Төрт ёсны их баяр цагаан cap
Төрт ёсны их баяр цагаан cap нь Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний эе эв, хүмүүнлэг, энэрэнгүй ёс, өв уламжлал, зан заншилыг илэрхийлсэн уламжлалт баяр билээ. Монголчуудын эртнээс тэмдэглэж ирсэн энэхүү ёслол хүндэтгэлийн баярыг “цагаан cap” гэж нэрийддэг. Хүннүгийн үеэс өргөн уудам нутагт цагаан идээ элбэг дэлгэрсэн намрын налгар улиралд шинэ он буюу “хувь сарын” баяр хийдэг болсон тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг байна.
Энэ үеэр махан хоол бэлтгэн тайлга хийж, баярт оролцсон хүмүүст хувь хүртээн өгдөг байсан болохоос бус одоогийнхтой адил айл бүр идээ будаа, мах шүүс бэлтгэн тус тусдаа өргөнөөр тэмдэглэдэггүй байжээ. Чингис хаан овог аймгуудыг нэгтгэн Монголын тусгаар төр улсыг байгуулан тэр үеэс буюу гурван жарны улаан барс жил буюу 1206 оны хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс эхлэн Монголчуудын төрт ёсны их баярыг хавар тэмдэглэдэг болсон гэдэг.
Дэлхий дэлэгнэж, дэлэнт мал төллөн сүү цагаан идээ дэлгэрсэн хаврын энэ баяраа “Цагаан cap” буюу “сүүн сарын баяр” гэж нэрийдэн нийт ард иргэддээ хишиг хүртээх болжээ. Цагаан сараар хүн бүр нас нэмлээ гэж үздэг учраас төрсөн өдрийнхөө баярыг ч хамтад нь тэмдэглэж байгаа утгыг хадгалдаг давхар баярын өдөр гэж үздэг байсан аж.
Эзэн Чингис хаан улаан барс жилийн цагаан сараар төр улсыг төвшитгөн байгуулах үйлст гавьяа байгуулж хүчин зүтгэсэн 88 хүнийг хөхиүлэн шагнаж байжээ. Эзэн Богдын зарлигаар төр ёсны баяр цагаан сарыг хавар хийдэг болсноос хойш хааны зарлигаар ялтанд өршөөл үзүүлдэг уламжлал тогтжээ. Одоогоос 720 жилийн өмнө Юань улсын их хаан Хубилайн ордонд очиж 17 жил алба хашсан Италийн алдарт жуулчин Марко Поло тэмдэглэлдээ “Цагаан сарын шинийн 1-ний өдөр их хаан тэргүүлэн бүх ард иргэдэд хишиг хүртээх бөгөөд цагаан хувцас өмсөж явах заншилтай.
Энэ нь цагаан өнгө бол өлзий мөртэй, цэвэр сайхны билгэдэл гэж үздэг. Их хаан жилийн турш эд эрдэнэсийг элбэг эдэлж, лагшин тунгалаг, зол жаргалтай байхыг зөгнөн ерөөдөг хэмээн тэмдэглэн үлдээжээ. Богд хаант улсын үед билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-нд цагаан сарын баярын зан үйл улам нарийсан олноор мөрдөх дэг журам тогтоосон байдаг байна.
Жишээ нь, олноо өргөгдсөний хоёрдугаар онд Богд хаант Монгол Улсын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамнаас цагаан сараар шинэлэх дүрэм гаргаж түүндээ ордонд бараалхах ёс журамд Сайд, Хан, Ван, Гүн, Хутагт хувилгаадаас эхлээд Түшмэд, ард олны жагсах, ёслох дэг журмыг тодорхой заажээ. Тэр үед Богд Жавзандамба хутагтын зарлигаар 70 наснаас дээш насны бүх хүнд Богд хааны хишиг хүртээж, гэмт хэрэг үйлдсэн ялтанд өршөөл үзүүлэн суллаж байжээ.
Жил бүрийн хаврын тэргүүн сард Монгол улсын бүх үндэстэн ястан нэгэн зэрэг өөр өөрийн онцлогоор цагаан сарыг тэмдэглэж, өтгөсөө өргөж хүндлэн, нялхсаа баясгах, өөрсдийнхөө есөн үеэ дурсан ураг төрөл, удам гарвалаа мэдэлцдэг. Эл өдөр Монгол хүн бүр билгтэй үг хэлэлцэж, нас хүйс, дарга даамал, баян ядууг ялгалгүй баярладаг их билгэ дэмбэрэлтэй учраас ард түмний баяр юм.
Эх сурвалж: “Ганзам”
URL: