Э.Бат-Үүл “Бодь”-ийнхонд өртэй юү
Засгийн газрын ордны баруун хаяанд орших хотын захиргаа тэр чигтээ “Бодь”-ийнхны эрт эдүгээн алба хаагчдаар дүүрчээ. Шуудхан хэлэхэд, хотын дарга Э.Бат-Үүлийг тус компанийн угшилтай нөхөд хүрээлдэг аж. Тодруулбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж буй Нарантуяа өмнө нь “Бодь”-ийн ерөнхий санхүүчээр ажиллаж байсан бол хотын Ерөнхий архитектороор нь ажиллаж байгаа Н.Нацагдорж “Бодь Электроникс”-ийн ерөнхий захирал байсан бөгөөд Голомтын Д.Баясгалангийн 10 жилийн анд. Бүр дотны найзууд байсан гэлцдэг. Түүнчлэн Төрийн сангийн дарга н.Ганхүү нь Д.Баясгалангийн үеэл гэхчлэн тоочиж болно. Өөрөөр хэлбэл, хот төлөвлөлтийг шийдэгчид, цаашлаад хөрөнгө санхүү хариуцсан албан тушаалтан нь ч Д.Баясгалангийн ойрын нөхөд аж. Сүүлийн үед хотын даргын амнаас ч дээрх группийг өмгөөлж, хамгаалах үг цухалзах болсон нь анхаарал татна.
Тухайлбал, паркийн газрын асуудалтай холбоотой маргааны үеэр Э.Бат-Үүл “Бодь”-ийнхон паркад үнэхээр их юм хийсэн. Бүтээн байгуулалт нь дуусаагүй байгаа шүү дээ” хэмээн цээжээрээ хамгаалав. Ардчилалд хүчин зүтгэж яваа хэдэн нөхөр үүсгэн байгуулж, удирдан чиглүүлж явдаг дээрх компанид улсын баатар тун ч элэгтэй ханддаг нь зүй биз. Тиймдээ ч Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 74 хувийг эзэмшдэг “Бодь”-ийг олны өмнө ийн өмгөөлөө байлгүй. Үүгээр зогсохгүй хотын дарга буруу талдаа хүрдтэй машиныг нүд үзүүрлэх болсон нь ч “Бодь”-той холбоотой хэмээн гишүүн Я.Содбаатар баталж байсныг энд онцлоё. Тэрбээр “Энэ бол Японы машиныг шахах бодлого. Энэ нь Солонгос машин импортлогчдод ашигтай. Үүний цаана “АПУ” болон “Бодь” группийнхэн бий. Би баталж чадна” гэснийг санах хэрэгтэй.
Тэгвэл нэр нэгтэй, хоёр авиа компанийн тухайд хэн юу гэж хэлэх нь сонин. МИАТ-ийг хувьчилж авахын тулд байгуулсан гэх “Монголиан эйрлайнс”-ийн 49 хувийг “Бодь” групп эзэмшдэг гэдгийг амтай бүхэн л хэлж байна. УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа улиран ажиллаж буй Л.Болд 1993 онд дүү Л.Болдхуяг болоод найз Д.Баясгалан, М.Зоригт нарын хамтаар “Бодь” группийг үүсгэн байгуулжээ. Хачирхалтай нь, Л.Болд эрхмийг 1996 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо эвсэл”-ээс нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш бизнес нь өргөжин тэлж, “Бодь интернэшнл” группээс 20 гаруй охин компани мэндэлжээ.
“Монголиан эйрлайнс” авиа компанийн 21 хувийг нь Ч.Хоролсүрэн эзэмшдэг бол 30 хувь нь “МАК”-ийн Н.Нямтайширын халаасанд бий. Ийн атал хэргийг хамгийн бага хувь эзэмшигч Ч.Хоролсүрэнд нялзаахын тулд хэн нэгэн аль хэдийнэ ажиллаж эхэлсэн нь анхаарлын гадна үлдэхгүй нь. Үнэндээ мөнгө угаасан хэрэгт хамгийн бодитой байж мэдэх холбоо сүлбээтэн нь “Бодь” групп гэх. Үүний баталгаа юу, юутай ч өнгөрсөн долоо хоногт “Бодь электроникс”-ийн ерөнхий захирал асан Н.Нацагдоржийг саатуулан шалгаж эхэлжээ. Тэр нь МИАТ болон цахим үнэмлэхний асуудалтай холбоотой хэмээн эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн УИХ-ын сонгуульд ашигласан санал тоолох автомат машиныг Америкийн компанитай хамтран “Бодь” групп оруулж ирэн, программ хангамжийг хийсэн “Интерактив” компани нь “Бодь”-ийн охин компани. Гэтэл санаатай, санаагүйн алин болох тодорхойгүй байдлаар төхөөрөмж нь алдаатай ажиллаж сонгуулийн дүнг бодит байдлаас зөрүүтэй гаргасан гэх яриа улстөрчдийн дунд өнөөг хүртэл тасрахгүй байна. “Бодь” группийн удирдлагууд энэ мэдээллийг няцаадаг ч хуулийн байгууллага албан ёсоор баталгаажуулаагүй байгаа. Гэтэл цахим иргэний үнэмлэхийг хэвлэх төхөөрөмжийг оруулж ирэх, нууцлал болон мэдээлэл суулгах программ зохиох эрхийг тендергүйгээр “Бодь интернэйшнл” компани авсан тухай мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийг сайд асан Ц.Нямдорж дэлгэсэн нь дуулиан дээр дуулиан нэмэв. Гишүүн Ц.Шинэбаяр ч Л.Болдын эзэмшдэг “Бодь” группийн охин компани болох “Бодь интернэйшнл” компанийн захирал М.Зоригт өмнө буюу 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэний үнэмлэхийг хуурамчаар хэвлэж байсныг гэрчлэхээ мэдэгдэж байсныг саная. Түүний хэлснээр 2004 онд М.Зоригт Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн иргэдийн 400 гаруй үнэмлэхийг хуурамчаар хэвлэж, санал өгүүлсэн гэдэг. Энэ мэтчилэн МИАТ-ээс гадна цахим үнэмлэхний асуудал ч “Бодь”-ийнхны тархийг гашилгаж мэдэх нь. Нэг нэртэй хоёр авиа компанийн хэргийг хуулийн байгууллага шалгаж, эзэн холбогдогчийг нь эрэн сурвалжилж байгаа. Прокурорын байгууллагынхны хэлж байгаагаар 10 гаруй хүн хэрэгт татагдаж, нэлээд их хэмжээний хөрөнгөний асуудал яригдана. Үүнд улстөрчид болон томоохон компанийн эзэд ч нэр холбогдох магадлалтайг дурьдсан. МИАТ 2009-2010 онд “Бодь даатгал” компанитай гэрээ байгуулж 1,175,410 ам.доллар төлсөн, 2010-2011 онд мөн “Бодь даатгал” компанитай Боинг 737-800 агаарын хөлгийн иж бүрэн даатгалыг хийлгүүлэхээр 984.177 ам.долларын хураамж төлөх гэрээ байгуулж байжээ. Мөн 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Төрийн өмчийн хорооны “Аэробус 310-300” агаарын хөлгийг худалдах доод үнийг тогтоох 536-р тогтоолд “ЗТБХБЯ-ны санал, “МИАТ” төрийн өмчит ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тус төрийн өмчит компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, үйлдвэрийн 526, улсын бүртгэлийн JU 1010 дугаартай Аэробус 310-300 загварын агаарын хөлгийн худалдах доод үнийг балансын үлдэгдэл үнэ 6.223.396.605 төгрөг буюу 4.7 сая ам.доллараар тогтоож нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрсөн байжээ. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийг нэрнээс нь эхлэн хэдийнэ хувьчилж байсан биш үү. Нэр, онгоц гэхчлэн. Иймдээ ч шуурган дундуур хувьчлалын асуудлыг түргэвчилсэн ч бүтэлгүйтэв бололтой.
“ГОЛОМТ”-ЫГ ТОЙРСОН МАРГААН
“Голомт” банкны таван хувийг “Трафигура” компани 21.2 тэрбум төгрөгөөр авснаар банкны 80 хувийг “Бодь Интернэшнл”, 10.7 хувийг Швейцарийн “Swiss-MO AG” хөрөнгө оруулалтын байгууллага, 5.02 хувийг “Трафигура” эзэмших болсон байна. Гэтэл ийм үед “Сэргэн мандалт” групп тус банкнаас хадгаламжаа татжээ. Шалтгаан нь МИАТ-ийн дайны эрсдлийн даатгалтай холбоотой бололтой. Гэхдээ ганцаар тогтохгүй харилцагчид дансаа татаж эхэлсэн гэнэ.
“Голомт” банк Японы “Иточу” компанитай зарга үүсгэж, өндөр хэмжээний төлбөрт унасан гэх мэдээлэл бий. 2005 оны тавдугаар сард Нийслэлийн засаг дарга асан М.Энхболдод илгээж байсан нэгэн албан бичигт дурьдсанаар “Голомт” банк Японы Иточу корпорацитай хамтран Хүүхдийн паркийг иж бүрэн шинэчлэх төсөл хэрэгжүүлэх болсон байдаг. Ийнхүү гар барилцаж байсан тэд хэл амаа ололцолгүй маргаан үүсгэж, шүүх цагдаадаа хүрсэн мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас балраагүй байна. Энэчлэн Л.Болдын гэх “Голомт” банкийг тойрсон таагүй мэдээлэл цөөнгүй. Тухайлбал, “100 мянган нарны гэрэл” төслийн хүрээнд Засгийн газраас малчдыг гэрэлжүүлж, соёлжуулах хөтөлбөр зарлаж байсан нь саяхан. Гэсэн ч уг хөтөлбөрийг хэрэгжүүлж чадаагүйн бурууг Түлш, эрчим хүчний сайд асан Б.Эрдэнэбат хүлээж байсан. Гэтэл асуудлын цаана нь Өмнөд Солонгосын тал руу манайхаас шилжүүлэх ёстой байсан 1.9 сая ам.долларын төлбөр шилжилгүй цаг алдаснаас хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон байдаг. Харин тэрхүү мөнгийг нь дансандаа саатуулж, эргэлдүүлэн малчдыг гэрэлтэй болгохоос татгалзсан банк нь нөгөө л Лу.Болд гишүүний “Голомт” банк байсан гэдэг. Үүнийг нь тухайн үед хэвлэлээр “Төрийн мөнгө угаах “Голомт” технологи” хэмээн нэрийдэж байсан түүхтэй. Түүнчлэн Монголын Залуучуудын холбооноос “Паркаа аваръя” хөдөлгөөнийг эхлүүлж, паркийн газраас эзэмшиж буй компаниудад тодорхой гурван асуулт бүхий асуулгыг хүргүүлж, хариултаа авахыг шаардаж байсан. Харин тэд энэ удаа паркийн газраас хамгийн их буюу 76 хувийг эзэмшдэг “Бодь” группт явуулж байгаа албан ёсны асуулга бүхий энэхүү бичгээ “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланд хаяглажээ.
ЭДГЭЭР КОМПАНИЙН АРД ХЭН БАЙВ
“1991” тусгай дугаар бүхий дуудлагын “Улаанбаатар” таксины хажуу бөөрөн дээр Монголиан Эйрлансийн реклам томоос том тавигдсан байдаг. Эдгээр такси түрээслэгчид Голомт банкинд тооцоогоо хийдэг гэж байгаа. Энэ ч яахав, байж болох гэхэд Монгол дахь маш олон такси компаниас яагаад заавал “1991”-ийн бөөрөнд Монголиан эйрлансын реклам тавигдсан байдаг юм болоо. Анхаарал татахгүй байна гэж үү….
“БОДЬ ГРУПП”-ИЙГ ТОЙРСОН БАЛГУУД
“Бодь” гэхээр л болж бүтэхгүй олон зөрчил гардаг юм шиг болж. Өнгөрсөн хугацаанд эл групптэй холбоотой элдэв янзын мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салсангүй. “Бодь цамхаг” ашиглалтад ороод удаагүй байхаасаа л олны анхааралд өртсөн. Гадна талын хана нь салж унаад удаагүй байхад гай таарч гал гарсан. Гал нэг биш хоёр ч удаа гарч түрээслэгчдийг түргэн авахуулсан. Одоогоос хоёр жилийн өмнө тус байрны 11-13 давхарт байсан дулаалгын хөөсөнцөр шатсанаас хамаг хэрэг мандсан гэлцдэг. Гагнуур хийж байсан ажилтан оч үсрүүлснээс болж олон иргэдийг хохироох шахсан билээ. “Бодь цамхаг”-ийн барилгад 30 орчим байгууллагын 900 гаруй иргэд ажилладаг гэх судалгаа бий. Хэрэг явдал үүгээр дуусахгүй. Тодруулбал, өнгөрсөн жил барилгын салбарт хэд хэдэн осол нүүрлэсэн. Тэрний нэг болох Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх Чехийн элчингийн зүүн урд байрлах ашиглалтад ороогүй 15 давхар барилгын лифт унасан хэрэг бас л тэднийд хаяглагддаг. Үүний улмаас хүний амь эрсдэж олныг цочирдуулсан.
Нийгмийн толь
URL: