“Хэргийн эзэн” автомат машин хэний бизнес вэ

hehehe-Ч.Сайханбилэгийн санаачилга Н.Алтанхуягийн 50 тэрбумтай холбоотой юм биш биз-
Иргэдийн хувийн мэдээл­лийг төрийн нууцын жагсаалтаас хасах тухай хуулийн төслийг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан нь багагүй “саадтай” тулгарч орхив. Байнгын хорооны хурал­даанаар сөрөг хүчин төдийгүй, АН-ын зарим гишүүн ч эрс эсэргүүцэж унагаж орхисон төслийг дахин босгож ирээд байгаа. Зүтгүүлсэн дээрээ хүчлээд авъя гэсэн эл үйлдэл нь Ч.Сайханбилэг даргыг Ж.Энхбаяр гишүүнтэй үгэн дайн зарлаж улмаар бяр хүчээ гайхуулахад ч хүргээд авсан.
Чухам ямар зүйл, заалттай болоод унагасан хэр нь дахин дахин оруулж ирээд буйн учрыг олох санаатай юуны өмнө эрхэм гишүүдийн зүтгүүлж буй хуулийн төслийг хайв. Хоёрхон заалттай, хуудасны тал ч хүрэхгүй тун ч товчхон юм байна.  Эхний заалт нь төрийн нууцын жагсаалтад багтдаг “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-гаас иргэний хурууны хээ, харьяатаас гарсан, харьяат болсон, харьяаллаа сэргээснээс бусдыг нь хасах талаар заасан байна. Уг нь иргэний талаарх бүх мэдээлэл төрийн нууцын жагсаалтад багтдаг байж. Гэтэл одоо энэ хууль батлагдвал төрсөн газраас эхлээд хаана амьдарч байгаа, хэзээ гэрлэсэн, гэрлэлтээ цуцлуулж байсан эсэх нь хүртэл ил тод байна гэсэн үг аж. Ийм хууль санаачилсныхаа төлөө Ч.Сайханбилэг дарга “харалган алхам хийлээ” хэмээн ангийн нөхдөөсөө чамгүй их шүүмжлэл сонссон. Гадаадын орнуудад иргэдийн талаарх мэдээлэл үнэ цэнэтэйн дээр, “маш нууц”-ынх нь нэг хэсэг байдаг гэх. Харин манай дарга нар үүнийг нууцлаад байх шаардлагагүй гэж үзэж л дээ. Энх цагийн Монгол Улсад тагнуул туршуул, зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг асуудал их холынх санагдсан юм байлгүй. Сөрөг хүчин төдийгүй эрх баригч намынхан өөрсдөө эсэргүүцээд байгаа төслийг яаж ийж байгаад хүчээр дэмжүүлэхийн тулд Ч.Сайханбилэг дарга гишүүдэд “Нууц гэж юу вэ” нэртэй лекц хүртэл уншиж өгсөн ч тусыг эс олсон билээ.
Гэтэл дэмжигдэхгүй унасан хуулийн төслөө ийн зүтгүүлж байгаагийн цаана учир начир их байгаа бололтой. Зах зухаасаа дэлгэгдэж саарал ордноор чих дэлсэх хов жив хангалттай арвин болсон байна билээ. Саяхан Ч.Сайханбилэг дарга “Иргэдийн мэдээллийн автомат машиныг засаг захиргааны нэгж болгон дээр байршуулна. Төрийн үйлчилгээний хүнд суртал арилна” хэмээн сэтгүүлчдийг цуглуулж байгаад танил­цуулсан юм. Тухайн үед нь “гайхалтай сайхан” хэмээн шагшиж байсан автомат машин нь одоо “хэргийн эзэн” болж хувирчээ. Учир нь төрийн нууцын жагсаалтаас иргэдийн мэдээллийг хасахгүйгээр энэ машиныг ашиглаж болохгүй байж л дээ. Үүнийг нь мэдсэн Ж.Энхбаяр үндэсний аюулгүй байдал гэдэг үгийг чихэнд хоногштол хэлж, хэн нэгний далд бизнес цаана нь байгааг нуулгүй дэлгэв. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ч энэ талаар дуугүй өнгөрөөгүй. Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаан дээр тэрбээр “Автомат машиныг ашиглах зорилгоор Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна” хэмээсэн. Түүгээр зогсоогүй хууль санаачлагчдаас хэчнээн машин, ямар үнэ өртгөөр, яаж оруулж ирж байгаа талаар нь мэдээлэл хүссэн юм.
Ерөнхий сайд Н.Алтан¬хуягийн учир битүүлэг 50 тэрбумын асуудал ч энэ машинтай холбогдож магадгүй. Шинэ оны төсөв хэлэлцэх үед Ерөнхий сайд юунд зориулах нь тодорхой биш 50 тэрбум төгрөгийнхөө задаргааг хийж өгөлгүй нэлээд гүрийсэн. Гэвч шахалт шаардлагад хавчигдаад бүдүүн тоймын нэг юм өгсөн гэдэг. Ингэхдээ тэрбээр иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх автомат машин байрлуулах тухай шургуулаад авсан юм. Ингээд бодохоор ухаантай үнэмлэхний талаар ярьж баахан хөрөнгө төсөвлүүлэн багагүй хэл аманд өртөж байсан урьдны баялаг түүхтэй Ч.Сайханбилэг гишүүн энэ удаа ч эх оронч сэтгэлээр биш эрхэм намын даргатайгаа нийлж хийх ажлаа хэрэгжүүлэхийн тулд л хуулийн төсөл санаачилсан нь тодорхой болов.
Хулгайчийн арга улам нарийсдаг гэдгээр гаднаас оруулж ирэх автомат машинаа  халхавчлах зорилгоор хуулийнхаа төсөлд хоёр дахь заалтыг суулгаж өгсөн нь тодорхой болж байгаа ч юм бил үү. Түүний санаачилсан хуулийн төсөлд 1:100.000-ны нарийвчлалтай байр зүйн зургийг төрийн нууцын жагсаалтаас хасах гэж буй нь өмнө нь огт хөндөж байгаагүй цоо шинэ юм биш. МАН-ын бүлгийг  завсарлага авахад хүргэсэн эл төслийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй ч дэмжээд явуулах нь хэн нэгний далд бизнесийг дэмжээд өнгөрөх бололтой.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих