Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Саяхан БОНХ-ийн Сайд С.Оюун, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ . Талууд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах хамгаалах замаар ногоон хөгжлийн бодлогыгхэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон юм. Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болон байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого тодорхойлоход шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийг оролцуулах тэдний санал бодлыг сонсох зорилгоор БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга, ШУА-ийн харъяа байгууллага, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Шинжлэх ухаан, академийн хүрээлэн биологийн, химийн, ботаникийн, гео экологийн, газар зүйн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэд Сайд эхлээд Химийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан. Химийн хүрээлэн 1961 онд байгуулагдсан 83 эрдэм шинжилгээний ажилтантай. Тэд гадаргын болон бохир ус цэвэршүүлэх, утаагүй түлш турших, цахилгаан станцын нүүрснээс гаргасан үнс ашиглан цемент үйлдвэрлэх зэрэг ажлуудыг хийж байгаагаа танилцуулав. Биологийн хүрээлэнгийнхэн ховордсон ургамлыг эсийн аргаар хэрхэн үржүүлж байгаа, хөхтөн амьтны экологийн лаборатори, генетикийн лабораториа сонирхуулсан юм. Газарзүйн хүрээлэн хөрсний 40-50 үзүүлэлтийг судалсан, хөрсний бохирдол, эвдрэл, чанарын судалгаа хийсэн тухайгаа танилцууллаа.. Харин Гео экологийн хүрээлэн БОНХЯ-ны захиалгаар шилмүүст ойн генийн санг хамгаалах, модны үрийн байнгын талбай сонгох судалгаа, Хулдын овгийн загас үржүүлэх боломж туршилт, Тусгай хамгаалалттай газар нутгийн эко системийн үнэ цэнийг тодорхойлох, төлбөрийг тооцох аргачлал боловсруулах судалгаа, “Цөлжилтийг сааруулах технологиуд боловсруулж турших” цөм технологийн төслийг 2011 – 2014 онд хэрэгжүүлэхээ дуулгасан юм. Дэд Сайд хүрээлэнгийн ажилтай танилцах явцдаа дор бүр нь үүрэг чиглэл өгч байлаа. Хүрээлэнгүүд хоорондын уялдаа холбоогоо сайжруулах, хөрөнгө мөнгө шаардахгүй ажлуудыг эн тэргүүнд хийж гүйцэтгэх, хийж байгаа судалгаагаа нарийвчлан гаргах, судалгааны ач холбогдол, үр дүнг нийтэд мэдээлж байх, хийсэн ажлаа сурталчлан танилцуулах тал дээр анхаарч ажиллаарай гэлээ. Эдгээр хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, ажилтануудтай уулзаж санал бодлыг нь сонссон юм. Тэд ботаникийн хүрээлэнг өргөжүүлэх, үрийн аж ахуйг дэмжин ойжуулалт хийх, загасны аж ахуй байгуулах, Монгол орны ургамалжилтанд үнэлгээ хийх, ургамлыг тарималжуулсан нөхцөлд экспортолдог байх, хүрээлэнгийн ажилтнуудад мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, үнэмлэх олгох, нөхөн сэргээлтийн асуудалд эрдэмтдийг оролцуулах, бичил биетний генетик нөөц судлах лаборатори, олон улсын баталгаат лаборатори байгуулах саналтай байгаагаа Дэд Сайд Б.Тулгад хэлж яамны зүгээс дэмжиж ажиллахыг хүссэн юм. Дэд сайд Б.Тулга:
Монгол улсад хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх ажил бүхэн эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн гарч байх ёстой. Гэтэл манай эрдэмтдийн оюун ухаан, гар бие оролцсон ажил сүүлийн жилүүдэд багасаад байгаа нь ажиглагддаг. Иймээс шинжлэх ухааны эрдэмтэн, ажилтан та бүхэн өөрсдийн хийсэн бүтээсэн зүйлээ олон нийтэд хүргэх, түгээх тал дээр санаачилгатай ажиллах хэрэгтэй гээд эрдэмтэн та бүхний судалгаа, шийдвэр гаргадаг түвшинд гаргалгаа болох ёстой гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн та бүхэн байгаль орчны асуудал, ногоон хөгжлийн чиглэлээр тодорхой нарийвчилсан төсөл, хөтөлбөр боловсруулбал яамны зүгээс дэмжиж ажиллана гэв.
БОНХЯ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
URL: