Портер дүүрэн мөнгөний жинхэнэ эзнийг олъё

porter neАвлигатай тэмцэх газрынхан Ш.Бат-Ирээдүй гэгч хүний гэрээс 11 сая ам.доллар илэрүүлэн хураан авчээ. Сураг сонсоход Ш.Бат-Ирээдүй нь “Зэлэм” компанийн захирал аж. Тэрбээр Ашигт малтмалын газрын дарга байхдаа олон тооны лицензийг хууль бусаар олгосон хэмээн буруутгагдан саатуулагдаж, эцэстээ гэм буруутай нь тогтоогдон 6.6 жилийн хорих ялаар шийт-гүүлсэн Д.Батхуягийн хам­саа­тан юм байна. Тухайн үед Авлигатай тэмцэх газрынхан Д.Батхуягийг шалгах явцад Ш.Бат-Ирээдүй холбоотой нь тогтоогдож, түүнийгшалгасан. Улмаар шалгах явцад ийнхүү их хэмжээ ам.доллар илэрчээ.

 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Ш.Бат-Ирээдүйг шал­гах явцад “Гэрт нь нэгжлэг хийж, 11 сая ам.доллар байсныг хураан авсан” гэх мэдээлэл дуулдаж эхэлсэн. Түүнийг яллагдагчаар татаж гэрт нь нэгжлэг хийх үед их хэмжээний ам.доллар бус харин их хэмжээний монгол мөнгөн дэвсгэрт, мөн юань байсан тухай баттай эх сурвалж мэдээлсэн байгаа юм. Мөн хууль хяналтын байгууллагынхны таамаглаж буйгаар бизнес эрхэлдэг хүн, ийм хэмжээний мөнгийг гэртэй хадгалж байх боломжтой гэж  үзэж байгаа тухай өгүүлсэн байна. Түүнчлэн зарим эх сурвалжийн хэлж буйгаар “Зэлэм” компанийн захирал Ш.Бат-Ирээдүйн гэрээс олдсон их хэмжээний мөнгийг уг хэрэгт холбогдуулан дахин шалгах ёстой” гэнэ. Учир нь тус компанийн дансаар дамжуулж “Саусгоби Сэндс” компанийнхан мөнгө угаасан байж болзошгүй. Яагаад гэвэл дансыг нь ашиглахын тулд ийм хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Олон хүмүүсийн амьдралаа зал­гуулдаг “Амьжиргаа цагаанд” баг­тахааргүй 11 сая ам.доллартой дүйцхүйц хэмжээний мөнгө болон юанийг гэртээ нууж байсан Ш.Бат-Ирээдүй болон түүний хамсаатан Д.Батхуяг, түүний найз С.Жаргалсайхан, хамтрагч  Л.Даваацогт нарыг хууль бусаар 107 лиценз олгосон хэрэгт буруутган гурван өдрийн турш сүр дуулиантайгаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд шүүж, ял оноосон. Мэдээж хууль бус зүйл хийснийг тогтоож ял шийтгэл оноосон хууль хяналтын байгууллагынхныг сайшаах хэрэгтэй ч аварга том мөсөн уулын зөвхөн өчүүхэн хэсгийг шалгаж тогтоосон. Чамин хийцтэй ширээний ард тухлан суучихаад удирдаж байдаг хүмүүсийг илрүүлээгүй.

“Зэлэм” компанийн захирал Ш.Бат-Ирээдүй бол хамгийн жижиг луйварчин. Түүний дээр Д.Батхуяг бий. Д.Батхуягийн дээр түүнийг Ашигт малтмалын газрын даргаар томилсон эрх мэдэл, албан тушаал өндөр нэг биш нэлээд хэдэн эрхэм бий. Мэдээж Ш.Бат-Ирээдүйн гэрээс олдсон мөнгө түүнийх биш. Жинхэнэ эзэн нь бидний дунд яваа. Үнэн хэрэгтээ манай хууль хяналтын байгууллагынхан гол эздийг нь илрүүлэн хорьчихлоо л гэж бодож байгаа байх. Үнэн хэрэгтээ зүгээр л хамгийн жижиг “гаруудыг” барьсан хэрэг. Харин одоо 11 сая ам.доллартой тэнцэхүйц их хэмжээний мөнгөний жинхэнэ эзнийг олъё.

Портер мөнгийг гэртэй нуусан Ш.Бат-Ирээдүй, лицензийн наймаачин Д.Батхуяг, түүний найз С.Жаргалсайхан, туслах Л.Даваацогт нар бол хөрүүлсэн сүүний хусмыг хүртдэг хүмүүс. Эдгээр хүний булхай эл болсон ч цаана нь суучихаад жинхэнэ өрмийг нь хамаад сууж байдаг хүмүүс нь олны танил улстөрч, за тэгээд хэн ч байж болох.

“Зэлэм” компанийн захирал Ш.Бат-Ирээдүйн гэрээс олдсон 11 сая ам.долларыг арилжааны банкинд хийх ямар ч боломжгүй гэдгийг тэд мэдэж байсан. Учир нь “Амьжиргаа цагаанд” багтахааргүй тийм их мөнгийг арилжааны банкинд хад­галуулбал нэгдүгээрт тоолох үйл ажиллагаанд цаг хугацаа маш их орохоос гадна харуул хамгаалалт гээд бөөн сүр дуулиан болох нь дамжиггүй. Хоёрдугаарт хууль бус мөнгө болохоор арилжааны банкинд хийсэн ч данс дугаар гээд илрэхэд амархан учир гэртэй нуусан нь дээр хэмээн бодсон байх.

Ийм их хэмжээний мөнгө хаанаас цугларсныг тааж таамаглах нэгэн сэжүүр байгаа юм. Д.Батхуяг нь Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа хууль бусаар 107 лиценз олгосон байдаг. Тэрбээр газрын дарга, дэд сайдын албан тушаалыг хүртэл хашиж байсан болохоор тэнэг нэгэн биш. Мэдээж хууль бусаар лиценз олгочихоод тусгай зөвшөөрөл эзэмшигч ком­паниудаас тодорхой хэмжээний мөн­гө авсан байж тараа. Тэгэхээр Ш.Бат-Ирээдүйн гэрт маш сэмхэн, авсаархан болж орж ирээд “нуугдсан” их хэмжээний мөнгө хууль бус лиценз олголтын хариуд барьсан мөнгөн цуглуулга байж. Тэгэхээр энэ мөнгөний жинхэнэ эзнийг олж байх ёстой газар байлгах ёстой юм.

Д.Батхуягийн хамсаатан Ш.Бат-Ирээдүй нь “Зэлэм” гэгч компанийн захирал байсан ч компаниа Д.Батхуягийн найз С.Жаргалсайханд шил­жүүлсэн. Сүүлдээ Ш.Бат-Ирээдүй нь жүүс, ундаа гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Номун интер трейд” компанийн захирал болсон байдаг. Тухайн үед “Саусгоби Сэндс” ком­панийн эзэмшилд байж байгаад орон нутгийн хэрэгцээнд шилжсэн Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутаг дахь Хайрхан тол­гой хэмээх 72 мянга 499 га тал­бай бүхий ашигт малтмалын тус­гай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга  Л.Даваацогтын  өнгөрсөн 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр сэргээсэн. Мөн тус оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр Д.Батхуягийн найз С.Жаргалсайханд, мөн тухайн үед “Зэлэм” компанийн захирал байсан Ш.Бат-Ирээдүй нарт шилжүүлэхдээ оронд нь их хэмжээний хахууль авсан. Ямартай ч тэдний нэр дээр шилжүүлсэн Хайрхан толгой нь 42 сая 867 мянга 979 тонн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа байдаг юм билээ.

Ж.БАТТУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих