ дэвшилтэт технологид үндэслэсэн цахилгаан станцуудыг тооцоо судалгааны үндсэн дээр барих шаардлагатай. ТЭЗҮ боловсруулаад, тендер зарлаад, тэгээд сонгоод хаядаг зарчмаа болимоор байна. Энд хариуцлагын асуудлыг өндөр хэмжээнд тавимаар байхын. Бид тоглож ханалаа гэж хэлмээр санагддаг.

Хөгжлийн асуудлыг түрүүлж харахад учир байна. Бид эрчим хүчний салбарынхаа найдвартай ажиллагааг хангаж байж эдийн засгийн хөгжлийн хувьд хүчирхэг баазтай болох ёстой бус уу.

Тогтвортой ажиллагаа хангагдаж байгаа юу? Эрчим хүчний систем нь ямар нэг хэвийн биш үйл ажиллагаа, бага зэргийн өөрчлөлт, свалалтанд ажрахгүй байх чадвар. Систем тогтвортой ажиллахад эх үүсвэрийн маневрлах чадвар онцгой ач холбогдолтой. Эх үүсвэрүүдийн зэрэгцээ ажиллах нь тогтвортой ажиллагааг хангах нэг үндэс. Хэвийн бус ажиллагаа нь системийн статик болон динамик тогтвортой байх чадварыг шалгаж байдаг. Системийн тогтвортой ажиллагааг хангахад маш хурдтай хэрэглээний өөрчлөлтийг хангаж, дагаж ажиллах чадвартай эх үүсвэр хэрэгтэй байна. Энэ бол томоохон чадлын усан цахилгаан станц усан хуримтлуурт эх үүсвэрүүд. Тэдгээрийг барьж байгуулмаар байна. Гадагшаа урсаж буй усыг ядаж ажил хийлгүүлээд явуулмаар харагдаж байдаг. Гэтэл ярьж цаасан дээр шийдсэнээс өөр гарц хараахан алга. Сүүлийн үед овоо ярьж хөндөж байгаа нь сайшаалтай, гэхдээ ажил хэрэг болоогүй үед итгэхэд бэрх. Газар дэлхий өсч төрсөн газар нутаг усаараа нутгаараа бахархдаггүй хүн гэж байхгүй ч улс орны эрх ашиг хувь хүний үзэл бодлоос арай дээгүүр тавигдах ёстой болов уу. Экологид сөргөөр нөлөөлнө, байгаль дэлхий сүйрнэ гэж үздэг хүмүүс Дөргөний усан цахилгаан станц болон Тайширын усан цахилгаан станц дээр бий болж буй “Гэгээн” нууранд нэг очиж үзээсэй гэж боддог. Тэнд цаг агаар ямар сайхан зөөлөрч, ургамал, амьтны аймаг өөрчлөгдөж, аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдэж, байгаль дэлхий хэрхэн сэргэснийг нутгийн зон хэлээд өгөх байх.

Системийн тогтвортой байдлыг хангаж байх хүчин зүйл нь түүний үзүүлэлт болох давтамж, хүчдэл, гүйдэл, бодит болон хуурмаг чадлын утгууд хэвийн байх асуудал. Бид төлбөр тооцоогоо бодит чадлаар хийдэг ч бас хуурмаг чадлыг хэрэглэж байдаг. Өөрөөр хэлбэл эх үүсвэрүүд дээр бидний хэрэглэдэг хуурмаг чадлыг бодит чадалтай хамт үйлдвэрлэж нийлүүлдэг гэсэн үг. Системийн хувьд энэхүү бодит болон хуурмаг чадлыг тэнцвэртэй байхаар зохицуулж байдаг. Гэтэл өнөөгийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оройн их ачааллын үеээр хүндрэл үүсч болзошгүй байна. Зарим тоног төхөөрөмж хэт ачаалал авч байгаагаас тогтвортой ажиллах бүс багасгаж, энэ хэрээр системийн найдвартай ажиллах боломж буурч байна. Өөрөөр хэлбэл хэт ачаалагдаж байна гэсэн үг. Магадгүй та орой гэртээ телевизороо үзээд сууж байхдаа асаалттай байгаа чийдэнгийн гэрэлтэлт буураад явчихаж байгааг анзаарсан байж магад. Энэ нь хэрэглээ ихсэж байгаатай холбоотой ачаалал ихсэж, системийн нэг чухал параметр болох хүчдлийн түвшин буурч байгааг харуулж байгаа хэрэг. Нөгөө талд генераторууд маань уухилж байна аа гэсэн үг. Та ч гэсэн системийн нэг хэрэглэгч тул гэрэл бүүдийгээд гэж дахин гэрэл асаахын оронд харин ч илүү асаалттай онц шаардлагагүй байгаа цахилгаан болон электрон хэрэгсэлээ унтраах нь бидэнд ашигтай. Гэтэл шөнийн бага ачааллын үед эсрэгээрээ таны асаасан гэрэл ер бусын тод болно. Энэ нь бидний хэрэглэдэг хуурмаг чадал буурсантай холбоотой. Хуурмаг чадлын нөлөөгөөр хүчдлийн түвшин огцом нэмэгдэнэ. Энэ үед мөн л шаардагдах арга хэмжээнүүдийг авна. Үнэндээ энэ систем ажлын хоёр туйл дээр ажиллаж байна.

Маш яаралтай эх үүсвэрийн асуудлыг шийдэхгүй бол зөв тактик бүхий техник зохион байгуулалт сайтай, чадалтай боловсон хүчин, сайн инженер техникийн ажилчид, зөв удирдлагатай байсан ч энэ системийн тогтвортой байдал алдагдаж эхэлсэн байна шүү гэдгийг анхааруулмаар байна. ДЦС4 100 МВт хүчин чадлаар өргөтгөөд ч байдал сайжрахгүй, гал намжаах төдий юм шүү.

Системийн тогтворжилтыг дээшлүүлэх чухал арга хэмжээ нь эх үүсвэрийн асуудалыг оновчтой шийдэх, дамжуулах шугамуудын хүчдлийн түвшинг нэмэгдүүлэх, шугамын хуурмаг чадлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, дахин залгах автомат төхөөрөмжүүд, системийн хамгаалалтын тоноглол, тэдгээрийн тооцоо судалгаанд онцгой анхаарал хандуулах асуудлыг цогцоор нь шийдэх явдал юм. Эрчим хүчний салбарын бас нэг онцлог нь бүх асуудлыг тооцоо, судалгаан дээр үндэслэн шийдвэрлэдэг. Таамгаар хийх ямарч боломжгүй, жинхэнэ инженерийн сэтгэлгээ, инженерийн ур чадварыг амьдрал практик дээр шалгаж байдаг салбар гэж хэлж болно.

Системийн тогтвортой ажиллагааг хангахад бидэнд найдвартай зөв төлөвлөлт бүхий шугам сүлжээ, хэрэглэгчдэд шуурхай хүрч үйлчилдэг түгээх сүлжээ, ямар ч тохиолдолд гал алдахгүй нөөц эх үүсвэр байх ёстой. Ярьсаар хэлсээр боловч бид дорвитой алхам хийхгүй суусаар. Өнөөдрийг хүртэл явж буй төрийн болон салбарын бодлогын сайн муу талыг ярихаасаа илүүтэй маргаашаа харж амьдрах цаг болжээ.

Системийн тогтвортой байдал алдагдахад хүрсэн байгаа нь энэ салбарын хөгжилд сөрөг нөлөөтэй, цаашилбал улс орны эдийн засгийн хөгжил шууд хамааралтай асуудал юм.

Аюулгүй ажиллагаа алдагдаагүй биз? Тухайн орны эрчим хүчний системийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын цогц бодлогын нэгээхэн хэсэг. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг өдөр тутам хором бүрээр үнэлдэг байх шаардлагыг системийн онцлог харуулдаг.

Аюулгүй байдлыг хангах асуудал нь төрийн болоод салбарын, бизнесийн болоод шинжлэх ухаан, хамтын нийгэмлэгүүдийн шинэ техник технологийг нэвтрүүлэх, технологийн хөгжлийг зөв чиглэлд хөтлөх сонирхол дээр үндэслэсэн, шинэчлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж хөгжлийн загваруудыг дэнслэн шүүх цогц арга хэмжээ.

Эрчим хүчний систем буюу нийлмэл технологийн процесс, инженерчлэлийн олон түвшинт системийг үр ашигтай удирдан зохицуулж, түүний аюулгүй ажиллагааг хангахад мэдээллийн систем ба мэдээллийн технологид үндэслэсэн өөрөө болон автомат удирдах систем маш чухал.

Аюулгүй ажиллагаатай холбоотой нэг асуудлыг тавья. Бид импортоор цахилгаан эрчим хүчээ авдаг. Боломжгүй болох үедээ буцаагаад экспортонд өгч байна. Яагаад импортоор болохоор үнэлж аваад, экспортонд зүгээр шахуу өгөхөөс өөр аргагүй болдог вэ, яагаад гэвэл энд харилцах савны хууль үйлчилнэ. Бид нэгэнт хэрэглэхгүй бол эх үүсвэрүүд дээр шууд үйлдвэрлэлтээ зогсоох, бууруулах боломж нь бидний үйлдэлтэй зэрэгцэн хийгдэж чаддаггүй. Учир нь манай хамгийн том эх үүсвэр болох ДЦС4-ийн маневрлах чадвар 1 минутанд 5-10 МВт. Гэтэл та шууд тасалчихсан. Эх үүсвэр дээр таны хэрэглээг үйлдвэрлэж байгаа генератор бас шууд хасч чадахгүй учир экспортонд урсаад гардаг. Хэрэв бид маневрлах станцтай байсан бол өөр дээрээ шингээнэ харин ч бусад улс орныг царайчлан суухгүй л байсан.

Үнэн хэрэг дээрээ бид эрчим хүчний хувьд импортын эрчим хүчнээс тодорхой хэмжээнд хамааралтай болоод байна. Импорт, экспортоор авахгүй зохицуулалт хийгээд тусдаа салбараа ажиллуулаад явж болно, бид чадна гэж ярьж суудаг инженерүүд ч байдаг. Импортоор авдаг эрчим хүч байхгүй болчихвол юу болох вэ гээд харахыг оролдоё. Нэгд бид хэрэглээгээ хааж дөнгөхгүй нь, хоёрт хэвийн ажиллахад хүндрэлтэй бөгөөд аваарийн байдалд ажиллахаас өөр гарцгүй болно, гуравт тасалж залгах асуудал байнга хийх бөгөөд үйлдэл хийх тоогоор тоног төхөөрөмжийн ашиглалтанд сөргөөр нөлөөлж, системийн тогтвортой, хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үндсэн шалгуурууд хангагдахгүй болно.

Үнэндээ энэ салбарын үйл ажиллагаа импортын эрчим хүчээс хамааралтай байгаад дүгнэлт хийж бодлогоо зөв, нягт боловсруулж, улс орныхоо аюулгүй байдлыг бүрэн хангахад түлхэц өгөх, тусгаар тогтносон орны хувьд нэгийг бодох хэрэгтэй болсныг хэлж байна.

Улс орны эрчим хүчний салбарын 50% дээш хувь нь төрд хамааралтай байж, төрийн бодлого зохицуулалтаар шийдэгдэж байж гэмээ нь улс орны хувьд түүний эрчим хүчний салбарын аюулгүй ажиллагаа хангагддаг гэж үздэг. Үүний хажуугаар хувийн хэвшлийг оролцоо, ногоон эрчим хүчийг дэмжих, улс оронд байгаа сэргээгдэх эрчим хүчний нөөцийг түлхүү ашиглаж, нийтийн хүчээр нэгэн зүгт нэгдэн хөтөлж чадаж гэмээ нь энэ салбарын аюулгүй байдлыг бүрэн хангах боломж байна.

 

Системийн амьдрах чадвар хэр байна? Системд үүссэн өөрчлөлтийг мэдэрч удирдах, тохируулах, автоматаар зохицуулалт хийх чадвар. Энд системийн үйл ажиллагаа, тэдгээрийн автомат байгууламж, хамгаалалт, одоо болон цаашид холбогдох хэрэглэгч, эх үүсвэр, шугам тоноглол, дамжуулах, түгээх сүлжээний шинэчлэл, өөрчлөлт, шинэ хэрэглэгчдийг холбох зэрэг асуудал маш чухал үүрэгтэй. Нөхцөл байдлыг зөвхөн тооцооны үндсэн дээр урьдчилан харж, тооцдог тул энэ системийн амьд, ухаалаг байх чадамжийг хүний үүрэг роль тодорхойлж өгдөг.

Хуучин төлөвлөгөөт эдийн засгийн үед үйлчилж байсан тогтолцоог задалж 2001 оноос зах зээлийн хэвтээ системд шижлүүлсэн нь сайн муу олон талтай боловч салбарын хөгжлийн асуудлыг нэгтгэн харах, нэгдсэн удирдлагаар хангаж байж хэвийн ажиллагаа хангагддаг системийн онцлогийн хувьд хэр тохирч байгааг бодоход буруудахгүй. Системийн удирдлага нь төвлөрсөн байж давуу талаа харуулдаг. Эрчим хүчний системүүд зэрэгцээ ажиллаж байж хамгийн үр өгөөжтэй байдаг. Энэ утгаараа бид  хоёр хөрштэйгээ холбоотой байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ асуудалд мэдээллийн технологид үндэслэсэн “ухаалаг сүлжээ”-г байгуулах замаар учиртай хандах нь зүйтэй гэж бодож байна.

Тооцоо судалгааны үндсэн дээр төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хийх нь шинжлэх ухаанч үндэслэлтэй болж амьдрал практикт илүү ойрхон тусна. Гэтэл ажиллаж байсан институт нь корпораци болон нэрийн хувьд томорч шинжлэх ухааны хамааралтай болон өргөжсөн ч үүрэг роль нь урьд байснаасаа бүдгэрч орхисон. Одоо дуртай нэг нь тооцоо судалгаа хийж, дуртай нэг нь эх үүсвэр барина, зөвшөөрөл авна гээд зүтгэж байгааг буруутгах арга алга. Заримдаа эрх мэдэл, мөнгөтэй бизнесменүүдийн тоглоом болохыг харахад харамсмаар… Энэ салбарын хөгжил буруу зүг рүү яваад байгаа юм биш байгаа гэж бодоход хүргээд байна. Системийн үйл ажиллагаа, түүний хөгжил цэцэглэлтийн асуудлыг “тооцоо судалгааны үндсэн дээр нэгдсэн нэг бодлого чиглэлд зангидаж” гольдролд нь оруулмаар байна. Энд институтийн үүрэг ролийг тодотгон харж, тооцоо судалгаа, зураг төсөл, экспертиз хийх, мэргэжлийн хүний дуу хоолойг нэгтгэн зангидаж, түүнд мэргэжлийн хяналт тавьдаг, хариуцлагатай ханддаг асуудалд шинжлэх ухаанчаар хандаж өнөөдрийн биш маргаашийн асуудлыг түрүүлэн харж, эдийн засгийн үндсэн салбар, дэд бүтцийн суурь болох эрчим хүчний салбарын асуудлыг үндсээр нь авч үзэх нь чухал гэдгийг хэлмээр байна.

Чанартай эрчим хүчээр хангах, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах чадвар хангалттай байна уу? Хамгийн чухал шалгуур нь хэрэглэгчдээ чанартай эрчим хүчээр хангах асуудал, дээр нь эдийн засгийн хувьд энэ салбар үр өгөөжтэй ажиллах ёстой. Өргөн уудам нутагт байгаагийн улмаас шугамын дамжуулах чадвар хүрэлцэхгүй, хүчдлийн түвшин хувьсамтгай байгаагаас хэрэглэгчид тэр бүр шаардлагатай чанартай эрчим хүчээр хангагдахгүй байна. Стратегийн хувьд ач холбогдолтой ч эдийн засгийн хувьд алдагдалтай цахилгаан шугам сүлжээтэй бид хэдэн зууныг дамжих вэ? Төрөөс хөдөө рүү чиглэсэн бодлогоо ялангуяа хөдөө аж ахуйг механикжуулах, цахилгаанжуулах, жижиг дунд үйлдвэрлэл, аялал, жуулчлалын асуудал дээр давхар анхаармаар санагддаг.

Цахилгаан эрчим хүчний үнийг 2000 оноос хойш дөрвөн удаа зохицуулалт хийж нэгжийн үнийг 49 төгрөгнөөс дунджаар 78 төгрөг болтол нэмсэн (2000 онд 280 орчим төгрөг байсан шатахууны үнэ өнөөдөр 1850 шахаж байна). Гэвч эрчим хүчний салбарт өр авлага үүсдэг, уурхайнууд алдагдал хүлээсээр байдаг сүлжээ байсаар байна. Уул нь 1990-ээд оноос хойш хийсэн хөрөнгө оруулалтын чамгүй хэсэг эрчим хүчний салбарт орсон гэж үздэг. Түүний ачаар дамжуулах, түгээх сүлжээ, эх үүсвэрийн зарим тоног төхөөрөмж шинэчлэгдэн сайжирч, сум сууринг цахилгаан хангамжийн сүлжээнд холбох шинэчлэлүүд хийгдсэн ч 40-50 жилийн насжилттай үндсэн тоноглолуудад өөрчлөлт ороогүй шахам. Гэтэл цахилгаан дулааны үнэ төрийн мэдэлд байсаар байна. Үнэ чөлөөлөх асуудал өчнөөх жил яригдлаа. Жишээ авахад мах, шатахууны үнэ зах зээлээ дагаад хангалттай өсөж байна. Бусад өргөн хэрэглээний бараа ч ялгаагүй. Төрөөс мах, шатахууны үнэ хөөрөгдөхгүй гээд л хэдэн тэрбумаар нь дэмжлэг үзүүлж зөвхөн өнөөдөрийн түвшинд асуудлыг шийдээд байна. Шилжилтийн үеийн эдийн засагтай Азийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй хямд хэрнээ цахилгаан дулааны үнийг хөдөлгөж болохгүй асуудалтай бид ажиллаж байна. Бид маргаашийг харж үнийг ухаалгаар хөдөлгөхөд мэдээж төр засгийн тодорхой хяналт байх ёстой.

Үнийн хатуу бодлого нь энэ салбарыг нэг талаар боомилж, түүний хөгжилд чөдөр болж байна. Энэ асуудлыг шинэчлэлийн засгийн газар өөр өнцгөөс харна гэдэгт итгэлтэй байна. Чөлөөт ардчилсан нийгэмд хөгжихийн тулд зах зээлийн эрэлтээ дагаж, салбарын хувьд цэгцтэйгээр эх үүсвэрийн асуудлаа зөв шийдэж, зөв байгуулсан цахилгаан шугам сүлжээтэй, зөв бодлоготой, үнийн бодлогоо зөв баримжаалж, хөгжлийн гараагаа зөв чиглүүлж, “өндөр мэдлэг чадвартай мэргэшсэн багийн бодлого”-оор зохицуулагдах онцгой салбар гэдгийг анхаарвал энэ гарц харагдаж л байгаа асуудал.

Эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой, аюулгүй байдал хангагдаж байж чанартай эрчим хүчээр хангах, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах асуудал бүрэн шийдэгддэг.

Бид маргааш гэртээ гэрэлтэй бас дулаахан байх уу, бидний үр удам тусгаар тогтносон Монгол нутагтаа сэтгэл амар ажиллаж амьдрах уу гэдгийг өнөөдөр цаг алдалгүй шийдэхийн тулд эрчим хүчний салбарын асуудлыг зөвхөн дээрх 5 шалгуураар ч биш бүхэлд нь авч үзэж, нийгэм эдийн засгийн хөгжлийн хэтийн бодлоготой уялдуулан ялангуяа эрчимтэй хөгжиж буй эрдэс баялгын салбарын асуудалтай илүү нягт холбож улс орны хөгжил дэвшлийн үндсэн суурь гэдэгт анхаарлаа хандуулж зүй зохистой түүчээ болгон хөгжүүлэх нь цаг үеийн шаардлага болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих