Ардын намынхан АН-ынханд хууртав уу
Ардын намаас УИХ-д нэр дэвшсэн Н.Төмөрхүүгийн оронд Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүүгийн УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх, харин Д.Зоригтын оронд С.Чинзоригийг гишүүн болгох гэсэн тохироо хууралт болж байх шиг. Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Ардын нам, Ардчилсан намын гишүүд мөнгөтараасан Сонгуулийн хууль зөрчсөн гэх маргаан шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрсэн. Ардын намын удирдлагууд парламент дахь суудлын төлөөнэр нүүрээ баран байж “буйдантай жагсаал” хийсэн. Үүнийх нь ч үр дүн байсан уу ямартай ч хоёр нам тохиролцоонд хүрч, Г.Батхүүгишүүний тангаргаа өргөсөн юм. Гэтэл энэ тохиролцоо хүчингүй болж, Ардын намаас нэр дэвшсэн С.Чинзориг УИХ-ын гишүүн болох нь хойшилсоор байна.
Энэ нь Ардчилсан намынхан Д.Зоригтыгоо зүтгүүлэх болсонтой нь холбон ойлгож болох юм. Ингээд Ардын намынхны жагсаал хийсний үр дүн дуусаж, Ардчилсан намынхан хуурах гэдгийг харуулах нь. Гэхдээ мэдээж Ардын намынхан үүнийг нь зүгээр хараад суухгүй нь лавтай. Учир нь тэд парламентад хүчтэй сөрөг хүчин байсаар байгаа. Ялангуяа МҮАН-ынхан засгаас гарах тухай ярьж, МАХН-ынхан эргэлзээтэй байгаа энэ үед Ардын намынханд давуу тал бий болно уу гэхээс айх зүйлгүй. Хэрэв С.Чинзоригийг гишүүн болгохгүй бол хоёр дахь “буйдантай жагсаал” ч болж мэдэх юм шүү.
Парламент 76-уулаа болж, элэг бүтэн хэзээ хуралдах эсэх нь шүүхийн шийдвэрээс хамаарах юм. Ямартай ч хоёр гишүүн тангаргаа өргөх ёстой байгаа. Эхнийх нь дээр дурьдсанчлан Ардын нам, Ардчилсан намынхны тохиролцоотой холбоотой. Харин хоёр дахь нь өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нар сонгогчдын 28 хувийн саналыг авч чадаагүй гэдэг үндэслэлээр хэн нь УИХ-д орох нь тодорхойгүй болсон. Тиймээс тэдний дунд дахин санал хураалт явуулж хэн нь парламентын гишүүн болохыг шийдвэрлэхээр болсон хэдий ч маргаан дагуулсан юм. Учир нь нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 30659 сонгогчийн санал авч 28 хувийн босгодоо хүрсэн гэж үзсэн болохоор энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүхэд хандаад байгаа юм. Үүнээс болж хэн нь УИХ-ын 76 дахь гишүүн болох нь тодорхойгүй хэвээр байна.
УИХ-ын хаврын чуулганаар хөндөгдөх нэг асуудал бол Увсаас сонгогдсон Ардын намын хоёр гишүүний асуудал. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг сонгуулийн үеэр сонгогчдод мөнгөтарааж хууль зөрчсөн гэж Ардчилсан намынхан шүүхэд хандсан. Энэ дагуу шүүх хурал болж, туслахуудыг нь шалгаж эхэлсэн юм. Анхан шатны шүүх хурлаар тэднийг Сонгуулийн хууль зөрчсөн нь тогтоогдсон. Гэвч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар давж заалдахаа мэдэгдсэн. Давж заалдсан ч мөн үр дүнгүй болов. Тэгэхээр шүүхийн шийдвэр эцэслэсэн тохиолдолд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар гишүүнийхээ үнэмлэхийг дараагийн хүмүүстээ шилжүүлэх эсэх нь тодорхой болох учиртай.
URL: