Замбараагүй олон нэр томьёоны алиныг нь хэрэглэх вэ?
Манай “Боловсролын давалгаа” ТББ нь Боловсролын өнөөгийн тогтолцоонд орших хоцрогдол, хүнд суртал, хүндрэлтэй бусад асуудлуудыг хөндөж ярилцан, судалж үзэн, төрөөс үзүүлж буй боловсролын бодлогын мөн чанарыг сайтар ойлгож олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой ажилладаг.
Бидний ажлын үр дүнд өнөөг хүртэл Монголын боловсролын салбарт тайлбарлах, эмхэлж цэгцлэх, нэгдсэн журамд оруулах шаардлагатай зүйл олон байгаа нь ажиглагдаж байна. Жишээ нь, бусад хэл дээр боловсрол судлал, заах арга, сурган хүмүүжүүлэх ухааны тайлбар толь, онол дадлагын сурах бичгүүд хэдэн арваараа байдаг бол манайд өнөөг хүртэл нэг ч боловсролын нэр томьёоны тайлбар толь гараагүй байна.
Монгол улсынхаа боловсролын тогтолцоо, сургалтын чанарыг шинэчлэн сайжруулж олон улсын жишигт хүргэж, боловсролтой, зөв монгол хүн төлөвшүүлье хэмээн зорьж гэмээнэ нэн түрүүнд багшийн боловсролд анхаарч, багшийн мэргэжлээр суралцагч, судлаач болон ажиллагсдад мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь зориулж чанартай нэр томьёоны тайлбар толь, сурган хүмүүжүүлэх ухаан, заах аргын шинэлэг сурах бичгүүдийг гаргах, багшийн сургалтын өнөөгийн арга барилыг өөрчлөн шинэчлэх зүй ёсны шаардлага урган гарч байна.
Бидний боловсрол, заах аргын сурах бичгүүд, гарын авлага болон танай яамнаас гаргасан 12 жилийн сургалттай сургуулийн нэгж хичээлүүдийн сургалтын стандарт, хөтөлбөр бичгүүд, тэдгээрийн зөвлөмжид хийсэн өнгөн судалгааны дүнд л гэхэд маш олон нэр томьёог тайлбарлах, тэдгээрийн заримыг эмхлэн цэгцлэх шаардлага буй нь харагдаж байна. Тухайлбал:
Эмхлэн цэгцлэх шаардлагатай нэр томьёонуудын жишээ:
- Монгол улсын боловсролын зорилго юу вэ?
- “Зөв монгол хүүхэд төлөвшүүлэх” нь боловсролын зорилго мөн үү? Тэгвэл түүний шинжлэх ухааны үндэслэл юу вэ?
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний ялгаа юу вэ? (БШУЯ-наас гаргасан 12 жилийн сургуулийн Хичээлийн стандарт, хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх зөвлөмж бичгүүдэд энэ хоёр нэр томьёог ихэд зэрэгцүүлэн хэрэглэсэн байх боловч зөвхөн “хичээлийн хөтөлбөрийг” тайлбарлаж, тус “хичээлийн төлөвлөгөө“ нь юу болох нь ойлгомжгүй үлджээ.)
- Хичээлийн конспект, төлөвлөгөө, нэгж хичээлийн хөтөлбөр (Бүгд нэг л ухагдахууныг нэрлэж байна. Нэг нэр томьёон дээр тогтож, түүнийгээ хэвшүүлэх хэрэгтэй.)
- Хичээлийн төлөвлөгөө хийх нэгдсэн аргачлал, шаардлага тогтоогүй, нэгж хичээлийн хөтөлбөрийн зөвлөмжүүдэд ч харгалзах өгөгдөл дутуу, дулимаг зүйл байна.
- Зарим нэр томьёонууд: Жишээ нь: Булчингийн хөгжил: Моторик буюу хөдөлгөөн гэдэг ухагдахууныг ингэж монголчилсон байна.
Гэтэл олон улсын жишгээр хөдөлгөөн, булчингийн хөгжил хоёр тусдаа ойлголтууд юм.
- Сурах арга, арга барил, арга техник: Монгол хэлэн дэх сурвалжуудад янз бүрээр тайлбарладаг. Үүнд хэрхэн сургах талын зөвлөмж ховор.
Дэлгэрүүлэн тайлбарлах шаардлагатай нэр томьёонуудын жишээ:
- Сурган хүмүүжүүлэх, сургахзүйн онол гэж юу вэ? Ц.Няндаг нарын хүмүүс өөрсдийгөө шинэ онол боловсрууллаа гэцгээх боловч тэр нь дэлхийд түгээмэл сурганы онолуудын санааг хуулсан, түүвэрлэсэн байдал харагдаж байна.
- Сурах, сургахзүйн онолууд: (Сурах бичиг, хичээлийн хөтөлбөрийн зөвлөмжүүдэд маш товч, хуурай, ойлгомжгүй тайлбарласан байна. Онолын үндэслэл, тухайн онолоос сурган, заах аргын ямар зарчим, дэг урган гарсныг олж ойлгоход бэрх байна.)
Бехавиоризм
Когнитивизм
Конструктивизм
Прагматизм
Хүмүүнлэгийн үзэл баримтлал
Эклетик хандлага
- Сурах бичиг гэж юу вэ? Ямар ангилал байдаг вэ?
- Сурах бичигт тавигдах үндсэн ямар шаардлагууд байдаг вэ? Наад захын бичвэрийн шаардлага хангаагүй сурах бичгүүд олон байна.
- Сурган хүмүүжүүлэх ухаан, заах аргын дотоод, гадаадын нэрт төлөөлөгчид, тэдгээрийн нээлт, онолуудын талаар олж унших эх сурвалж монгол хэл дээр ховор байна.
Дээрх бүхэн зөвхөн жишээ төдий бөгөөд цаашлаад тоочвол иймэрхүү тайлбарлах, цэгцлэх шаардлагатай ухагдахуунууд маш олон бий. Та бүхэн боловсролын нэр томьёоны асуудлын хүрээнд саналаа хуваалцаарай.
Г.Ариунцэцэг
URL: