З.Энхболд, Н.Алтанхуяг нарын “чөдрийн морь” буюу цөөнх

0e41527e2db2afa5originalМиний өмнөх ширээн дээр тэмдэглэлийн хэдэн дэвтэр дэлгээстэй байна. Энэ бол Д.Сугар, З.Энхболд нарын тэр нэгэн сонгуулийн дараа шүүхдэлцсэн , хэдэн шатны шүүх хурлын тэмдэглэл. Энэ хоёр хүн УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт өрсөлдөөд хамаг булайгаа дэлгэж өчнөөн сарын зарга хийгээд З.Энхболд нь УИХ-ын гишүүн, Д.Сугар нь Төрийн өмчийн хорооны дарга болж билээ. Би “Казиногийн хэрэг”-ээс эхлээд улстөрийн аллагууд, “МИ-8”- уудын сүйрэл, авлигын асар том хэргүүд, хүн амины хэргүүдийн шүүх хурлуудыг бараг алгасалгүй сурвалжилж хорин хэдэн нимгэн, зузаан дэвтэр тэмдэглэл хөтөлсөн байх юм. Тэр дундаас хамгийн “сүрлэг” гэмээр юмуу хуулийнханд их дарамт үзүүлсэн шүүх хурлууд нь З.Энхболд, Д.Сугар нарынх байсан юм.

Хоёр талаас бараг л нам төрийн удирдлагууд тэнд “мөргөлдөж”, МАХН, АН хоёрын “тулааны талбар” болдог байлаа. Шүүхийн гадаах талбай жийп машинаар дүүрч, хэр баргийн машинд зогсох талбай олддоггүй сэн. Олон хоног, сараар сунжирч хуралдсан шүүх хурлуудын тэмдэглэлийг одоо үзэж суухад инээд ч хүрэх юм шиг. З.Энхболд, Д.Сугар хоёр энэ хурлууд дээр буруу зөв, булхай болгоноо уудалжээ. Сонгуулиар мөнгө, архи, эд материал тараасан, “амьгүй албат”-ууд олныг төрүүлсэн, уулын мухар дахь айлын хүмүүсийн саналыг намын харъяаллаар нь ялгаварлан очиж аваагүй, иргэдийн санал авах хугацааг дур мэдэн сунгасан, санал хурааж дууссаны дараа тойргийн хорооныхныг дарамталсан гээд өдий төдий жишээ баримт байна. Энэ хоёр эрхэм хоёулаа л тэнд будилаан тарьсан, Өвөрхангайнхныг анх талцуулсан хоёр. Өнөөдөр З.Энхболд нь УИХ-ын дарга болж төрийн хамгаалалтад, Д.Сугар нь Үндсэн хуулийн цэцийн хамгаалалтад очоод байгаа. “Хамгаалалт” уруу хар чадлаараа зүтгэж байгаа энэ хоёрыг манайхан дэндүү танина даа.
Ардчилсан намынхан төрийн гурван өндөрлөгийг цагдаа, хуулийнхантай нь “эзэлж” авангуутаа шударга бус явдалд “дайн” зарлалаа. Сайн хэрэг. Миний хүсэн хүлээж байсан юмны нэг энэ. Харамсалтай нь хаанаас, хэнээс эхлэх вэ. Хэнийг нь шалгаж, хэнийг нь ардаа үүрч хоцрох вэ гэдгээ тун нарийн тооцоолжээ. Тэд Ардчилсан намынхан ямар ч хэрэг хийсэн байсан хир халдаахгүй. Бусад нам, эвслийнхэн, жирийн иргэдэд бол төрийн төмөр нүүрийг харуулна гэсэн бодлого хэрэгжүүлж эхлэв бололтой. Олон жилийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдсан, шалгаж байгаа гээд сураг алдарсан ноцтой хэргүүд бий л дээ. Зөвхөн миний энэ тэмдэглэлийн дэвтрүүдэд нэр нь орсон зуу гаруй хүн байх юм. Тэгтэл! Тэгтэл! Тэгтэл өнөөх Д.Сугарын удирдаж байсан Төрийн өмчийн хороо, МИАТ, ИНЕГ-ыг шүүрээд авчээ. Би мэдэх юм чинь, Д.Сугар, З.Энхболд хоёр хоёулаа “хар хэрээ” л дээ. Өнөөдөр З.Энхболд цагаан тагтаа ч юмуу, тагтаагаа барьж иддэг “үндэсний бахархлын шонхор” ч юмуу болчихоод нөгөө муу Д.Сугар “хар хэрээ” нь шалгуулж, шоронд суудагтаа тулаад байгаад л хамаг учир байгаа юм. Би шулуухан хэлчихье. Өнөөдөр Монголд их өшөө авалт өрнөж байна. Би ийм жишээ хэдийг л бол хэдийг баримтаар гаргаж чадах болчихоод байна. Даанч яав даа. Хороо, хэсгийн бүх даргыг Ардчилсан намынхнаар сольж байх юм. Аймаг, хот, дүүргүүд ч замаа алдсан. Ардчилсан намын тэр даргын эхнэр, дүү, танил нь л гэнэ. Арван жилийн найз нь л гэнэ. Нэг годойсон охин юм уу, хүү. Өнөөх олон жилийн туршлагатай төрийн ажилтнууд алга. Таньдаг нэг нь таарахаараа “гэрт сууж байгаа” л гэх юм.
Би Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “дотор тамиртай муу хүн” гэж сонсож байсаан. Гэхдээ ийм хүн гэж төсөөлсөн ч үгүй. Аймгуудын Засаг дарга нарыг баталж байгаа царайг нь. Өөрсдийнхөө намынхныг хэдхэн цаг мөчийн дотор бүгдийг баталчихсан. Төсөв хөрөнгийг нь түнтийтэл чихчихсэн. Ардын намын зургаан аймгийн Засаг даргыг болохоор өнөө болтол баталдаггүй “түр орлон гүйцэтгэгч” томилчихоод байгаа. Хүмүүс бол “Ардчилсан намд санал өгөөгүй аймаг, иргэдээс нь өшөө авч байгаа нь тэр” гэнэ. Ардчилсан намд санал өгтөл нь залхаан цээрлүүлэх юм байх аа. Ард түмнээ нам эвслээр нь талцуулж, орон даяар өшөө авалт үргэлжлүүлж байгаа энэ хэдэн сайд, дарга нар хэдий болтол энэ зөөлөн суудалд тухлах юм бол, мэдэхгүй. Зургаан аймгийн Засаг даргыг яагаад томилохгүй байгаа тухайгаа Н.Алтанхуяг “Гомдол санал, шалгах зүйл байгаа тухай” тайлбар хийж байгаа. Тэгвэл Ардчилсан намаас чинь аймгийн Засаг дарга болчихоод байгаа хүмүүсийн дотор миний л мэдэхийн шалгах ч багадмаар хүмүүс цохиж явна билээ. Дорноговь аймгийн Засаг дарга Пантийн Ганхуяг л гэхэд хэн билээ дээ? 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид бүх аймаг сумаас хамгийн цөөн санал өгүүлсэн, 2012 оны УИХ-ын сонгуульд мөн намаас нэр дэвшсэн Я.Батсуурийг ялагдуулчихсан л хүн дээ. Энэ хүний тухай асар их материал хуулийн байгууллагад ч очиж байсан, над ч хангалттай бий. Тийм хүмүүсийг “харанхуйгаар” баталчихдаг Ерөнхий сайд маань Ардын намын зургаан Засаг даргыг араа шүдэндээ зуугаад байдаг, дэндүү богинохон бодолтой хүн ажээ.
Монгол төрийн толгой ийн ялзарч байхад УИХ-д хорин хэдэн гишүүнтэй Монгол Ардын Намын бүлэг З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрын “чөдрийн морь” болчихоод догонцоод байгааг л би шүүмжлэх гэсэн хэрэг. Цөөнх гэдэг чинь цөөддөггүй юм билээ. Төр, засгийн толгой талд байгаа бусармаг явдлуудыг сонор соргогоор олж хараад ард түмэндээ чин шударгаар хүргээд байвал ганц гишүүн ч ганцдахгүй. УИХ-ын гишүүн О.Дашбалбар, Ж.Наранцацралт, Л.Гүндалай нар “ганц дайчин ганцаардахгүй” гээд яаж үзэж тарж байлаа даа. Өнөөдөр УИХ-д МАН л гэхэд дангаараа 25 суудал, МАХН, МҮАН, ИЗНН, бие даагч гурав… Мөн их хүч шүү. Тэгээд гуч гаруйхан суудалтай АН-ын хэд З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, М.Зоригт, Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин нарт зандруулж, доромжлуулаад нүднийх нь харцаар хөдөлж байгааг хараад харамсах юм даа. Ганц дуугардаг хүн нь Ц.Нямдорж. Энэ чинь үнэн үг хэлдэг хүн. Түүнийхээ үгийг ч дэмжин хамгаалах хүн байхгүй. Үнэн үг хэлсэн хүнд ч үнэхээр дургүй юм даа. Цаадуул нь ч тал талаас нь “боорлоод”, ямар ч хүчтэй нохойг олон хав дараад унадаг шиг л болох юм. Ёстой “ганц дайчин ганцаардахгүй” гэдэг чинь С.Ганбаатар. Үнэнийг зоригтой хэлж, ард түмэндээ хүргэж байгаагийнх нь хувьд олон түмэн гишүүн С.Ганбаатартаа хүндэтгэлтэй хандах юмаа. Уул нь иргэний хөдөлгөөнийхөн, нийгмийн ухамсартай хэсгээс нэлээд хүн УИХ-д орсон юмсан. Том суудал хараад толгой нь эргэдэг шиг байна. Ж.Батзандан, Г.Уянга хэд л жаал яриад, хүч нь сулдаад байх шиг. МАН-ын Н.Энхболд даргатай бүлэг цөөнхийн үүргээ биелүүлбэл мөн ч их хүч байна даа. Монголыг тонож дээрэмдээд, арга тасрахдаа Үндсэн хуулиа зөрчин намын жагсаалт гэж юмаар гарч ирээд Монгол төрийн сэнтийг зайдалчихсан энэ хэдэн хүний бузар булхайг хүчирхэг цөөнх л ард түмэндээ байнга хэлж өгч байх үүрэгтэй. Бусад нам эвслээс, цөөнхөөс, ард түмнийхээ яс маханд хүртэл ойлгуулах хэдэн зүйл бий.
Өнөөдөр Монголд ардчиллын үнэт зүйлс бүхэн устаж байна. Өнөөх ардчилсан сонгууль маань луйврын сонгууль боллоо. Хэн мөнгөтэй нь “намын жагсаалт” гэдэг нэрсийн эхэнд өөрсдийнхөө нэрийг тавьчихаад ард түмнээсээ шууд нууцаар сонгогдолгүй гараад ирдэг боллоо. Гарч ирэнгүүтээ шударга өрсөлдөж ялсан нөхдийнхөө толгой дээгүүр харайгаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд болчихдог. Бас УИХ-ын гишүүнийг ард түмэн биш, шүүх сонгодог болов. Сонгуулийн ерөнхий хороо нь нэг намын дуулгавартай зарц боллоо. Арай дэндэж байгаа биз? Би түрүүн З.Энхболд, Д.Сугар хоёрыг “хар хэрээ” гэж зүйрлэсэн. З.Энхболд бол бүр харын хар нь юм шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсээр байгаад бараг мартагдах шахсан их “нүгэл” бий. Оросын байгууллагуудын орхиод явсан угсармал орон сууцыг авч баяжсан анхны саятан. Төрийн өмчийн хорооны дарга байхдаа “Мах импекс”, “Алтан тариа”, “Спирт бал бурам” зэрэг асар олон том аж ахуйн нэгжийг үнэгүйдүүлэн хувьчилж АН, МСДН-ын лидерүүдэд бараг бэлэглэчихсэн байдаг юм. Ганцхан жишээ авахад “Мах импекс” гэдэг маань Монголын толгой том компани. 20 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь Төрийн өмчийн хорооны дарга байхдаа З.Энхболд зориуд үнэгүйдүүлэн, одоо энэ сайд байгаа Х.Баттулгадаа хоёр тэрбумаар хувьчлаад өгчихсөн байдаг юм. Төрийн өмчийн хороо, тухайлбал З.Энхболдын хайр хишгээр дэлхий даамгүй баяжсан тэрбумтнууд нь саяын сонгуулиар зүгээр л “мөнгөн олбог” дээр өргөөд гаргаад ирлээ шүү дээ. Энэ хуйвалдааны дэргэд МИАТ-ийн, “татварынхны” гээд байгаа хэрэг чинь юу юм бэ?

 

Энд хамгийн ноцтой нэг зүйл бий. 2012 оны сонгуулиар Ардчилсан намын удирдлагын хэсэг бүлэг хүний толгойны өвчин болж байсан зүйл бол З.Энхболдыг яаж УИХ-ын дарга болгох вэ, яаж ачийг нь хариулах вэ гэсэн бодол байв. УИХ- ын анхдугаар чуулганд МАН, МАХН, МҮАН, ИЗНН, хувиараа нэр дэвшигчид бүгд л оролцох бодолтой байсан. Хууль ёсоор МАН-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл чуулганыг нээж УИХ- ын даргыг сонгох асуудал хэлэлцэх байв. Энэ чуулган хамгийн “халуун” чуулган болох байлаа. Мэдээж эвсэл З.Энхболдын нэрийг дэвшүүлнэ. Тэгэхтэй нь зэрэг МАН-ынхан З.Энхболдын энэ бүх хэрэг явдлыг дэлгэж тавиад УИХ-ын даргад сонгохоос татгалзах байсан юм билээ. Унах магадлал их байж. Иймээс Ардчилсан намынхан МАН-ын аль эрт зарлагдсан бага хуралтай нь давхардуулан анхдугаар чуулганыг хуралдуулсан. Мэдээж МАН-ынхан Бага хуралдаа л сууна шүү дээ. Хуйвалдаанаар хугацаагүй зарлаж байгаа УИХ-ын чуулганд суухгүй нь мэдээж. Тэгтэл хамгийн настай гишүүн Д.Дэмбэрэл чуулган нээж удирдах хуультай. Энэ үед хууль ч хамаагүй болсон. Эвслийн хоёр дахь өндөр настан Л.Цогоор чуулганыг нээлгэж удирдуулаад, УИХ-ын дэд дарга суудлаар шагнаж байгаа юм. Цог ч Цог доо. Монгол Улсын хууль зөрчиж, би чуулган нээхгүй гэж болох л байсан шүү дээ. Би Л.Цогийг Хууль зүйн сайд байхаас нь сайн таньж мэддэг, овоо шударга залуу гэж бодож явсан. Өмнө сайд болонгуутаа С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж хэчнээн зүтгэж байлаа. Хугацаа нь даанч богинодсон. Тэгтэл өнөөдөр экс Хууль зүйн сайд маань УИХ-ын дэд даргын суудалд шунан, хуулин дээгүүрээ гишгээд явж байдаг, мөн таарав аа? Ийм хуйвалдааны дэргэдүүр цөөнх маань толгой хаялаад л өнгөрөөд байх хэрэг үү?
Цөөнхийн хүчтэй эсэргүүцвэл зохих нөгөө нэг зүйл бий. Энэ бол эзэн Чингисийнхээ нэрийг барьж олон улсаас гуйлга гуйсан БОНД гэгч өрийн бичиг. Н.Алтанхуягийн Засгийн газар тавхан сарын дотор таван тэрбум ам.доллар буюу долоон их наяд төгрөг \ манай улсын нэг жилийн төсөв\ -ийн өр тавьчихаад байхад цөөнх юун саруулхан дотортой явна даа. Цаана чинь та нар байтугай ард түмэн бухимдаж, “боож үхчих” гэж байна. Би эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ Монголын тэргүүний гэхээр эдийн засагчид, санхүүгийн мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцож явна. Олон улсын бонд гэдгийг чинь ингэж тэнгэр ширтэж байгаад улсаа барьцаалаад авчихдаггүй юм гэнэ. Олон улсын жишиг, туршлагаас үзвэл хамгийн амин чухал хойшлуулшгүй их бүтээн байгуулалтын ажилдаа, маргааш нь ашгаа өгч байхаар бодож авдаг юм байна. Урьдчилаад авчихсан 1.5 тэрбум ам.долларынх нь хүүний өр одоо хоёр сар өнгөрөхөд 60 цэцэрлэг барих хөрөнгө болжээ. Энэ тухай эрхэм дээдэс ам ангайх тун дургүй байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газар, Монголбанктай менежментийн гэрээ гэгч юм хийгээд аргалж байгаа бололтой юм яриад байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бондын тухай зурагтаар ярьж байна аа. Би ч мунхаг болоод ойлгодоггүй юм. Хүмүүс “Ардчилсан намд ч сайн эдийн засагчид олон бий дээ. Нямжавын Батбаяраас өөр “орчуулгагүй” ярьчихдаг, дөмөгхөн мэдлэгтэй сайд олдоогүй юм байх даа” гэцгээж байна билээ. 1.5 тэрбум ам.доллараа нууцаар хувааж, зургаан аймгийг холбосон хар зам, уурхайнуудын дэргэд бэсрэг цахилгаан станц, арьс шир ноос ноолуурын үйлдвэрийг дэмжих гэхчилэн аар саархан баахан зүйлд цацаж үнэгүйдүүлээд, дундаас нь хэдэн тэрбумтан сайд зооглох гэж шуудай сав, халбага сэрээгээ бэлдчихээд байгаа юм уу даа гэж би ойлгож байгаа. Хайран мөнгө. Зургаан аймгийг холбох засмал зам чинь хамгийн ойрхноос төв замд холбогдчих, бараг л аймгийн төсвөөр хийчих ажил шүү дээ. Бэлтгэлгүй, зураг төсөлгүй, техник эдийн засгийн үндэслэлгүй олон “үлгэр” ярьж тийм их валют оруулж ирэн Монгол Улсаа өрөнд оруулдаг хүмүүс байдаг аа? Өнөөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Эрх зүйн үндсийг нь намрын чуулганаар оруулж хэлэлц”, “Ард түмэндээ ил тод болго” гэсэн үүрэг даалгаврууд хаачсан бэ? УИХ завсарлачихлаа. Чуулганаар хэлэлцсэн үү? Би л олж харсангүй. Ерөнхийлөгчийн үүрэг даалгавар ч үнэ хүндээ алдаа шив дээ. Улсаа барьцаалсан энэ их өрийн тухай цөөнх бас л дуугүй. Арай хуваагаад цохьчихно гэж бодож байгаа юм биш биз дээ.
Ардчиллын үнэт зүйлсийн нэг нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө. Шинэ төр засаг маань ч хэвлэлийн эрх чөлөө рүү ёстой л “хутга” бариад дайрах шив дээ. Шалгана л гэнэ, хаана л гэнэ. Бүр давраад Өвөрхангайн сонины газар, телевизийг гаднаас нь хаагаад хүмүүс нь гурван давхрын цонхоор орж байна билээ. Эрээ цээрээ ч алдаж байна даа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилсон хуулийн төсөл нэг удаа буцав бололтой. Ер нь тэгээд Ардчилсан нам хүчин, түүний хэдэн удирдагчдыг л магтаж дөвийлгөсөн зүйл бичдэг, үзүүлдэг болох нь шив дээ.
Энд би цөөнхөд, МАН-ын удирдлагад хандаж нэг зүйл хэлмээр байна. Би МАН-аас гурав хөөгдсөн ч гэсэн энэ намыг дотроо хүндэтгэж явдаг юм шүү. Яагаад гэвэл Монголын нэгэн үеийн сор болсон хүмүүс энэ намаар дамжиж, хүмүүжиж, хоолоо олж идэж явсан. З.Энхболдын аав ээж ч, миний ах эгч нар ч энэ л намын гишүүн байсан. Үр хойч бид эргээд энэ нам уруу шороо цацах эрхгүй. Миний хувьд энэ намыг тухайн үед удирдаж байсан, миний амь амьдралаар тоглож байсан хүмүүст бол гомдолгүй яахав. Энэ намд, түүний мянга мянган жирийн гишүүдэд би хэзээ ч гомдохгүй. Ингэж бодож явдгийн тул МАН-ын удирдлагад хэлмээр, сануулмаар нэг зүйл байгаа юм. Энэ намыг Монголын их орчуулагч Н.Энхбаяр гэж хүн удирдаж байлаа. Сэтгүүлч, нийтлэлч С.Баяр удирдаж байлаа. Өнөөдөр Монголын нэрт сэтгүүлч Ө.Энхтүвшин намын даргаар ажиллаж байна. Монголын хэвлэлийн туршлагатай инженер Н.Энхболд УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар томилогдсон. Тэгсэн хэр нь олон жил төр барьсан намынх нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнх нь байгаа царайг. Тархай бутархай хэдэн сонин, телевиз,сайтууд, ганц хоёр радио суваг. Энэ сөрөг хүчнүүдийн хүчтэй хэвлэл мэдээллийн эсрэг өрсөлдөхүйц ганц ч зүйл алга даа. Ийм улбагар цөөнхтэй, унхиагүй хэвлэлийн бодлоготойгоор дараа дараагийн сонгуулиудад МАН ялна гэдэгт би итгэхгүй байна. Цаана чинь бараг “шүдээ хүртэл зэвсэглэсэн” хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонгуулийн булхай болгоныг багтаасан программтай санал тоолох машин хүлээж байна. Яах юм? Гараа өргөхөд хүрнэ шүү.
Миний бодлоор бол өрсөлдөхөд нэг номерийн чухал зүйл нь чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл баймаар юм. Уул нь Ардын намын хэвлэл сурталчилгааны багт сонин сэтгүүл, телевиз, радиогийн туршлагатай дайчин эрхлэгчид, редакторууд, сурвалжлагчид үй түмээрээ байна л даа. Даанч намын удирдлага түүнийг зохион байгуулж, ач холбогдол өгөхгүй байна. Төр засгийн эрх барьж байсан энэ том нам ядаж л үндэсний ганц том сонин “Монголын үнэн” сониноо өөд нь татаж, дэмжиж, тусалж, хажуугаар нь өөрийн гэсэн телевиз, радиотай байгаасай гэж боддог л доо. Одоо чинь МҮОНТ, “Улаанбаатар” телевиз бүгд л Ардчилсан намынх болчихсон “бөөлжиж” байна. Ардын намд, удирдлагад нь хаяж цацалсан тэрбумтнууд зөндөө бий шүү дээ. Хүчирхэг, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй бол өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд л ялагдаж “уйлаад” сууцгаана даа. Тэр үед үйл тамаа эдэлж явсан ч үнэн үгтэй ахын чинь хэлсэн үг орой уруу чинь орох болов уу.
Одоо бүр том юм босч ирлээ. Оюутолгойн булхай цухуйх биш, бүр дэлхий нийтийн өмнө дэлгэгдлээ. Энэ чинь хэдэн үеийн Ерөнхий сайд, өнөөх гэрээнд гарын үсэг зурсан гол гурван сайд газар нутгаа, хатуухан хэлбэл улс орноо харийнханд худалдсан хэрэг мандлаа. Хүмүүс үүний цаана авлигын асар том хэрэг бий гэж сэжиглэдэг юм. Ганц баримт авахад л, хамтарсан Засгийн газрын үед 34:66 гэсэн харьцааг УИХ-аар батлалгүй хойшлуулсан шүү дээ. Тэгтэл Оюутолгойн гадаад удирдлагууд “Улсын Их Хурлын гишүүдтэй ганцаарчилж уулзана” гэж зар тараасан. Дараа нь энэ гэрээ техник эдийн засгийн үндэслэл ч үгүй ногоон гэрлээр батлагдчихсан. Хүмүүс бол харийн ноёд УИХ-ын гишүүдэд их хэмжээний хахууль өгөөд батлуулчихлаа гэдэг юм. Зарим хүн гэрээг үзэглэсэн хүмүүст тэрбумаар юмуу, хэдэн зуун саяар ам.доллар атгуулсан байж ч магадгүй л гэдэг юм. Тэр хүмүүс өнөөдөр төр, засгийн эрхэнд сууж байгаа.
Хүчирхэг цөөнх гэдэг чинь “дөртэй-өртэй” Засгийн газраас хамаагүй нэр хүндтэй байдаг юм билээ. 2008 оны сонгуулиар цөөнх болсон Н.Алтанхуягийнхан хувиа бодож С.Баяр, Сү.Батболд хоёрын “өвөрт ороод” хэвтчихэлгүй хүчтэй сөрөг хүчин байсан бол өнөөдөр гуч гаруйхан суудал авч арга ядахдаа Д.Арвинг хүртэл урвуулж тамаа цайхгүй л байсан байх.

 

Миний болон бусдын нүдэнд харагдаад байгаа энэ бузар булхай цөөнхийн нүдэнд харагдмаар даа. Ядаж л ард түмэн маань өлсөж туйлдлаа. Бүх юмны үнийг хөөрөгдсөн хэрнээ “инфляц” гэдэг мануухайгаараа айлган цалин, тэтгэврийг ширхэг зоосоор ч нэмсэнгүй. Нэмэх ч үгүй гэнэ. Энэ ядуурлыг далимдуулаад Н.Алтанхуяг, Б.Эрдэнэбат хоёр Багануурын утаатай, хортой нүүрсийг нийслэлийнхэнд шахаж яаж зовооно вэ? Энэ нүүрсэнд чинь цацрагийн хэмжээ тав дахин их байдаг гэж МУИС-ийн цөмийн физикийн лабораторийн судалгаагаар гаргасан байдаг юм байна. Ийм утаагаар, хороор биднийг утаж байгаа Засгийн газрын тэргүүн, ер нь Засгийн газар тогтнож байх хууль эрх зүйн үндэс бий юу гээд цөөнх л асуудал тавьж баймаар шүү дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд Х.Тэмүүжин нарын татдаг, томилдог цагдаа, хуулийнхан байгаа болохоор арга хэмжээ авах нь өнгөрсөн л дөө. Гэхдээ ард түмэнд үнэн үг хүрч баймаар байна.
Би сурвалжлагчийн хувьд олон хүнтэй уулзаж явна. Олон түмэн, энэ хүчирхийлэл, дарангуйллын төр засгаас залхсан байна. “Төрийн гурван өндөрлөг гурвуулаа нэг намынх болбол дарангуйлал тогтдог юм байна. Өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас л биш бол “чөтгөрийг ч гэсэн дэмжинэ” гэцгээж байх юм. Цөөнх тэгэхэд дуугүй, “чөдөртэйгөө” уяан дээр зогсоно. Болгоотугай.

Г.ЖАМЪЯН
/Соёлын гавьяат зүтгэлтэн/


URL:

Сэтгэгдэл бичих