“Оюутолгой ажиллагаа”-1

oyutolgoi-ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МААНЬ ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧИН МИНИЙ ӨРИЙГ НАДАД ХЭЛЭЛГҮЙГЭЭР ӨСГӨЖ, НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ХУГАЦААГ МААНЬ ХОЙШЛУУЛЛАА- Оюутолгой ажиллагаа эхэл­жээ. Энэ нь хөрөнгө оруулалтаа нэмэх. Хөрөнгө оруулалт нэмнэ гэдэг нь сайхан сонсогдох авч Оюутолгойд хувь эзэмшиж буй Монголын Засгийн газрын өр тэр чинээгээрээ нэмэгдэж байна гэсэн үг. Хөрөнгө оруулагч тал УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээ “нууц”-аар нэмсэнээс болоод манай өр илтээр шууд өсөв. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд анхны бүтээгдэхүүн гарах хүртэлх хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар гэж заасан байдаг. Энэ мөнгөний 34 хувь нь манай улсын өр гэсэн үг. Гэтэл одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр тэрбум ам.доллараар өсч 7.1 тэрбум болчихоод байна. Хөрөнгө оруулалт нь бүхэл бүтэн хоёр тэрбум ам.дол­лараар нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдад эргүүлэх төлөх ёстой манай улсын өрийг энэ хэмжээгээр өсгөхөд хүргэв. Цаашилбал манай улс анхны хөрөнгө оруулалтыг нөхөж байж 34 хувьд ногдол ашгаа авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл бид өрөө дарж байж ашиг авдаг болох юм. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам манай улсын зээлийн хэмжээ нэмэгдэж ногдол ашиг авах хугацаа хойшилно. Уул уурхайн сайд Д.Ганхуяг төсөл хэ-рэгжүүлэгчдээс хөрөнгө оруулал­тын хэмжээг ямар учраас ийнхүү нэмэгдүүлсэн талаар тодруулсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа гэдгийг хэлж байсан. Оюутолгой төслийн ногдол ашгийг 2019 оноос эхлэн хувааж эх­лэхээр байгаа. Бид 2019 оноос эх­лэн энэ ордоосоо ашиг хүртэж эхлэх учиртай. Далд уурхайн бүтээн байгуулалтыг оруулаад нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 14.6 тэрбум ам.доллар гэж анх ТЭЗҮ-д тусгаж байсан бол өнөөдөр 24.4 тэрбум ам.доллар буюу 68 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөчихөөд бай­гаа учраас энэ хугацаа 2033 он болж хойшлох тооцоо гарсан байна. Ногдол ашиг авах хугацааг хойшлуулах нь хөрөнгө оруулагчдад ашигтай. Ма­най улс уул уурхайн баял­гаа эргэлтэд оруулж ашиг олохын тулд гадны хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлсэн. Гэрээгээ байгуулж, ажил ч өрнөж байна. Гэтэл хөрөнгө оруулагчид маань гэрээгээ зөрчин миний өрийг надад хэлэлгүйгээр өсгөж, ногдол ашиг хүртэх хугацааг маань хойшлууллаа. Энэ бол манай улсын хувьд жинхэнэ шок юм. Хөрөнгө оруулагчдаас зээлж буй мөнгөний хэмжээ өсч байгаа нь Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашигт шууд нөлөөлнө. Бидний зээлж буй мөнгө нэмэгдэх тусам уг төслөөс хүртэх өгөөж багасна гэсэн үг. Ийнхүү гэрээгээ зөрчин, ар хударгаар ажиллаж буй нь дэлхийд алдартай “Рио тинто” компанийн нэр хүндэд нөлөөлж ч мэдэх юм. Анхны хөрөнгө оруулалтын гэрээг ТЭЗҮ-д суурилж хийсэн байдаг. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн учраас ТЭЗҮ ч өөрчлөгдөж таарна. Уг нь манай улсын холбогдох хуульд аль нэг зардал өөрчлөгдсөн тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөв­лөлөөр батлуулна гэж заасан байдаг аж. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ч ингэж заасан. Гэтэл хөрөнгө оруулагчид гэрээ, манай улсын хууль дүрмийг ийнхүү зөрчиж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар манай улстөрчид маргалдаж мэтгэлцэн талцаж байх хооронд хөрөнгө оруулагч тал гэрээг ийнхүү зөрчиж, асуудлыг дангаараа шийдвэрлэж ирсэн байна. МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдааны үеэр “Рио Тинто”-д хандан хатуухан сануулга өгч, хуулийн хүрээнд ажиллахыг шаардсан. Тэрбээр ““Монгол Улс бол нээлттэй, ардчилсан, ард түмэн нь эрхээ шаардсан, төр нь ард түм­нийхээ шаардлага, хүсэл зоригийг биелүүлэхийн төлөө ажилладаг улс. Ашигт малтмалаас үнэтэй, Оюу­тол­гойгоос үнэтэй ололтууд Монголд бий.Улс орны тусгаар тогтносон, бие даасан байдал, хууль ёс, ил тод байдал заавал үйлчлэх ёстой. Зарим гишүүн хэлж байсан. Монгол Улс хуультай орон. Монгол ёс журамтай улс. Монгол Улс бол төр, засагтай улс. Зүгээр нэг баялгийг нь ороод дээрэмдээд аваад явчихдаг, тэгээд нөгөөдүүл нь дуугүй сууж байдаг, аль эсвэл эрх барьж байгаа хэсэг хүнтэй нь хуйвалдаад баялгийг нь цөлмөөд гараад явдаг тийм улс биш шүү. Хэрэв ийм улс гэж эхнээсээ бодсон бол эндүүрэл. Биднийг өөр газар нутагтай, өөр улс оронтой харьцуулж ярих шаардлагагүй” гэж хэлсэн. Оюутолгой компанийн хувь ний­лүүлэгчдийн хурал маргааш болох гэж байна. Энэ удаа тус гэрээний асуудлаар манай улсын төр засаг хуваагдмал бус нэгдмэл байр суурьтай болж нэгдсэн саналаа хөрөнгө оруулагчдад тавихаар болж байх шиг. Сүүлийн үед болсон үйл явдлууд ч энэ хурал ширүүхэн уур амьсгалтай болно гэдгийг харуулж байгаа. Ямар ч байсан манай улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч “Рио тинто” компанийн удирдлагуудтай энэ мэт маргаантай асуудлаар хэ-лэлцэн тохиролцно. Хоёр тал ямар тохиролцоонд хүрч ямар шийдвэр гарахаас Оюутолгойн ирээдүй хааш эргэх нь шалтгаална. Юм л бол хаана бооно гэж сүрдүүлж ирсэн хөрөнгө оруулагчид энэ удаа ч мөн Оюутолгой уурхайн үйл ажиллагааг түр зогсоох тухай яриа гаргаад байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн өгсөн сануулга тэдний чихийг зөөллөж ч мэдэх юм. Гэвч “Оюутолгой ажиллагаа” манай улсын эрх ашгийн эсрэг ийнхүү хөдөлж байгааг бид мэдэж авлаа.Харин үүний эсрэг ямар хориг арга хэмжээ авахыг харж л байя. Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих