Цагаан сарын үеэр ихэнх аймгуудад хүйтэрнэ
Ус цаг уур, орчны хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээллээр сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Эхний 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн хагас хүртэл хүйтний эрч чангарч, зарим нутгаар шөнөдөө 38-43 хүртэл хэм хүйтрэхээр төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ. Улаанбаатар хотод сар шинийн өдрүүдэд цаг агаарын байдал харьцангуй тогтуун, 18-21 градус хүйтэн байх урьдчилсан төлөв гарсан байна. Бусад аймгуудын цаг агаарын урьдчилсан мэдээг бүсчилсэн байдлаар хүргэж байна.
ГОЛУУДЫН ХӨНДИЙГӨӨР ЦӨЧИР ХҮЙТЭРНЭ
Сарын эхний 10 хоногийн сүүлч буюу хоёрдугаар сарын 8-10-наас 15-ны хооронд хүйтний эрч чангарна. Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч, 38-43, өдөртөө 24-29 хэм хүйтэн байх нь. Түүнчлэн Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 13-18 градус хүйтрэх аж. Энэ сард орох хур тунадас нь Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын баруун хойд болон өмнөд хил орчмын нутаг, Увс, Завханы ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос 12-14 м/с хүрч ширүүсч, ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
ШӨНӨДӨӨ 35-40 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРНЭ
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 29-34, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг чангарна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч харьцангуй суларч Дархадын хотгороор шөнөдөө 25-30, өдөртөө 10-15 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35, өдөртөө 18-23 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн баруун, Архангайн зүүн өмнөд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн баруун хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
ЗҮҮН ЗҮГИЙН НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцэс, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 12-17 градус хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зээг чангарах төлөвтэй байгаа аж. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтний эрч харьцангуй суларч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 25-30, бусад нутгаар 20-25, өдөртөө ихэнх нутгаар 8-13 градус хүйтэрнэ. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байгаа аж. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлийн хагаст ихэнх нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи баруун хойноос 12-14 м/с, ялангуяа гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
ӨДӨРТӨӨ 3-8 ГРАДУС ХҮЙТЭН
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр Дундговийн нутаг, Дорноговийн зүүн хэсгээр шөнөдөө 25-30, өдөртөө 11-16 градус хүйтэрнэ. Бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19, өдөртөө3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговь, Дорноговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар цас орно
Л.Энхдэлгэр
URL: