С.Авирмэд: Оюу толгойн гэрээ чинь хүчингүй гэрээ шүү дээ

sd456456sd45fadОюу  толгойн хөрөнгө оруулагчид удахгүй уулзаж, гэрээнийхээ талаар ярилцахаар боллоо. Сүүлийн 10 гаруй жилийн турш хэрүүлийн бай болж буй Оюу толгойн  асуудал нь Монголчууд бидний хувьд хамгийн их анхаарал татсан сэдэв юм. Манай эрдэмтэд, мэргэжилнүүдийн зарим нь  уг гэрээг луйврын гэрээ хэмээж  буй.  Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ  Монголд ашиггүй хэмээн  анхаас нь тууштай эсэргүүцэж байсан уул уурхайн инженер, эдийн засагч, доктор С.Авирмэд гуайн өнгөрсөн онд “Үндэсний мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг  уншигчиддаа дахин хүргэж байна. Тухайн үед түүний чухам юунд тэгтэл  сэтгэл эмзэглэж явсан, ямархуу  үйл явдал дундуур туулж гарсныг  эргэн санахад илүүдэхгүй болов уу.   

Оюу толгойн гэрээний төсөл дээр анх иргэний байгууллагууд хяналт тавьж байсан. Та ч бас тэнд ажилласан. Таны судалгаа, дүгнэлт яагаад хэрэгжээгүй юм бэ? 

avirmed-middle-2004 оноос би Оюу толгойн хайгуул, судалгаа, тооцооны бүх ажилд ямар нэг байдлаар оролцсон. Энд нэг бяцхан түүх яръя. 2003 онд Оросын их өрийг тэглэсний дараахан Фрийдланд анх Оюу толгойн орд дээр “А” лиценз авсан юм. Тухайн оныхоо 12 дугаар сарын 22-нд авсан байх. “А” лиценз гэдэг нь ашиглалтынх шүү дээ. Түүнд харин “Х” буюу хайгуулын лиценз хэдэн зуугаараа байсан. Монголын нэлээд онцлогтой, түүхэн цаг үед авсан байгаа биз. Монголчууд маань өргүй болсон энэ өдрөөр тэр Оюу толгойн лицензтэй болжээ. Хожим нь би 2007 онд билүү дээ, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь уулзаж байсан юм. Тэр үед би төр, засгийг мөн ч их шүүмжилж байсан даа. Гэхдээ Н.Энхбаяр миний шүүмжлэлийг сонсдог байсан юм билээ. Үүнийг би сүүлд нь  тэрхүү  уулзалтын дараа л ойлгосон юм. Би түүнтэй 15 минут уулзах байсан боловч сүүлдээ Оюу толгойн асуудлаар цагаа сунгаж ярилцсан. Н.Энхбаяр албаны хүмүүсийг өрөөнөөсөө гаргаад надтай нэлээд ярьсан. Би ч Оюу толгойн талаар нарийн ширийн хамаг юмаа ярилгүй яахав дээ, боломж олдог байгаа нь тэр юм чинь. Н.Энхбаяр энэ үеэр харин нэг сонин юм ярьсан. Юув гэхээр мань хүн “Би Фрийдландыг хулхидсан юм” гэж байсан. Орост төлөх 250 сая долларын 50 сая нь сох дутсан үе байж л дээ. Их өрийн 200 саяыг нь Монгол банк зэргээсээ гаргуулаад үлдсэн 50 саяыг олох гэтэл ийм их мөнгө гаргах байгууллага олдоогүй. Тэгээд түүнийгээ Фрийдландаас авсан. Фрийдланд тэгэхэд хоёр нөхцөл тавьсан гэж байсан. Нэгд нь Оюу толгойд “А” лиценз өг, хоёрт Тогтвортой байдлын гэрээ байгуул гэжээ. Мань эр Орост их өр төлсний дараа үүнийг нь шийдээд өгч болох байх гэж бодсон бололтой. Ингээд сайд дарга нартайгаа ярьж байгаад Фрийдландад “А” лицензийг нь өгүүлжээ. Харин хулхидсан гэдгийн учир нь гэвэл Фрийдландтай Тогтвортой байдлын гэрээ байгуулаагүй байдаг юм. Ер нь мань эр Ерөнхийлөгчийн албанаас буутлаа энэхүү Тогтвортой байдлын гэрээний эсрэг байр суурьтай байсан юм билээ.  Би Оюу толгойн гэрээнд хөндлөнгөөс нь хяналт тавьж оролцож байсан иргэний байгууллагуудыг төлөөлөх гэхээсээ илүү эрдэмтдийн багт нь орж ажиллаж байсан юм. Эхний үед яахав, биднийг гэрээний төсөл дээр оруулж санаа оноог маань сонсож байсан юм шүү. Надтай хамт долоо найман эрдэмтэн ажилласан. Гэвч яг гэрээг байгуулахын өмнө буюу 2009 оны эхнээс биднийг оролцуулахаа үндсэндээ больсон.  2009 оны эхэн үе хүртэл иргэний байгуулагаас ч жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлдэг байлаа.  Ингэж хаалттай болсон нь С.Баяр Ерөнхий сайд болсонтой холбоотой. Энэ хүн өнөөх “Таван төгөлдөршилт” гэдэг юмаа гаргаж ирсэн. Үүндээ Оюутолгой, Таван толгойн гэрээг монголчууддаа үр ашигтайгаар хийнэ гэдгээ заралсан байлаа. Тэгэхээр нь бид их баярлаж байсан, сайн Ерөнхий сайд боллоо гэж.

-С.Баяр тэгээд Монголынхоо эрдэмтэдтэй уулзсан уу?

-Уулзсан. 2008 оны эхээр биднийг хүлээж авч уулзсан юм. Бид гэдэгт иргэний хөдөлгөөнийхөн, эрдэмтэд бүгд л багтаж байгаа шүү дээ. 2008 оны нэгдүгээр сарын эхээр шиг санаж байна, бямба гаригт намайг гэртээ байж байтал С.Баяр дуудсан. Бямбаа доктор, Даваасамбуу, Владимор бид дөрөв очсон. Бидэнтэй бүтэн цаг гаруй ярилцсан. С.Баяр та нарын тэмцэл зөв, бид Оюу толгойг монголчууддаа өндөр ашигтайгаар ашиглана гэж байлаа. Гэхдээ тэр үед С.Баяр нэг ноцтой үг хэлсэн юм.

-Ямар ноцтой үг хэлсэн юм бэ?

-Тухайн үед би сайн ухаж ойлгоогүй юм билээ. Сүүлд нь учрыг олсон. С.Баяр бидэнтэй уулзаж байхдаа Монгол улсынхаа хөгжлийн тухай асуудлыг ярилцаж байсан юм. Манай улсын хөгжилд эрдэс байлаг, тэр дундаас Оюу толгой, Таван толгой их нөлөөлтэй гэдгийг онцолж байв. Энэ бол хүн бүрийн л ойлгох зүйл биз. Энэ яахав. Харин С.Баяр ярианыхаа явцад эрүүл мэнд боловмролын салбарыг хагжүүлэхэд анхаармаар байна гэж хэлж байснаа сүүлд нь энэ бүхэнд гурван тэрбум доллар хэрэгтэй байгаа гэсэн. Тэгснээ энэ гурван тэрбум доллыг Оюу толгой таван толгойгоос авч болох уу гэж асуусан. Үүнд нь бми олигтой  хариулт өгч чадаагүй. Ирээдүйд олох ашиг, орлогоосоо өнөөдөр авна гэдэг нь их эргэлзээтэй санагдсан хэрэг л дээ. Ингээд төгсгөлд нь С.Баяр “Эрдэмтэд та нарт би ер нь зав чөлөө өгөхгүй. Бараг долоо хоног бүр та нартай уулзаж байна” гэсэн. Дараа нь бид хараад л байлаа. Сайд асан Ч.Хурц гуай нарын зэрэг эрдэмтэд “Миний Монголын газар шороо”, “Эрс шинэчлэл” гэх мэтийн иргэний хөдөлгөөнийхөн уулзсан байсан. 2008 он бол сонгуулийн жил байлаа. Бүх юм сонгууль руу чиглэсэн. Гэтэл хавар нь, гурван сард байх аа, нэг өдөр С.Баяр гэдэг хүн чинь Ц.Элбэгдоржтой “Тэврэлдээд”  “Хоёр том нам стратегийн ордуудыг нэг бодлогоор ашиглана” гэсэн санаагаа илэрхийлсэн шүү дээ. Ингэж “Тэврэлдсэн” гол шалтгаан нь болохоор Монголын ард түмэн стратегийн ордуудын 50 хүртэлх хувийг эзэмших явдал байжээ. Урьд нь бид стратегийн ордуудын 51 хувиас дээш гэсэн санал тавьж байсан юм. Ард түмэн маань ч бидний адил 51 хувиас дээш гэж ойлгож байлаа. Ашигт малтмалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөө ч бид тухайн үед сайд байсан Х.Наранхүүтэй яриад үндсэндээ яг ийм байдлаар хийхээр тохирсон байсан юм шүү дээ. Харамсалтай нь хоёр намын дарга нар маань харин 50 хүртэл гэх нь тэр. Тэгээд үүнээс хойш С.Баяр бидэнтэй уулзаагүй. 2008 оны сонгууль бол үндсэндээ Оюу толгой таван толгойг ашиглах уур амьсгал дор болсоныг хүмүүс сайн мэдэж байгаа байх. Энэ сонгуулиар монголчууд байгалийн баялгаа үр ашигтай ашиглах шинэ, шударга  төр засагтай болох гэсэн хүлээлт үүссэн үе байлаа. Гэтэл ийм эгзэгтэй үед С.Баяр, Ц.Элбэгдорж нар ард түмнийхээ толгойг үндсэндээ эргүүлсэн. Тэд 51 хувь гэж огт хэлээгүй юм шүү. Сонгуулийн дараа бүх юм эсрэгээр эргэсэн шүү дээ.

 

-Д.Зоригт  бас л та нараас хөндийрсөн үү?   

-2009 оны эхээр уг нь бага зэрэг найдлага төрж байсан. Д.Зоригт сайд анх гарч ирээд зарлаж байлаа, Оюу толгойн гэрээг үр ашигтай хийнэ, Таван толгойгоо эргэлтэнд оруулна гэх мэтээр. Мөн эрдэмтэд, судлаачдаа өргөнөөр оролцуулна гэж байлаа. Тэгээд монголдоо л гайгүйд тооцогддог дөрвөн эрдэмтнийг Д.Зоригт сайд урьж уулзсан. Сайд асан Ч.Хурц, Эрдэнэтийн гэрээг хийхэд идэвхтэй оролцож, манай баялгийг гадаадынхантай хамтарч ашиглахад техник эдийн засгийн үндэслэл дээр нь ажиллаж байсан М.Дамдинсүрэн, Ерөнхийлөгч асан П.Очирбат бид дөрвийг урьсан юм. Энэ уулзалтынхаа үеэр тэр “Та дөрөв бол миний зөвлөхөөр ажиллана” гэж хэлсэн. Ингээд дараа нь нэг сарын турш долоо хоног бүр бидэнтэй уулзаж байлаа. Залуу хүн, тэгээд ч мэргэжлийн бус тул бидний зөвлөлгөөг их анхааралтай авч үзэж байсан. Хууль эрх зүй, геологи, уул уурхай, техник технологи гээд их олон асуудлаар бид юм хэлж өгдөг байлаа. Гэтэл түүнээс нэг ноцтой зүйл ажиглагдсан.

-Тэр нь бас юу вэ?

-Д.Зоригт сайдын компьютерт айвенхоу майнз”, “Рио тинто” компанийн зүгээстехник эдийн засгийн тооцоонууд, гэрээг яаж хийх тухай санал англи хэл дээр, мэйлээр шууд орж ирдэг байсан. Тэдгээрийг мань хүн бидэнд илэн далангүй харуулдаг, уншуулдаг байсан. Гэхдээ тэр “Энэ бол улсын нууц юм шүү. Та нар цааш нь битгий задруулаарай” гэж гуйдаг байсан. Тиймээс энэ тухай бид нэг хэсэгтээ ярьдаггүй байлаа.

-Та Оюу толгойн гэрээний аль хэсэг дээр нь голчилж ажиллаж байв?

-Би мэргэжлийнхээ хувьд техник эдийн засгийн үндэслэл дээр нь голлож, цаана хийгдээд байгаа техник эдийн засгийн үндэслэлийг нь харьцуулж мэргэжлийн дүгнэлтээ өгнө гэж байсан. Д.Зоригт  өөрөө ч бас надад ийм санал тавьсан байв. Онцлог нь манай талаас хийгдсэн техник эдийн засгийн үндэслэл гэж юм байгаагүй. “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-гоос ирүүлж байсан тэр олон санал дүгнэлтүүдийг аваад үзэхээр монголын талын ашиг асар доогуур гарч байсан. Тэгэхээр нь бид, эд нарын тооцоогоор явж болохгүй, бид тооцоогоо өөрсдөө хийе, болохгүй бол хоёр тал хамтраад тооцоон дээрээ ажиллах хэрэгтэй байна гэдэг байлаа. Сүүлдээ Д.Зоригтын эрч суларч эхэлсэн. Биднийг урихаа больсон, ярихаа ч больсон. 2009 оны цагаан сараас хойш үндсэндээ биднийг мартсан.

-Гэрээний төсөл, тооцоог боловсруулахад тэгээд монголоос өөр хүмүүсийг ажиллуулах болсон хэрэг үү?

-Нэг өдөр Д.Зориг надаас, гадаадынхны тооцоогоор явж болохгүй нь ээ, яах вэ гэж асууж байсан. Бид тооцоогоо өөрсдөө хийе, эсвэл хамтраад хийе гэдгээ л хэлсэн. Гэвч мань хүн “Тэгж болохгүй. Эд нарын л  саналыг харгалзаж хийх юм байна” гэж байв. Тэгэхээр нь би түүнд “Одоо тэгвэл ганцхан арга зам байна” гэсэн чинь түүний нүд сэргэсэн мэт босч ирснээ “Ямар арга зам байна” гэж асуусан. Би хариуд нь “Батсүхийн зам л байна” гэсэн дээ. Дараа нь сонсож байхад гэрээний ажилд хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний сяа зэргээс хэдэн залуу мэргэжилтнүүд томилогдсон байсан.Хожим тэд нартай уулзаад асуухад “Бид төслийн тооцоо хийх зэрэг ажилд бараг оролцоогүй” гэдэг юм.

-“Батсүхийн зам” гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Яагаав, Монгол банкны Ерөнхийлөгч байсан Батсүх тэр үед өөрийн саналаар албан тушаалаас огцорсон биз дээ. Би түүний замаар л замнахыг хэлсэн хэрэг л дээ. Монгол хүн байж монголчуудынхаа эсрэг гэрээ хийж болохгүй. Тиймээс би Д.Зоригтод “Чи тэгвэл зүгээр л албан тушаалаа өгчих. Тэгвэл баатар болно” гэсэн санаагаа ингэж ойлгуулахыг хичээлсэн юм. Үүнийгээ ч тайлбарлаж хэлж байсан. “Монголчуудынхаа эрх ашгийн эсрэг чиглэсэн ийм гэрээ хийхэд би оролцохгүй” гээд ажлаа өгвөл дараа залуу хүн өсөж дэвжинэ. Бид ч бас чамайг олон түмэнд сурталчилна” гэж би хэлж байсан юм. Гэтэл тэр “Аа, тэгж болохгүй” гээд байхаар нь бид өрөөнөөс нь гарч явцгаасан.

-“Айвенхоу майнз”-ын зөвлөхөөр Америкийн “Голдман сакс” банкны мэргэжилтнүүд  ажилласныг та мэдэж мэдэж байсан уу?

“Энэ тухай яригдаж байсан шүү. Гэхдээ үүнийг тун хязгаарлагдмал хүрээнд мэдэж байсан байх аа. Д.Зоригт сайд ч хэлж байсан, гадаадын зөвлөх компани  байгаа гэж. Бидэнд бол чухам ямар компани вэ гэдэг л чухал. Рио тинто нь дэлхийн тавцанд гарсан компани. Айвенхоу майнз нь болохоор сайнаар биш юмаа гэхэд муугаараа нэрд гарсан. Индонез, Бирм, Америкт байгаль орчныг бохирдуулдаг, Засгийн газартай нь хуйвалддаг, ард түмнийх нь эсрэг юм хийдэг гэх мэтээрээ алдартай  компани юм. Энэ бол бидэнд ил мэдэгдэж байсан компанд. Харин далд байсан нь гэвэл дэлхийн хэмжээний судалгааны том байгууллагууд. Ямар манай Д.Зоригт, С.Баярцогт хоёр шиг юм тэнд ажиллагаагүй нь ойлгомжтой. Цаана нь дэлхийн томоохон хууль эрх зүйн мэргэжилтнүүд, улс төрчид, эдийн засагчид ажиллаж байсан гэдэгт би итгэлтэй байгаа. Эдний эсрэг монголын эрдэмтэд нэгдээд ажиллаж эхэлсэн арга зам нь зөв л байсан. Гэтэл үндсэндээ энэ гэрээг С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт гурав хийсэн.  “Голдман сакс” банкны хувьд гэвэл энэ чинь “Айвенхоу майнз”-ын Төлөөлөн удирдах зөвлөлд  хүнээ оруулчихсан банк гэж яригддаг байсан юм. Бас хувьцаа эзэмшигч гэдэг ч яриа бий. Өөрөөр хэлбэл “Голдман сакс” бол эрх ашгийн зөрчилтэй байсан байхгүй юу. Энэ банкны зүгээс  хийсэн тооцоо, дүгнэлт ч байдаг гэсэн. Тус банк зөвхөн Оюу толгой дээр ажиллаад зогсоогүй, Олон овоот, Таван толгой дээр ч ажилласан. Мөн хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахад “Оюу толгой Нидерланд Би Ви” гэдэг нэг компани хаанаас ч юм гараад ирсэн л байсан. Оюу толгойн төслийн гэрээ бол асар том хэмжээний юм шүү дээ. Ийм том юманд дээр манайхан том л багаар ажиллах ёстой байлаа.

                   Фрийдланд зэсийн нөөцийг дөрөв дахин хасч тооцсон

 

-Ер нь УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Оюу толгойн гэрээний үндсэн зарчмыг тодорхойлохдоо нөөц ашигласан төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилж авахаар заасан нь С.Баярын дээрх гурван тэрбумаас үүсэлтэй гэж ойлгож болох уу?

-Чи их зөв олж харсан байна. Үндсэндээ С.Баярын тэр санаа нь УИХ-ын 40 дүгээр тогтоолын ийм заалт болж гарсан байна лээ. Ерөөсөө л С.Баярын Засгийн газрын санал шингэсэн тогтоол болсон шүү дээ. УИХ-ын энэ заалт бол үндсэндээ Монгол орныг сүйрүүлэх гол заалт нь юм. Монголын баялаг бол үеийн үеийн монгол хүмүүсийн баялаг. Хэн дуртай нь зарж идэх баялаг биш. Би хэлдэг байсан, хойч үеийнхээ баялгийг урьчилж аваад тарааж болохгүй шүү гэж.

-УИХ-ын 40 дүгээр тогтоолд өөр нэг хачирхалтай бөгөөд хэрэгжээгүй заалт бий. Энэ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримталж, үйлдвэрлэлийн шат дамжлага, гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг тохиролцох гэсэн заалт байсан шүү дээ?

-Манайх Оюу толгойгоос маш өндөр хүүтэй зээл авсан. Үүнийг арай өөр зарчмаар, тухайлбал Эрдэнэтийн зарчмаар ч юм уу, хүүгийн маш бага нөхцөлөөр тохиролцож болох л байсан. Үйлдвэр байгуулахад Монголын төрийн бодлого гэж юм байх ёстой. 2008 оны 12 сарын 4-ний УИх-ын 40 дүгээр тогтоол бол “Үндсэн зарчим удирдамж” нэртэй боловч ямар нэг хэмжээгээр Оюу толгойд баримтлах төрийн бодлого болж явж байгаа. Бор-Өндөр Багануур, Эрдэнэт гэх мэт үйлдвэрүүдийг бид яаж байсан юм бэ. Бид хэдийгээр зөвлөлтийн хараат улс байсан ч гэсэн төрийн бодого гэж мундаг юмтай  байлаа. Гэтэл одоо алга. Оюу толгой дээр гэхэд төрөөс ямар хэмжээний зэс, алт байгааг зааж өгөх байсан. Үүнээс Монголын талын авах хувь хэмжээг хугацаатай нь хамт төрийн бодлогодоо нарийн тусгах ёстой байлаа. Ингээд дараагийн таван жилд нь ч гэдэг юм уу, манайх зэсийн үйлдэврээ байгуулна гэх жишээтэй. Харин ганц сайшаалтай нь энэ 40 дүгээр тогтоол дээр эцсийн бүтээгдэхүүний тухай санаа хийж үлдээжээ. Одоо үүнийг бид Засгийн газраас шаардах ёстой. Эцсийн бүтээгдэхүүн гэх тодорхой хэлсээр байтал яагаад анхаарч үзсэнгүй вэ гэж асуух хэрэгтэй. Тогтоолын энэ заалтыг хийхэд УИХ-ын гишүүн Бадамсүрэн ийм заалт оруулна гээд бариад гүйж явсныг би санаж байна. Ч.Хурц гуай бид нар түүнд зэсийн үйлдэвр заавал байгуулна шүү гэж хэлдэг байсан юм. Бидний ийм саналыг тэр тогтоолд ингэж оруулсан байна лээ.

-Одоо Оюу толгойн гэрээг “Өрийн гэрээ”, “Сонгуулийн гэрээ” болсон гэж хэн хүнгүй мэддэг болсон юм шиг байна. Тийм үү?

-Сүүлийн үед сонин юм их сонсогдож байна. Лондонгийн олимпын алтан медалийг Монголын алтаар хийнэ ч гэх шиг. Олимпоос медаль авах юмсан гэсэн сэтгэл зүй дээр маань ингэж гадаадынхан тоглоод байна. Монголын Бороогийн хөндийн алт уу, Оюу толгойн алт уу,  Оросын алт уу гэдэг нь чухал биш шүү дээ. Тийм суртал нэвтрүүлэг нь эдийн засгийн алуурчдын л арга юм. Нарийн дээрээ бол Оюу толгойн алт монголд гарахгүй. Зэсийн үйлдвэр байхгүй учраас эцсийн бүтээгдэхүүн алт, зэсийг Монголд ялгаж гаргах боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд эцсийн бүтээгдэхүүн гаргах тухай заалт байхгүй. Оюу толгойгоос 28-30 хувийн зэс агуулсан, 70-72 хувийн шороо агуулсан хагас түүхий эдийг хятад руу зөөнө. Фрийдланд 2003 оноос эхлээд Хятадын таван зэсийн үйлдвэртэй нууц гэрээ хийсэн. Хятадын нутаг дээр гарсан алт Лондонгийн олимпын медаль болж очно. Ерөөсөө Оюу толгойн гэрээ нь өөрөө Олон улсын бролон Монгол улсын маш олон хуулийг зөрчиж хийгдсэн гэрээ юм. Энд ганц л жишээ хэлье. Өндөр хөгжилтэй орнууд буруу хөгжилтэй орнуултай гэрээ хийхдээ шулан мөлжих, илүү давуу эрхтэй оролцохыг хязгаарласан байдаг юм. Харин хөгжилтэй орнууд аль болохоор туслах тухай заалтууд байдаг. НҮБ-ын энэ талаарх 1969 оны баримт бичиг бий. Монголд 34 хувийг нь өгөөд гадаадынхан 66 хувийг нь авна гэдэг бол үүнийг зөрчсөн гэсэн үг. Мөн Монголын 10 гаруй хуулийг зөрчиж Оюу толгойн гэрээг хийсэн байна. Өрийн гэрээ, Сонгуулийн гэрээ гэхээсээ илүү бид энэ гэрээг хүчингүй гэрээ гэж үзэж байгаа. Хүчингүй гэдэг нь олон улсын болон монгол улсын хууль, журмуудыг зөрчсөн учираас ингэж үзэхээс өөр замгүй юм. Хамгийн ноцтой нь гэвэл 2006 оны Ашигт малтмалын тухай хууль бол хүчин төгөлдөр бус хууль шүү дээ. Үүнийг Ч.Хурц гуай илүү сайн мэдэж ярих учиртай, энүүгээр дагнасан судалгаа хийсэн хүн. Уг хуулийн 150 гаруй заалтыг Ц.Нямдорж дур мэдэн зассан байдаг юм. Эдгээрээс нь 38 заалт нь бол  хуулийн мөн чанар, агуулгыг алдагдуулсан заалт болсон байлаа. Үүнээс болоод Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалаасаа огцорч байсан шүү дээ.

-Ц.Нямдоржийн засварласан энэ хуулийг УИХ дараа нь тэр чигт нь ашигласан биз дээ?

-Тийм л дээ. Уг нь Ц.Нямдоржийн зассан хуулийг УИХ-аар хэлэлцэж өөрлөн сайжруулах ёстой байсан юм.  Гэтэл ийм хүчин төгөлдөр бус хуулийг баримтлан Оюу толгойн гэрээг хийсэн. Иймд энэ гэрээ нь өөрөө хүчингүй гэрээ болж байгаа юм. Энэ гэрээг цуцлах юм уу, сайжруулах тухай ярьж болохгүй. Харин энэ гэрээг дахин шинээр байгуулах учиртай юм.

-Оюу толгойн нөөцийг хэд дахин дарж тооцоод байх шиг байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Оюу толгойд 45 сая тонн зэс, 1000 тонн алт, 10-аад мянган тонн мөнгө буюу долоон Эрдэнэт, дөчин Бороо, гурван асгат нэг дор байж байгаа. 2009 он хүртэл ийм л хэмжээгээр нөөцийг нь тодорохойлж дэлхийд зарлаж байсан. Фрийдланд үүгээр мөнгө босгосон. Гэтэл одоо яаж байна гэхээр 45 сая тонн зэсээ 22 сая тонн болгож хоёр дахин багасгасан. Дараа нь Фрийдланд 2010 оны 6 сарын 10-нд 45 сая тонн зэсийг маань бүр 11 сая болгосон байлаа. Дөрөв дахин багасгажээ. Гэрээ маань 30 жил гэж байгаа. Тэгвэл тэд сор болсон баялгийг хэдхэн жилд хамаад авах нь ээ. Таван жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхсөнийх нь дараа бид 50 хувь эзэмшинэ. Үүнээс өмнө сорчлоод дуусах гэж байна. өөрөөр хэлбэл 10 жилийн дараа Оюу толгойн орд байхгүй болно гэсэн үг. Монголчууд технологийн хувьд ч, орд дээр үүсэх орчны нөхцөлийн хувьд ч үлдсэн баялгийг авах аргагүй болно. Ийм л муухай хорон бодлого Оюу толгой дээр яваад байгаа юм шүү дээ.

Ярилцсан Б.Отгонбаяр


URL:

Сэтгэгдэл бичих