Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй шалгахаар болов

sugarҮндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар “МИАТ” ком­панид мөнгө угаасан хэрэгт нэр холбогдоод байгаа. Учир нь түүнийг Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө угаасан Ч.Хоролсүрэн нарын “цагаан захтнууд”-тай холбоотой, “МИАТ” ТӨХК-ийг хувьчилж ава­хын тулд байгуулсан “Монголиан эйрлайнес” компанийн тодорхой хувийг эзэмшдэг гэж байгаа. Түүнчлэн Д.Сугар 2006-2012 онд Төрийн өмчийн хороо­ны даргаар ажиллаж байсан.

Д.Сугар өөрийгөө уг хэрэгт ямар ч холбогдолгүй, мөн­гө угаасан талаар сонсоод их цочирдсон гэж мэдэгдсэн. Өөрийнх нь томилсон хүмүүс ийм ноцтой хэрэг үйлдсэнийг өдий хүртэл мэдэхгүй явсан нь үнэхээр хачирхалтай.  Ямартай ч уг хэрэг явдал ид өрнөж байх үед ТӨХ-г толгойлж бай­сан учраас цагдаагийн бай­гууллагаас түүнийг байцаах шаардлагатай байгаа аж. Түрүүч нь I нүүрт

 

Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг өнгөрсөн баасан гарагаас байцааж эхэлсэн гэх боловч албаны эх сурвалжийн мэдээлснээр Д.Сугарыг одоогоор шалгаагүй байгаа юм байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-д “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр (түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд) баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” хэмээн заасан байдаг учраас цагдаа, хууль хяналтын байгууллагаас Д.Сугарыг баривчлахаар болсон ч Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь тушаа болж байна гэсэн яриа гарч байгаа.

Тэгвэл тус хуулийн 5.3-д “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно” гэж заажээ. Тиймээс Цэцийн гишүүн хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол эргүүлэн татах, бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаард­лагатай юу. Цагдаагийн байгууллагаас түүнийг уг хэрэгт холбогдуулан шалгахад бүрэн эрх нь үнэхээр саад болж байна уу. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ж.Нэргүйгээс тодруулахад “Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тохиолдолд энэ дагуу шүүхийн шийдвэр гарах ёстой. Бүрэн эрхийг нь түтгэлзүүлэлгүйгээр цагдаа, хууль хяналтын байгууллагаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаад шалгаж болно” гэв.  Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараас уг хэрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байгаа. Гэхдээ цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэлээ.

 

 

ДАЙНЫ ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ

 

“МИАТ” ТӨХК-ийн удирдлагууд Дайны эрсдэлийн даатгал нэрээр таван ам.долларыг зорчигч бүрийн тийзний үнэ дээр нэмж авч байсан байдаг. Гэтэл манай улсад одоогийн байдлаар Дайны эрсдэлийн даатгал хийдэг даатгалын компани байдаггүй аж. Учир нь энэ төрлийн даатгал хийхэд  санхүүгийн чадавхи сайтай байх шаардлагатай гэнэ. Иймд энэ төрлийн даатгалын үйл ажиллагаа явуулахаар болбол гадны даатгалын томоохон компанид давхар даатгуулах ёстой юм байна. Үүний тулд тухайн даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хороонд давхар даатгалын төлөвлөгөөгөө боловсруулж батлуулах ёстой байжээ. Гэтэл “МИАТ” компанийн удирдлагууд дайны эрсдэлийн даатгал гээчийг бий болгохдоо холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн эхлүүлсэн байна.

Дайны эрсдэлийн даатгалыг бий болгосон шалтгаан нь өмнө нь мэдээлж байснаар 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотод болсон аймшигт халдлага. Үүнээс хойш олон улсад үйл ажиллагаа явуулдаг авиакомпаниуд болзошгүй дайн, терроризмын аюулаас сэргийлэхийн тулд дайны эрсдэлийн даатгалд даатгуулж эхэлсэн байна. Олон улсад дайны эрсдэлийн даатгалыг хувийн даатгалын компаниуд хийдэг байсан бол сүүлдээ Засгийн газрууд хийдэг болсон байна. Харин ойрын жилүүдэд эргээд хувийн даатгалын компаниуд хийдэг болж байгаа аж.

Манай улсын гадаад нислэгийн чиглэл болон нисэх онгоц түрээслэгч компаниудын гэрээнд энэ төрлийн даатгалд даатгуулах шаардлага байдаггүй бөгөөд манай улсын Даатгалын тухай хуульд ч дайны эрсдэлийн даатгал нь сайн дурын даатгалын төрөлд ордог юм байна. Тиймээс Дайны эрсдэлийн даатгал бол ердөө л “МИАТ” ТӨХК-ийн удирдлагуудын мөнгө угаах залжин арга аж. Угаасаа “МИАТ” компани агаарын хөлөг болон зорчигчийн иж бүрэн даатгалыг төлдөг учраас энэ төрлийн даатгалд заавал даатгуулах шаардлагагүй байв.

Дайны эрсдэлийн даатгалын хураамж нь тухайн авиа компанийн онгоц эрсдэлтэй газраар нисч байна уу, үгүй юу гэдгээс хамааран харилцан адилгүй тогтоогддог. Түүнчлэн агаарын хөлгийн их биеийн даатгал болон зорчигчийн даатгал өөр байдаг аж. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг нэгэн даатгалын компанийн захирал “Зорчигч бүрийн тасалбарт таван ам.доллар шимтгэснийг бодвол зорчигчийн даатгал байх. Гэхдээ зорчигч бүрээс таван ам.доллар авна гэдэг бол өндөр хураамж” гэв.

 

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих