ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ ИРГЭД ӨӨРСДӨӨ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхлээд гурван сар гаруй болж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад хэр олон иргэд энэ асуудлаар хандаж байгаа, хуулийг хэрэгжүүлэх явцад хэр зэрэг бэрхшээл учирч байгаа, иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх зорилгоор ямар арга хэмжээ авч байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнгээс тодрууллаа.
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд хэр зэрэг хандав? Хуулийг иргэдэд сурталчлах талаар ямар ажил зохиож байна вэ?
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль хэрэгжээд гурван сар гаруй боллоо. Хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүднээс орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд иргэн бүрт хүрч ажиллах зорилгоор сургалт зохион байгуулж байна.
Энэ сургалтын дүнд иргэд хуулийн нөхцөл болзол, бүрдүүлэх материалынхаа талаар тодорхой мэдлэгтэй болж байгаа учир ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар хандах нь нэмэгдэж байна.
- Энэ хуулийг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарч байна уу?
-Энэ хуульд хамрагдахад иргэд өөрсдийн зүгээс хамаарсан бэрхшээлтэй асуудлууд гарч байна. Жишээ нь, иргэд хөдөлмөрийн дэвтрээ цаг тухайд нь үнэн зөв бөглүүлээгүй, тушаалаа гаргуулаагүй, тухайн байгууллагынх нь архив үрэгдсэн байх гэх мэтээр хэдэн оноос хэдэн сар хүртэл тасалдсан гэдгийг нь тогтооход нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд бэрхшээл гарч байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэх бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Ийм тохиолдолд архивын зохих баримтыг үндэслэх, эсвэл өөрт нь байгаа үүнийг нь нотолж болох баримтуудыг үзээд нийгмийн даатгалын байгууллага эрхийнхээ хүрээнд шийдэж байна. Ийм байдлаар хүмүүсийг аль болох чирэгдүүлэхгүй байхад гол анхаарлаа хандуулж байна.
-Хуульд хамрагдах хугацаанд ял эдлээгүй байх шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагаас авдаг тодорхойлолтыг хөнгөвчилсөн гэсэн. Ямар байдлаар шийдэж байна вэ?
-Энэ хуульд хамрагдахад ял эдэлсэн эсэх тухай тодорхойлолтыг авч ирэхийг сайдын тушаалаар журамласан. Энэ сарын 20 хүртэл тэр тодорохойлолтыг иргэд өөрсдөө цагдаагийн байгууллагаас очиж авч, бүрдүүлэх материалдаа хавсаргаж байсан. Тэгвэл иргэдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс хүн бүрийг цагдаагийн байгууллага руу яваад байхааргүйгээр шийдээд байна. НДЕГ, ЦЕГ-ын даргын хамтарсан тушаал гаргаж, энэ сарын 20-ноос эхлэн хүсэлт гаргасан хүмүүсийн тодорхойлолтыг цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн сангаас шууд авч байна. Тэгэхээр иргэд энэ сарын 20-ноос хойш цагдаагийн байгууллага руу өөрсдөө очих шаардлагагүй болсон. Харин нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэхээр баримт материалаа авчрахдаа цагдаагийн байгууллагаас архивын үйлчилгээ үзүүлэх хураамжаа төлөөд, баримтаа хавсаргаад өгөхөд л болно.
- Үйлчилгээг хөнгөлж байгаа учраас хураамж нэмэгдэлтэй байгаа юу?
-Хураамжийн үнэ 500 төгрөг. Бид хураамжийг нэмэгдүүлээгүй, харин ч 1000 төгрөгөөр авдаг байсныг 500 төгрөг болголоо.
-Энэ хуульд хэр олон иргэн хамрагдах тооцоо байгаа вэ?
-Хууль санаачилсан хүмүүсийн хэлж байгаагаар 800-900 мянган хүн байгаа гэсэн тоо хэлж байгаа. НДЕГ-аас баг, хороо хэсгээр бүртгэ гэсэн чигийг орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудад өгөөд байна. Зарим аймгууд бүртгээд эхэлчихсэн. Нийслэлийн хувьд хүн ам ихээр төвлөрсөн худалдааны төв, зах зэрэг газарт хүндрэл учирч магадгүй байна. Үүнтэй холбоотой төвийн зургаан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ийм газруудад “тусгай ажлын хэсэг гарга” гэсэн үүрэг өгсөн. Дээр нь томоохон зах, худалдааны төвийн үйлдвэрчний хороо зэрэг олон нийтийн байгууллагуудын дэмжлэгийг авна. Олон нийтийн байгууллагууд судалгаа гаргаж өгөх юм. Түүнээс гадна томоохон зах, дэлгүүрүүдэд хичээл зааж эхлээд байна. Үүнийхээ дараа бүртгэх ажлыг хийнэ.
- Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн хүн хүсэлтээ гаргаад байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 15000 орчим хүн бүртгүүлээд байна. Эдний материалыг Нийгмийн даатгалын ерөнхий газар хянаад бүрэн зөв байгааг нь баталгаажуулна.
- Хэдийнээс баталгаажуулж эхлэх бол?
-Ирэх хоёрдугаар сараас баталгаажуулаад эхэлчих байх. Гэхдээ зарим нягталж шалгах асуудлууд байна. Тухайлбал, суралцсан хугацаагаа ажилласан жилд нөхөн тооцуулах хүсэлт гарч байгаа. Үүнийг боловсролын байгууллагатай хамтран шалгаж нягтлах ажлыг хийж байна. Үүний дараа баталгаажуулах юм. Баталгаажуулах хуудсыг НДЕГ бичиж өгнө. Харин нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажилтын хуудсыг хавсаргаж наах ажлыг орон нутгийн нийгмийн даатгалын байгууллага хийнэ. Энэ бүхний эцэст хэн хэдэн жил нөхөн тооцуулах, хэдэн төгрөг нөхөн төлөх ёстой юм гэдэг нь гарах юм. Энэ үндсэн дээр тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт өөрчлөлт орох асуудал яригдана. Тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн хувьд ирэх оноос эхэлж тэтгэвэрт өөрчлөлт орохоор хуульчлагдсан.
Ш.Чимэг
URL: