Уго Чавес таалал төгсчээ
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес 58 насандаа таалал төгссөн тухай дэд ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр орой олон нийтэд зарлажээ. Дэд ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр Уго Чавес хорт хавдраас гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд амьсгалын замын цочмог халдвараар өвдсөний эцэст өчигдөр орон нутгийн цагаар 16.25 цагт таалал төгсчээ. “XXI зууны социалист” гэгддэг Уго Чавесийг таалал төгссөн мэдээг ард иргэд гунигтайгаар хүлээн авч, улс орон даяар эмгэнэн гашуудаж буй гэнэ. Түүнчлэн Венесуэльд ерөнхийлөгч Уго Чавесийг нас барсантай холбоотойгоор улсын хэмжээнд долоо хоногийн гашуудал зарласан байна. Ерөнхийлөгч агсныг гуравдугаар сарын 8-нд буюу ирэх баасан гаригт оршуулах тухай Венесуэлийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Ерөнхийлөгч Уго Чавес дөрөв дэх удаагаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Кубад хорт хавдрын эсрэг мэс засал хийлгэж, дараа нь хоёр сар гаруй хугацаанд тус улсад эмчилгээ хийлгэж байсан юм. Түүнийг өнгөрсөн сарын дундуур эх оронд нь авчирч, Каракас хотын цэргийн эмнэлэгт эмчилж байсан билээ.
URL: