Эрүүл мэндийн яам уу, эсвэл Н.Энхбаярын яам уу
Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа нэр бүхий зарим эмчид итгэж эмчлүүлнэ, эрүүл болно гэх баталгаа алдагдаад удлаа. Сэтгэл эмзэглүүлэм, эмнэлгийн орчинд байж боломгүй харамсалтай, онц ноцтой хэргүүд дараалан гарах болов. Тухайлбал, Э.Хонгорзул гэдэг эмэгтэй 2011 оны сүүлээр III төрөхөд гурав дахь хүүхдээ кисарев хагалгаагаар төрүүлжээ.
Гэтэл төрөхийн эх барих эмч н.Оюунгэрэл, бага эмч н.Батзаяа, сувилагч н.Ганчимэг нар түүний хэвлийд нэг метр орчим марль хийж оёсон хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдөр энэ бүсгүйн амь үхэл, амьдралын дэнсэн дээр байна. Ийнхүү залуу гэр бүлийн амьдрал хүнд байдалд орчихоод байхад тэд юу ч болоогүй мэт ажлаа хийсээр.
Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Эмч хагалгааны өмнө болон дараа бүх багаж, тоног төхөөрөмжөө тоолох ёстой ч анзааргагүй хандсанаас ийм алдаа гардаг. Энэ удаа арай л хайнга хандсан нь илэрхий байна. Нэг метр марлийг харахгүй байна гэдэг байж боломгүй зүйл. Хагалгааны явцад гарсан марлийг хагалгаа хийсэн эмч өгөхгүй байгаа гэсэн гомдол хэлж байна.
Өмнө нь хагалгаанаас гарсан эд зүйлийг ар гэрийнхэнд нь өгдөг байсан. Сүүлийн үед өгөхөө больж байгаа бол иргэд манай яаманд мэдэгдэх ёстой. Гэтэл энэ хохирогч мэдэгдээгүй байна. Бид мэс засал хийсэн эмчтэй нь уулзаж үнэхээр марль гарсан уу, үгүй юу гэдгийг баталгаажуулна. Ингээд батлагдвал эмч нарт нь хариуцлага тооцно” хэмээн ярьсан.
Үүнээс харахад хэрэв нотлох баримтыг нь устгасан бол хөөрхий бүсгүй амь насаараа хохироод үлдэх дүр зураг ажиглагдаж байна. Гэтэл дээрх төрөх эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Д.Бат-Очир бүсгүйг огтхон ч хайхарсангүй. Тэрбээр “Юун сүртэй юм. Марль байтугай хайч хийгээд оёчихсон тохиолдол байдаг л биз дээ. Гомдол байвал тэр Оюунгэрэл эмчдээ хэл.
Эмчилгээнд өгөх мөнгө манай төрөхөд байхгүй. Ингээд байвал Оюунгэрэл эмчийг чинь ажлаас нь халаад өгье. Та нар хэнээс юу олж долоох юм” гэх. Арай ч дэндсэн хэрэг биз дээ. Зөвхөн Э.Хонгорзул гэлтгүй түүнтэй хамт энэ эмнэлэгт хэвтэж байгаад мэс засалд орсон нэгэн бүсгүй мэс заслын хүндрэлээс болж өнгөрөгч долоо хоногт нас баржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр эмч нарын хариуцлагагүй байдлаас болж хоёр сар гаруй хугацаанд хэвтэрт байж байгаад хорвоог орхисон байна. “Алтан гартай ачтан”, “Цагаан халаадтай бурхад” гэх мэтчилэн иргэд тэднийг хамгийн сайн сайхны дээдээр нэрлэсээр… Харамсалтай нь тэд хөрөнгө мөнгөгүй, танил талгүй нэгэнд хүнлэг хандахаа больсон талаар иргэд ихэд гомдоллох болов.
Өөрөөр хэлбэл, жирэмсэн эхчүүд төрөх эмнэлэгт очоод хамгийн түрүүнд эх барих эмчдээ мөнгө атгуулдаг ажээ. Мөнгө өгөөгүй эхийн ус нь гараад, шалан дээр хэвтэж байсан ч тоолгүй ээлжээсээ буугаад орхиод явчихдаг гэнэ. Харин гарыг нь хүндрүүлсэн тохиолдолд эелдгээр харьцаж, өвдөөгүй байхад нь төрөх орон дээр гаргаж, тэр ч бүү хэл массаж хийж өгдөг гэх.
Түүнчлэн сүүлийн үед нярай хүүхдүүд эмч, сувилагчийн буруугаас болж эндэх, гэмтэх тохиолдол газар авч байна. Халуун усанд шалзалсан, унагаж паар мөргүүлсэн, төрөх үед нь чанга татаж тархины гажигтай болгосон, оношийг нь буруу тогтоож эмчилгээ хийснээс хордлогод оруулсан, дутуу нярайн амьсгалах хүчил төрөгчийн гуурсыг цоолж бохиор наасан гэх мэтчилэн дурдаад байвал барагдахгүй.
Үүнийгээ эмч, эмнэлгийн дарга нар “Байх л зүйл шүү дээ” гэдэг нь үнэхээр аймшигтай. Тухайлбал, I төрөхөд саяхан нэг эх баригч нярайг унагаж паар мөргүүлчихээд эцэг эхэд нь “Ингээд алдаж унагачихаад байдаг юм. Санаа зоволтгүй, хүүхэд чинь зүгээр. Ингэж унаад паар мөргөсөн 10 гаруй хүүхэд байгаа. Тэд яагаа ч үгүй” гэсэн байна. Эмч хүн гэхэд ийм зүйл яриад байж байдаг, гутамшигтай юм шүү.
Ухаангүй ноёнд урагшгүй албат Бид хэнд итгэж, хаана эмчлүүлэх вэ. “Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж үнэн үү. Бидний амь нас, эрүүл мэндийн баталгаа хаана явна вэ, хэмээн уншигчид Эрүүл мэндийн, мөн Хууль зүйн сайдаас асуух болов. Гэтэл эрхэм сайдууд иргэдийг бус Н.Энхбаярыг анхааралдаа авч, хуульд хүртэл түүнд нөлөөлөх өөрчлөлт орууллаа.
Гэтэл Э.Хонгорзулын ээж Н.Удвал сайдад хүсэлт гаргахаар очиход нь түүний туслах “Манай сайд гуравдугаар сараас нааш өргөдөл гомдол хүлээж авахгүй” гэж буцаасан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ. Тиймээс манай сонин, сайтын уншигчдын олонхи нь “Монголын эрүүл мэндийн салбар ганцхан Н.Энхбаярт үйлчилдэг боллоо. Н.Удвал Н.Энхбаярт өрөө төлөх гэж, улстөржиж байх хойгуур Монголын эх, үрс хариуцлагагүй эмч нарын увайгүй үйлдлээс болж амь үрэгдсээр байна”, “Эрүүл мэндийн яам уу, эсвэл Н.Энхбаярын яам уу”, “Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж…” хэмээжээ.
Уг нь Эрүүл мэндийн сайд өнгөрөгч арваннэгдүгээр сард Эрүүл мэндийн салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн арга хэмжээг нээх уулзалтын үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг монгол хүн” хэмээх зорилтот ажил эхэлж буйг мэдэгдэж байсан. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндэд учирч болох хохирлыг нэн даруй таслан зогсоох ажлыг цаг хугацаатай уралдан хийж, эрүүл мэндийн салбарт иж бүрэн, эрчимтэй шинэчлэл хийхээ дуулгасан.
Суурь шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, тусламж үйлчилгээний болон эмийн чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагын соёл, харилцаа хандлага, оношлогоо эмчилгээний чадавхи, эрүүл мэндийн салбар дахь сонирхлын зөрчлөөс сэргийлэх, албан бус төлбөрийн асуудлыг ил тод болгож, хүнд сурталтай тэмцэх, шинэчлэлд мэдээллийн технологийн хөгжлийг ашиглах зэрэг олон асуудлыг даруй шийдвэрлэхээр болсон.
Гэвч эрхэм сайд гол зорилгоо хойш тавин, намын даргаа хорихоос гаргаж эмнэлэгт хэвтүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Энэ нь хүний эрхийг хөндсөн зөв зохистой ажил байж болох ч нэн тэргүүнд иргэд, олон нийтийн өмнө тулгамдсан эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй л дээ. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарынханд үйлчлүүлэгчийнхээ зовлонг өөрсдийн зовлон мэт хүлээж авах өр нимгэн, өрөвч зөөлөн сэтгэл хэрэгтэй байна.
Өвчинд шаналсан, цөхөрч туйлдсан өвчтөн, үйлчлүүлэгчээ хүндэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлдэг соёл энэ салбарт дутагдаж байна. Өнөөдөр аль ч эмнэлгээр орсон эмч, сувилагч нарын хүнд суртал, харилцааны соёл, ёс зүй гэдэг ойлголт байхгүй. Мөнгөгүй, танилгүй бол эмнэлгээс хүн чанар гэдгийг олж харахгүй болсон. Улмаар шинээр орсон залуу эмч, сувилагч нар анагаах, эмнэхээс илүү үйлчлүүлэгчээс мөнгө авахыг нь түрүүлж сурдаг гэх.
Харин тэд алдаа гаргачихаад “ачаалал их, цалин бага” гэж өөрсдийгөө өмгөөлөх нь хэрээс хэтэрчээ. Мэс засалд хөндлөнгийн хяналттай ордог болъё Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтаас эрүүл мэндийн салбарт шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн. Тухайлбал, танил талаараа болон хээл хахууль өгч эмчлэх эрх авсан 206 эмч, эмнэлгийн ажилтан цагаан халаад өмсөн иргэдийн эрүүл энхийн манаанд зогсч байсан нь илэрсэн.
Тухайн үед “Эрүүл мэндийн сайд эмч болох гээд хаалгыг нь тогшсон хэнийг ч хамаагүй тушаал гарган иргэдийн амь насыг даатгаж буй нь маш ноцтой алдаа” гэдгийг хууль хяналтынхан хэлж байсан. Улмаар энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ салбар толгойлсон хүмүүс хариуцлага хүлээх ёстойг МХЕГ-аас хатуу сануулж байсан юм. Учир нь Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн 4027 мэргэжилтэнд эмчлэх, эм барих, сувилах үйл ажиллагаа эрхлэх лиценз олгосноос 207-д нь архивын материал бүртгэлгүйгээр лиценз олгосон үйлдэл илчлэгджээ.
Энэхүү буруу замаар цагаан халаад өмсч, чагнуур зүүж яваа нөхдийг мэргэжлээр нь авч үзвэл их эмч 65, бага эмч 46, эх баригч 12, эм зүйч тав, эм найруулагч 19, сувилагч 60 байх аж. Эрүүл мэндийн дэд сайд саяхан “Хяналтыг сайжруулахын тулд мэс заслын өрөөг камержуулж болно. Дахин ийм асуудал гаргахгүй байх гарц хайна” гэсэн.
Харин иргэд энэхүү туршлагагүй нөхдийн гарт Э.Хонгорзул, түүнтэй хамт цэргийн госпитальд мэс засалд орсноос болж нас барсан бүсгүй шиг болохгүйн тулд ар гэрээс нь хөндлөнгийн хяналттай ордог болох хэрэгтэй хэмээн үзэж байна. Монголын эрүүл мэндийн салбар сүүлийн 20 жилд тасралтгүй уруудсаар ирсэн ч өнөөдрийнх шиг элгээрээ хэвтэж байсангүй. Нялхсын эндэгдэл, элдэв янзын онош нь тодорхойгүй өвчин ээлж дараалан гарч, тангараг өргөсөн эмч нар цагаан өмсгөлийн цаана нуугдсан хар сэтгэлтэй нүгэлтнүүдээр дүүрсээр байх уу.
М.Наранболд
Эх сурвалж:
URL: