Ромын шинэ пап ламыг сонгох үйл ажиллагаа эхэллээ
Даваа гаригт Ромын каталок шашинтнуудын сүмийн кардиналууд шинэ пап ламыг сонгох үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс цугларлаа.Кардиналуудын хуралдаан болохоос өмнө шинэ понтификийг сонгоход зориулсан цуврал нууц санал хураалт болно. Мөн кардиналуудын зөвлөл өдөр бүр зөвлөгөөн хийх аж.
Эцсийн хуралдаан Сикстиний сүмд ирэх долоо хоногт болно. Яг хэзээ болох товыг кардиналууд тогтоох ажээ.Папын суудлаасаа буух шийдвэрээ хоёрдугаар сарын 11-нд гэнэт зарласан эдүгээ 85 настай Бенедикт XVI өнгөрсөн сарын 28-нд албан ёсоор католик шашинтнуудын тэргүүний суудлаа хүлээлгэн өгсөн. Ингэснээр тэрбээр сүүлийн 600 жилийн хугацаанд өөрийн хүсэлтээр суудлаа өгсөн анхны пап лам болж байгаа юм. Сүүлийн удаа 1415 онд Григорий XII үүнтэй адил папын суудлаа хүлээлгэн өгчээ.
Өчигдөр болсон Кардиналуудын анхны урьдчилсан уулзалтыг Кардиналуудын зөвлөлийн декан Анжело Содано удирдан явуулжээ. Уулзалт хаалттай хаалганы цаана болж, гэгээнтний суурийг залгах боломжтой нэр дэвшигчийг авч хэлэлцсэн байна.
ВВС агентлагийн мэдээлснээр сүмийн удирдлагууд понтификийг сонгох үйл ажиллагааны явцад гадагшаа ямар нэг мэдээлэл алдахгүй байх үүднээс хэд хэдэн арга хэмжээг авчээ. Энэ хугацаанд гар утаснууд бүгд унтраалттай байх бөгөөд техникийн албаныхан кардиналуудын өрөөнүүдэд сонсох төхөөрөмж байгаа эсэхийг нарийн шалгаж байна.
Сурвалжлагчдын мэдээлж байгаагаар хуралдаанд оролцох одоогоор 80 нас хүрээгүй байгаа 115 кардиналууд энэ сарын 24-31-ний хооронд болох католик шашинтны нэгэн баярын өмнө шинэ пап ламыг сонгохыг хүсч байгаа аж.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 28-нд төв Европийн цагаар 20.00-д Бенедикт XVI албан ёсоор Ромын пап лам байхаа больсон. Түүнийг нисдэг тэргэнд суулган Ромын дэргэд байдаг пап ламын зуны өргөө Кастель Гандольфт хүргэж өгчээ.
Түүний цаашид амьдрах Ватиканы нэгэн сүмд засвар хийж дуустал Кастель Гандольфт тэрбээр хоёр сар байх юм.
Шинэ пап ламын сонготол Ватиканы төрийн нарийн бичгийн дарга, кардинал Тарчизио Бертоне Ромын католик шашины сүмийг тэргүүлж байгаа аж.Бенедикт XVI буюу Йозеф Алоиз Ратцингер “хүндэт пап” хэргэмийг хүртэж, “эрхэм гэгээнтэн” хүндлэлийг хадгалж үлдсэн. Мөн цаашид ч зөвхөн папуудын өмсдөг цагаа өмсгөлийг өмсөх эрхтэй ажээ.
Дашрамд сонирхуулахад, одоо дэлхийн 69 оронд нийт 209 кардинал байдаг аж. Тэд католик шашны бусад хэргэмтнээс улаан өмсгөлөөрөө ялгардаг. 1975 онд батлагдсан шинэ дүрэмд зааснаар пап ламыг сонгох кардиналуудын хуралдаанд 120-иос дээшгүй хүн оролцох бөгөөд бүгд 80-аас доош насныхан байх ёстой. Одоогоор 80 нас хүрээгүй нийт 118 кардинал байдаг ажээ.
Онолын ёсоор бол католик шашинтай ямар ч эрэгтэй хүн пап болох боломжтой боловч практик дээр зөвхөн кардиналуудын дундаас л сонгогддог байна. Сонгууль болсны дараа шинээр сонгогдсон пап лам өөрийн шашны нэрээ сонгодог юм.
Бэлтгэсэн Б.МИШЭЭЛ
URL: