Монголбанкны ерөнхийлөгч бондын мөнгөөр өр төлж эхлэв үү
-Худалдаа хөгжил 175, “Голомт” 125, “Хас” 50, Улаанбаатар хотын банк 50 тэрбум төгрөг авчээ-
Н.Алтанхуягийн Засгийн газарт “хэрэггүй” мөнгөнөөс их юм алга гэдэг үнэн бололтой.
Бүтээн байгуулалт хийж ирээдүйд хэрэгтэй том том төслүүдийг санхүүжүүлэхэд зориулна хэмээн олон улсын зах зээлээс их хааныхаа нэрээр бадар барин босгосон бондын мөнгөө хааш нь далд оруулахаа мэдэхээ больсон гэдэг ч үнэн аж.
Гар тоссон бүхэнд баруун солгойгүй түгээж буй юм байх. Гэхдээ мэдээж захын бизнесмэнд сайхан загнана гэж юу байх вэ. Хувьд унах ашиг, эсвэл өмнө нь тавьсан өрөө цайруулах замаар бондоор босгосон мөнгөө тарааж байгаа гэнэ.
Бонд гэдэг өрийн бичиг. Түүнээс бэлэг, эсвэл буцааж нэхэхгүй өглөг тусламж биш. Бүхэл бүтэн ард түмний ирээдүйг барьцаалсан энэ өрийн хүү өдрөөр нэмэгдэж, Монгол төрийн дансанд орж ирснээсээ хойш 20 гаруй тэрбумд хүрсэн гэсэн тооцоог эдийн засагчид дуулгаж байна. Гэтэл үүн дээр бондын мөнгөөр арилжааны банкуудыг тэтгэж эхэлсэн шинэ парадокс дуулиан тарьж эхэллээ. Зүгээр хадгалж өр нэмж байхаар хэрэгтэй хүнд нь өгөөд жаахан ч болов өсгөөд ав гэсэн үүрэг дээрээс өгсний дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал л гэхэд бондын мөнгөнөөс 400 тэрбумыг арилжааны банкуудад жилийн ердөө 7,0 хувийн хүүтэй тараажээ. Ингэхдээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банкинд адил тэгшээр биш. Ердөө дөрөвтэй нь ганц өдрийн дотор гэрээ үзэглэн тэрбум тэрбумаар нь тарааж буян үйлдсэн гэнэ. Түүний таашаалд нийцэж таалалд багтсан нь Худалдаа, хөгжил, “Голомт”, “Хас”, Улаанбаатар хотын банк. Эднээс хамгийн их хувийг Худалдаа хөгжлийн банк хүртсэн. Тэд 400 тэрбумаас 175-ыг нь дансандаа оруулаад авчээ. Удаах хувь “Голомт” банкинд ногдож, тэд 125 тэрбумаар эргэлтийн хөрөнгөө арвижуулсан байна. Харин “Хас”, Улаанбаатар хотын банк тус бүртээ 50 тэрбумыг авчээ. Тэд үүнийхээ хариуд жилд 7,0 хувь сард 0,58 хувийн хүү л төлнө. Зүгээр л хав дарчихаад сууна гэсэн үг биш учир зээл олгох гэхчилэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх замаар ашиг гарган мөнгө унагаж бизнес хийж таарна. Банкуудын зээлийн хүү багаар бодоход сарын 1,5-1,9 зарим нь бүр 2,0 хувь гээд бодохоор зөрүүнээс нь овоо их мөнгө олох тун унацтай бизнес болох юм байна. Худалдаа хөгжлийн банк л гэхэд бондын мөнгөнөөс авсан 175 тэрбумынхаа жилийн хүүд 12,2 тэрбумыг төлнө. Энэ мөнгөө жижиг зээл хэлбэрээр тараалаа гэж бодоход хүүд төлсөн мөнгөө өлхөн нугалах хэмжээний ашиг олох юм билээ. Төрийн мөнгийг тодорхой хүүтэйгээр байршуулж арилжааны банкуудыг дэмждэг зарчим байдаг. Гэхдээ бондын мөнгөнийх шиг бага хүүтэй биш. Нийгмийн даатгалын сангийн мөнгө л гэхэд манай хэд хэдэн арилжааны банкинд жилийн 10-12 хувийн хүүтэй байршдаг гэсэн.
Гэтэл ийм унацтай бизнесээс бусдад нь яагаад үйрмэг ч олдоогүйг гайхах хүн олон. Чухам ямар шалгуурт нийцэлгүй бондын мөнгөнөөс хоцорсноо ч банкныхан ойлгоогүй юм билээ. Сонголт яаж хийгдэж, хуваарилалт яаж явсныг ноён ерөнхийлөгч Н.Золжаргал л мэдэх бололтой. Түүний ачаар төрөөс том хишиг хүртэгсэд нь Монголбанкийг Н.Золжаргал гэж ерөнхийлөгчтэй байлгахын төлөө чамгүй зүтгэл гаргасныхаа хариуг л авсан хэмээх таамаг явааг учир мэдэх улс үгүйсгэхгүй байна. Үнэний ортой байж мэдэх л юм. Тэгээд ч Худалдаа хөгжил, Улаанбаатар аль аль нь “сахал” Эрдэнэбилэг гэж нэг эзэнтэй. Төвбанкны толгойд хэн суух вэ гэдгийг үндсэндээ энэ эрхэм шийдэж, “Голомт”-ын эзэн Л.Болд чамгүй хүчин зүтгэл гаргасан гэнэ. “Хас” банкны эзэд ч энэ үйл хэргийн төлөө гар хумхин суугаагүйнхээ буянд бага ч болов хувь хүртсэн нь тэр аж.
Арилжааны дөрөвхөн банкийг дэмжсэн 400 тэрбум гэдэг “Чингис” нэртэй бондын эхний ээлжинд орж ирсэн 1,5 тэрбум ам.долларын нэгээхэн хэсэг. Энэ мөнгөний 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, жилийн хүү нь 4.125 хувь, үлдэж байгаа нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй байхаар тооцож авсан. Харин бондын эргэн төлөлтийн хувьд 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд хийж дуусгахаар төлөвлөсөн бол 10 жилийн хугацаатай авсан нэг тэрбумынхаа тооцоог 2023 онд хийж дуусгахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд мэдээлэл хийж байсан. Ингэхдээ тэрбээр бондоос босгосон хөрөнгийг төмөр зам, аж үйлдвэр зэрэг их бүтээн байгуулалтын ажилд эх үүсвэр болгон ашиглана, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэг ам.долларыг хоёр болгон өсгөхөөр үр ашигтай төсөлд зарцуулах ёстой гэсэн зөвлөмж өгсөн тухай ч ярьж байсан. Ердөө сар гаруйхны өмнө шүү дээ. Гэтэл нэгийг хоёр болгон өсгөх ашигтай төсөл нь банкинд байршуулж хүү авах буюу мөнгө хүүлэгчийн зарчмаар ажиллах арга л байсан бололтой.
URL: