Хариугүй улс төр
Сонгууль болж шинэ засаг тогтсоор хагас жил гаруй, ер нь яг хэлбэл найман сарын хугацааг ардаа хийв. Эрх барих дөрвөн жилийн наймын нэгээс илүү цаана нь ээлжит сонгууль гээд УИХ, Засгийн газар тэртэй тэргүй сүүлийн хагас жил бужигнадгийг тооцвол бүр их хугацаа өнгөрсөн байгаа биз. Үүнийг тооцож үзээд Монгол Улсын Ерөнхийлөгч уг нь бараг өөрийн намынхаа Засгийн газрыг бас ч дажгүй чимхлээ шүү дээ.
Сонгуулийн шоу ч бай, юу ч гэсэн энэ үйл явдал нийгэмд содон хүрсэн билээ. Ер нь энэ хугацаанд Засгийн газар юу амжуулав. Мэдээжээр бодлого энэ тэрээ боловсруулахад цаг зарсан биз. Засгийн газрын 100 хоног өнгөрөв. Бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээ гэсэн их бужигнаан одоо хэр дуусаагүй, олон бүлэглэлийнхээ ашиг сонирхлыг тэнцүүлэх гэж Ерөнхий сайд шөнийн бор хоногийг нойргүй өнгөрөөн үйлээ үзэж байх шиг байна.
Харин “Чингис” бонд босгосон нь ирээдүйд тавьсан өр гэж муулагдаж байгаа боловч яах аргагүй энэ засгийн гавьяа юм. Гэтэл бас болоогүй ээ, энэ их мөнгөө юунд хэрхэн зарцуулах вэ гэдэг нь угаас тодорхой биш байсан тул одоо хий хүү төлөөд л явж байна. Хэдий хүртэл ийм байдал үргэлжилж, бондынхоо хэдэн хувийг хүүнд нь зарцуулах юм бүү мэд. Нөгөөх стратегийн гол бүтээн байгуулалт болох төмөр зам барих яасан бэ.
Нарийн, өргөн цариг гэж маргасаар өдөр хоног хэзээ эцэслэн шийдэхийг эс хүлээн харвасан сум шиг цахилж байна. Чөтгөрийн гэмээр өргөн нарийн цариг бүр “сэлэм гялс, толгой бөндгөс”-т хүргэв. Нарийн царигтай зам тавья, “Чингис” бондын мөнгөнөөс зарцуулъя гэсэн “Монголын төмөр зам” улсын байгууллагын захирал М.Энхсайханыг Зам, тээврийн сайд Гансүх, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Х.Баттулга хоёр Ерөнхий сайддаа ч мэдэгдэлгүй нэг л орой ажлаас нь халж орхив.
“Бодлогын зөрчөлөөс болсон” гэнээ. Танхимын зарчмаар ажиллаж, асуудлаа зөвшилцөн шийддэг Засгийн газрын тэргүүн энэ тухай хожуу мэдэж. Тэгээд яаж ч чадаагүй юм байна. Ингээд “толгой бөндгөс” дууссан бол бас яана гэхэв. М.Энхсайханыг Ерөнхий сайдад мэдэгдэлгүй халлаа гэсэн үү, яасан Төрийн өмчийн хорооны дарга Нанзаддоржийн толгой дээр “сэлэм гялсхийв”.
ТӨХ-нд насаараа шахам ажилласан жинхэнэ мэргэжлийн хүн болох Нанзаддоржийн карьер дашийн шог болох шив. Сайд нарын үгнээс улбаалбал Монгол Улсын Ерөнхий сайд асан, бас АН-тай засгийн эрхийг хамтран баригч эвслийн нэг намынх нь тэргүүн М.Энхсайхан улс орны үндэсний аюулгүй байдлыг бусниулчих дөхжээ. Тэр нь урагш чиглэсэн нарийн цариг бүхий төмөр зам тавьж Монголын хамаг баялгийг Хятад руу зөөчих харш үйлдэл байжээ гэж жирийн бидэнд ойлгогдоод байна.
Хамгийн гол нь “Чингис” бондоос үүнд зарах гэж мөнгө “булаацалдсан” аж. Өргөн царигтай төмөр зам тавина гээд хойш чиглэсэн замын баахан даланг зөндөө мөнгө зарж босгочихсон, тэр нь нэхэгдээд байгаа юм даг уу. Ингээд урагш чиглэсэн нарийн царигтай зам өөрийн мөнгөөр тавих гэсэн үндэсний компаниуд ч шахагдсан байна. Ийм нэгэн бантан. Энэ бантанг төр төлөөлөгсөд төрөөр далайлган зуурсан нь одоо улам бүр тодорхой болоод байна.
Ингэхдээ үнэхээр үндэсний аюулгүй байдал, стратегийн сонирхлыг барьж байгаа бол сайн, гэхдээ өөрсдийн ямар нэг эрх ашгийн төлөө явсан бол яах вэ гэсэн асуудал гарах вий гэсэн болгоомжлол эрхбиш төрөөд байх юм. Сэтгүүлч хүний нэг тийм хардлага. Ямар ч гэсэн Ж.Энхсайханыг халсны дараа Төмөр замд (ямар царигийнх нь бүү мэд) 55 сая долларыг бондоос зарцуулахаар болжээ.
Дорнод хүртэл зам алгасан босгосон далангийн нөхөн олговор бүү байгаасай гэж ерөөсү. Ерөөс бондын мөнгө хаана очих вэ гэдэг Ерөнхий сайдын толгойны өвчин болов. Улс орны гэхээсээ илүү фракц, бүлэглэлийн эрх ашиг зовоогоод байгаа байх. Эндээс танхимын Засгийн газар байна уу, Засгийн газрыг ер нь хэн удирдаад байна вэ гэсэн асуудал гарна. Төр барих дээд байгууллага болох УИХ-аа сонгоод найман cap, орон нутгаа сонгоод таван сарын хугацаа өнгөрөв.
Харин сонгууль дуусаагүй, үргэлжлээд л байх юм. УИХ-ын Баянзүрх дүүргийн сонгууль дахив. Д.Арвин ялав. Тэгтэл мань хүн түүнийг дараалан УИХ-д дэвшүүлэн ялуулсан МАН (хуучин МАХН)-даа гомдов уу, ерөөс АН “ухамсартайгаар” урвуулчихав уу, тийш гулган элсэв. МАН нэг суудал дутаж, АН өөртөө нэг суудал нэмж байгаа юм. Д.Арвин ингээд АН-ын өмнөөс сөрвөлзөх болов.
Хуулийн хэлээр бараг л “хөөн хэлэлцэх” хугацаа нь өнгөрчихсөн Өвөрхангайн сонгуулийн маргааныг Г.Батхүүгийн “АПУ” компани байрладаг Хан-Уул дүүргийн шүүх шийдэж байна аа. Ямар ёс зүй юм бүү мэд. Ингээд эцэст нам хоорондын тохироо болсон уу, Батхүү ялж, АН дахиад нэг суудалтай болов. Би депутат болохгүй, ер нь шийдвэр шударга боллоо гэх шахам юм бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдээд байсан “шуудан” хэмээн цоллогддог Зоригт би УИХ-ын гишүүн болно гэж зарлаад явж байна гэнэ.
АН-д дахиад нэг суудал ирэх биз? Увсын нөгөөх “алдарт” тойрог. Уг нь МАН-ын Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн ялчихсан байгаа юм. Аль аль нь 50 хувь гарсан, хувиараа гомдол гаргаад байгаа АН-ын хоёр нь гуч гаруйхан хувьтай. Урсдаг зар ч гэнэ үү, өөр юу ч гэнэ вэ шалтаг тоочоод л байх юм. Ой санамж гэж нэг юм бий. Үүнийг мартах нь зөнөхийн эхлэл байх.
2008 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх гэж одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ард түмний сонголтод эрүүгийн хэрэг үүсгэдэггүй” гэж чуулган дээр мэдэгдэж байгаагүй бил үү. Гэтэл Ерөнхийлөгчийн томилдог хууль, хяналтынхан үүнийг санахгүй царай гарган шат шатандаа янз бүрийн шийдвэр гаргаад л явах юм. Намаас, дээрээс даалгавар өгөөд байна уу гэсэн бодол ганцхан минийх биш байх аа.
Энэ гинжин урвал МАН-ын зарим нэр дэвшигчдийг хамран цаашид ч үргэлжилнэ гэсэн яриа бий. АН яах гэж энэ бүхнийг хийгээд байгаа нь сонин. За яахав, сонгуулийн үеийн зөрчлийг засах, шударга ёсыг тогтоох гээд янз янзын юм ярина биз. Монголчууд сүүлийн үед агуулга, үзэгдлээсээ илүү хэлбэр, үгээр тоглоод сурчихсан юм чинь. Цаад учир нь мэргэжлийн ажиглагчид бүү хэл жир бидэнд ил болоод л байх юм.
Засаг бүрдүүлж буй АН, “Шударга ёс” эвслийн холбоо тун эмзэг гэдгийг сонгуулийн үр дүнгээр ердийн олонхи болсон АН-ынхан мэдрээд байна даа янз нь. Аргагүй юм. “Шударга ёс” эвсэлд нэгддэг МАХН Засгийн газраас гарна гэж үе үе сүрдүүлэх, нэг Танхимын хэрнээ янз бүрээр дуугарах, тэр бүү хэл эрс тэс шийдвэр аль аль нь ямар сайн байх вэ. Өвчин гэж үзвэл үүсэх, үрэвсэхийн шинж тэмдэг буюу симптом л юм даа.
Засаг бүрдүүлэгчдийн ийм хэврэг шинж АН-ынханд яаж ийгээд олонхио бүрдүүлж эрхийг дангаараа барих хэнээрхэл нь хөөрөгдөөд байгаа нь нууц биш. Орон нутгийн сонгуулийн үр дүнг засварлах гэж хэрхэн зүтгэж байгааг нь хар даа. Гадуурхана, ялгаварлана.
Энэ бүхнийхээ төлөө хууль ёс хуулийн байгууллага гэж байдаг бол түүнийг өмчилж уландаа гишгэх гээд байгааг хэдийгээр юу ч бичсэн болох цагаан цаас гэж зарим тэнэг улс төрчийн үзэгддэг олон нийт хоёр нүдээрээ хараад байгааг мэдэхгүй ч юм уу, мэдэхийг хүсэхгүй байгаа бололтой. Монголчууд ардчилалд үнэнч ард түмэн. Монгол хар ухааныг тооцсон ч, туулсан үе, сүүлийн зурвас үеэ бодсон ч биднийг басамжилж хариугүй улс төр хийх хэрэггүй дээ.
Сэтгүүлч, Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Б.Пүрэвдаш
URL: