Үндэсний баатрыг үзэгдэхгүй болтол жижигрүүлэхийг оролдож байна

e535c255d14c9805originalМонголчууд Мянганы түүхэн тэмцлийн уламжлалтай. Олон эх оронч, домогт баатрыг төрүүлсэн юм. Түүний дотор үндэсний баатар Д.Сүхбаатар зүй ёсоор орох буй за. 1921 оны Ардын хувьсгал бол Монгол орон орших, эс оршихын ирмэг дээр тулж очсон түүхэн чухал цаг мөч бөлгөө. Тэр түүхэн нөхцөлд Бодоо, Данзан нарын эхлэн үүсгэсэн нууц бүлгэм нэгдэж гадаад хүчний тус дэмжлэг нөлөөгөөр түүхэн ялалт байгуулжээ. Энэ бол гол үүсгэгч хоёр тархи, толгой нь. Харин урьд өмнө дайны утаа үнэр, гашуун нясууныг туулж үзсэн хорин хэдэн настай залуу хөвгүүн Д.Сүхбаатарыг ардын журамт цэрэг үүсгэн удирдах жанжинд тохоон томилсноор ялалтыг хангаж, үндсэн үүргийг гүйцэтгэгч нэгэн болсон юм. Үүсгэсэн хоёрыг тийнхүү үнэлж үзвэл Д.Сүхбаатар зүтгэх хүч /локомотив/, хөдлөх мотор, зүрх нь ажээ. Иймээс ард олны дунд бусдаас илүү домогшин алдаршсан Д.Сүхбаатар бол үндэсний баатар, хувьсгалын удирдагчдын нэг мөн. Түүхэнд хэн нэг нь өөдөө, эсвэл уруу үнэлэгдэн өөрчлөгдөх байдаг л юм. Дулдуйтын Данзанравжааг тухайн цагт нь “галзуу” гэж байсан. Гэвч тэрбээр цаглашгүй их соён гэгээрүүлэгч бөлгөө. Сүүлийн жилүүдэд Д.Сүхбаатарыг судалдаг эрдэмтэд гээч гарч, дэндүү хүний нүнжиггүй гүтгэн доромжилж, нэг л бүтэлгүй бусгал эр мэт хамаг муу үгээр хэлж, муу бүхнийг түүнд овоолж байх нь хачирхалтай. Иймээс тэдний үзэл баримтлалыг няцаах хэдэн арван баримт сэлтийг гарган маргаж болох боловч зөвхөн гурван зүйлээр өгүүлье.
Эн тэргүүнээ түүнийг гарал үүслээр нь дайран гадуурхаж Өвөр Монголоос ирсэн барга буюу буриад гэнэ. Тэрбээр өөрөө Хайс овогт хэмээн биеийн байцаалдаа бичсэн. Үүгээр нь барга гэж байгаа юм байх. Барга байхад юу нь муу гэж? Монгол угсаатны л нэг хэсэг. Д.Сүхбаатарын эцэг, өвөг үе үеэрээ Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууных. Эдүгээ Монгол Улсын гавьяат багш С.Лувсанноровын “Монголын цэргийн нэрт жанжин Дамдины Сүхбаатарын ураг төрлийнхөн” ном 2010 онд хэвлэгдсэнийг сөхөн үзвэл эцэг Дамдин хайс, эх Ханджав хэрэйд, тэдний ахан дүүс элгэн саднаас төрж өссөн хүмүүсийг нарийвчлан бүртгэн гаргажээ. Хууччуул Хайс овог баргын нутагт байдаг болов уу гэж таамаглан хэлж байсан. Барга бол өнөөгийн Өвөр Монголын том аймаг. Буриадын нутагт “Монголын нууц товчоон”-д дурдсанаар Байгаль далайгаас зүүн хойгуур оршин нутагладаг Баргужин төхөм буюу Баргузин аймаг буй. Ийнхүү хоёр томоохон иргэншил байна. Эд монголчуудын эртний угсаа уламжлал нэгтэн буюу. Дурдсан ураг төрлийнхөн номд цагаан дээлт Дамдины өмнөх гурван үе: Өвөг эцэг Төгөө (1837-1889), өндөр эцэг Элбэг (1815-1851), элэнц Бор хэмээх Тогос (1790-), хуланц Алтангэрэл (1760-аад) хэмээн дурдагдаад, тэдний үр хүүхэд удмыг тодорхойлон гаргажээ. Үүнээс үзвэл Д.Сүхбаатарыг мэндлэхээс өмнө зуу гаруй жил Ёст бэйсийн нутгийн албат байжээ. Түүнээс өмнөх хэчнээн үе дамжин оршин амьдарч байсныг нь мэдэгдээгүй болов уу.
1997 онд хэвлэгдсэн «Ар монголын аймаг хушуу. Сумдын нутаг түүний овог», 1998 онд хэвлэгдсэн “Монголын овгийн лавлах” номуудаас хайсу-хайсу овгийн талаар мэдээ хайж үзэхэд энэхүү овог нь Монгол Улсын аймаг сум дотроос зөвхөн… гэсэн интернэтээр гаргасан архивын мэдээ байна. Нэрт эрдэмтэн археологич Хөдөөгийн Пэрлээгийн таван боть “Бүтээлийн чуулган”-ы 2-ын 193 дахь талд Үйзэн гүн, Гадин засгийн хоёр хошууны 22 овог дотор Хайсу овог дурдагджээ. Мөн энд «О.Пүрэв Хайсу овог Буриад монголын хуасай-хоасай гэх гарал үүслийн хувьд холбогдох ёсгүй» гэжээ. Үүний хамт Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн 1922 оны хүн ам хөрөнгийн данс, сайд Д.Сүхбаатарын өрх ам бүл хөрөнгийн цэс байна. 24 дүгээр зүйлийн 16-д «Сэцэн хан аймгийн Ёст бээж Доржжавын хошууны бүх хүний нэр овог, нас, өрх ам малын тодорхойлсон бүртгэлийг гаргажээ. Үүнд: сайд жанжин Сүхбаатар-ургийн овог хайс, нас 28. Өрх гурав. Лам Дэндэв, хар Эрэнчин хөвгүүн Төмөр, эх Ханджав, ноёхон Янжин, хүүхэн Мандал, Долгор, Оюун. Эдгээр есөн ам адуу 11, үхэр 10, хонь 10 хөрөнгөтэй болохыг бүртгэлд тэмдэглэсэн аж» хэмээнэ. Энэ дотор харсаар байтал үг үсгийн алдаа хэд хэд байна. Бээж-бэйс, Эрэнчин-Аранжин, Янжин-Янжмаа гэх мэт. Бас Дэндэв Аранжин хоёрын лам харыг сольсон. Хүү Төмөр хэнийх нь хүүхэд юм бэ. Бид бүхний мэддэг Галсан алга. Энэ хавийн интернэт бичлэгт “Д.Сүхбаатар Монгол- манжийн хайси аймгийн хүн” гэсэн эх мухаргүй үг үзэгдэх юм. Ямар нэг гарчиг юм уу гэхэд унших, үргэлжлэх юмгүй. Ийнхүү Д.Сүхбаатарын гарвал, үүслийг «судлах» их авд мордсон байх юм. Хайс гэсэн үг, нэр овог хаана ч байж болох. Юуны тулд энэ эрэл хайгуулд хатаж сарьсилна вэ. Монгол биш болгох гэж ядаад байгаа юм уу. Биш болог л доо. Тэгээд яах гэж Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн гарамгай баатар хөвгүүн. Өнөөдрийн газар дээрх диваажин АНУ-ын Ерөнхийлөгч негр угсааны хар арьст хүн байж л байна. Тэглээ гээд тэр улс орон өөр болсон юм алга. Гэтэл сүүлдээ эдгээр “судлаачид” бүр давраад “хятад” гэлцэх болжээ.
http: //www.monkey(news)2252/ read гэсэн түлхүүртэй Баабарын бичсэн МАХН хэрхэн бий болов (2) МАН байгуулагдав гэсэн томоохон өгүүлэлд: «Тухайн үед хятад, монгол, орос хүнийг хорих шорон, суух газар, тэр байтугай оршуулах газар тус тусдаа байдаг байлаа. Тухайбал, одоогийн Алтан- Өлгий гээд байгаа нь тэр үед хятадын хүүр хаях газар байсан, түүний наахна орос оршуулгын газартай Богдоос зүгийн муу зүүн хойшоо гэж хятад орос иргэдэд энэ газрыг зааж өгсөн ба монгол хүнийг Далан давхар хэмээх ээвэр газар тавьдаг байж. Хожим Дамдинг нас барахад мөнөөх хятад оршуулгын газар тавьсан, харин хүү Сүхбаатарыг нь нас барахад Ренчино санал гарган эцгийнх нь дэргэд оршуулжээ. Бүр хожим нас барснаасаа олон жилийн дараа Сүхбаатар Монголын ард түмний удирдагчаар тодроход түүний оршуулсан газрыг нам төрийн удирдагчдыг хөдөөлүүлэх тусгай бүс болгон хувиргажээ» гэж бичжээ. Баабарын энэ өгүүлэл МАН байгуулагдсан тухай 2-4 гэсэн хэсгүүдтэй томоохон цуврал нийтлэл болой. Харин нэг дэх нь энэхүү интернэтийн мэдээнд байхгүй. Баабарын шавь нар эндээс иш татаж, М.Жудаг, Б.Цэнддоо нар мөн ийнхүү дурдаж, олон юманд гэрч татсан байна.
Баабар бээр их ном уншиж, цээжилсэн юм арвин, түүнээ эх адаггүй гоожуурын ус шиг урсгадаг өөрийн нь байнга хэлж бичдэгээр “ланжгар” толгой л доо. Гэхдээ Баабарын бичсэн боть боть номонд ишлэл, зүүлт, тайлбар байдаггүй нь буух эзэн, буцах зам үгүй, нотолгоо баримтгүй л гэсэн үг. «Нотолгоо баримт үнэнийг шаарддаг» гэсэн гарчигтай өгүүллийг “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлийн 1990 он, № 5-д миний бие бичиж, “Намын дарга та андуурчээ” гэж сануулж байсан санагдана. Миний сануулга танд ямар хамаа, та ланжгар том хүн, би өчүүхэн өт хорхой.
Энэ үгийг яагаад бичих болов оо гэвэл «Гэтэл далаад оны сүүлчээр “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүл дээр миний үзсэн америк гэсэн ланжгар юм (өгүүлэл, сурвалжлага, замын тэмдэглэл алин болохыг ойлгосонгүй) гараад ирэх нь тэр. Мэдээж мань Баасансүрэнгийнх! Баасансүрэнгийн үзсэн Америк гэдэг маань цул хараал байлаа» гэж Монголын социал демократ намын “Үг” сонин 1990 оны № 3 (5)-ын 4-5 дахь нүүрэнд «Шилмэл загвар буюу цатгалан яваа» гэсэн гарчигтай Баабарын өгүүлэл гарсан юм. Тэр нь нэрт сэтгүүлч, эрдэмтэн Т.Баасансүрэнг гоочилж оролдох гээд физикч эрдэмтэн О.Баасансүрэнг андуурч гөрдөөд хаячихсан хэрэг. Ийн хоёр хүний нэрийг андуурахаас гадна 1990 онд бичсэнийг 70-аад онд бичсэн гэх зэргээр харах нүднийхээ ил, гарынхаа алган дээр байгааг андуурч эндүүрдэг юм чинь хөлгүй далай шиг түүхэнд хутгаж холион бантан хийлгүй яахав дээ. Тэгэхлээр хаа урьд хожидын хятадын оршуулгын газрыг хольж солих ч энүүхэнд, зүгийн муу зүүн хойно нь хаана ч байгаа юм бэ. Лав л Алтан-Өлгий биш нь мэдээж. Тэр цагийн Б.Цэрэндорж тэргүүтэй нэр бүхий томчуул жанжнаа хятадын оршуулгын газар аваачаад тавьчихгүйгээ мэдэхтэй.
Дараагийн нэг зүйл, Дамдиных ядуу дорд бус тэнхрүүн чинээлэг айл байсан гэнэ. 2011 оны эхний саруудад Сүхбаатарын хөшөөг шинэтгэн байгуулах үеийн суртал нэвтрүүлгийн гүтгэлэг, гуйвуулгын кампанит явууллагад телевизийн сувгаар түүний 18-19 болов уу гэмээр насандаа өргөн бүс ороож шавсан дээл, хув тоорцог малгайтай хүрээ маягаар авахуулсан гэрэл зургийг харуулан ийнхүү ярьж, бас бус сонинд бичиж байв. Ядуу л гэвэл эдгээр “судлаач”-дад нүцгэн шалдан юм уу эсвэл уранхай ноорхой хувцастай харагдаж байх ёстой юм биз дээ. Тэр зураг бол “Дамдины Сүхбаатар” зургийн 1980 оны цомнолд Д.Сүхбаатар Нийслэл хүрээ, 1912 он гэсэн тайлбартай байдаг юм. Энэ зурагт торго, хамба бус жирийн л цайвардуу өнгийн нударгатай дээл харагдана. Өөрөө бол аргагүй л цог золбоотой цовоо сэргэлэн залуу. Шинэ дээл хийлгэж өмсөөд зургаа татуулж гэхээс өөр илүү үзээд баймаар харагдахгүй л байна. Харин таван жилийн дараа Янжмаатайгаа хамт авахуулсан зураг бол өөр. Эхнэрийн дээл хувцас, үсний зүүлт, хантааз, малгай зэрэг нь хүрээ ганган хүүхэн гэж болохоор. Сүхбаатар өөрөө гозгор оройтой отго жинстэй малгай, энгийн цайвардуу дээлтэй аж. Энэ зургаас нь одоогийн 10т-100-тын монгол төгрөг (цаасан) дээр загвар авч зурж тавьсан юм болов уу хэмээлтэй.
Ахмад багш Жудаг хэмээгч интернэтэд Сүхбаатарын эцэг шоронгийн хуяг төдий байгаагүй бүр даамал ерөнхий захирагч байсан, тиймээс ч Жамъян гүнтэй сүрхий дотно түншийн харилцаатай байж, тэгээд Дамдинд найр тавьж, ухаандаа долигонож хүүд нь бичиг ном заасан гэх агуулгатай өгүүлэл нийтлүүлсэн. Харин Баабар энэ тухай «Тэр үед хятад хорооллыг Маймаачин гэдэг байсан, одоогийнхоор бол Чайна таун юм. Дамдин нутгийнхнаа бараадан одоогийн Амгаланд суурьшиж, хэрэгт орсон хятад иргэнийг суулгадаг тусгай шоронд хуягийн ажил хийж байжээ» гэж интернэтийн өгүүлэлд арай даруухнаар дурджээ. Гэхдээ өнөөх «хятад» болгох үмхий үгээ хавчуулаад авчээ. Хятад таун чинь ганц маймаачин биш, Гандангийн зүүн хүр дор хятадын алдартай есөн гудамж, Гэсэр сүм урдуур нь хятадын өргөн чөлөө өмнөд талд нь хятад сиянз (соёлын төв) залгаад урагш хятад хороо гудамж, хятадын гар урчууд, баруун зах хэмээх хятад худалдаа, дэлгүүр мухлаг гуанз пиг байдаг байлаа.
Дараагийн нэгэн зүйл, Сүхбаатарын эсрэг нео үзэл сурталчид мөрийтэй тоглодог, нэг л бүтэлгүй этгээд байснаар сурталчлах болсон. Баабар мөнөөх интернэт (2) номлолдоо «Гэмтэй тал нь мөрийтэй тоглоомд нэлээд автсан нэгэн. Орос явах зардлаа оройд нь мөрийд өгчихөөд дагавар хүү, эхнэр хоёроо өвөл ойртож байхад айлын амбаарт үлдээгээд гэрээ зарж зардлаа эгүүлж авч байсныг бодоход нэлээд гуль гудиггүй нэгэн байсан бололтой» хэмээжээ. Багшийнхаа энэ номлолыг мөрдөж ярьдаг, бичдэгчүүд тоо баримт тодотголтойгоор нэмж чимж ярьж бичсэн буй. Зурагтаар бүр энэ тухай баримт үзүүлээд ярьж байв.
Миний бие 2012 оны зургадугаар сард Үндэсний түүхийн архивын даргад хар сурталчдын үзүүлж харуулж ярьж, бичдэг Сүхбаатарын өр шир, тоо баримт үнэн үү. Үнэн бол тодорхойлж өгнө үү хэмээн хүсч өргөдөл бичиж өгөв. Архивын даргын цохолтоор хариуцлагатай ажилтан Дэлгэрмаа, Хүрэлжав нар над «Тийм юм байхгүй» гэхэд нь «Зурагтаар архивын баримт гэж үзүүлж харуулаад ярьдаг юу вэ? Танайхаас авсан юм биш үү?» гэж мөчөөрхвөөс «Худал. Манайхаас л өгсөн, авсан юм байхгүй» гэж энд арваас доошгүй жил ажилласан тэдгээр мэргэжлийн архивчид хариу өглөө. Архив гэдэг байгууллага ямар журамтай дэгтэйг 1962-1993 онд эндэхийн идэвхтэй уншигч байсны хувьд би мэднэ. Бичиг харааг тийм ч амархан гадагш гаргахгүй, дээд газрын хэрэгцээ, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний зорилгоор акт магадлагаатай гаргах учир бий байх. Ингэхлээр худал болж таарч байна. Өнөөдрийн цахим техник хөгжсөн үед юуг ч юу болгон харуулж болно.
Мөрийтэй тоглоомын домог зохиогчид эхнэр Янжмаа СССР-ийн Ардын жүжигчин Л.Н.Свердлин хоёрыг гөрдөн «баримт» хэмээн ярьж бичиж байгаа нь дэндүү. Тэдний ярьж байгаагаар Л.Н.Свердлин Янжмаагаас нөхөр чинь юунд их хорхойтой (хобби) вэ? гэж асуухад нь Янжмаа мөрийтэй тоглоомд гэж хариулж гэнэ. Тэгээд л Свердлин зах дээр Сүхбаатар хүмүүстэй мөрийцөн хуалаад ташуурдаж, ташуурдуулж байгааг “Сүхбаатар” кинонд үзүүлсэн гэнэ дээ. Их мөрийтэй тоглов оо! Хуа хэмээх таван хурууны аялгуут наргиа бол айраг ууж, хожигдсоноо айргаар шахан наргидаг монголчуудын уламжлалт цэнгээн. Мөрийтэй тоглоом бол гол төлөв даалуугаар жаа, үүпүү тоглож мөрийцдөг бөгөөд Манжийн захиргааны үед дараа дараачийн үед ч хатуу хориотой, баригдвал 40-100 ташуурдуулж дээрээс нь торгууль авдаг шийтгэлтэй байдаг юм. Архивын материал онгичиж байхад энд тэнд тааралддаг л баримт даа. Та нар хэчнээн мөрөөдөөд Сүхбаатараас тийм «баримт» олж чадахгүй нь гачлантай.
Эцэст нь дурдваас, Нууц бүлгийн доторхи байр суурийн талаар дур зоргоор үнэлж доош оруулах гэсэн санаархал туйлшран дэврэх болсон. Баабар интернэт (2)-д «1920 оны намар Ардын намын долоон нөхөд уван цувсаар хойш хил гарчээ. Энд долоон Ардын нам буюу Консулын бүлгээс удирдагч Бодоо мөн Чагдаржав, Д.Лосол, Зүүн хүрээний бүлгийг төлөөлж удирдагч Данзан, мөн Догсом гэсэн таван хүн оржээ. Эд бүгд нас тогтсон идэр эрс. Бодоо өөрийн туслах Чойбалсанг, Данзан мөн өөрийн залуу туслах Сүхбаатарыг авч явсан байна. Хорин хэдэн настай энэ хоёр залуу ачаа хөсөг татах бие хамгаалах, туслан гүйцэтгэх гээд олон үүрэг хүлээж. Бас Орост сурч байсан Чойбалсангийн хэл ч хэрэгтэй байлаа. Тэр үед ихэс дээдэс язгууртан болон баян чинээлэг улс, мөн алба хаагчид энэ маягийн бараа бологчтой байх нь элбэг, тэднээ морин жолооч, хиа, бараа бологч, дагалдан гэх мэтээр нэрлэдэг байжээ» гэжээ.
Түүхийн үнэнээр бол хэн эхлэн явахаа шодож Данзан, Чойбалсан хоёр таарч, 1920 оны зургадугаар сарын сүүлчээр гарч, Эрхүүд арваад хоногийн дараа очиж Коминтернийн дорнод салбарын төлөөлөгч Борис Шумяцкийд хэрэг зоригоо уламжлан, хариу хүлээж сар хир болсон. Щумяцкийгээс байн байн очиж хариу асуухад та нарын ажил амар биш, яарах явдалгүй. Та нар өөрсдөө амжуулж барахгүй, үр хүүхэд чинь ч гүйцэлдүүлж мэдэх гээд коммунист намын түүхийг залхтал ярьдаг байсан тухай Чойбалсангийн дурсамж байдаг. Тэгтэл хариу өгсөн нь Богдын тамгатай бичиг шаардсан. Энэ нь большевик засаг улаан хувьсгалыг экспортлолоо гэхээс болгоомжилсон явдал болов уу даа. Тэр тамгатай бичиг нь цаашид нэг их хэрэг болсон ч юм уу, үгүй ч юм уу.
Араас нь тэрхүү бичгийг нэлээд ажил явдал болж олж аваад таван нөхөр хоёр хуваагдан найман сарын эхээр уван цуван гарч Эрхүүд хоёр хэсэг хоорондоо ойрхон зайтай очиж долуул болсон түүх бий. Энэ бол “Монгол ардын намын анх үүсэж байгуулагдсан товч түүх” (Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид)-нд байдаг бөгөөд бусад түүх дурсамжид тохиолддогийг “Мулгуу” гэж хочлуулсан гадаад, дотоодын түүхчид баримталсаар ирсэн.
Ийнхүү ард түмний эрхэм хүндэт үндэсний баатрыг томруулдаг шилээр байтугай бичил харуур / микроскоп/-аар үзэгдэхгүй болтол жижигрүүлэхийг оролдож ядна. Арга барсан амьтдын ажил гэхээс өөр юу гэх вэ. Гэвч уншигч түмэн өөрсдөө цэгнэн үзэх буй за.

Хэл бичгийн ухааны доктор
Б.ӨЛЗИЙСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих