ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ТОВЛОН ЗАРЛАНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх хаврын чуулганаар товлон зарлана. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 6 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна хэмээн заасан. Мөн сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана гэж заасан тул наанадаж ирэх 4 дүгээр сарын 10, цаанадаж 4 дүгээр сарын 25 гэхэд хэдний өдөр санал хураалт болохыг товлон зарласан байх юм.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдөр бүх нийтээр амарна.
Монгол Улс энэ жил долоо дахь Ерөнхийлөгчөө сонгох юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нийтийн санал хураалт нь зургаа дахь удаагаа болох гэж байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбатыг 1991 онд АИХ-аас сонгож байв. Харин Ерөнхийлөгчийн бүх нийтийн санал хураалтыг анх 1993 онд явуулж, МСДН-МҮАН-ын эвслээс нэр дэвшигч П.Очирбат, МАHН-аас (одоогийн МАН)-ын Л.Түдэв нар өрсөлдөж, П.Очирбат сонгогдож байв.
Харин хоёрдахь удаагийн бүх нийтийн санал хураалт 1997 онд болж, МАХН(одоогийн МАН)-аас Н. Багабанди, МУНН-аас Ж.Гомбожав, МСДН-МҮАН-ын эвслээс П.Очирбат нар нэр дэвшин өрсөлдөж, Н.Багабанди ялалт байгуулсан юм.
Гурав дахь удаагийн сонгууль 2001 онд болж МАХН(одоогийн МАН)-аас Н.Багабанди, АН-аас Р.Гончигдорж, МУНН-аас Л.Дашням нар нарын нэрийг дэвшүүлсэн. Энэ сонгуулиар Н.Багабанди дахин ялалт байгуулжээ. 2005 онд сонгуульд МАХН-(одоогийн МАН)-аас Н.Энхбаяр, АН-аас М.Энхсайхан, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар нэр дэвшиж, Н.Энхбаяр сонгогдсон юм.
Хамгийн сүүлд 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-(одоогийн МАН)-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж нар өрсөлдөж, Ц.Элбэгдорж олонхийн санал авч, сонгогдон ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар
УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй байдаг.
Ерөнхийлөгчийн зургаан удаагийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч нэг ч удаа өрсөлдөж байгаагүй. Харин 2005 онд болсон сонгуулиар хамгийн олон буюу дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байсан бол анхны Ерөнхийлөгч П.Очирбат мөн Н.Багабанди нар хоёр удаа Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдон ажилласан юм.
Ш.Эрдэнэ
URL: