Казахстан улсад нэгэн хүүд “жирэмсэн” гэх оношийг тавьжээ
Актюбинск хотын оршин суугч 15 настай хүүд тэндхийн нэгэн эмнэлэг жирэмсний магадлагаа олгосон хэргийг шүүх хянан хэлэлцээд тухайн байгууллагын ажилтан, эмч нарыг энэ үйлдэлд хэсэгчлэн буруутай гэдгийг тогтоосон байна. Эмч нар хохирогчийн гэр бүлд сэтгэл санааны хохирлын төлбөр болгож 50 мянган тенге буюу 330 долларыг өгөхөөр болов. Харин хохирогч тал шүүхийн энэхүү шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа аж.
Тэд шүүхэд 10 сая тенге буюу 66 мянган долларын нэхэмжлэл гаргасан юм. Хохирогчдын өмгөөлөгч 50 мянган тенгег инээдтэй төлбөр хэмээсэн байна. Байжан Алдашев гэдэг хүү бөөрний өвчнөө шинжлүүлэхээр уг хотын яаралтай түргэн тусламжийн төвд очиж эмч нарт нь ханджээ. Хүүг эмнэлгээс гарахад картан дээр нь бичиж өгсөн оношин дотор жирэмсний тухай тэмдэглэгээ байсан гэнэ. Эмч нар түүний шинжилгээний хариуг өөр нэг бие давхар эмэгтэйнхтэй хольж хутгасан учраас Алдашевт жирэмсэн хүний уух ёстой эм бэлдмэлүүдийг бичиж өгчээ. Тэр эмнүүдийг нь ууж эхэлсний дараа хүү тэдгээрээс харшил авсан аж. Ийнхүү түүний эмчилгээ ямар ч үр дүнгүй болсон юм.
URL: