Ерөнхий сайд Н.Алтанхуяг ЭМЯ-нд ажиллав
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр ЭМЯ-нд ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийн талаар ярилцаж, эрүүл мэндийн салбарынхантай харилцан санал бодлоо солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд салбарынханд хандан, ямар ажилд анхаарал хандуулах, тус салбарт ямар асуудал тулгамдаж буйг асуугаад хэд хоногийн хэлэлцүүлгийг хийх гэж буйгаа хэлсэн байна.
Нийслэлд бүртгэлтэй 1 227 739 хүн ам бүхий 304 773 айл өрхөд 128 Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ) тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дунджаар 8.0- 14.0 хүн амд нэг өрхийн эмнэлэг ногддог байна. ӨЭМТ нь Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг бөгөөд 4-5 их эмч, 4-5 сувилагч, 1-2 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, тодорхой тооны туслах ажилчидтайгаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ, үзлэг, оношлогоо, эмчилгээ, сувилгаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 6-р хороонд байрлах байшин хорооллын “Ижил санаа” ӨЭМТ нь 1905 өрхийн 6657 хүн амд үйлчилдэг 4 их эмч, 3 сувилагч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, үйлчлэгч, нярав тус бүр 1 гэсэн орон тоотойгоор ажилладаг байна.
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2012 оны 6 дугаар сард гаргасан хамтарсан тушаалын дагуу энэ оноос нэг хүнд ногдох тусламжийн мөнгөн дүн нэмэгдсэн бөгөөд гэр хороолол, байшин хороололд ялгаатай тусгаж 0-5 настай 22400, 19700, 5-16 насныханд 9500, 8800, 16-50 насныханд 10 мянга, 50-аас дээш насныханд 14312, 12954 төгрөгөөр харгалзан тооцон ӨЭМТ-д олгодог аж. Өрхийн эмч нар урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг үзүүлэн хүүхдүүдэд товлолын вакциныг хийдэг, мөн шээс, цуснаас шинжилгээ авч, зүрхний цахилгаан бичлэг, Зөөврийн ЭХО зэргээр үйлчилгээ үзүүлдэг байна.
ӨЭМТ-үүдэд нийтлэг шаардлагатай байдаг зүйл бол ажилчдын цалин хангамж, хүний нөөцийн тогтвор суурьшил, ажлаа явуулах байр зэрэг. Тухайлбал, ариутгалын хэсэг, архивын өрөө, сэргээн засах тусламж үйлчилгээний өрөө, физик эмчилгээний өрөө гэх мэтчилэн өрхийн эмч дурдаж байв.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар эмчлэх эрхтэй эмчийг ӨЭМТ-д хуваарилдаг байх саналыг хэлээд аливаа эмнэлгийн статусыг тодорхой болгосноор улсын ч бай, хувийн ч бай бүгд сайн ажилладаг болно гэв.
Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа ӨЭМТ-ийн урамшууллын тогтолцоо муу, үйлчилгээний багц буруу байна гэж АХБ-аас хийсэн судалгааг дурдаад, ӨЭМТ-ийн санхүүжилтийг тус төвд үзүүлсэн хүний тоо, түүнээс гарсан үр дүнгээр тусгах нь зүйтэйг хэллээ.
НЭМГ-ын дарга С.Туул ӨЭМТ-ийн санхүүжилтийг даатгалаас оруулдаг болох нь зүйтэй гэдгийг хэлээд ЭМШУИС-д Өрхийн эмнэлгийн ангийг нээн хичээллүүлэх нь үр дүнтэй болж болохыг онцлов.
НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогбадрах даатгалын мөнгө иргэний мэдэлд байх нь ажлын явцыг сайжруулах талтайг хэлээд ӨЭМТ-ийн тогтмол зардлыг ЭМД-аас авах саналыг хэллээ.
Ерөнхий сайд энэ бүх асуудлыг харилцан хэлэлцээд ӨЭМТ-д дараах 5 асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг цохон тэмдэглэв. Үүнд: Мэргэшсэн эмч нар ажиллуулах, мөнгө нь эмнэлгээ биш иргэдээ дагадаг байх, өрсөлдөөн үүсгэх, ӨЭМТ, НЭМГ, ДЭМН-ийн гурвалсан гэрээг тодорхой хийх, эрүүл мэндийн даатгалыг ямар нэгэн байдлаар ӨЭМТ-ийн үзүүлж буй тусламж, үйлчилгээтэй уялдуулан явуулахад төсөл боловсруулах талаар ярилцав.
Үүний дараа хоёр дахь шатлалын ЭМБ-ын талаар ярилцав.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Я.Амаржаргал танилцуулахдаа, Манай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг гурван шатлалд авч үздэг. Иргэдэд хоёрдахь шатлалын тусламж, үйлчилгээг нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн ЭМН, 4 Нэгдсэн эмнэлэг, 3 амаржих газар, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв, Энэрэл эмнэлэг, Наркологийн төв, 21 аймаг дахь Нэгдсэн эмнэлгүүд үзүүлдэг. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Нэгдсэн эмнэлэг нь хүүхэд, эх барих, дотор, мэдрэл, мэс засал, халдварт, төрөх гэсэн 7 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байх хэрэгтэй ба Аймгийн нэгдсэн эмнэлгүүд эдгээр тусламж, үйлчилгээг боломжийн түвшинд үзүүлдэг, харин нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд зөвхөн дотор, мэдрэлийн чиглэлийн өвчтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчилдэг нь хагалтгүй байгаа талаар хэллээ.
Улаанбаатар хот дахь улсын эмнэлгүүдэд төрөхийн 406 ор, хувийн эмнэлгүүдийн төрөхийн 60 ор байдаг бол энэ 2013 онд 255-аар нэмэгдэж нийслэл хотод сар бүр төрдөг 3000-4000 эх ачаалалгүй болох тооцоо гарчээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ЭМЯ-нд ажилласныхаа дараа Чингэлтэй дүүргийн 14 болон 18-р ӨЭМТ-ээр орсон байна.
URL: