Тэнгэрлэг Монголын хийморьлог хүмүүс бид хамтдаа
Эх нутгаас минь хүн үүссэн гэж зарим түүхчид үздэг. Эх оронч үзэл надаас эхэлнэ гэж би үздэг. Бүх хүмүүс англи хэлээр ярьж, орон зайн ялгаагүй болсон энэ даяаршлалын эрин үед үндэс угсаа, түүх соёл, ёс заншлаараа хүмүүн бид ялгарна. Аугаа түүхтэй Монгол эх орныхоо хөгжилд миний оролцоо бол төрдөө хэлэх өчүүхэн санаа минь, хийж бүтээх оргил насандаа дэлхийн өнцөг булан бүрт яваа залуустаа хамтран зүтгэе гэж уриалах уриа минь, ирээдүйн боловсролтой иргэдийг бэлдэх хүсэлтэй сэтгэл минь юмаа.
Боловсрол бол хөгжлийн гарц. Боловсролын стандартыг дэлхийн хөгжилтэй орны түвшинд хүргэх, ирээдүйн эх орноо авч явах залуусынхаа оюуны хөрөнгө оруулалтанд онцгой анхаарах нь бидний тулгамдсан асуудлуудын нэг.
Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд айдас хүйдсээ даван туулж, амьдралынхаа зорилго, мэргэжлийг зөв тодорхойлоход чухал ач холбогдол өгөх сургалтын хөтөлбөр, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчинг оюутан сурагч өөрийнхөө дуу хоолой, жинхэнэ эрдэм чадлаараа өрсөлддөг орчин болгон өөрчлөх, оюутны сургалтын тэтгэлгийг улсын болон хувийн, төрийн бус байгууллага, гадаад дотоодын энэ чиглэлийн төслийг нэмэгдүүлэх мөн иргэн бүрийн англи хэлний мэдлэгт том тус болж телевизүүдийг хөтөлбөрийнхөө доор реклам биш англи хадмал орчуулга гаргахийг үүрэг болгох зэрэг нь өнөөгийн залуус бидэнд хамгийн чухал хэрэгтэй байгаа билээ.
Үүнээс гадна хөдөлмөрийн хуваарь болон түүний цалин хөлсийг цагаар тооцдог хуультай болох нь нэн чухал. Иргэн бүрт ашигтай энэ хуулийн олон давуу тал нь хөгжилтэй орны маш олон жишээгээр харагддаг. Залуу хүний мөхөс ухааныг төрийн сүлд минь өршөөж, төр засаг минь өчүүхэн санааг минь анхааран авах болтугай. Аливаа улс орныг тухайн орны залуус нь өөрчлөн шинэчилж хөгжүүлэн авч явдаг.
Өөрийгөө хөгжүүлж, зорилгоо зөв тодорхойлж түүндээ хичээн зүтгэж, үнэт зүйлсдээ үнэнч байж чадвал өнөөдөр орж чадахгүй сургууль, хүрч чадахгүй газар, амжилт олохгүй нийгэм гэж үгүй. Өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшин, сэтгэлдээ Монгол орноо гэх боловч ирж зүрхлэхгүй байгаа залуус минь, амьдралаа дээшлүүлэх гэж хань ижил, үр хүүхдээ орхиод хүний газар цаг наргүй зүтгэж амьдын хагацал эдлэн сэтгэлдээ дутуу явдаг залуус минь, амжилт бүтээлээрээ бусдыгаа хошуучлан яваа үлгэр жишээч залуус минь, монголд юу ч бүтэхгүй байна гэж бухимдан амар хялбар арга зам хайж гадаад явахыг урьтал болгож байгаа залуус минь та бүхэнд хэлэхэд эх оронд чинь та нар шиг залуус ус агаар шиг хэрэгтэй байна.
Ямар ч ажил эрхэлсэн түүндээ эзэн нь болж тэвчээртэй, хичээж, зүтгэж, өөртөө байгаа боломжоо ашиглан эрч хүчээр дүүрэн ажиллаж чадвал эх оронд чинь асар их боломж байна шүү гэж хэлмээр байна. Ядуу буурай орны хөгжлийн өөрчлөлт шилжилтийн үед өнөөдөр бид амьдарч байгаа нь шударга биш боловч ирээдүйн монголынхоо хойч үед илүү их боломжийг олгохын тулд одоо бид бүгд хамтдаа зүтгэхгүй бол өөр хэзээ гэж? Элэг бүтэн цээж дүүрэн амьсгалтай эх оронд чинь жинхэнэ амьдрал чинь байна шүү! Эх орон чинь эрдэнэт болсон залуусаа дуудаж байна.
Эх оронч үзэл надаас эхэлнэ гэж үздэг, би 2009 онд өндөр боловсрол эзэмшиж эргээд түүнийгээ эх орондоо зориулах зорилготой Америкийн нэгдсэн улсад ирсэн. 2007 оноос төрийн бус байгууллагад ажиллаж байх хугацаандаа хүүхэд залуустаа туслан ажиллах нь юу юунаас илүүг ойлгон тэдэнд туслахын тулд гap бие оролцон ажиллахаар сэтгэл шулуудсан. Америкийн нэгдсэн улсад ирээд зөвхөн төрийн бус байгууллагын шугамаар монголынхоо нийт хүүхэд залууст туслах, хууль эрх зүйн хүрээнд бодлого тодорхойлох тодорхойлогч нь болохоор шийдэн одоо боловсролын удирдлага мэргэжлээр суралцаж байна.
Өнөөдрийн энэ эрх чөлөөг бидэнд олгосон эцэг өвгөдийнхөө түүхийг онгод болгож, эцэг эх, багшийнхаа сургаалийг судар болгож, мятрашгүй үнэнч шударга сэтгэлээр цаашдаа ажиллах болноо. Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орныхоо хөгжил, гэрэлт ирээдүйн төлөө улс төрийн зүтгэлтэн, төрдөө тангараг өргөсөн төрийн албан хаагчид, оюутан залуус, өрх гэрийн гишүүд, гадаадад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа хүмүүс бүх монголчууд бид хамтдаа бүгдээрээ нэгдэх нь хамгаас чухал.
Тэнгэрлэг монголын хийморлог хүмүүс бид хамтдаа нэгдэн зүтгэж чадвал дэлхийд монголынхоо нэрийг дахин гаргах авъяас суу билэгтэй ард түмэн билээ. Эх орон минь удахгүй хөгжнөө гэх эгэл жирийн иргэн бүрийн ерөөлийг үйлс болгон хамтдаа зүтгэе. Монгол орон үүрд мандан бадраг.
А. Тэмүүлэн
Эх сурвалж: “Соёмбо”
URL: