Туслахтайгаа “хамтрагч”
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10-15 жилийн ял төлөвлөсөн байна. Өнгөрсөн парламентад гишүүн байхад нь түүнийг их хэмжээний мөнгийг залилсан хэмээн буруутгасан. Ингээд шалгахаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал гарч байв. Тухайн үед Ардын намынхан эрх барьж байсныг хэлэх үү, энэ хэрэг Д.Дондогийн тайлбараар тэгсхийгээд намдсан юм. УИХ-ын гишүүн асан Д.Дондог “Туслахтайгаа хамтарч орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж, мөнгө залилсан асуудал байхгүй. Мөнгийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэдэг нь ташаа мэдээлэл” хэмээн хэвлэлийнхнийг өрөөндөө дуудан тайлбарлаж байв. Гэтэл энэ бүгд нь Ардын намынхан сөрөг хүчин болсон энэ мөчид илэрч байгаа бололтой. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгөө хураалгаж, ял авах нь.
УИХ дахь Ардын намын бүлгийн дэд дарга байсан энэ эрхэм өнгөрсөн парламентад хэлье гэсэн үгээ хэлчихдэг. Намын бүлгийн бодлогын эсрэг зүйл ярьдаггүй намын үнэнч “фанат” нь юм. Тэрбээр УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцанг бүлгийн ажлаа өгөхөд нь дагаад дэд даргынхаа ажлыг өгч байлаа. Ардын намын ахмад гишүүдийн нэг Д.Дондог анх удаа 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Гэтэл арай хийж гишүүний суудалдаа тухалсных нь дараа сонгуулийн сурталчилгааны мөнгөний асуудал гарч ирэх нь тэр. Гишүүнийх нь бүрэн эрх дуусав уу, үгүй юу түүний асуудлыг шалгаж, ял оногдуулахаар төлөвлөв. Түүний “Би туслахтайгаа хамтраагүй, мөнгө залилаагүй” гэсэн үг үнэн, аль эсвэл худал болохыг хуулийн байгууллага тогтоох биз ээ.
Ц.Энхцэцэг
URL: