Дэндүү дээ дэндүү

527-1359968667pictХүн төрөлхтөн шударга үнэний төлөө олон зуун жил тэмцэж, шударга байхыг эрхэмлэн дээдэлж ирсэн түүхэн замналтай. Шударга байх нь нийгэм, хууль тогтоомжоос гадна аливаа үйлийг хийж буй хувь хүний ухамсар, боловсрол, үнэнч сэтгэл, зан заншил, уламжлалт ёс нэн чухал нөлөөтэй. Монгол Улсад сүүлийн хэдэн жил шударга шүүхтэй болох, хээл хахуулийг зогсоох талаар их ярьж, чамлалтгүй тэмцсээр байвч тодорхой үр дүндхүрэхгүй байгаа.

 

Шударга ёсыг шүүх, прокурор, төрийн албан хаагчид өөрсдөө үлгэрлэж, төрөл төрөгсөд, танил тал найз нөхөд гэлтгүй шударга ёсыг хэвшүүлсэн цагт үр дүнтэй болж, ард олны сэтгэлд суурьшина. Ийм ухамсар ёс суртахуун төрийн түшээ албан хаагчдад бүрэлдэж тогтоогүй цагт шударга ёсыг ярихад хэцүү гэдэг нь “Монгол кино” нэгтгэлийн дарга Ж.Солонготой холбоотой үйл явдал тод харуулдаг юм.

 

1998 онд Ж.Солонгын үйлдсэн хууль бус хэргийн тухай мэдээллийг авч шүүх хуулийн бүх байгууллагад тодорхой баримтаар хандсан боловч Ж.Солонгын эхнэр, танил тап найз нөхдийн албан тушаалд хаацайлагдан хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн эзэн ялапт байгуулж байсан.

 

Ж.Солонго 1997 оны гуравдугаар сард Төрийн өмчийн хороооны даргын тушаалаар томилогдон ирсэн өдрөөс “Монгол кино” нэгтгэлийн хөрөнгийг хэрхэн өөртөө ашиглах боломжийг хайж, 1990 оноос хойш эмх замбараа алдагдаж байсан нөхцөл байдлыг ашиглаж, киноны хөрөнгийн тооллогыг өөрт ашигтай болгож, эд хөрөнгийн дансыг шинэчилж, албан тушаалаа ашиглаж дур мэдэн зарцуулсан тухай 16 баримт бүхий мэдээллийг тухайн үед монгол киноны санхүүд ажиллаж байсан Оюунбилэг, Янжинхорлоо нар хэлж шалгуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, харин тэднийг ажлаас нь халж хохироосон.

 

“Монгол кино” үйлдвэр түүхийн маш ховор эд зүйлс, ноёд хатдын өмсгөл, эмээл хазаар, хэт хутга, гэр майхан, машин тэрэг гээд тоочих зүйл ихтэй. Тэр бүгд Монголын түүхэн олон кинонд харагдах учир баримт болон үлдсэн. Солонгын үед юу нь үлдэж, тооллогонд орсон бэ? Одоо байна уу, үгүй юү гэдгийг шалгах учиртай. Дам ярианаас сонсоход дээр үеийн тооллогын данс бичиг, гэрэл зургаар баталгаажуулсан цомог алга болсон гэдэг.

 

Ж.Солонго захирлаар томилогдоод Япон улсад Монголын кино өдөрлөг зохиож, 69.479 ам.доллар авсан тухай Японы кино нийгэмлэгийн Акира Огумагаас факс ирж, тэр тухай ЦЕГ, УМБГ-аар шалгуулахад Худалдаа хөгжлийн банкинд Солонгын хувийн дансанд орсон байсан боловч хэрэгсэхгүй болгож, байцаагч Аргалант хэргийг хааж байсан. Энэ бүгдээс үүдэж, Ж.Солонгыг хэн ч дийлэхгүй дархлагдсан хүн гэдгийг зарим сайд хүртэл санаа алдан хэлж байлаа.

 

Ж.Солонгод зөвхөн киноны хөрөнгө багадаж, тус киноны байрыг түрээслэж, сургалт явуулж байсан “Харцага” киноны дээд сургуулийг манай сургууль байх ёстой гэж Энхтуяа захирлыг дарамталж, өөрийн сургуулийн суурийг тавьж, харин “Харцага” киноны дээд сургууль хагас оюутнаа авч хөөгдсөн түүхтэй. Ийнхүү Ж.Солонго “Харцага” сургуулийн суурин дээр Кино урлагийн дээд сургуулийг байгуулж, улсын хоёр байгууллагыг удирдаж, хоёр байгууллагын хөрөнгийг дур мэдэн захирах, хуулийг гууль болгож чадсан юм.

 

2010 онд улсын их дээд сургуулийг төрөлжүүлэн нэгтгэж, зохион байгууллалт хийхэд КУДС хувийн сургууль болж, Ж.Солонго захирал 50 орчим хувийг гаргасан гэдэг баталгааг Төрийн өмчийн хороо өгсөн гэдэг. Ийнхүү улсын сургууль хувийнх болж, хувь улсын хөрөнгө холилдож байхад харьяа яамдууд (БШУЯ, ССАЖЯ) нүдэн балай чихэн дүлий эрхлүүлсээр л байна.

 

Одоо хувийн сургуулийн харьяагаар БШУЯ-нд, Кино нэгтгэлийн хөрөнгөөр ТӨХ-нд кино урлагийн талаар ССАЖЯ-нд хамрагдаж, гурван эзний дунд бүжиглэж, дураараа дургих заяанд жаргаж явахыг хэн олгоод байна вэ? Одоо кино нэгтгэлийн газрыг дур мэдэн наймаалж, “Зүмбэр орд” ХХК , “Үнизм” ХХК-тай барилгын гэрээ хийж, нэгтгэлийн ажилчдад өгөх нэрийдлээр арав, арван байр авахаар болсон боловч, энэ тухай ажилчдаасаа нууж байсан нь илчлэгдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтарч, байрны цоожийг сольж аваад өөрийн үнэнч хүмүүст олгох болсон мэдээ сонорт хүрч байна.

 

Нэгэн сонинд шинэ мэдээ гарч, кино нэгтгэлийн хажууд 81 дүгээр байрыг бариулахдаа ажилчдад олгох байр гэж доод давхрыг Ж.Солонго авахаар тохирч, тэнд ресторан түрээсээр ажиллуулж байгааг бичсэн. Мөн 10 машины гаражийг хувьдаа барьж, хуучин лабораторийн байшинг худалдаж, хашаа бариулсан гээд олон баримт дурдагдаж байгаа. “Монгол кино” нэгтгэлийн өрөө байрыг түрээслүүлж, хэдэн төгрөгийн орлого олж байгаа, юунд зарцуулдаг, социализмын үед улсын хөрөнгөөр бүтээсэн кинонуудыг төр өмчлөх ёстой гэдэг Оюуны өмчийн газрын гаргасан шийдвэр амьдралд хэрэгжих боломжгүйг далимдуулж, Ж.Солонго бүх киног хувилж, телевизэд тарааж байгаа зэрэг хуудуутай зүйл олон.

 

Ж.Солонготой уулзаж, хууль бус үйлдэл хийж, улсыг мэхэлж, хувьдаа ашиг хонжоо олох явуургүй үйлдлээ зогсоогооч гэхэд”… та нар хөлөө хүрэх газар яваарай, юу ч олж долоохгүй…” гэж бардамнаж байсныг бид сонсоод түүнд итгэсэн. Бидний хүрэх газар богино. Хүрсэн газрын эзэд яах бол гэдэг нь таавар болдог. Ямар ч гэсэн Ж.Солонгын хийсэн олон янзын хэргийг ул суурьтай, үнэн шударгаар шалгаж, гэм хийсэн бол зэмийг нь хүлээлгэж, хариуцлага тооцмоор байна.

 

Ж.Солонгын сайн нөхөр, сайн танил, сайн эхнэр байсан ч одоо бузар хэрэгт хутгалдмааргүй байна. Үнэхээр хайрлаж хүндэлдэг байсан юм бол хэргээс өмнө сануулж, хууль бус үйлдлээс нь бага дээр нь болиулахгүй яасан юм бэ гэж бодогдох юм. Өмөөрөн хаацайлснаас хэрэг улам зузаарсан бус уу. Монголын кино урлаг сэхэл авахгүй доройтсон нь Ж.Солонготой холбоотой.

 

Түүнд кино урлагийг хөгжүүлэх сэтгэл байгаагүй. Кино нэгтгэлийн захирал гэдэг үүргийг 15 жил гүйцэтгэсэн үүрэгт ажлаас нь халах цаг болсон. Ж.Солонго бол уснаас хуурай гарч чадах арга мэхтэй хүн гэдгээ олон жил харуулж, олон дарга сайдын үед амьдарч чадса хүн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шинэ сэтгэлгээтэй дарга сайдууд шинээр бодож, кино урлагт халуун сэтгэлээр хандах байлгүй хэмээн итгэж байна даа.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Х.Дамдин


URL:

Сэтгэгдэл бичих