“Эрдэнэс Тавантолгой”-н дотоод, гадаад өр 300 гаруй сая ам.доллараар хэмжигдэж байна

ganhuyagnewУул уурхайн яамнаас өчигдөр “Ил тод уул уурхай” сэдвээр хурал зохион байгууллаа. Энэ үеэр салбарын сайд Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-”Эрдэнэс Тавантолгой” ком­­­панийн үйл ажиллагаа сан­­хүүгийн асуудал догол­дол­­той байгаа тухай мэдээ­лэл яригдаж эхэлсэн. Байдал ямар байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ком­панийн санхүүгийн нөхцөл байдал  хүндэрсний улмаас ком­панийн үйл ажиллагаа нь доголдож байна. Шалтгаан нь тус компанийн эргэлтийн хөрөн­­гийн зориулалттай зээ­лийн эх үүсвэрийн 60 гаруй хувийг Хүний хөгжил санд татан төвлөрүүлсэн, нүүрсний зах зээлийн уналт, “Чалко Трэйдинг Хонконг” компанитай  байгуулсан гэрээний зарим нэгэн заалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа. 

-Нүүрснээс олох орлогын алдагдал нэлээд буурсан тухай мэдээлж байсан. Энэ ч мөн гол нөлөө үзүүлсэн байх?

-Өнгөрсөн онд нүүрсний зах зээлийн үнэ 30 шахам хувиар буурсан нь тус компани алдагдалтай ажиллахад хүр­гэсэн байна. Өнөөдөр тус компанийн нэг тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал орсон өртөг нь 58 ам.доллар болж байхад, гэрээний дагуу 53.6 ам.доллараар нүүрс нийлүүлэх болж байгаа нь тонн тутамд 4.4 ам.долларын алдагдал хүлээх болоод байгаа юм. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компани дотоод, гадаадын банк, аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй сая ам.долларын өртэй байна.

-“Чалко” компанитай хол­­боотой асуудал яриг­даж эхэл­лээ. Гэрээний асууд­лаар салбарын сайдын хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

-Ерөнхийдөө нэг талын эрх ашгийг илт барьсан гэрээ.Тухайн үед “Цагаан хад” орчимд манай компаниудын зарж байсан нүүрс 110 ам.долларын ханштай байхад 70 ам.доллар гэж гэрээ байгуулсан байдаг. Нүүрс нь газрын дээд хэсэгт байрлах исэлдсэн нүүрс юм болов уу гэтэл хамгийн сайн чанарын нүүрс байсан. 110 ам.долларын ханштай байхад 70 ам.доллар болчихдог, 70 ам.доллартай үед тавин хэдтэй болтлоо буучихдаг ийм явдал байж болохгүй. Өнөөдрийн байдлаар гэрээнээс 100 орчим сая ам.долларын алдагдал хүлээсэн байгаа. Зарчмын хүрээнд бол гэрээнд гарын үсэг зурсан талууд хоорондоо ярилцаж тохиролцох ёстой. Энэ хүрээнд “Эрдэнэс Таван­толгой” компанид өргөх бичиг хүргүүлсэн байгаа. Нөгөө талаас бол өртөг зардал ихтэй компани юм байна. Хэрвээ санхүүгийн дэмжлэг үзүүлбэл өртөг зардлаа 50 хувиар бууруул гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ энэ компани маань ард түмний өмч болохоор Засгийн газар, манай яам дэмжлэг үзүүлж хамтран ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Анх гэрээг үзэглэхэд АН оролцож тухайн үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан одоо­гийн Ерөнхий сайд Н.Алтан­хуяг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийг нь ахалж байсан.  Энэ тухайд?

-Ажлын хэсгийг ахалж байгаа Засгийн газрын гишүүн бол санал дүгнэлтээ Засгийн газрын хуралд танилцуулдаг, нөгөө нь “Эрдэнэс Тавантолгой” компанитай гэрээ байгуулах, тухайн яаманд нь хяналт тавьж ажиллах гэсэн хуулийн заалттай шүү дээ. Тиймээс үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

-Алдагдлын хэмжээ хэч­нээн төгрөгт хүрээд байна вэ?

-Энэ бол яг тодорхой тоо биш. Өнөөдрийг хүртэл 96 сая орчим сая ам.долларын алдагдал мэдэгдэж байгаа. Яагаад гэхээр гэрээ нь маш ашиг багатай. Цагаан хад дахь жирийн компаниуд том даацын машинаар нүүрсээ зөөж бай­гаа. Үүнтэй харьцуулахад ашгийн зөрүү нэлээд гарсан.

-Гэрээг цуцлах талаар яриг­даж байгаа. Чалко-д нөхөн төлбөр олговол хэд орчим төгрөгийн төлбөр төлөх вэ?

-Гэрээний хариуцлагын тал дээр 50 орчим сая ам.доллар гэж байна билээ. Гэхдээ хоёр хөрш үүнээс том олон асуудлыг шийдээд ирсэн. Одоо бол гэрээнд гарын үсэг зурсан “Чалко” болон “Эрдэнэс Тавантолгой” компаниуд байр сууриа илэрхийлээд байгаа. Иймэрхүү асуудал дээр хэв­лэлээр илэрхийлж байхаар эргээд  уулзах  л хойно нүүр нүүрээ харж байгаад гэрээнд өөрчлөлт оруулсан нь дээр байдаг.

-Монголын талаас гэрээ байгуулсан хүмүүст хариуц­лага тооцох уу?

-Хууль хяналтын бай­гууллага шалгаж үзээд ажил­даа хариуцлагагүй хандсан, төрийн компанийг хохироосон  байх юм бол үүний дагуу хуулийн заалтаар Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэнэ.

-Өнөөдрийн байдлаар авто­бен­зины нөөц хан­галт­тай гээд байгаа. Яг хэд хоно­гийн нөөц байна вэ?

-Шатахууны хангамжийг тогтвортой байлгахын тулд улсын болон компанийн бүр­дүүлэх нөөцийн хэмжээ 40 хоног байсныг 60 хоног байхаар тогтоож, холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж эх­лээд байна. Өнөөдрийн байд­лаар автобензин 62 хоногийн нөөцтэй байна. Энэ нь шатахууны хомсдол үүсэх эрсдлээс хамгаалах, үнэ тодорхой хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдсэнийг илэр­хийлж байгаа гэж ойлгож болно.

-2016 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй бол­но гэх ярианы биелэлт ямар шатандаа явааг сонир­хуулаач?

-Жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн орол­цоотой үйлдвэрийг 2015 онд багтаан барьж дуус­гах тогтоол Засгийн газраас гарсан. Энэ тогтоолын хүрээнд хоёрдугаар сард баг­таан зээлийн хэлэлцээр хийх, түүхий эдийн хангалт, төрийн өмчийн оролцооны оновчтой хувь хэмжээг тогтоох асуудлыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар холбогдох сайд нарт өгөгдсөн байгаа. Үйлдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, мөн японы “Тоёо инженеринг” корпорацийн тех­но­логиор барьж байгуулс­наар олон улсын жишигт хүрсэн чанар бүхий бензин, шатахуун дизель, битум, мазут, шингэрүүлсэн хий зэрэг зургаан нэрийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж дотоодын хэрэг­цээг бүрэн хангах төлөвлөгөөтэй байгаа.

-Стратегийн ордыг нэмнэ гэсэн энэ тухайд?

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 15 ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар тог­тоол­гох шийдвэрийн төс­лийг боловсруулж байна. Стра­тегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 15 ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг дахин нягталж, шинэчлэн тог­тоох санал болон хил хүрээг шинэчлэн тогтоох саналуудыг бэлтгэсэн. Мөн Стратегийн ач холбогдолтой ордод шинээр хамруулах боломжтой 30 орчим ашигт малтмалын томоо­хон ордуудын судалгаа, танил­цуулгыг бэлтгэчихээд байна.

-Хувиараа нүүрс олбор­лохыг зогсоох асуудал сөхөг­дөөд нам гүм болчихлоо. Энэ ажлыг хэзээнээс хэрэг­жүүлэх вэ?

-Налайхын нүүрсний их уурхай хаагдсанаас хойш иргэд 20 гаруй жилийн турш гар аргаар нүүрс олборлож байна. Уул уурхайн аврах албанаас явуулсан үзлэг, тооллогоор Налайхын уурхайн 174 аманд 1400 гаруй хүн ажиллаж байна. Бидний зүгээс гар аргаар нүүрс олборлогчдын асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих