Баялаг нь манайх ч, эрх мэдэл нь харьд шилжжээ
-МОНГОЛЫН ӨР 705 САЯ АМ.ДОЛЛАР ХҮРЧЭЭ-
Энэ долоо хоногийн лхагва гариг буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн ордын хувь нийлүүлэгчдийн хурал болно. Энэхүү хурлын үр дүнг Төрийн тэргүүнээс эхлээд, нийгэм ч чих тавин ажиж буй юм. Зүй нь монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх энэхүү ордын “өрмийг” харийнхан хүртэж, хусам нь баялгийн эзэн болсон бидэнд ногдсоор энэ хүрлээ. Наанадаж л, хоёр тал анх хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ л нөөцийн дүнд өөрчлөлт оруулж баталсан. Өөрөөр хэлбэл, манай талаас гэрээ хийсэн холбогдох сайдуудыг ямар нэгэн “далдын хүч” алсын зайнаас удирдав уу, юутай ч гадныхны амаар гарын үсэг зуруулж дөнгөсөн. Уг нь тус ордын албан ёсны нөөц 45 сая тонн зэс, 1800 тонн алт, 6000 тонн мөнгө юм. Учир нь энэхүү нөөцийн дүнг 2009 оны долдугаар сарын 1-нд албан ёсоор төрийн эрх бүхий байгууллага болох Эрдэс баялгийн зөвлөл баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү дүнг Монголын эрх бүхий байгууллага хэлэлцээд улсынхаа сан хөмрөгт бүртгэгдсэн нөөц гэж тодотгож болно.
Гэтэл гэрээг батлагсад Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хийхдээ энэ нөөцийн хагасыг хасч, 23 сая тонн зэс, 1000 гаруй тонн алттай хэмээн үзэглэлээ. Гэвч гэрээний амин сүнс байх ёстой энэ асуудлаар салбарын хэдэн буурал докторууд, гудамжны гэгдэх хөдөлгөөнийхөн шаргал ордныг гороолсоноос өөр хэн ч дуугарсангүй.
Харин өнөөгийн бодит байдал дээр энэхүү гэрээний үр дүнд монголчууд бид ашиг олох бус харин ч, хойч үедээ их өрийг өвлүүлэх эрсдэлд орчихоод байна. Ингэж хэлэхийн учир нь гадныхан жилээс жилд хөрөнгө оруулалтаа өсгөх болов. 2005 онд уг гэрээний тухай яригдаж байхад үйлдвэрийн хөрөнгө оруулалт 2.4 тэрбум гэж байсан. Гэтэл 2009 онд буюу гэрээ байгуулах үед 4.1 тэрбум болсон. Харин 2011 оны сүүлчийн байдлаар 6.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг салбарынхан мэдэгдсэн. Улмаар өнгөрөгч оны сүүлчээр 7.1 тэрбум ам.доллар зарцуулсан гэдгийг холбогдох сайдууд тодотгож байлаа. Үүнээс үзэхэд, хэрэв үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 13 гаруй тэрбум ам.доллар болно. Энэ юу гэсэн үг вэ гэвэл анхны хөрөнгө оруулалт 2.4 тэрбум болно гэсэн тоо бодитой. Нэг үгээр хэлбэл, 13.2 тэрбум гэдэг бол тав дахин өсчихсөн гэсэн үг юм. Тэгэхээр долоон жилийн дараа энэхүү хөрөнгө оруулалт 5-6 дахин өсөх үү гэдгийг бодоод үзье. Дэлхийн үнийн индексийн өсөлт жилд 5-8 хувь байдаг. Нэг үгээр хэлбэл, 100 ам.долларын үнэтэй байсан төхөөрөмж үсрээд л 108 ам.доллар болно. Гэтэл харийнхан хөрөнгө оруулалтын дүнгээ жилд хоёр дахин өсгөөд байгаа юм. Иймээс л баялгийн эзэд бид яагаад ашиг хүртэхгүй вэ гэдгийг эндээс харж болохоор байна.
Цаашлаад, их “үүцээсээ” 34 хувийг өр, зээлтэй хүртэж буй манай улс хүү төлж, хувиа хүртэх нөхцөл байдал үүсчээ. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрээний нөхцөл мөн гэж үү. Учир нь “Рио Тинто”-гийнхон нэмэлт хөрөнгө болгон 6,6 орчим тэрбум ам.доллар босгох санал тавьсан аж. Харин энэ мөнгөнийхөө дөрвөн тэрбум ам.долларыг тэд авах гэнэ. Харин бид 34 хувьд ногдох хөрөнгөдөө хүү бодуулж, өрийн тоолуур ажиллуулах болж байна. Үүгээр зогсохгүй хоёр талын ажлын хэсгийнхний уулзалтаар “Нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрт 7,1 тэрбум ам.доллар хэрэгтэй. Түүнээсээ банкаар босгосон хоёр тэрбумыг хасаад, цаана нь дахиад 5,1 тэрбум ам.доллар хэрэгтэй” гэдгийг цагаан дээр хараар бичиж, манай талд гардуулсан мэдээтэй. Уг нь анхны хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум 425 сая ам.доллар гэж байсан. Гэтэл өнгөрөгч оны гүйцэтгэлээр зургаан тэрбум 467 сая доллар болж, 47 хувиар өссөн. Гэвч энэ хугацаанд үйлдвэрийн удирдлага менежментийн төлбөр гээд гурван хувийг мөн л “залгисан”. Өөрөөр хэлбэл, анхны ТЭЗҮ-д заасан хөрөнгийг 47 хувиар өсгөж үргүй зардал гаргачихаад, дахиад л манай талд зардал чиргэдэл гаргаж байгаа нь энэ. Гэвч хамгийн эмгэнэлтэй нь энэ асуудлыг зохицуулах ямар ч зүйл, заалт гэрээнд тусгаагүй болохыг салбарын сайд чуулганы танхимаас албан ёсоор мэдэгдлээ. Учир нь менежментийн төлбөрийг өмнө нь “Ivanhoe Mines” компани зарцуулж байсан аж. Харин одоо Оюутолгой компани зарцуулах болжээ. Үүнтэй холбогдуулан тус компаниас “Ямар компанид шилжүүлэх юм бэ, гэрээгээ аваад ирээч” гэсэн боловч өнөөг хүртэл ямар ч хариу өгөөгүй байгаа гэнэ. Тэгэхээр яах аргагүй бизнесийн хуулиар менежментийн төлбөр зөвхөн нөгөө талдаа л гардаг. Энэ нь манайд өр, зардал болон үлдэнэ. Тэгээд ч манай “цагаан захтнууд” ийм л гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, Монголын талд 100 хувийн ачаалал болж үлдэх нь ойлгомжтой болжээ. Үүнийг тус хүрээнийхэн ч хөндөн ярьж байгаа юм.
Тэгэхээр энэ бүхнээс үүдэхэд, манай талын 34 хувь нь энгийн хувьцаа юм. Тийм ч учраас бид зээлээ төлж дуусаагүй нөхцөлд энэ төрлийн хувьцаанд ногдол ашиг хүртэхгүй гэсэн эрх зүйн зохицуулалттай. Зүй нь манай улс нэмэлтээр дахин хөрөнгө оруулалт гэж замаасаа хацайгаагүй бол зээлээ төлөөд, ногдол ашгаа 2019 он гэхэд хүртэх байлаа. Гэвч хөрөнгө оруулагч талынхныг толгой дээрээ гаргаснаар энэ тоо 24.4 тэрбум ам.доллар болж өөрчлөгдсөн учир багаар бодоход долоон жилээр хойшлох буюу 2033 онд хувь хүртэнэ гэсэн үг юм. Бас нэг ноцтой асуудал бол Оюутолгой компани нь нийт талбайнхаа 70-80 хувийг эзэмшиж байгаа. Харин үлдсэн 20-30 хувьд нь “Entree Gold” компани хэдийнэ эзэн суух болжээ. Тодруулбал, тус компани нь лицензийнхээ дагуу уг талбайг болон нөөцийг нь ч эзэмшиж байгаа юм. Гэтэл манай улсад нийт нөөцийн 34 хувь байх ёстой бол 70-80 хувийнх нь л 34 хувь ногдож буй. Уг нь “Entree Gold” компанийн хайгуулын лицензийг Оюутолгой компанид ашиглалтын лиценз болгон шилжүүлнэ гэж энэхүү гэрээнд заасан байдаг гэнэ. Гэтэл лицензийг шилжүүлэх явцад тухайн үеийн кадастр, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 20-30 хувь нь өөр компанид очихоор болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Энд нэг зүйлийг онцлоход, “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийн тодотгосноор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гаргасан тооцоогоор хувьцааны санхүүжилт хоёр тэрбум, хүү нь 705 сая ам.доллар болоод байгаа аж. Дээрээс нь жил бүр хүү бодогдоно гэж байгаа. Тэгэхээр бид газрын хэвлий дэх ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо амьдралыг өөд татах гэж гэрээ хийсэн болж таарав уу…
Ямартай ч улсын төсвийн тэн хагасыг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэр долоон сая тонн зэсийн нөөцтэй. Харин Оюутолгой 45 сая тонн зэсийн нөөцтэй. Тэгэхээр Оюутолгой Эрдэнэтээс зургаа дахин том гэсэн үг. Дээрээс нь Оюутолгой 1800 тонн алтны нөөцтэй. Бороо 40 тонн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой Бороогоос 50 дахин их. Харин Асгат 3000 тонн мөнгөтэй. Асгатаас хоёроос гурав дахин их Оюутолгой бол Монголын хамгийн том ордуудыг нийлүүлснээс том орд билээ. Гэвч энэхүү ордоос монголчууд бидэнд их өр, сэндийчсэн газар, урхаг өвчинтэй ард иргэд л үлдэх бололтой. Монгол хүн бид өөрийн эх орон, газар нутагтаа ингэж гадныхны боол болж дарлуулж явах заяатайсан бил үү.
Нийгмийн толь
URL: