Лениний музей үлэг гүрвэлийнх болох тухай…
Хилийн чанадад алдсан Батаарынхаа ясыг эргэн олсон монголчууд хадгалах байрыг нь бэлдэх гэж баахан маргаж байна. Бидний нэрлэж заншсанаар Лениний музейг Засгийн газраас үлэг гүрвэлийнх болгох шийдвэр гарсны дараа тус барилгын түүхийг хэвлэлүүд сөхөж эхэлсэн билээ. Улаанбаатарт музейн зориулалтаар барьсан ганцхан байшин нь Лениний музей байсан, тэр нь зориулалтын бусаар ашиглагдаж байсан нь олонд ил болсон. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн Ерөнхий сайдад өгсөн танилцуулгаас үзвэл тус музейн барилгын түүх сонирхолтой юм. Тус музейг 1974-1980 онд улсын хөрөнгө оруулалтаар Соёлын яамны захиалгаар бариулжээ. Орос ах нараараа бариулсан уг музейн барилгын бүх хөрөнгийг улсын төсвөөс гаргасан байна. 1980 онд барилгыг ашиглалтад оруулахдаа хэний ч өмчид шилжүүлээгүй аж. Харин барилгыг хүлээн авсан Засгийн газрын комисс ашиглагч байгууллагаар Намын түүхийн институт гэгч байгууллагыг нэрлэсэн байж. Дээр дурдсанчлан барилга анхнаасаа музейн зориулалтаар баригдсан, захиалагч нь Соёлын яам байсан боловч барилга ашиглалтад хүлээлгэн өгөх явц нь журмынхаа дагуу яваагүй бололтой. Тиймээс Соёлын яам ч барилгаа хүлээж авч чадаагүй юм байна. Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй байхад 1979 онд одоогийн МАН-ын удирдлагууд уг барилгыг намынхаа өмч мэтээр бүртгүүлсэн ажээ. Энэ цагаас хойш тус музейн барилгыг МАН эзэмшсээр байсан юм.
Дээрх барилгын түүхийг бүр илүү дэлгэрүүлвэл 1977 онд Бүх холбоотны үйлдвэрлэл, урлагийн комбинатад 666 мянган рублиэр Улаанбаатарт Лениний музейг барьсан тухай баримт байдаг байна. 1980 онд барилгыг ашиглалтад оруулахдаа хэн нэгний өмчид шилжүүлээгүй Намын түүхийн институт эзэмшиж байсныг дээр дурьдсан. Цаашид ч эзэмшигчээ өөрчлөлгүй байсаар 1990 онд БНМАУ-ын дээд шүүх, шүүхийн дарга Ц.Шаравдорж, Дээд шүүхийн гишүүн Л.Баасан, Б.Цогням нар уг барилгыг МАХН-ын нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргасан ажээ. Улмаар 1992 онд тухайн үеийн МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн шийдвэрээр В.И.Лениний нэрэмжит улс төр соёлын төвийн /музейн/ нэрийг өөрчилж, хөдөлмөрчдийн соёл үйлчилгээний “Чандмань” төв болгосон аж. Тухайн үед МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Б.Батхишиг, С.Дашдаваа, Д.Лүндээжанцан, Ч.Пүрэвдорж, Л.Түдэв, Б.Түмэн, Ж.Ядамсүрэн нар хуралдан уг тогтоолыг гаргасан байна.
Ингээд 1997 онд Лениний музейг төрийн өмчид авах талаар санал гарч, шүүхэд хандсан байдаг юм. Төрийн өмчийн хороо шүүхэд хандахад Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдааны бүрэлдэхүүн, дарга Ц.Сайнбаяр, шүүгч Т.Гариймаа, Л.Жаргал нарын шийдвэрээр Лениний музейн барилгыг төрийн өмч болгож авах хүсэлтийг боломжгүй гэж магадлагаа гаргаж, МАХН-ын мэдэлд хэвээр үлдээсэн байна. Тэгээд 1980 онд гаргасан комиссын актаар МАХН-ын өмч болсон учир төрийн өмчид шилжүүлэхгүй гэжээ. Ингээд Төрийн өмчийн хороонд Улсын дээд шүүхийн шүүгч Ж.Дашдорж уг барилгыг шилжүүлэх үед үйлчилж байсан хууль тогтоомжид улсын өмчийг олон нийтийн байгууллагад үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг Засгийн газрын зөвшөөрлөөр шийдэж байхыг заасан аж. Шийдвэр гарч Засгийн газар комисс томилж, Намын түүхийн институтэд шилжүүлсэн болохоор төрийн өмчид авах тогтоол гаргасан нь буруу” гэсэн хариу өгсөн гэнэ.
1998 онд Хөрөнгийн үнэлгээний төв Лениний музейн барилгын үнэлгээг хийсэн байна. 1997 оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар иж бүрэн барилга байгууламжийн шинэчилсэн үнэ нэг тэрбум 801 сая 356 мянга 300 төгрөг гэж тогтоожээ. Үүнээс найман сарын дараа Улаанбаатар хотын МАХН-ын хороо нь конторын зориулалттай гурван давхар барилгын хууль ёсны өмчлөгч хэмээн Үл хөдлөх эд хөрөнгийн газраас гэрчилгээ олгосон байдаг ажээ. Үүний дараа 2011 онд МАХН нэрээ МАН болгохдоо тус барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг намынхаа нэрээр сольсон байна.
Энэ бүхний эцэст Лениний музей нь МАН-ын биш төрийн буюу ард түмний өмч болох нь нотлогдож, МАН-ынхан олон жил хууль бус аргаар дээрх барилгыг эзэмшиж байсан хэрэгт “унах” бололтой.
URL: