Монголчууд ба могой жил

mogoiЭргэх цагийн жамаар могой жил морилон ирлээ. Зөн билэг, зүүд совинг эрхшээгч лусын энэ амьтан өөрийг нь л үргээж оролдохгүй бол амар амгалан, ач буянтай хэмээдэг. 2013 оны хар усан могой жил ч монголчуудыг ивээж, буян хишгээ хайрлах нигууртай. Өнөө жил монголчууд Төрийн шинэ тэргүүнээ сонгоно. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар сонгогч түмэн жинхэнэ ард түмний Тэргүүнээ сонгоно гэсэн билэгтэй ерөөлийг сар шинийн золгуут дундаа хэлэлцэв.

 

Ахмад настнууд, ахас ихэстээ золгох сар шинийн өдрүүдэд дандаа билэгтэй сайхныг хэлэлцдэг монголчууд төр түвшин, түмэн олон амгалан байж, улс орон хийгээд ард иргэдийн амьдрал ахиж дээшилнэ гэсэн их итгэлтэйгээр могой жилтэйгээ золголоо. Ингээд улирах түүх болон үлдсэн могой жилүүдэд ямар онцлог үйл явдал өрнөж байсныг зарим өнцгөөс товч өгүүлье.

1893 оны харагчин, усан могой жил: 

-Богдын Шар ордон буюу Дэчингалбын сүм шатаж, түүнийг сэргээн босгоход 26 мянган лан мөнгө зориулж, бас Ногоон ордон буюу Шарав Пэлжээлэн хийдийг барьж эхэлжээ.

- Монголын ард түмний эрх чөлөө, эх орны тусгаар тогнолын төлөө богино боловч утга төгөлдөр амьдралаа зориулсан Дамдины Сүхбаатар мэндэлжээ.

- Богдын Засгийн газрын түшмэл, Доод хурлын гишүүн, Монголын орчин үеийн хөгжмийн зохиолыг үндэслэгчийн нэг, алдарт дуучин, Ардын хувьсгалын партизан, бэйс Магсархурцын Дугаржав мэндэлжээ.

- Долоон хошуу Даншиг наадамд 1069 бөх барилдсанаас Засагт хан аймгийн Луу гүний хошууны Ламзав арслан түрүүлж, Түшээт ханы Намхай үзүүрлэн заан цол хүртжээ.

 

1905 оны хөхөгчин, модон могой жил:

- Орост хөрөнгөтний ардчилсан хувьсгал ялжээ.

- Өвөр Монголын Жирэмийн чуулган Горлос хошуунд Манж, Хятадын эсрэг Тогтох тайжийн бослого дэгджээ.

- Их хүрээнд Хятад пүүсийнхэнтэй монголчууд хэрэлдэн тэмцэлдэж том үймээн дэгдэж, манжийг эсэргүүцсэн хөдөлгөөн идэвхжсэн тул Цагдан цээрлүүлэх яамыг байгуулжээ. Дээрх үйл явдлууд 1911 оны Үндэсний хувьсгал өрнөх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн юм.

- Монголын баруун хэсэгт хүчтэй газар хөдөлж, Булнайн нуруунд их ан цав үүсчээ. Ул мөр нь одоо ч мэдэгддэг.

- Хөдөлмөрийн баатар З.Очир, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Цэгмид, Ардын жүжигчин З.Цэндээ- хүү, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Академич Б.Ренчин нарын алдар цуутнууд төржээ.

- Долоон хошуу наадамд 1052 бөх барилдсанаас Намхай аварга төрүүлжээ.

 

1917 оны улаагчин, гал могой жил:

- Орос Улсад Октябрийн хувьсгал ялж, хаант засаг пролетарийн диктатураар солигджээ.

- Хил хязгаарын Сибирьт Зөвлөлт засаг тогтсон нь Монголд нөлөө үзүүлэх болжээ. Сайн ноён хан Намнансүрэн бараа бологчдын хамт Орос Улсад очиж, Хятадын дарлалаас чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцжээ.

- Сэцэн хан аймгийн нутагт Хятад худалдаачдын эсрэг бослого хөдөлгөөн өрнөжээ.

- Богд хаанаас Дилав хутагт Жамсранжавт бүрэн хамба ямба, номч мэргэн Егүзэр цол шагнажээ.

- Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба, Ардын зураач А.Сэнгэцохио нарын алдартнууд төржээ.

- 10 засгийн наадамд Лу гүний Вандан түрүүлж, Цэвээн-Очир заан үзүүрлэжээ.

 

1929 оны шарагчин, шороон могой жил: 

- ЗСБНХУ ба БНМАУ-ын харил- цааны үндсэн зарчмын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

- Өвөр монголын Ордос хошуунд Өлзийжаргалаар удирдуулсан хувьсгалт бослого гарчээ.

- Улсын баатар Ц.Олзвой, Д.Гуулин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун, Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнэ, Төрийн шагналт, СГЗ Б.Явуухулан, Төрийн хошой шагналт, СГЗ Ц.Гайтав нарын алдар цуутнууд төржээ.

- Ардын хувьсгалын найман жилийн ойн баяр наадамд 1000 орчим бөх барилдаж, Цэцэрлэг Мандал Туулын аймгийн Б.Банзар 10 давж түрүүлжээ.

 

1941 оны цагаагчин, төмөр могой жил:

- Герман Улс итгэлийг эвдэн ЗХУ уруу довтлон дэлхийн II дайн эхэлжээ.

- ЗХУ, Японы Засгийн газрын төлөөлөгчид БНМАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг харилцан хүндэтгэх тухай тунхаглал гаргажээ.

- Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмнээс бэлэг цуглуулах бүх ард түмний хөдөлгөөн “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтад” уриан дор өрнөж, бэлгийн анхны нийт найман удаа цувааг хүргэжээ.

- Крилл үсгийг монгол хэлний өвөрмөц аялгуунд тохируулан зохион хэрэглэж эхэлжээ.

- Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Далай, даян, даяар дуурсагдах, дархан аварга Ж.Мөнхбат нарын алдартнууд төржээ.

- Д.Догсом, А.Амар, Д.Лувсаншарав нар ЗХУ-д улстөрийн хилс хэрэгт мөрдөгдөн байцаагдаж улмаар цаазлуулжээ.

- Улс хувьсгалын 20 жилийн ойн баяр наадамд Түвдэндорж арслан түрүүлж Аварга цолтон болжээ.

 

1953 оны харагчин, усан могой жил:

- БНМАУ Венийн энх тайвныг хамгаалах ард түмний их хурлын комисст илгээлт явуулж, байр сууриа илэрхийлж байжээ.

- Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний дүн гарчээ.

- АНУ дахь “Халимаг ах дүү нар” байгууллагын хурлаар ЗХУ дахь Халимагуудын хувь заяаны асуудлыг авч хэлэлцэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандаж байжээ.

- Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын ордон музейг байгуулжээ.

- БНМАУ-ын АИХ-ын тэргүү- лэгчдээс 21 зүйл амьтныг агнахыг бүрэн хориглон дархан цаазтай болгожээ.

- Ардын хувьсгалын ойн их баяр наадамд Дархан аварга Түвдэндорж түрүүлж, Ш.Батсуурь аварга үзүүрлэжээ.

 

1965 оны хөхөгчин, модон могой жил:

- БНМАУ, БНХАУ-ын хоорондох хилийн шугамыг тогтоосон протокол үйлдэн, хилийн зурвас газрын зургийг баталжээ.

- БНМАУ Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны банкинд гишүүнээр элсчээ.

- БНМАУ-ын АИХ-ын Тэр- гүүлэгчдийн зарлигаар өвөрмөц тогтоц бүхий есөн газрыг дархан цаазтай болгожээ.

- БНМАУ-ын “Ардын зураач” цолыг бий болгож, Ч.Ядамсүрэн, О.Цэвэгжав нарт хүртээжээ.

- Дилав Хутагт Жамсранжав АНУ- ын Нью-Йорк хотод хойтын төрлөө олохоор бурхан болжээ.

- Улсын их баяр наадамд Ж.Мөнхбат арслан түрүүлж, аварга болон Х.Баянмөнх үзүүрлэжээ.

 

1977 оны улаагчин, гал могой жил: 

-Цөмийн зэвсгийн шинэ төрөл- устөрөгчийн бөмбөгийн аюулыг зайлуулах асуудал дэлхий даяар хурцаар тавигджээ.

- БНМАУ-ын гадаад хамтын ажиллагаа эрс нэмэгдэж, хэд хэдэн оронтой дипломат харилцаа шинээр тогтоож, олон улсын гэрээ, хэлэлцээрт идэвхтэй оролцох болжээ.

- Монгол, Японы хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдаж, тэр үеийн ханшаар 17 сая ам.долларын буцалтгүй хөрөнгө олгох болсон нь шинэ үзэгдэл байв.

- Алтайн хилийн отряд байгуулагджээ.

- Академич Б.Ренчин нас баржээ.

- Ардын хувьсгалын баяр наа- дамд Х.Баянмөнх аварга төрүүлж, П.Дагвасүрэн заан үзүүрлэжээ.

 

1989 оны шарагчин, шороон могой жил:

- Монголд Ардчилсан хөдөлгөөн идэвхжиж, Монголын ардчилсан холбоо байгуулагджээ.

- Залуу уран бүтээлчдийн II зөвлөлгөөн болж, үг хэлэх эрх чөлөөний шинэ үе эхэлжээ.

- XIV Далай лам Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө олон улсын Нобелийн шагнал хүртжээ.

- Аравдугаар Банчин богд Эрдэнэ Чойжижалцан бие баржээ.

- Улсын баяр наадамд Б.Бат-Эрдэнэ арслан түрүүлж, аварга цолонд ойртов.

 

2001 оны цагаагчин, төмөр могой жил:

- Есдүгээр сарын 11-нд Осама Бин Ладены ахалдаг Аль Кайда алан хядагчдын бүлэглэл Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг нураажээ.

- Дээрх балмад халдлагад хариу цохилт болгож АНУ, Британийн зэвсэгт хүчнээс Афганистанд дайн эхлүүлжээ.

- НҮБ-ын тусгай төлөөлөгч, УИХ- ын гишүүн Ш.Отгонбилэг нарын хүмүүс “МИ-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ.

- Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 1024 бөх барилдаж, А.Сүхбат Б.Бат-Эрдэнэ аваргаар 10 давж түрүүлэн улсын аварга цол хүртжээ.

 

Дашрамд дурдахад Чингисийн алтан ураг, өв залгамжлагч хаадаас могой жилд төрсөн, хаан ширээнд суусан, хорвоогоос хальсан хүн цөөнгүй. Сүүлийн хоёр равжин нэгэн жарныг самгардиар равжун гэдгээс гаралтай, 10 могой жилд дэлхий дахинд болон Монгол оронд тохиож, өрнөсөн зарим содон үйл явдлаас харахад могой жилд тэмцэл хүчирхийлэл, хувьсгалт хөдөлгөөн идэвхжиж, тэр нь тодорхой эерэг үр дүнд хүрч, байгаль хамгаалахтай холбогдсон чухал шийдвэрүүд гарч хэрэгжин, алдар суутнууд нартад төрж, бас хорвоогоос хальж, тэгш ойн баяр наадмуудад олон бөх барилдан авар га болон том цолтнууд төрж байсан нийтлэг дүр зураг, өвөрмөц онцлог харагдаж байна.

С.Одхүү
Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих