Буяныг гаргана бузрыг оруулна

Гаалийн байгууллага сайтдаа өнгөрөгч онд илрүүлсэн зөрчлийн тоог хүснэгтээр тавьжээ. Тэрхүү мэдээллээс харвал гаалийн 3241 хэрэг зөрчил өнгөрөгч онд бүртгэгдсэн байна. Үүнээс 52-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд үлдсэнийг нь захиргааны хэргийн зөрчил хэмээжээ. Мөн Шалгалтаар гаалийн улсын байцаагч нарын нийт захиргааны хэрэг бүртгэлт явуулсан материалыг нэг бүрчлэн хянахад Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбар хуулиудыг буруу хэрэглэсэн, хүчингүй болсон хуулиудыг хэрэглэж захиргааны шийтгэл ногдуулсан байж. Мөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчилд захиргааны хэрэг бүртгэлт явуулж захиргааны шийтгэл ногдуулсан байжээ. Захиргааны хариуцлагын тухай, Гаалийн тухай хууль болон, хуульд нийцүүлэн, дагаж мөрдөгдөхөөр тогтоосон шаардлага, стандартуудыг ч багагүй зөрчсөн байна.
энэ үзүүлэлтээр бол Замын- Үүд, Сэлэнгэ, Улаанбаатар, Буянт-Ухаагийн гааль дээр хэрэг зөрчил хамгийн их гарчээ. Дээрх тоо мэдээнээс жилийн жилд гаалийн хэрэг зөрчил нэмэгдэж байна гэсэн ойлголт төрөөд байх юм.
Уншигч та ч гэсэн уг тоог өмнөх жилийнхтэй нь харьцуулаад нэг хараарай. Гаалийн хэрэг зөрчил өссөн үү гэхээс буурсан үзүүлэлт лав харагдахгүй. Зарим иргэн бол үүнийг шууд өнөөгийн гаалийн байцаагч нарын ёс зүй, шударга байдалтай холбон тайлбарлах юм билээ. Яагаад гэвэл, өнгөрөгч онд гаалийн нэр бүхий ажилтнууд бүрдүүлэлтийг хуурамчаар хийж, их хэмжээний самар хилээр гаргах гэж байсныг цагдаагийнхан илрүүлсэн. Замын-Үүдэд гаалийнхан албан үүрэгтээ хайнга хандаж, “Гүний гаалийн бүрдүүлэлттэй” хэмээн хэн нэгний хэлсэнд үндэслэн шалгалт хийгээгүйгээс Монгол Улсын эдийн засагт их хэмжээний буюу зах зээлийн ханшаар дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байгаа юм. Уг хэргийг одоо ч хууль хяналтын байгууллага шалгасаар. Мөн Дархан- Уул аймгийн Гаалийн газрын ажилтнууд БНСУ- аас автомашин оруулж ирдэг иргэнээс их хэмжээний авлига авч бензин хөдөлгүүртэй автомашинуудыг нь хийн буюу газан хөдөлгүүртэй болгон өөрчилж онцгой албан татварыг аваагүй гэх хэрэгт холбогдсон гээд олон жишээг дурдаж болохоор байна. Үүнээс гадна Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэх явдал үе үе гарах болсон. Улмаар хар тамхины хэрэг шинэ төрлийнх ч байхаа болив. Үүнд хил гаалийнхан ч багагүй буруутай санагдана. Хар тамхийг хилээр оруулахгүй гэж л гаалийн байцаагч нар хяналт тавьдаг. Тийм атал энэ төрлийн хэрэг Монголд өссөөр л… Цагдаагийнхан голчлон хар тамхийг оруулж ирсэн хойно нь илрүүлээд байгаа. Ер нь гаалийн байцаагч болчихвол баяжина, авлига авдаг, хүнд сурталтай, танил талдаа үйлчилдэг гэх мэдээлэл их бий. Хууль хяналтынхан мэдээллийг шалгахад ортой л байдаг. Тухайлбал, нийслэл дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Даваа, Л.Эрдэнэчимэг нар иргэдээс авлига авсан хэргээр шүүхийн хаалга татаж шийтгэл хүлээж байсан удаатай.
Цаашлаад Монголын баялаг хууль бусаар хилээр гараад байгаа нь мөн л гаалийнхны үйл ажиллагаа муу байгаатай холбоотой. Алт бол манай орны газрын доорхи баялаг. Энэхүү үнэт металлыг зөв эргэлтэд оруулбал Монголын иргэд орлоготой, баялагтай баян амьдрах юм. Гэтэл гаальд нөлөө бүхий хэн нэг эрхтэн дархтанаар араа хамгаалуулсан гаднын доншуур нөхөд манай алтыг хууль бусаар гадагш зөөсөөр байгаа билээ. Гаалийнхан энэ төрлийн хэргийг бараг илрүүлж чаддаггүй. Хааяахан тагнуул, эрүүгийн цагдаагийн ажилтнууд энэ төрлийн хэргийг илрүүлдэг гэхэд хилсдэхгүй биз. Иргэд ч сонин хэвлэлээс алт гаргасан тухай мэдээллийг олонтаа олж харсан байх. Гаалийн хяналт сул, ажилтнуудын хайнга байдал нь гэмт этгээдүүд боломж олгоод байгаа нь нууц биш. Тухайлбал, Замын-Үүд боомтын хилээр Монгол Улсын иргэн А СҮА 75-25 улсын дугаартай “УАЗ- 469” маркийн автомашинд хоёр кг алт нууж гаргахыг завдсан хэрэг гарч байсан. Үүнээс гадна Өмнөговь аймгийн Гашуун- Сухайтын хилийн боомтоор тусгай тоноглосон ӨМА 14- 35 гэсэн улсын дугаартай “УАЗ-469” машин нууцаар алт тээвэрлэн улсын хилээр гаргах гэж байсныг хуулийн байгууллагынхан илрүүлсэн. Улсын хилээр гаргах гэж байсан алт 10.9 кг жинтэй байсан бөгөөд Монголбанкны өнөөгийн ханшаар тооцвол нийт өртөг нь 600 сая гаруй төгрөг болох юм. Энэ мэтээр гаалийн байцаагч нар хариуцлагагүй, албан ажлаа урвуулан ашигласаар байгаа учраас иргэд болж өгвөл хууль тогтоомжийг зөрчих гээд байдаг болж. Угтаа бол гаалийнхан буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байх учиртай. Гэтэл өнөөдөр хил гаалийнхан маань гол уриагаа “Буяныг гаргана, бузрыг оруулна” гээд хөрвүүлээд ойлгочихсон бололтой.
Энэ нь дараах ьшалгалтаар нотлогдож байх шиг. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Ховдын гаалийн газрын улсын байцаагч нараас өнгөрсөн 2012 онд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан материалуудыг татаж уг үйл ажиллагаа зохих хууль, журамд нийцэж буй эсэхийг шалгасан байна. Шалгалтаар гаалийн улсын байцаагч нарын нийт захиргааны хэрэг бүртгэлт явуулсан материалыг нэг бүрчлэн хянахад Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбар хуулиудыг буруу хэрэглэсэн, хүчингүй болсон хуулиудыг хэрэглэж захиргааны шийтгэл ногдуулсан байж. Мөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчилд захиргааны хэрэг бүртгэлт явуулж захиргааны шийтгэл ногдуулсан байжээ. Захиргааны хариуцлагын тухай, Гаалийн тухай хууль болон, хуульд нийцүүлэн, дагаж мөрдөгдөхөөр тогтоосон шаардлага, стандартуудыг ч багагүй зөрчсөн байна. Үүнээс гадна Сангийн сайдын 1993 оны 112 дугаар тушаалаар баталсан Шийтгэвэр торгуулийн хуудас, түүнийг хэрэглэх журмыг зөрчсөн, түүнчлэн нотлох ажиллагааг хангалтгүй явуулдаг, хэрэг бүртгэлтийн материалыг нөхөж бүрдүүлдэг, шийтгэвэр, зөрчлийн тэмдэглэлд зөрчил гаргагчийн гарын үсэг зуруулдаггүй, зөрчил гаргагчид эрх үүргийг нь тайлбарлаж өгдөггүй нь тогтоогджээ. Иймд дээрх зөрчлүүдийг дахин давтан гаргуулахгүй байх үүднээс ажилдаа хариуцлагагүй хандсан гаалийн есөн байцаагчид зохих хариуцлагыг тооцуулахаар прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.
Д.Тэлмэн

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих