Авлигыг залрууллаа гээд эхэлвэл яана аа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэр бүл дэндүү их мөнгө олоод байна гээд хардсан чинь Авлигатай тэмцэх газрынхан Хөрөнгө орлогын мэдээлэлд алдаа гаргасан байжээ. Уг нь Ерөнхийлөгч 2010 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ “Гэр бүлийн гишүүдийн орлого” гэсэн хэсэгт орлогын дүнг 35.947.200 төгрөг гэж бичсэн байна. Гэтэл авлигатай тэмцэгчид 359.472.000 төгрөг гэж буруу мэдээлжээ.
Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас тийн алдаа гарсан гэх. Хөрөнгө, орлогын талаар ташаа мэдээлсэндээ тэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлцэл өчжээ.
Ерөнхийлөгч өө, Авлигатай тэмцэх газрынхан ажилдаа дэндүү хариуцлагагүй ханддагийн хамгийн тод жишээ энэ шүү дээ. Улсын тэргүүнийхээ мэдүүлгийг андуурч эндүүрэх нь санаатай хэрэг гэхээс яах вэ. Энэ байгууллагын “том” дарга нь саатуулагдаж, “жижиг”дарга нарын зарим нь биенийгээ тагнаж, чагнасан хэргээр байцаагдан шалгагдаж байхад үлдсэн нөхөд нь санаатай, санамсаргүйн хооронд мэдүүлэг зөрүүлж мэдээлэх нь ямар учиртай хэрэг вэ. Ажиглагчид бол алдаа гаргах эрхгүй АТГ-ынхан Ерөнхийлөгчөөр оролдож эхэллээ гэж үзэж байна.
Учир нь Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болоод удаагүй байхдаа АТГ-ын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулсан нь энэ байгууллагынхны дургүйг хүргэсэн байж мэдэх гэнэ. Хэрэв Ерөнхийлөгчийг “өдөөгүй” гэвэл тэргүүн хатагтай Х.Болормааг оролдохын хэрэг юу билээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг төрийн хэрэгт оролцлоо гэдэг. Барин, тавин мэдээлэл ор үндэсгүйг олон хэвлэл бичиж байсан. Одоогийн Ерөнхий сайд Сү.Батболдын эхнэр Х.Отгонтуяаг мөн л нөхрийнхөө алба ажилд далдаас оролцож байгаа мэдээлэл чих дэлсэж байна.
Бүр фракц байгуулаад, ивээлд нь багтсан эмэгтэй улстөрчид дэлгүүр хэсэхэд хамт явж гутлыг нь сонголцсон гэцгээх болж. Харин Ерөнхийлөгчийн гэргий Х.Болормаагийн хувьд олны чих дэлдийлгэх онц мэдээлэл дуулддаггүй. Тиймээс л энэ авлигатай тэмцэгчид Х.Болормаагийн орлогыг нэмж бичсэн шигээ оролдож эхлэв бололтой. Тиймгүй байтлаа төрийн өндөр албан тушаалтай 250 хүнээс зөвхөн нэгийг, тэр дундаа Ерөнхийлөгчийн гэр бүлийн орлогыг санаандгүй нэмж бичнэ гэж үү.
Хэрэв санамсаргүй алдаа гэвэл ахиад хэний ч хөрөнгө, орлогыг нэмж хасаад бичсэн байж мэдэх нь ээ. Бүр цаашлаад ХОМ-ын мэдүүлэгтээ “зacвap” нэмсэн авлигатай тэмцэгчид өөрсдийнхөө алдаанд эргүүтээд төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж, ажил албыг нь алдагдуулж явдаг юм биш байгаа даа гэсэн хардлага төрөөд байна. Тийм ч Засаг даргын орлого нэмэгдсэн, ийм ч төрийн албан хаагчийн хөрөнгө мэдүүлэгдээгүй гээд сүрхий шалгалт хийж байгаа дуулддаг. Гэтэл өнөөдрийн жишээгээр бол ХОМ-д АТГ-ынхан хайнга хандчихаад, дараа нь ажил хийсэн болж харагдах гээд төрийн албан тушаалтныг шалгаж, мөрдөн байцаадаг байж болох нь байна. Магадгүй маргааш нь “Таны авлигын хэргийг залрууллаа” гээд зарлал гаргаад ирвэл гайхаад байх ч хэрэг алга.
Б.Алтантуул
Нийгмийн толь
URL: