МОНГОЛ АРДЫН НАМ Мэдэгдэл
Монгол ардын намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд танаа
Монгол Ардын Намын “Дахин сэргэлт” хөтөлбөр хүргүүлэх тухай мэдэгдэл
Монгол Улсын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам бол өнгөрсөн он жилүүдэд эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, мандан бадрал, ардчилал шинэчлэлийн түүчээ нь, баталгаа нь болж ард түмэнтэйгээ хамт ачааны хүндийг алдаа оноотой нь үүрч XXI зууны шинэ монголыг цогцлоосон түүхэн гавьяатай билээ. Монгол Ардын Нам 2012 оны УИХ, Нийслэлийн болон Орон нутгийн ИТХ-ын бүх шатны улс төрийн сонгуулиудад түүхэндээ анх удаа ялагдаж цөөнх боллоо.
Энэ хугацаанд эрх баригчдын хууль зөрчиж, хүч түрэн шийдвэрлэсэн улстөрийн олон шийдлүүд тус намд ихээхэн сөрөг үр дагавар учруулсан гэж дүгнэж болно. УИХ-ын сонгуулиас хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн хэдий ч манай нам сөрөг хүчний үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна. Намын зарим албан тушаалтны хариуцлагагүй хайнга байдлаас үүдэлтэй улстөрийн олон сөрөг үйл явдал шил шилээ даран өрнөсний нэг нь тус нам УИХ дахь албан ёсны бүлэгээ байгуулж чадаагүй удсан явдал юм.
УИХ-ын бүтэц, Засгийн газрын танхимыг бүрдүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах, Орон нутгийн ИТХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, 2013 оны улсын төсөв, “Чингис бонд”-ыг батлах зэрэг улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн идэвхитэй оролцоо, ажил хэрэгч байр суурь баримталж чадсангүй.
Аймаг, нийслэл, дүүргийн намын хороодыг нэгдсэн бодлого чиглэлээр ханган зангидаж чадахгүй байгаагаас болж тухайн намын байгууллагуудын дотор намын сахилга бат, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөж, гишүүдийн дотор хагарал зөрчил ужгирч, дураараа авирлах явдал газар авлаа. Цаг үеийн нийгэм улстөрийн нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхгүй, мэдрэмжгүй, хурдгүй байдлаас үүдэн намын дээд болон дунд шатны удирдлага анхан шатны байгууллага, жирийн гишүүд дэмжигчдээсээ улам бүр тасарч байна.
Хэвлэл мэдээллийн салбарт дахь нөлөөллөө өрсөлдөгч намдаа алдаж орон зай нь багассан, PR-н оновчтой бодлого, хурдтай гүйцэтгэл суларсан, аливаа үйл ажиллагааг хэт төвлөрсөн нүсэр байдлаар зохион байгуулдаг, мэдээлэл харилцааны цахим технологи бүрэн нэвтэрч идэвхижээгүй, үйл ажиллагааны мэдрэмж хурд хөшүүн удаан байгаагаас гишүүд дэмжигчид, ялангуяа залуу үеийн дэмжлэг ихээхэн суларсан. Дээрх улстөрийн нөхцөл байдлыг арилгахын тулд намын хэсэг гишүүд бидний санаачлан боловсруулсан “Дахин сэргэлтийн хөтөлбөр”-ийг хүргүүлж байна.
1. Монгол хүний, нэн ялангуяа МАН-ын олон мянган гишүүдийн зүрх сэтгэлд төдийлөн соёолж урган, нутагшиж чадахгүй байгаа Нийгмийн Ардчилсан үзлийг эргэн харах. 1921 онд МАН үүсэн байгуулагдаж, Монгол Улс сэргэн мандахдаа анх авч байсан үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, соёл суртахууны үнэт зүйлсийг өөртөө агуулсан ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН үзлийг онол суртахууны иш үндэс болгох эсэх асуудлыг намын зохих шатны хурал, эрдэмтэн судлаачдын дунд өргөнөөр хэлэлцүүлж шийдвэрлэх;
2. Намын боловсон хүчнийг шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох хүний нөөцийн бодлогоо шинэчилж танил тал, нутаг ус, өнгө мөнгөний нөлөөгөөр бус мэдлэг боловсрол, дадлага туршлага, ур чадвар, итгэл сэтгэл, зүтгэл санаачлагыг харгалзан сонгодог, дэвшүүлдэг, хариуцлага тооцдог зарчмыг тунхаглалын байдлаас салгаж бодит амьдрал дээр хэрэгжүүлэх. Намын дэмжлэгээр төрийн өндөр албан тушаалд томилогдоод авилга хээл хахууль, хууль бус үйлдэл хийж намын нэр хүндийг унагаж буй хүмүүстэй хатуу хариуцлага тооцдог болох, цаашид улстөрийн аливаа дэмжлэг үзүүлдэггүй байх;
3. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх. Тухайлбал: Нам доторхи жигүүр фракцийг хүлээн зөвшөөрөх эсэх, санхүүгийн ил тод байдал, төлөөллийн төв байгууллагын хэт төвлөрлийг сааруулж нээлттэй зарчмаар ажиллах зэрэг асуудлуудыг намын дүрмэнд нэмэлт өөрчлөлт хийх замаар шинэчлэн тусгах;
4. Бодлого, үйл ажиллагааны зарчмаа шинэчилж, хүчтэй сөрөг хүчний мөрийн хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлж, намын тэмцэгч чадварыг нэмэгдүүлэх.
5. УИХ, Орон нутгийн ИТХ-д намын нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн ирц, идэвхи санаачлага, сахилга бат, улс төрийн хариуцлагад үнэлэлт дүгнэлт өгч, эгүүлэн татах хүртэлх хариуцлага тооцдог хууль, журам санаачлан батлуулан мөрдүүлэх. Тухайлбал: Намын нэрийн жагсаалтаар сонгогдсон хүмүүс ажлын хариуцлага алдаж, хууль журам зөрчсөн тохиолдолд эгүүлэн татдаг байх. Албан тушаалаараа намын нэрийн жагсаалтанд шууд эрэмбэлэгддэг байдлыг халж намд зүтгэсэн зүтгэл, цаг хугацаа, нийгэм дэхь нэр хүнд, хувь нэмэр, мэдлэг боловсрол, дадлага туршлага болон намын гишүүд, олон нийтийн санал асуулгын дүнг харгалзан эрэмбэлдэг болох гэх мэт;
6. 2012 оны УИХ, Нийслэл, Орон нутгийн ИТХ-ын сонгуульд МАН хэрхэн оролцсон талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаанд суурилсан улс төрийн бодит дүгнэлтийг өгч цаашид хэрхэх талаар хэлэлцэх;
7. Намын гишүүд дэмжигчид болон намын дэргэдэх төрийн бус байгууллагууд, мэргэжил сонирхлын бүлгэм, клуб, холбоод болон намын бүх шатны байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж намыг сэргээх, ялангуяа нийт сонгогчдын дийлэнх хувийг эзэлж буй залуу үеийн итгэл дэмжлэгийг хүлээх, идэвхижүүлэх цогц бодлого хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
8. Улстөрийн өндөр ач холбогдолтой 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг нэн яаралтай байгуулж, нэр дэвшигчийг тодруулахдаа нийт сонгогчдын санал дэмжлэг, намын гишүүдийн итгэл найдварыг хүлээж чадах нийгэмд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн зөв хүнийг шударга, нээлттэй зарчмаар шалгаруулж, “БҮХНИЙГ ЯЛАЛТАНД” уриан дор намын гишүүдийг нэгтгэн дайчилж ажиллах;
9. Сүүлийн удаа дараагийн сонгуульд МАН ялагдал хүлээсний нэг үндсэн шалтгаан бол МАХН санал хуваасан явдал байсныг хүлээн зөвшөөрч, цаашдын сонгуулиудад МАХН-тай хэрхэн ажиллах асуудлыг намын Бага хурлаар хэлэлцүүлэх;
10. Монгол Ардын Намд оршин буй эдгээр зарчмын алдаа дутагдлыг шийдвэрлэхийн тулд бидний боловсруулсан “МАН- ын Дахин сэргэлт” хөтөлбөрийг Намын бүх шатны төлөөллийн байгууллага, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн улам боловсронгуй болгон батлуулж ажил хэрэг болгох, эдгээр болно. /“Дахин сэргэлт” хөтөлбөрийн төслийг хавсаргав/ Энэхүү саналыг хүлээн авч хамтран ажил хэрэг болгох саналаа 2013 оны хоёрдугаар сард багтаан эргэн мэдэгдэхийг хүсье.
МОНГОЛ АРДЫН НАМД ЭВ НЭГДЭЛ, ЭРЧ ХҮЧ, ДАХИН СЭРГЭЛТ ЮУ ЮУНААС ЧУХАЛ БИЛЭЭ. МОНГОЛ АРДЫН НАМЫН “ДАХИН СЭРГЭЛТ” ХӨТӨЛБӨРИЙГ САНААЧЛАГЧИД:
Ж.Мөнхбат – МАН-ын Нарийн бичгийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, “Өдөр тутмын сонинуудын холбоо”-ны гүйцэтгэх захирал
Ж.Эрдэнэбат – УИХ-ын гишүүн, Бага хурлын гишүүн, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга
Р.Раш – МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн
Б.Цэнгэл – МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн, Зүүний хүчний холбооны дэд ерөнхийлөгч
Ц.Батбаяр – МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч
Я.Төмөрбаатар – Бага хурлын гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, Улстөр судлалын нэгдсэн холбооны дэд тэргүүн, Улстөр судлалын доктор (Ph.D)
Д.Амарбаясгалан – МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын Бүлгийн дарга, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
URL: