Д.Эрдэнэтуяа: Улс төрд өөрийн гэсэн байр сууриа олоод, иргэд намайг дэмжвэл үзээд алдана

“Эра” төвийн тэргүүн Д.Эрдэнэтуяаг “Баянгол” ресторанд “Эра” төвийн 10 жилийн ойгоо тэмдэглэх бэлтгэл ажлаа хийхээр ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Тэрбээр саяхан Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдсон юм.
-Та Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдсон байсан. Энэ гэнэтийн шийдвэр байв уу, эсвэл?
-Улс төр гэдэг утгаар биш иргэн хүнийхээ хувьд өөрийн хийж чадах зүйлээ хийхийн тулд нийгэмд үүргээ гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно. Монгол төдийгүй дэлхийн хүн бүр ардчилсан үзэлтэй болсон гэж би боддог. XII зуунд хүмүүс боолын нийгэмд амьдарч байсан. Саяхан болтол бид социалист нийгэмд амьдарч байлаа. Одоо энэ дэлхийн хүн ард бүхэлдээ ардчилсан нийгэмд байна.
Энэ цаг үед бидний хийж чадах зүйл, залуучуудын нийгмийн оролцоо чухал байна. Дээрээс нь миний чадах зүйл нь юу вэ. Түүнийгээ биелүүлэх зорилготойгоор улс төрд орохоор шийдсэн гэх үү дээ. Тэрнээс биш миний хувьд улс төрийг тийм мундаг ойлгодог хүн биш. Яг одоогоор хүмүүс намайг улстөрч гэхээс илүү нийгмийн ажилтан гэж хараасай гэж хүсч байна.
-Ардчилсан үзэлтэй болохоор Ардчилсан намыг сонгожээ гэж ойлгож болох уу?
-Ардчилсан үзэлтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд амьдарч байгаа учраас, бас миний өсч хүмүүжсэн орчин, үзэл баримтлалтай минь ойрхон учраас Ардчилсан намыг сонгосон.
-Зөвлөлдөх хорооны гишүүн сонгуульд өрсөлдөх эрх нь намын дүрмээрээ нээлттэй байдаг. Ер нь сонгуульд нэрээ дэвшүүлж, үзээд алдах бодол бий юу?
-Одоохондоо сонгуульд өрсөлдөнө гэсэн бодол байхгүй. Одоохондоо улс төрийн нийгмийн ажилтан гэх үү дээ. Гэхдээ хүний үзэл бодол үргэлж өөрчлөгдөж байдаг.
Арван жилийн өмнө би хэзээ ч улс төрийн талаар бодож байгаагүй. Гэтэл өнөөдөр улс төрийн, нийгмийн ажилтан болчихоод байна. Магадгүй 10 жилийн дараа дахиад өөр зүйл бодохыг үгүйсгэхгүй.
Хүний үзэл бодол байнга хөгжиж дэвшиж, цаг үеэ дагаад өөрчлөгддөг учраас магадгүй 10 жилийн дараа би өөр зүйл ярьж байхыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн байдлаар улс төрд өөрийн гэсэн байр сууриа олоод, хүмүүс намайг дэмждэг болсон цагт үзээд алдахыг байг гэхгүй.
-Загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ олсон гэдгээр таныг ард түмэн мэднэ. Харин Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн Д.Эрдэнэтуяагийн улс төрд орж, нийгмийн ажилтан болсноор эхний ажил юу байх бол?
-Миний улс төрийг үнэлэх үнэлэмж дээд хэмжээнд хүрчихсэн юм биш. Ийшээ зорьсон зорилго маань залуучуудыг сайн сайхан зүйлд уриалж,  чадах зүйлээ хийх гэж байгаа юм. Тухайлбал, дөрөвдүгээр сард “Оюунлиг гоо сайхан” нэртэй илтгэлийн уралдаан зарлахаар төлөвлөж байгаа. Мэдээж Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоотой хамтарч хийнэ. Өөрийн гэсэн хувь нэмрээ ардчилалд оруулмаар байна.
-Сүүлийн үед манай залуучууд намд элсэх нь их болжээ. Таны хувьд хэзээнээс улс төр сонирхож эхлэв?
-Харин ч залуучуудыг улс төр сонирхохгүй байна гэж бодож байна. Миний хувьд маш олон жил нийгмийн ажилтан хийсэн. Тэр хугацаанд ерөөсөө улс төр сонирхдоггүй байлаа. Харин одоо миний ажилд зайлшгүй улс төр рүү өнгийж харах шаардлага гарсан учраас сонирхож эхэлж байна.
-Ер нь таны нүдээр Монгол залуус ямар харагддаг бол. Сул болон давуу талыг нь юу гэж үздэг вэ. Монгол залуусынхаа талаархи үзэл бодлоо хуваалцвал?
-Залуучууд нийгмийн идэвх сайтай байх ёстой. Тэгж байж өөрийнхөө амьдралыг сайжруулна. Өнөөдөр би гэрийнхээ гадаа байгаа сандлыг ямар байгаасай гэж боддог тухайгаа чөлөөтэй хэлдэг байх хэрэгтэй. Ингэж хэлж байгаа маань өөрөө улс төр гэж би боддог. Би ийм сандал дээр суумаар байна. Та бүхэн янзлаад өгөөч гэж хэлж чаддаг байж бидний үр хүүхэд өнөөдөр сайхан орчинд амьдарна.
Түүнээс биш улс төр гэдэг ойлголтыг манай залуус сүүлийн үед арай өөрөөр хараад байгаа юм шиг санагддаг. Миний хувьд тийм биш. Улс төрийг нийгмээс хэтэрхий салгаж ойлгох хэрэггүй л болов уу.
-Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Сүүлийн жилүүдэд төрөөс ихээхэн хэмжээний бэлэн мөнгө тарааж байна. Энэ таны бодлоор зөв шийдэл үү, аль эсвэл?
-Бэлэн мөнгө тарааж байгааг би ерөөсөө таашаахгүй байгаа. Тэр мөнгийг авах гээд баахан бичиг баримт бүрдүүлдэг. Дараагийн сарын 21 мянгыг хэзээ буух бол гэж хүмүүс хүлээдэг болчихсон байна. Түүний оронд бид хөдөлмөрч, бүтээлч байх ёстой. Тэр тусмаа залуучууд ихийг хийж чадна. Харин нийгмийн халамжийг бүгдэд нь хавтгайруулан тараах биш, авах шаардлагатай хүнд өгөх нь зүйн хэрэг.
Хөдөлмөрийн чадвартай, ажил хийх боломжтой залууст ажлын байр бэлтгэж өгөхгүйгээр бэлэн мөнгө тараана гэдэг шударга бус. Шаардлагатай хэсэг бүлэг хүнд маш бага мөнгө очиж байна. Харин 21 мянган төгрөг эсрэгээрээ авах шаардлагагүй хүмүүсийн гар дээр очихоороо архины мөнгө болон хувирч байна гэж хүмүүс ярьж байна. Үнэндээ ч тийм л байгаа. Бэлэн мөнгө хавтгайруулан тараах нь зөв шийдэл биш гэж боддог.
-Та Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө авч байгаа юу?
-Аваагүй. Гэхдээ Монгол Улсын иргэн гэдэг утгаараа авна гэж бодож байгаа.
-Залуу хүмүүс тэр мөнгийг авах ёсгүй гэж та хэллээ шүү дээ. Ер нь Монголын залуучуудад хийх зүйлийг нь чиглүүлээд өгвөл бүгдийг хийж чадна гэж хэлэх гээд байна уу?
-Манай монгол залуус маш их хүчтэй, мэдлэг боловсролтой гэж боддог. Ялангуяа Монгол хүн Манжийн дарлалаас гарсны дараа хэдэн зуун мянгахан гэж тоологддог байсан бол хэдэн саяар тоологдох хэмжээнд хүрлээ. Тэгэхээр монгол залуус утаатай хотдоо дархлаатай амьдарч чадаад, хүнсний аюулгүй байдал нүүрлэсэн байсан ч энэ үед бид амьдраад чадаад л байна.
Харин одоо бидэнд дээрээс жаахан дэмжлэг л хэрэгтэй байна. Залуучуудын сэтгэл санааг нь өргөөд, өөдрөг болгоод, чадаж байгаад нь урам өгч хөгжүүлээд туслаад өгөх юм бол монгол залуус ямар ч гайхамшгийг дэлхийд бүтээж, бий болгож чадна гэж боддог. Хоёрхон сая хүн амтай байж олимпийн аваргатай болж чадсан гайхамшигтай ард түмэн шүү дээ, бид. Залуус их зүйлийг хийж чадна. Нялх хүүхдийг хөлд оруулахад дэмжлэг туслалцаа үзүүлдэг шиг биднийг ч гэсэн хөл дээрээ зогсоход төр засгийн дэмжлэг, ахмад туршлагатай хүмүүсийн сургааль ус агаар шиг хэрэгтэй.
-Таны улс төрийн боловсролыг сонирхмоор байна. Нийслэлийн АН-ын эмэгтэйчүүдийг “Эра”-гийн Д.Эрдэнэтуяа удирдана гэж яриад байгаа?
-Миний хувьд удирдана гэж юу байх вэ дээ. Ямар чиг баримжаатай ажилладаг, яадгийг одооноос би сурах гэж байна. Түүнээс биш миний хувьд улс төрийн боловсрол нойл дүнтэй байна. Угаасаа улс төрийн боловсролтой хүн биш. Нийгмийн болоод олон нийтийн ажил хийдэг байсан. Дээрээс нь эдийн засагч учраас улс төрийн талаар гүн гүнзгий ойлголт байхгүй ч иргэн хүнийхээ хувьд тодорхой хэмжээгээр анзаарч, анхаарч, идэвхтэй байж чадах байх гэж бодож байгаа.
-Таныг эдийн засагч мэргэжилтэй гэж төсөөлөхгүй хүн олон байгаа байх. Өнөөдөр манай улс уул уурхайн эдийн засгийн тулгууртай болчихлоо. Үүнийг хэрхэн хардаг вэ. Ер нь уул уурхайн эдийн засгийг дэмждэг үү?
-Хувь хүнийхээ үүднээс хариулахад уул уурхайн эдийн засгийг би дэмждэггүй. Байх нь зөв л дөө. Гэхдээ заавал зүй бусаар ухаж, төнхөж байхын оронд үйлдвэржүүлэх хэрэгтэй. Үйлдвэржүүлээд амьдарч байсан үе бидэнд байдаг. Ухаж аваад гадагш зөөгөөд байгаа нь буруу байх. Магадгүй надаас илүү туршлагатай хүмүүс ажиллаж байгаа учир энэ тухай бодож байгаа байлгүй дээ.
-”Эра” төвийн 10 жилийн ой удахгүй болох гэж байна. Ойн бэлтгэл ажил хангагдсан уу. Мэдээж 10 жилийн хугацаанд хийсэн ажил, алдаа оноогоо дүгнэж байгаа байх?
-Таван жилийн өмнө “Өөрөөсөө эхэлье” гэсэн уриалга гаргаад ДОХ-ын эсрэг уриалж байсан. Хүн болгонд одоо ч гэсэн энэ уриалга сонсогддог. Тэр цагаас хойш дахиад таван жил өнгөрч. Энэ хугацаанд “Эра” төв зөвхөн загвар өмсөгчдийг бэлтгээгүй. Маш олон залууст биеэ зөв авч явах гоозүйн боловсрол эзэмшүүлсэн. Олон зүйлийн хамтран ажиллагч болоод дэмжигч байлаа.
Одоо “Оюунлиг гоо сайхан” хэмээх уриалга гаргаж байна. Гадаад гоо сайхан гэхээсээ илүү дотоод ертөнц оюун санаандаа анхаарах ёстой юм байна. Оюун санааны гоо сайхныг залуустаа уриалж байна. 10 жил гэдэг бага хугацаа биш. Гэхдээ би залуугаараа байгаа. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдчихсан. Манайхаас олон топ загвар өмсөгч төрөн гарсан. Шавь нараараа бахархаж суудаг.
10 дахь жилд гарч байгаа ажлын өөрчлөлт бол хүүхэд залуучуудын хөгжил. Тиймээс хүүхэд залуучууддаа гоозүйн боловсролыг олгохын төлөө эрчимтэй ажиллана гэдгийг дахин хэлмээр байна.
-”Эра” төвийг байгуулж байсан 10 жилийн өмнөх түүхийг сонсоход сонин байх болов уу?
-Орхиод явчихмаар санагддаг үе байсан. Хамгийн их хурцалж, хийж бүтээж байгаагаа орхихгүй байлгасан гол хүчин зүйл нь худал үнэн хов жив байсан шүү. Би нэг хэсэг орхиж яваад буцаж ирсэн. Охидоо тэгдэг, ингэдэг гээд ямар нэгэн байдлаар намайг их өөлж байсан. Гэхдээ ажил хийж байгаа хүнийг заавал өөлж байдаг гэдгийг ойлгосон. Зүгээр гэртээ сууж байгаа хүнийг хэн ч анзаарахгүй, муулахгүй шүү дээ.
Одоо бодоход шүүмжлэл хүнийг хурцалдаг юм билээ. Намайг өдий зэрэгтэй явахад шүүмжлэл бас нэгэн тулгуур болж иржээ гэж ойлгосон. Эцэст нь, “Монголын мэдээ” сониноор дамжуулан залуустаа хандаж хэлэхэд хэн нэгэн хүмүүс чамайг шүүмжиллээ гээд хийж байгаа зүйлээ орхих хэрэггүй. Тэр тусам эрч хүчтэй гялалз. Өөрийгөө хурцал гэж хэлмээр, уриалмаар байна. Үүнээс гадна хэчнээн олон шавь төрүүлчихээд заримдаа ганцаардах үе надад тохиолддог байсан.
Тэр болгонд явчихмаар санагддаг байсан ч тэр үеийг даван туулж чадсанаараа одоо бахархдаг. Миний шавь нар одоо өөрсдөө бие даагаад ажлаа хийх чадвартай болсон байна. 10 жилийн ойгоо тэмдэглэх бэлтгэл ажлын явцад би бараг зааварлагч болоод сууж байна. Түүнчлэн танай сониноор дамжуулж залуучууддаа оюунлиг гоо сайхныг дэмжээрэй. Манай арга хэмжээнд хүрэлцэн ирэх боломжгүй бол хүн бүхэн сэтгэлээрээ дэмжээсэй гэж уриалмаар байна.

Монголын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих