Д.Загдсүрэн газар болон мөнгө угаасан хэрэгт буруутгагдав уу
Олон хавар нэгэндээ гэгчээр улсын мөнгөөр туйлагчдын үйлдэл ар араасаа илэрсээр байна. Төрийн өмчит томоохон компани МИАТ, ТЕГ, ИНЕГ зэргийн мөгөө угаадаг асуудал намжаагүй байхад спортын их гэр бүлийг тэргүүлдэг МҮОХ-ны удирдлагууд “аавын хаалга” татав. Тодруулбал, МҮОХ-ын Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон түүний хань хамсаатан гурван хүнийг өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт АТГ-аас эрүүгийн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай баттай эх сурвалж хэллээ. Д.Загдсүрэнтэй холбоотой хэл ам хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан ч тэгсхийгээд л дарагддаг байсан. Ямартаа ч одоо асуудлыг арай өөр өнцгөөс харсан бололтой. Түүний холбогдсон асуудлуудын талаар цухас дурдъя.
Д.Загдсүрэн нь МҮОХ-ны ерөнхийлөгчөөр бараг дархлагдсан гэж болно. Хэдийгээр байгууллагын дүрмэндээ өөрчлөлт оруулж удирдлагаа өөрчилье гэсэн санаа, шаардлагыг салбар холбоодын зүгээс тавьдаг ч хад мөргөсөн мэт бүтдэггүй асуудал. Эл байдлаасаа болж зарим холбоод гадуурхагдах нь ч энүүхэнд. Тэр ч утгаараа тэрээр энэ жил дахиад л МҮОХ-г удирдахаар улиран сонгогдсон. Гэхдээ энэ шийдвэртэй санал нийлэхгүй хүн өнөөдөр ч олон байгаа. Түүнээс гадна түүний хууль бус үйлдлүүдийн нэг нь Олимпийн хорооны дэргэд баригдсан Тамирчдын нөхөн сэргээх төв. Учир мэдэх хүний үгээр бол тэр нь зүгээр л нэр төдий зүйл гэнэ. Газрыг нь оффисыг нь ашиглахын тулд ийм үйлдэл хийсэн болж таарах нь. Харин одоо хамт саатуулагдаад байгаа Олимпийн хорооны Захиргааны албаны дарга Б.Наранцэцэг гэх эмэгтэйн хувийн компани болж хувирсан ч мэдээлэл бий. Тэгэхээр Загдсүрэн нь Наранцэцэгт Олимпийн хороон газраас бараг зургаан га-г өгч Тамирчдын нөхөн сэргээх төв гэгчийг байгуулсан. Яг үнэндээ тэр төвөөр нь үйлчлүүлдэг тамирчид гэж манайд лав алга гэнэ билээ. Энэ байгууллагатай холбоотой бас нэгэн “но” бол одоогоос гурван жилийн өмнө Тамирчдын нөхөн сэргээх төв рүү 50 сая төгрөг ямар ч нэхэмжлэхгүй шилжсэн байсныг илрүүлсэн явдал. Үүнээс гадна янз бүрийн байгууллагаас их хэмжээний мөнгө орж гарсан баримт байдаг юм билээ. Тухайн үед Олимпийн хорооны хянан шалгах зөвлөл хэд хэдэн зөрчил илрүүлж холбогдохбайгуулагад шалгах хүсэлт гаргасан боловч ямар нэгэн шалтгаанаар дарагдаад өнгөрсөн байдаг. Олимпын хорооны газартай холбоотой асуудал их бий. Анх арав гаруй га газар МҮОХ-ны мэдэлд байсан бол өнөөдөр 0.03 га болтлоо багассан байгаа юм. Яагаад ийм болсныг тодруулахад бусад газрыг нь спортын зориулалтаар байгууллагуудад өгсөн гэж тайлбарладаг. Олимп сургалтын төв гээд ТББ байгууллага байдаг. Гэтэл тэр ТББ-д өчнөөн том газар өгсөн. Мөн тамирчдад зориулсан орон сууц барина хэмээн сугалаа хүртэл явуулж байсан.
Бидэнд байгаа мэдээллээр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тус хорооны хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нарт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 150.2 буюу Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 265.2 буюу Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэдгээр хариуцлагад татжээ. Бүр тодруулбал, АТГ-аас Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нарыг Олон улсын олимпийн хорооноос төдийгүй Монгол Улсын Засгийн газраас Монго¬лын тамирчдын бэлтгэл сургуулиалт, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зарцуулах зориулал-таар өгдөг мөнгийг “Тамирчдын нөхөн сэргээх төв” гэх сувиллын дансаар дамжуулан гаргаж авч шамшигдуулж байсан хэмээн буруутгах бололтой. Түүнчлэн Д.Загдсүрэнг МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших явцдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг дур мэдэн бусдад шилжүүлэн өгсөн гэдгээр ч буруутгаж байгаа. Түүнээс гадна Д.Загдсүрэнгийн гэрийг АТГ-аас битүүмжлээд байгаа ажээ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
URL: