Сонгинохайрханы дөрвөн хорооны иргэд Л.Эрхэмбаярыг дэмжихгүйгээ илэрхийллээ

erhembayarНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга асан Л.Эрхэмбаярыг дүүргийнх нь намын хороо дахин дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Ийм “цочмог” мэдээллээс шалтгаалж, дүүргийнх нь намын амьдрал, цаашлаад нэр хүнд шийдэгдэх гээд байхад хүртэл Ардчилсан намын гишүүд үүнийг юман чинээ бодсонгүй. Тэд бага ч гэсэн нинжин сэтгэл гаргаж дүүрэгт нь болох УИХ-ын дахин сонгууль өнгөртөл намын даргаараа оролдохоо больё гэж бодсон хэдий ч тэвчсэнгүй. Тэгэхээр тус дүүргийн намынх нь “найзууд” түүнийг бүрмөсөн улстө рийн амьдралаас хөндийрөх нь зөв хэмээн үзжээ. Хэрэв тиймгүйсэн бол УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт болох нь тодорхой байгаа ийм хариуцлагатай цаг үед түүний нэр хүндийг ингэж огцом унагаж, үнэн нүүр царайг нь илчлэх ёсгүй байлаа. Үгүй ядахдаа намд минь нэг суудал хэрэгтэй гэж үзсэн бол сонгуулийн дараа л бүх булхайг нь дэлгэн тавих байсан биз. Гэтэл бүр эсрэгээрээ “Энэ нөхрийг бушуухан шиг намаасаа холдуулсан нь дээр” гэж үзэн тээршаах болсон нь цаанаа ийм учиртай аж.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 1, 9, 16, 23 дугаар хорооны Ардчилсан намын гишүүд, дэмжигчид түүнд хасах тэмдэг тавьчихаад байгаа юм. Энэ цуваанд нэгдэх өөр олон хороо ч байгаа гэнэ. Түүнийг өнгөрсөн орон нутгийн сонгуулиар өрсөлдөгч намынхандаа тал зассан хэмээн иргэд хардаж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн Монгол Ардын Намын хэсгийн ахлагчдыг өөрийнхөө талд зүтгүүлэхийг санаархаж, хууль бус зүйл сэдэн УИХ-ын суудалд суухыг урьтал болгосон хэмээн журмынх нь нөхөд өгүүлэв. Энэ нь тийм ч үндэслэлгүй зүйл биш бололтой юм. Хэрэв иргэдийн хэлж буй эргэлзээгүй үнэн бол тэрбээр энэ удаад улстөрчийн хувьд байж боломжгүй том алдаа гаргажээ. Тэр нь сөрөг намынхаа анхан шатны нэгжийг “худалдаад” авчихвал Төрийн ордны том ширээ минийх боллоо гэсэн хэтэрхий аминчхан хийгээд тун хямдхан үзэл юм. Иймдээ ч Л.Эрхэмбаярын хүссэн бүхэн талаар болж, нэгэн цагт түүний удирдлагад явсан гишүүд өөрт нь итгэж хадгалуулсан тамга, тэмдгээ булааж авахаар санал нэгдээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, дүүргийн Ардчилсан намын хуралд оролцсон иргэдийн 96.4 хувь нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч хэвээр байгаа Л.Эрхэмбаяр даргадаа “баяртай” гэж хэлсэн нь үүнийг баталж буй. Энэ нь ч үнэндээ түүний хувьд шинэ айдас, өөр “мэдрэмж” биш л дээ. Өмнө нь буюу 1996 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Архангай аймгийн Засаг даргын албыг хашиж байхад нь мөн л түүнийг багийнхан нь “татаж” унагасан удаатай. Тиймээс УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Эрхэмбаярын хувьд хариуцлагатай албан тушаалаас хоёронтаа хөөгдөж буусан гэсэн үг. Бүр хөөгдөх хөөгдөхдөө хамт ажиллаж явсан, зан зангаа сайн мэдэх “гарууддаа” шүү дээ… Зөвхөн энэ жишээнээс ажиглахад л түүний ямархан удирдагч болох нь тодорхой харагдаж байгаа юм.
Харин энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан түүнийг 2004, 2008, 2012 оны орон нутгийн сонгуульд багаа амжилтгүй авч орсон шанг нь өгч буй мэт боловч үнэн хэрэгтээ хувь хүнийх нь зан чанарт дүн тавьсан гэдгийг ч онцолж байв. Тэр ч бүү хэл нам дотроос нь гаргасан энэ мэдээлэл, Л.Эрхэмбаярын зан байдал, нүүр царайг илчилсэн удаа дараагийн мэдэгдэл нь удахгүй болох УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтад хүчтэй нөлөөлнө гэдгийг ч тэд мэдэж байжээ. Ялангуяа түүнтэй адил УИХ-ын гишүүн болохын тулд авах ёстой босго оноогоо цуглуулаагүй Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Сумъяабазартай хийх “тулаандаа” гарцаагүй ялагдана гэдгийг ч тэд сайтар ухаарчээ. Гэсэн хэдий ч дүүргийнхээ намын хороог цэвэрлэхийн тулд Л.Эрхэмбаяраар туг тахихаас өөр гарцгүй байгааг дээрх дөрвөн хорооны иргэдийн төлөөлөл уулзалтын үеэр дуулгасан юм. Одоо түүнд Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн албан тушаалын хаялга нь ч нэмэр болохоосоо өнгөрчээ.

Д.БУЛГАН


URL:

Сэтгэгдэл бичих