Аймгаасаа баян Засаг даргатай Хөвсгөлийн вант улс

Монгол Улсын хоймор болсон Хөвсгөл аймгийн Засаг ноён Л.Цэрэнжав хэмжээгүй эрхт хааны дүрд итгэж, нутгийн иргэдийнхээ эрх ашгийг хөсөрдүүлж буй тухай таагүй мэдээллүүд сүүлийн хэдэн жил тасрахаа байв. Ойрмогхоноос бүр ч идэвхжжээ. 2008 оноос хойш тус аймгийн Засаг даргаар ажиллаж буй Л.Цэрэнжав бүр сүүлдээ МАН-ынхаа ч үгэнд орохоо байж том толгойлох болсон байна. Байнга хэл ам татлаад байхаар намынх нь дарга нар удаа дараа дуудан уулзаж ажлаа сайжруулах үүрэг өгсөн боловч өнөөг хүртэл байдал өөрчлөгдсөнгүй.

Нутгийн иргэд Засаг даргаа бяцхан матсан захидлыг намын удирдлагууддаа илгээхдээ “Л.Цэрэнжав дарга дур мэдэн том толгойлж улсын ажлыг хувийнхтайгаа хутгасаар гурван жилийн нүүрийг үзлээ. Орон нутгийг бид өөрсдөө мэднэ гэсээр энэ эрхэм намынхаа бодлогоос гараад явчихлаа. Ийм том толгой гаргаж байгаа нь түүнийг хамгаалах том хамгаалалт МАН дотор байдаг бололтой. Л.Цэрэнжав Хөвсгөл нутгийн бүхий л зүйлийг өөрийн болгож байгааг нутгийн иргэд бүгд мэдэж байна. Манай аймгаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон МАН-ын удирдлагуудаа эзгүй хойгуур аймгийн намын хорооны тэргүүлэгчдийг “Бид орон нутгаа өөрсдөө мэднэ” гэж хүчээр хурлаа хуралдуулж МАН-ын хагарлыг эхлүүлж байна. Тэрээр энэ хавийн бул хар чулуу болж байна” хэмээн ховложээ.

Хөвсгөл бол манай улсын Швейцарь болсон бүс нутгийн чухал аймгийн нэг. Хүн амынхаа тоогоор ч нэгдүгээрт орно. Аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа болгох учиртай энэ аймгийн 100 гаруй мянган хүний амьдралыг сайжруулах үүрэгтэй Л.Цэрэнжав даргын ажил бусдад сайнаар дурсагдахгүй байгаа ч том толгой гаргаж байгаа нь цаанаа учиртай гэнэ. Л.Цэрэнжав даргын цаана байдаг өнөө том “мотор” нь Ерөнхий сайд асан С.Баяр гэнэ.

Тэрээр 2008 онд УИХ-д сонгогдсон Сүхбаатар дүүрэгтээ нэгэнт нэр хүндгүй болсон тул тэрээр ирэх сонгуульд нутгаа бараадаж Хөвсгөл аймагтаа нэр дэвших тактик боловсруулсан юм байх. Тэгээд Л. Цэрэнжавтай хамтарч тус аймгийн өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг хоёулаа эзэмшихээр яваа гэдгийг ч хөвсгөлийнхөн ярьж байна. Хамгийн сүүлд нутгийнхныхаа дургүйг хүргэсэн нэг зүйл нь энэ онд тохиох аймгийн 80 жилийн ойг тэрбумаас илүү мөнгөөр тэмдэглэнэ хэмээн аархаж яваа Л.Цэрэнжав ноёнтны яриа гэнэ.

Засгийн газраас тогтоож өгсөн хэм хэмжээгээр бол нэг аймгийн ойг тэмдэглэх зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар заасан байдаг юм. Гэтэл Засаг дарга хаанаасаа ийм их мөнгөтэй байж баярхаж явааг нь шалгах хэрэгтэй гэсэн хүмүүс ч олон байна. Аймгийнхаа ойг тэмдэглэж болох ч дэд бүтэц, ажлын байр, орон сууц гэх мэт амьдралын наад захын хэрэгцээнүүдээ хангаж дөнгөөгүй байж баяр наадамд тэрбумаар нь мөнгө цацахаар баярхаж байгаа Засаг ноён иргэдийнхээ амьдралаас хол тасархай дүүлж явна.

Аймгаасаа баян Засаг дарга Л .Цэрэнжавын мэдэлд одоогоор аймгийн эмнэлэг, цагдаагийн байгууллагаас бусад нь 100 хувь очсон гэж нутгийн хүмүүс ярьж байна. Түүний ах, дүү найз нөхөд биш бол Хөвсгөлд гишгэх газаргүй болсон тухай ч хэтрүүлэгтэй яриа дуулдна. Өнгөрсөн сард

Ерөнхийлөгч тус аймагт ажиллахад аргаа барсан нутгийн иргэд хошин ч гэмээр шүлэг зохиож төрийн тэргүүнд уншиж өгчээ. Тэр шүлэг нь “Давааны цаана нутагтай ч болоосой, Далай ванг төгссөн ч болоосой” гээд л бараг найман мөр үргэлжилсэн байна.

Тайлбар нь Л.Цэрэнжав дарга Шинэ-Идэр сумынх. Тэгэхээр давааны цаадах тус сумын иргэн биш, тэгээд Засаг даргын мэдлийн “Далай ван” дээд сургуулийг төгсөөгүй бол залуус ажилд орно гэж гонж болсных ажээ. Хэмжээгүй эрхт Засаг даргынхаа асуудлаар МАН-ынхан өнгөрсөн хугацаанд гурван ч удаа хуралдсан байна. Дээрх бүх хэл аманд өртсөн Л.Цэрэнжав дарга өөрийнхөө багт элсүүлсэн ИТХ-ын нөхдөөрөө дамжуулж “Манай Засаг дарга тун сайн ажиллаж байгаа” гэсэн бичиг хийлгээд энд тэнд үзүүлж яваа гэнэ лээ шүү.

Ө.Сонор

Цаг.мн


URL:

Сэтгэгдэл бичих