АРХАНГАЙН АВШИГТАЙ ХҮҮ

05fggggggggggggХ.Эрдэмбилэг

Ард олонд алдар цуу нь амнаас ам дамжин тархаж домог болдог хүмүүс бий. Сонгуулийн сурталчилгаа хэрэггүй тийм хүмүүст улстөрчид атаархдаг байх. Ерээд онд цавчдаг, жадалдаг хүүгийн тухай та дуулсан уу? Би бол дуулж л явлаа. Үлгэр домог шиг цуу яриа сонсогддог л байсан. Архангайн Чулуут сум руу эх орны өнцөг булан бүрээс өвчин, зовлонтой хүмүүс цувж Чулуут голын хөвөөнд өвөл зунгүй аянчдын гэр ярайгаад эгээтэй л шинэ аймгийн төв үүсгэчихээгүй гэдэг. Үнэн худлыг нь батлахгүй. Тиймээс гудамжинд:
—Заазуурддаг! Сүхддэг! Хутгалдаг! Хүүхэд байсан! Засал хийлгэсэн хүмүүс нь зөв зүгээр сорив моривгүй босоод ирнэ. Нэг удаа явдалтай эхнэрийг хүмүүсээр тэлж бариулж байгаад хэд хутгаар хэрччихсэн чинь явахаа байчихсан. Аймаар байгаа биз. Жинхэнэ хувилгаан! гээд л дөчөөд насны нэг нөхөр долоовор хуруугаа гозойлгон чанга дуугаар ярихыг автобусны буудал дээр санамсаргүй сонсочихоод үнэн ч гэж бодсон ч үгүй, худлаа ч гэж бодсон ч үгүй.

Харин үнэн худлыг нь батлах юмсан гэсэн битүүхэн хүсэл сэтгэлд үүссэн. Гэтэл хүсэл тайлах мэт саяхны нэг өдөр үнэн худлыг нь батлах завшаан тохиов. Өнгөрсөн долоо хоногт гэв гэнэт л сэтгүүлч, яруу найрагч Ж.Батсайхан ах бүр хэлий гэж бодсон мэт зориуд над руу хүрч ирээд:
—Өнөөдөр би цавчдаг залуутай уулзана. Чи дагаж яваад ярилцлага авбал ав! гэж түс тас хэллээ. Би цавчдаг ямар залуу, энээ тэрээ ч гэж асуусан ч үгүй. Шууд л уухайн тас зөвшөөрөв. Уулзах цаг болсон мэт санагдаад явчихав… Гэхдээ бас эмээлээ. Нуугаад яахав. Гэв гэнэт учир зүггүй цавчаад, зүсээд унавал мань чинь яанаa…
Хүйтэн ч биш, дулаахан ч биш нэг тийм бүрхэгдүү, гэвч алхвал алхаад байхаар таатай, өвлийн өдөр нөгөө айхтар Пүрэвдоржийг уулзая гэсэн байрныхан нь гадаа анх харлаа. Холоос бид хоёрыг чиглэн айсуй ойртох түүнийг хараад урам хугарав. Жижгэвтэр, бор залуу даруухан мэндлэхэд “Энэ нөхөрт хутгалуулж, хэрчүүлдэг ямар дүүрсэн нөхөд байнаа. Би лав яасан ч хэрчүүлэхгүй” гэж бодов. Гэхдээ “Юмыг яаж мэдэх үү. Гэртээ ороод яаж ч мэднэ. Болгоомжтой бай!” гэж—бидэн хоёрыг номын гэртээ урихад нь—өөрийгөө сэрэмжлүүлэв. Харин арц хүж хангалсан, ном судар өрсөн, түүний номын гэрт ороод бодлоосоо ичсэн. Намуухан ярьж:
—Энэ миний номын байр. Энд ирж бясалгал хийж, ном орчуулдаг гэсээр тэр том өрөө рүүгээ орж, байраа танилцуулангаа ширээний ардах буйдан руу заан бид хоёрыг суу гэхэд сүсэгтэй нь аргагүй сууцгаав. Түүнийг багш нараа дурсаж, эрхэлж буй ажил төрлөө ярихад миний айдас ор мөргүй замхрав.
—Би анх 94 онд Улаанбаатарт ирсэн. Дараа нь дахиж 97 онд ирээд, 98 оноос Хатанбаатар багшийн дэргэд 3 жил байлаа. Хатанбаатар багш бясалгалын төв байгуулаад би эмнэлэг дотор нь хоёр өрөө байранд хоол ундаа зөөлгөж, хувцсаа угаалгачихаад бясалгал хийгээд л суудаг хүү байсан. Хатанбаатар багш их ач тусаа өгсөн дөө. Мундаг ухаантай хүн. Үүний дараа 2003 онд Цэдэв захиралтай Бурхан шашны дээд сургууль төгссөн юм.
Тэр хавар Гүрдаваа ринбүчи намайг сураглаад байна гэхээр нь очиж уулзтал ‘Чи урагшаа Балба руу явж ном үз’ гэсэн. Өмнө нь бага байхад бас уулзаж байсан юм. ‘Би нас өндөр болсон. Чи залуу, эрдэм номтой багшаар заалга’ гэлээ. Тэгээд Дагма ринбүчи рүү очиж, ном заалгаж, авшиг авч жил боллоо. Үүний дараа Монголд ирээд, 2006 онд Энэтхэг рүү явж олон улсын Випассана судлалын акедемийн Даммагири бясалгалын төвд очиж 3 жил суралцлаа. Дэлхийн зуу гаруй орны хүмүүс ирж суралцдаг төв л дөө. Бясалгал маань Бурхан багш гэгээрэхдээ нээж, илрүүлж, хэрэглэсэн арга техникүүд. Тэрийг л шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, олон хүний хүртээл болгох зориулттай төв. Тэнд би пали хэлний анхан шатны 8 сар, гүнзгийрүүлсэн шатны 8 сарын курс тус тус дүүргээд үлдсэн хугацаанд нь урт богино бясалгал хийж, далиманд нь англи хэл сурлаа гэж нөгөө айхтар заазуурдаг, сүхддэг, хутгалдаг хүүхэд чинь шал анги номын юм яриад уналаа. Үнэнийг хэлэхэд жаахан урам хугарсаан…

Амгалан Батжих бясалгал, гэгээрлийн төв
Тэгээд анх уулзах гэж байхдаа л асууна даа гэж хорхойссон “хүн цавчиж эдгээсэн чинь үнэн үү?” “явдаг хүүхнийг явдаггүй болгосон чинь үнэн үү?” гэх мэт олон “үнэн үү” гэдэг асуултаа асууж зүрхлэлгүй нэлээн суулаа. Тэгсээр Шагдарын Пүрэвдоржийн одоо эрхэлж буй ажил үйлсийнх нь талаарх яриа хөөрөнд гулсан оров:
—Амгалан Батжих бясалгал, гэгээрлийн төвийнхөө барилгыг барих гээд хөөцөлдөж байна. Улаанбаатар хотоос 100 гаруй км зайд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Төмөр замын Баян-Буурал амралтын газрын дэргэд манай төв байрлана. Сүсэгтэн олон, ард иргэдийн буянаар барилгын ажил маань урагшилж байна.
Хүн ардад дотоод сэтгэлийнхээ мөн чанарыг нээн хөгжүүлэх хийгээд хүний амьдралд тохиолдож болох бэрхшээл бүхнийг эерэг өнцгөөс харж аз жаргал, амжилт бүтээл болгон хувиргах дадал зуршлыг эзэмшүүлэх нь манай төвийн гол зорилго. Би бүгдийг цогцсоор нь авч үзэхийг хүсэж байгаа. Учир нь хүн гэдэг амьтан чинь бие, сэтгэл, хүсэл мөрөөдөл, амжилт бүтээл гээд олон зүйлээс хамаардаг. Санаа зорилгыг нь ангид үзэж болохгүй. Тэгээд байгууллагаа шашны зан үйл үйлдэх хийдтэй; оюун санааг амгалан болгодог, хөгжүүлдэг бясалгалын төвтэй; биеийн өвчнөөс хамгаалах иогийн дасгал заах сургалттай; эмчилгээ, хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн үр дүнг шинжилдэг, ном зохиол орчуулдаг судалгаа шинжилгээний төвтэй байлгая гэж санасан. Мөн зүү төөнүүр, бариа засал, ардын ба дорно дахины уламжлалт аргуудыг ашигладаг оношилгоо эмчилгээний төвтэй болно гэж төлөвлөж байгаа.
Бас эрдмийн зөвлөл байгуулсан. Санаа зорилгоо улам чамбайлахын тулд эрдэмтэй хүмүүсийн тусалцаа дэмжлэг авъя гэж бодлоо. Нэг хүний толгой бол нэг л толгой учир олуулаа ярьж шийдэж байгаад бодож санаснаа хийж бүтээе гэсэн юм… Мөн ном орчуулж хэвлүүллээ. Бясалгалын мастер Гоянкагын судар бичгүүдэд үндэслэж Виппасанагийн өнцгөөс харж бичсэн ‘Бурхан багшийн амьдралыг зэрвэс харахад’, ‘Хамгаалтын 11 судар’ гэдэг хоёр ном хэвлүүллээ. Одоо харин ‘Абидарма’ гэдэг номыг орчуулж байна гэх зэргээр ном ярьж хадуурсаар Баян-Буурал амралтын дэргэд барих гэж байгаа бясалгал, гэгээрлийнхээ төвийнхөө зураг төслийг Пүрэвдорж бидэнд үзүүлэв. Хэрэв зурснаар нь бариад, санаснаар нь байгуулчихвал үнэхээр сайхан газар юм. Ийм жижигхэн биетэй, бор залуу ийм том юм сэтгээд, бүтээгээд явж байна гэхэд бас итгэмээргүй ч юмшиг. Батсайхан ах бид хоёр вебсайтыг нь сонирхож, бичлэг үзлээ. Үнэхээр давжаахан биендээ даахаагүй их ачаа үүрдэг нөхөр байнаа. Худлаа гэвэл хаягаар нь орж үзээрэй: www.wisdom-nom.mn. Мөн facebook.com/AmgalanBatjih гэдэг facebook-тэй орчин үеийн эр ажээ.
Дашрамд дурдахад, одоо түүний орчуулж буй номын уламжлалт монгол нэр нь “Илтэд үзэхүйн номлол” гэдэг монголчууд эртнээс дээдэлсээр ирсэн ном. Тэрбээр уг номын гүн гүнзгий сургаалыг өдөр тутмын амьдралд хэрэглэхэд баримжаа болгож, эгэл бидэнд ойлгоход хялбар дөхөм байдлаар орчуулж буй аж. Орчин үеийн монголчуудад Буддын шашныг ойлгомжтой, энгийн байдлаар нь ойлгуулахыг хичээж түүний зүтгэлийг Далай лам мэдсэн бол дэмжих нь гарцаагүй. Учир нь Далай лам яг ийм сургаал айлдаж байсан билээ.

Бага нас
Асууя гэснээ асууж зүрхлэхгүй л суулаа. Номын намба төрхтэй залуугаас “Чи хэдэн хүн хутгалж, цавчсан бэ?” гэж асуух нь нэг л зохимжгүй санагдсан. Ямартаа ч хүүхэд насных тухай асууя гэж бодтол миний бодлыг таасан мэт ингэж ярилаа:
—Миний хүүхэд нас аз жаргалтай өнгөрсөөн. Хүүхэд насандаа хүүхэд шиг байж чадаагүй хүмүүс бол хэцүү, жаахан атлаа том хүн шиг аашилвал дэмий. Би хүүхэд насандаа хамгийн сахилгагүй хүүхэд байв. Одоо манай найзууд гайхдаг. Хөдөө хамт тоглодог байсан хүүхдүүд ‘Чи чинь яачихав. Нэг л өөр болчихож, юу болчихоов, ямар нэгэн юм хэрэглэчихсэн үү?’ гэдэг юм…
Манай суманд Хүрмийн гараашад насаараа галч хийсэн Малжига Гэлхай гэдэг өвөө байсан юм. Баруун аймгийн төв зам, Чулуутын голоор дайрч Эгийн даваагаар явдаг байхад Хүрмийн гараашад жолооч нар хонодог байлаа. Бага насандаа тэр өвөө Балданлхамын дуганад ном үзсэн гэнэ лээ. Тэр хүнээс миний нэрийг авсан гэдэг. Манай эмээ хэлэхдээ аав тэр хүнээс очиж нэр асуухад ‘Хүүдээ Пүрэвдорж гэдэг нэр өгчих өө. Долоо, наймтайгаас нь янз бүрийн авьяас тодорно. Энэ нь өөрөө бий болно. Тэр болтол нь бол ариг гамтай байлгаарай’ гэж хэлсэн гэнэ лээ…
Пүрэвдорж 1980 онд төржээ. Найман нас хүртлээ эмээтэйгээ амьдарч. Ээж нь малын эмч тул хөдөө гадаа их явна. Аав нь худалдаа, бэлтгэл ангийн нярав тул мөн завгүй шахам ажиллана. Эмээ нь түүнд бусад ач зээ нараасаа илүү халамжтай байж.
—Манай эмээ толгойн дээрээ баахан судар мудар овоолчихсон, унтаж байдаг. Орой бүр судар бариад л гэрээ тойрдог хүн байсан гэж тэр эмээгээ дурсаад, өөрийнхөө тухай:
—Багадаа би элдвийн юм хардаг байсан. Гал дотор элдэв янзын юм үзнэ. Зарим хүүхэд, хүний болох, болохгүй юмыг урьдчилж мэднэ. Жаахан хүүхэд чинь айна шүү дээ. Хүнд хэлэхгүй. Элдвийг урьдчилж мэдэх өөрт зовлонтой. Таатай ч биш. Одоо ч би чадна. Хүсвэл яг мэдье л гэвэл мэднэ. Гэхдээ одоо би аль болох анхаарлаа гэрэл гэгээтэй, сайн сайхан бүтээлч зүйл рүү хандуулахыг хичээдэг гэв.
Тэр багадаа машин барих дуртай тул хавь ойрд ирсэн хүмүүсийн машиныг бариад давхичихдаг дэггүй хүүхэд байж. Түүний анхны барьсан машин бол 69. Өөрийнх нь хэлснээр машин барих найгүй дуртай.
—Манай сумын засаг даргын жолоочийн хүүхэд Толягийн Бямбасүрэн миний сайн найз. Тэр багаасаа аавыгаа дагаж кабинд нь явсаар байгаад машин барьдаг, дугуйгаа засаад уначихдаг байсан. Тэгээд л аав нь хааяадаа халамцуу байхад бид хоёр машиныг нь барина шүү дээ гэсээр бага насны хөгтэй явдлуудаас дурсан ярилаа.
Өөрт байхгүй ч өргөн түмэнд байгаа гэдэг шиг Пүрэвдорж машингүй ч гэлээ трактороос авахуулаад сайд нарын унадаг машин хүртэл бүх л төрлийн машиныг барьж үзжээ. Консоо гишгэж хүрдэггүй болохоор нурууныхаа ард тавын бидон эсвэл дэр тавьж байгаад л жолооныхоо завсараар харж давхидаг байжээ.
Харин нэг удаа жолоочгүй машин давхиулж хүний нүд орой дээр нь гаргаж, аргагүй хувилгаан гэдгээ баталжээ. “Найгүй олон найзуудаа” ачаан дээр нь ачаад гол гаталж айл хэсэхээр 53 жолоодон давхиж байтал нь модон гүүрэнд дээр борооны цув өмссөн мотоциклтэй хүн хөндлөн зогсчихож гэнэ. “За энэ хүн явуулахгүй нь” гэж хувилгаан бодоод машинаа ухраан голоор гатлах гэтэл дахиад л нөгөө хүн давхиж ирээд явуулахгүй хөндөлсөөд байж… Тэгээд аргагүй эрхэнд машинаа зогсоон, хулжисхийн машинаас буун нөгөө хүнтэй уулзтал мотоциклтэй эр Пүрэвдоржийг олж хараагүй тул жолоочгүй машин баахан хүүхэд ачаад давхиж байна гэж бодоод зам хөндөлсөөд байсан аж…

Анхны засал
Тэгээд цавчдаг тухай нь яаж асууя даа гэж бодож суутал, харин ашгүй Батсайхан ах:
—Үгүй чи чинь хөө, багадаа сүхддэг байсан гэл үү. Тэгэхэд ер нь хэдэн настай байв? гэж асуухад Пүрэвдорж хоолойгоо засаад:
—Тиймэрхүү юм байсаан. 13-16 насны хооронд юм уу даа. Олон хүн үүнийг асуудаг юм… Гэхдээ энүүхэндээ хэлэхэд одоо надад илүү хүч бий. Тэр үед олны итгэл үнэмшлээр болж байсан бол одоо системтэй, цэгцтэй болсон. Мөн хүн бүхнийг эдгээж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Зарим хүнийх цаг хугацааны хувьд холдоод, өвчин эсэргүүцэх чадваргүй болсон байдаг. Тэгээд ч ерөөл барилдлага гэж бий. Би Энэтхэгээс ирснээсээ хойш дөчөөд хүнээс арван дөрвийг нь сонгож бүрэн үр дүнтэй эмчилгээ хийсэн…
Харин бага байхад нарийн учрыг ялгадаггүй байв. Өвчин, зовиуртай хүмүүс байнга цуваад гэрт багтахаа байхаар жаахан хүүхэд чинь залхана, бүр ядарна шүү дээ. Тэгээд ‘Ерөөсөө эднийг нэг нэг цавчаад тараагаад явуулчихъя’ гэж бодоод Хөвсгөлөөс ирсэн хүмүүсийг гуйж сэлэм хийлгэлээ. Зургаан талтай лоомыг түүдэг галд улайсгаж байгаад л нүдээд байсан. Мэргэжлийн хүмүүс биш болохоор бүдүүн баараг л юм байгаа юм чинь. Найгүй хүнд. Бариулыг нь тогны лентээр ороочихсон байж билээ. Тэгээд тэрийгээр тав, зургаан мянган хүн цавчаад л хугалсан даа. Дараа нь авга ахаараа сэлэм хийлгэсэн. Гадна тал нь никелдсэн чигтэйхэн урлагын бүтээл хийж өгсөн. Уртаашаа 80 см, өргөөшөө 4.5 см, 3 кг орчим байсан байх гэж Пүрэвдорж огт сийхгүй ярив. Лоомоор хүний толгой дэлсэнэ гэдэг ч бөх зүрхтэй хүний ажил шүү дээ. Гал тавиад үер урсгахтай адил лоомоор хүний толгой дэлсээд эмчилнэ гэдэг ид шид. Яавч зүгээр хүн хийхгүй. Юмтай хүн л хийнэ. Пүрэвдорж харин үүнийг байдаг л зүйл мэт тоохгүй ярьж байнаа.
Хоёр сэлмээрээ нийт 20 гаруй мянган хүн цавчсан гэдгийг нь сонсоод Сэлмэн Тогмод, жанжин Сүхбаатар хоёр л тийм их хүн цавчсан байх гэж бодогдлоо. Харин яг яаж цавчдаг байсан юм бол доо? Ямартаа ч 14 настайд нь Бакула ринбүчи нутагт нь очиж Пүрэвдоржтой уулзаад сэлмийг нь хадгаар ороож өгөөд явсныг нь бодоход их л учиртай цавчдаг байсан бололтой.
Пүрэвдорж цавчихаас гадна бас ондоо арга заслууд хийдэг байжээ. Сумын төвийн эмнэлгээс ч дутахааргүй олон хүмүүс түүн рүү очих тул сэлэмнээсээ салалгүй 23 нас хүрчээ. Харин хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэхээр шийдээд Балба явахдаа л сэлэмнээсээ салж. Балба явахаасаа өмнө Гүрдаваа ринбүчигийн бие муудахад ном уншиж, засал хийж өгчээ. Гэтэл үүний дараа:
—Хүү минь наадах чинь миний дэрэн доор байж байг гээд сэлмийг нь хурааж аваад, цавчдаг хүүг цавчдаггүй болгожээ. Энэ үеэр яриаг нь таслан би:
—Сэлэм зааж өгсөн хүн бий юу? гэж гэнэдүүлж асуулаа. Байхгүй гэж байна.
—Одоо бодоход үйлийн үртэй холбоотой юм болов уу. Үйлийн үр гэдэг маань өнгөрснөөс одоо, одоогоос ирээдүй рүү явж байгаа хүний хийсэн үйлдлийн үр дагавар юм. Хүний авьяас чадвар уламжлагддаг. Урьд олон төрөлдөө бясалгал хийж ном үзсэн хүмүүсийнх илүү хөгжсөн байдаг. Тэр нь хадгалагдаж байгаад шаардлагатай үед гарч ирдэг гэнэ лээ. Түүнтэй л холбоотой байх гэв.
Гэхдээ Пүрэвдорж өөрийгөө хувилгаан биш гэлээ. Хувилгаан гэж хэлүүлэх ч дургүй янзтай. Би чөлөөтэй баймаар байна гэж тэр цухас дурдсан. Тиймээс ч олон хүүхэдтэй байх. Саяхан нутагтаа очсон чинь баахан хүүхдүүд нь тодорсон гэнэ. Нутгийн нэгэн эгчмэд бүсгүй нь олон хүүхдүүд дагуулж ирээд “Энэ чиний хүүхдүүд шүү!” гэж гэгээн цагаан өдөр баахан хүмүүсийн өмнө пал цүл хэлээд шараа болгожээ…
—Тэгсэн миний эмчилсэн хүүхдүүдийг тэгж хэлж байгаа байхгүй юу! гэж Пүрэвдорж биднийг цаашлуулав.

Бурхан шашин ба мухар сүсэг
Ардчилсан хувьсгал ялахад естэй байсан жаалхүү суманд нь Сүсэгтний холбоо байгуулагдсаныг сайн санадаг. Аав, ээж, эмээ гурав нь гишүүн нь болоход тэр ч гэсэн лянхуан дээр дун байрлуулсан эмблемтэй үнэмлэх авах юмсан гэж хүсчээ. Тэр хүсэлдээ автсан уу, ямартаа ч Хүрээнд ном үзсэн, сүүлд нь багийн дарга, Ху намын гишүүн болсон Айдаа Дашлхүндэв гэдэг хүнээр анх ном заалгаж.
—Өвлийн хүйтэнд малгай өмсдөггүй. Толгойноос нь уур савсаад л алхаж байдаг хүн байсан. Миний авьяасыг нээхэд энэ хүний нөлөө их байсан гэж Пүрэвдорж хүндэтгэлтэйгээр багшаа дурссан. Харин би тэссэнгүй:
—Хүмүүст засал хийхэд биенд чинь ямар нэг өөрчлөлт гарах уу? гээд асуучихлаа.
—Өөрчлөлт гарна гэхэд хаашаа юм гэхдээ ядарна. Жаахан байхад Малжига Гэлхай гуай надад нэг тарни зааж өгсөн юм. Түүнийг нь засал хийхээс өмнө уншихад их хүчтэй болж байгаа нь мэдрэгддэг гэж тэр хариулав. Харин би тарниа заагаад өгөөч гэж арай л гуйсангүй. Биеэ барив. “Мань мэт нь хүүхэн шуухантай холбоотой муухай юманд л ашиглана л даа” л гэж өөрийгөө зэмэлсэн сонин бодол төрөв…
Ер нь өөрөөс шалтгаалаагүй өвчин, алдаа оноо гэж байдаггүй гэнэ. Буддын шашин шалга, нягтал, тэгээд итгэ гэдэг болохоор аливаа зүйлд сохроор итгэх буруу ажээ. Үерт унасан хүн гарт тааралдсан зүйлээ л атгаад авдагтай л адил аргаа барахаар л хүн мухар сүсэгтэй болдог гэж Пүрэвдорж мухар сүсгийн тухай ярьж байлаа. Нээрээ бодох нь ээ, манай нийгэм үерийн ус шиг замбараагүй садарч, ард иргэд нь зүг чиггүй, үерт живэхтэй адил болсон тул мухар сүсэг их дэлгэрчээ.
Пүрэвдорж мухар сүсгээр олныг хуурч, хулхиддаг хүн биш шиг надад санагдсан. Түүний тухай хүн итгэхэд бэрх олон яриа байдаг нь бишэрч шүтсэн олон түмний сэтгэлийн илэрхийлэл байх. Харин Пүрэвдорж бол багадаа илэрсэн авьяас чадвараа өнгөрсөн ба одоо цагийн эрдэмтэн мэргэдийн номын шимээр бордоод, илүү хүчтэй, тэнхээтэй болгож олон түмэндээ ач тустай олон зүйл хийх хэтийн зорилготой залуу байнаа.
Айдас, урам хугарах, бахархах, инээд хүрэх гээд баахан сэтгэлийн хөдөлгөөнд автсан уулзалтын дараа чухам хэр хүчтэй цавчдаг байсныг нь тодруулан асууж зүрхэлсэнгүй би түүнээс саллаа. Тэгээд ч—ийм хүчтэй гээд манийгаа дэлсчихвэл яах билээ… Өөрсдөө уулзаад асууцгаа. Шалгаж мэд. Үнэхээр зоригтой юм бол цавчуулаад үзэхгүй юү…

2011-2013


URL:

Сэтгэгдэл бичих