Д.Арвин: Намдаа гомдсон хэвээр
УИХ-ын гишүүн Д.Арвиныг хууль зөрчиж, гишүүн болсон эсэх талаар Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Ингээд хууль зөрчөөгүй гэдгийг тогтоосон байна. Тэрбээр Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, нөхөн сонгуулиар гарч ирсэн. Үүнийхээ дараа шууд л Ардчилсан намыг сонгож, “Энэ бол урвалт биш, сонголт” хэмээн мэдэгдсэн. Үүнээс хойш эрхэм гишүүнтэй холбоотой асуудал нам жим байж байгаад саяхнаас гарч ирсэн нь “хууль зөрчсөн, зөрчөөгүй” гэх асуудал байв. Д.Арвин гишүүн өөрөө харин үүнийг “МАН-аас явуулж буй намайг шахаж, хавчих гэсэн бодлого” хэмээн тодорхойлж байна билээ. Түүнчлэн “МАН намайг аль долоодугаар сараас хойш албан бусаар, хэвлэл мэдээллээр дамжуулаад намайг намаасаа гаргачихсан шүү дээ. Одоо болохоор намайг намаас нь гарлаа гэхээр янз бүрээр дарамталж байгаа юм” гэж хэлж байсан. Үүнээс үзэхэд Д.Арвин гишүүн хэдийгээр АН-д ороод багагүй хугацаа өнгөрсөн ч төрөлх МАН-даа гомдсоор яваа бололтой. Үнэхээр ч эрхэм гишүүн анх гарч ирж байхдаа хааяахан чангахан дуугарчихдаг байсан. Намаа шинэчилье, өөрчилье гээд бүлэг фракци хүртэл үүсгэж л байсан. Харин өмнөх дөрвөн жилд төдийлөн үг дуугаралгүй, “чимээгүй” байсан гэхэд болно. Магадгүй чангахан дуугарсныхаа төлөө намын нөхөддөө “загнуулсан” гэдэг нь үнэн байж ч болох юм. Ямартай ч тэр одоо МАН-ынх биш Ардчилсан намын гишүүн. АН нэг хүнээр илүү болж, кноп дарах хүчээ нэмэгдүүлсэнд нь МАН-ынхан дургүйцсэн байж ч магадгүй. Хэрвээ Д.Арвин гишүүний хэлж байгаа үнэн бол шүү дээ. Гэхдээ тэглээ гээд Д.Арвин хууль зөрчөөгүй гэдгийг Цэц нотолчихлоо. Тиймээс Д.Арвин гишүүн өөрөө ч бас өмнөх намынхаа талаар дахин дахин яриад, гомдоллоод байх хэрэггүй болж байх шиг байна.
Л.Энхдэлгэр
URL: